Таргалалтаас болж элэг өөхөлдөг

Элгэнд саармаг өөх буюу триглицерид илүүдлээр хуримтлах нь эмгэг үйл явц бөгөөд элэгний эсэд фиброз өөрчлөлт орж улмаар аажим явцтай элэгний хатууралд шилжих байдлаар үйл ажиллагаа нь алдагдахыг элэг өөхлөх өвчин гэнэ.

Элэгний нийт жингийн 5-10 хувийг өөх эзлэх үед уг өвчин үүсдэг. Элэг өөхлөх нь архины болон архины бус шалтгаантай гэсэн хоёр төрөл байдаг. Хэт их согтууруулах ундаа хэрэглэснээс болж архины шалтгаант элэг өөхлөлт болдог бол, холестерины хэмжээ ихсэх эсвэл генийн өөрчлөлттэй холбоотойгоор архины бус шалтгаанаар элэг өөхлөдөг. Ихэвчлэн илүүдэл жинтэй хүмүүс уг өвчнөөр өвчлөх магадлал харьцангуй өндөр байдаг ба дундаж насны, цусны даралт ихтэй, чихрийн шижинтэй хүмүүс голчлон өвчилдөг болох нь тогтоогджээ.
Элэг нь өөх тосны солилцоонд чухал үүрэгтэй эрхтэн бөгөөд тосонд уусдаг витаминуудыг бие махбодын эдэд хүргэх нарийн тэнцвэрт үүргийг биелүүлдэг. Биед энэ тэнцвэр алдагдах үеийн нэг илрэл нь элэгний эс доторх өөх тосны төрөл болох триглицеридийн хуримтлал юм.
Илрэх шинж тэмдэг:
• Баруун хавирганы нумаар өвдөх, хааяа хатгах шинж ажиглагдана
• Шалтгаангүй жин хасах
• Хэвлий цардайх
• Аюулхайд хүнд оргих, огиулах,бөөлжих, суулгах
• Амархан ядрах, сульдах, толгой өвдөх
• Харшил өгөх
• Амнаас эвгүй үнэр гарах
• Батгаших
• Хааяа нүд, тагнайн салст шарлах шинж илэрнэ.
Элэг өөхлөлтийн оношийг биопсийн шинжилгээгээр баталдаг ба элэгний эсийн дотор өөхтэй вакуолиуд илэрдэг. Ихэнх тохиолдолд эход элэг,дэлүү томорсон шинж ажиглагдана. Биохимийн шинжилгээнд АЛАТ, АСАТ, холестерол, өндөр нягтралтай липопротейн, триглицерид хэмжээ ихсэнэ.
Өнөөгийн нийгэм дэх тэжээлийн хэрэгцээ, биеийн хөдөлгөөний хоорондох тэнцвэр алдагдсантай холбоотой үүсдэгөөрчлөлт бөгөөд жингийн илүүдэл, таргалалтын хамт дэлхийд тархац өндөртэй байна. Иймээс элэг өөхлөх өвчнөөс сэргийлж, өвчнийг анагаахын тулд амьдралын эрүүл хэв маягтай болж, зөв зохистой хооллож, жингээ хасах хэрэгтэй.

Б.Энх-Амар

38 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш