Алтан гагнуур анагаах шидтэй

Монгол нэр: Ягаан мүгэз
Нутгийн нэр: Алтан гагнуур, Алтан үндэс, Могойн идээ, Булган эм,
Латин нэр: Rhodiola rosea


Түвэд нэр: Цансэр, Цанмар
Орос нэр: Родиола розовая, Золотой корень
Англи нэр: Pink Rhodiola, Golden Root, Rosenrot, Roseroot
Статус: Нэн ховор
Таних шинж: 7-9 сард цэцэглэж үрээ хаядаг Алтан гагнуурын иш нь 20- 40 см өндөр, 4-6 мм бүдүүн, алтан шаргал юмуу саарал бор өнгийн үндэслэг цөөхөн үндэстэй. Нэг үндэслэг ишнээс олон шулуун иш салаалж ургадаг. Навч нь гонзгойвтор өндгөрхүү хэлбэртэй, бүтэн ирмэгтэй, эсвэл үзүүр нь хөрөө шиг шүдтэй. 0,7-3 см урт, 0,5-15 мм өргөн суумал, шүүслэг навчтай. Жижгэвтэр олон шар цэцгээс тогтсон бамбай хэлбэрийн цэцэгтэй. Баг цэцгийн мөчирөнцөр нь навчгүй. Дэлбээ нь 3-4 мм урт шар, ногоон өнгөтэй.
Үзүүлэх үйлдэл: Ягаан мүгэзийг “Алтангагнуур” хэмээн нэрлэсэн нь хугарсан ясыг “гагнах” гайхамшигт чадлыг нь таньж үнэлснийх. Алтангагнуурын найрлагатай эм тан бие махбодийг тордон тэнхрүүлэх гол үйлчилгээтэй. Үндэслэг иш, үндэсний хандыг биеийн болон оюуны өндөр ачаалалтай ажилладаг хүмүүс уухад оюуны чадавхийг дээшлүүлж анхаарал сайжруулна. Үүнээс гадна сэтгэл санааны дарамт, халдварт хүнд ужиг өвчнөөс шалтгаалсан ядаргаа сульдаа, насны доройтол, невроз, цусны даралт буурахад уудаг. Мөн бодисын солилцоог зохицуулж, биеийн илчийн нөөцийг гамтай зарцуулах, нөхөн сэргээх, тархи, булчингийн илч солилцоог сайжруулах чадалтай. Бэртэж гэмтсэн, яс хугарсан үед буцалгаж уухад яс дотроосоо бороолж эдгэх нь хурдасдаг байна. Энэхүү шидийг нь монголчууд өнө эртнээс таньж, “шархыг Алтангагнуур дотроос нь эдгээдэг, хойлогны мах гаднаас нь эмчилдэг” гэж ярьдаг болжээ. Хүнд хүчир ажил хийж ядарсан хүн, малын араг ясны болон зүрхний булчингийн ажиллах чадварыг дээшлүүлэх үйлдэл үзүүлнэ.
Ардын эмнэлэгт Алтангагнуурыг халууныг арилгах, уушгийг төлжүүлэх, цусны даралт нэмэгдэх, ходоод гэдэсний үрэвсэл, амны өвчин, амны үнэр дарах, ханиадны халуун уушгинд уухад дээд сайн, ханиаднаас урхаглан дотроос цус гарах, нас уртасгах, биеийн хүч тамирыг сайжруулах, судасны ам нээх, хугарсан яс, бэртсэн, түлэгдсэнээс үүссэн шархыг эдгэрүүлэх, эмэгтэйн хүйтэн цагаанаар буулгахад нэн тустай гэж үзэж, дангаар буюу жорын бүрэлдэхүүнд оруулж хэрэглэнэ.
Тархац: Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Ховд (Хархираа), Монгол Алтай, Говь Алтай, Их богд, Бага богдын нуруу зэрэг уул нуруудын өндөр уулын тагийн бүслүүрт шинэсэн ой болон хад асгатай уулын энгэр, хад цохио, асга, горхины чулуу, мөлгөр хайргатай энгэр, голын чулуурхаг, элсэрхэг хөрсөнд ургана. Манай оронд маш бага хэмжээгээр ургадаг, нөөц багатай цэцэгт олон наст өвслөг ургамал.
Ховордсон үндэслэл: Монгол оронд маш бага хэмжээгээр ургадаг нөөц нэн багатай энэ ургамлыг дархлан хамгаалъяа. “Хандмал архи” хэмээн рекламдан байгаа үйлдэл нь холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн гэмт хэрэг мөн.
Хамгаалагдсан байдал: Монгол улсын ургамлын Улаан ном (1997): Нэн ховор (1995)

Бэлтгэсэн: Д.Нансалмаа

1799 удаа уншсан

1 comment

  • Зочин Ням, 2 дугаар сарын 25 2018 22:03 бичсэн Зочин

    Үрээр нь тарьж болдоггүй юм болов уу?

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш