“Одь-ийн алтан тунгаамал суварга” шагнал хүртсэн миний түүх

Уг нь НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон бүрэн эрхэт БНМАУ-ын иргэн миний бие 1971 онд АУДээдС төгсөж сургуульдаа анатомын тэнхимд багш болж номын мөр хөөх туйлаас эрхэм дээд их хувь зохиол тохиосон бөлгөө. Гэтэл үнэн хэрэгтээ тусгаар улс бус их гүрний хараа хяналтын дор түүний заавраар засагладаг төр бүхий тоглоомын улс байсныг далан жилийн дараа, зөвлөлт гүрэн задарч, социалист систем нурж, хүний эрхийг жинхэнэ утгаар дээдэлхийн төлөө нийгэмд шилжих болсон үеэс ойлгож эхлэв.

Нэг намын оронд олон нам бүрэлдэж, үндсэн хуулиа өөрчилж, хууль тогтоодог парла-ментын засаглалтай улс болов. Миний хувьд итгэл үнэмшил, амьдрал тэмц-лийн минь утга учир болсон марксизм ленинизм худлаа болж таарсанд үзэл бодол, сэтгэхүйн том цохилт авч, засал үл авах сэтгэл гутралын (depression) хүнд дарамтанд орж хэдэн жил эргүүтсэн төлөг шиг дүйнгэ (prostration) явлаа. Манай сургуульд дотор, мэс засал, халдварт, хүүхдийн өвчин судлал, эх барихуй эмэгтэйчүүд, мэдрэл, сэтгэц гээд нарийн мэргэжлийн олон тэнхимээс илүү нэр нөлөөтэй марксизмын тэнхим гэж байсан юм. Энэ тэнхимд Марксист Ленинист Философи, ЗХУКН-ын түүх, МАХН-ын түүх, Улс Төр Эдийн Зас-гийн Ухаан, ШУКО (шинжлэх ухааны коммунизмын онол)-ын чиглэлээр олон сайхан багш нар хичээл зааж оюутан залуусыг өөрийнхөө төлөө биш, эх орныхоо төлөө зүтгэж ихийг бүтээх дүүрэн хүсэл эрмэлзэлтэй нийгмийн гишүүн болгон төлөвшүүлдэг байлаа. Зах зээлд шилжиж, өмч хувьчлал явагдаж засаг төр солигдож улс төр, нийгэм, түүх, хувьсгал, тэмцлийн тэр бүх хичээлүүдийг шилээр нь нар харуулж гайд гаргахуйд өнөөдөр тэр сайхан багш нарын минь гэгээн хүсэл мөрөөдөл, эрхэм ариун зорилго, амьдрал тэмцэлийн утга учир хэрхсэнийг бүү мэд. ШУКО-ийн лекцийг бага ястны хачин аялгаар ямарч конспект харалгүй тасралтгүй 2 цаг уншдаг, одооныхоор шилдэг лектор, гоц авьяастан Дамиа багш минь капиталист нийгэмд ашиг орлогоо нэмэхийн тулд барилгын инженер, архитекторууд газар хөдлөлт болж олон байшин нураасай гэж, эмч нар нийтийг хамарсан өвчин дэгдээсэй гэж хүсдэг хэмээ-хүйд яагаад гэж асуухад зураг төслийн захиалга их ирнэ, олон байшин шинээр барина, эмнэлэгт үзүүлэх хүн олширно, тэгээд орлого мөнгө их олно гэдэг байв. Бид оюутнууд аргагүй муухай нийгэм юмдаа гэж ойлгосон. Гэтэл 1990-ээд оны ардчилсан хувьсгалын үед “хүний эрхийг дээдэлсэн чөлөөт зах зээлийн харилцаа” гэдэг зөөлхөн нэртэй, мөн чанартаа яг энэ капиталист нийгмийн замаар ороод явчихав. Түүнийгээ хүмүүн төрөлхтний хөгжилтэй мөр зэрэгцэх боллоо гэх агаад хэрвээ тэр нь үнэн бол зөвдөхийн ерөөл талбияа. Хэрэв худлаа бол засаж залруулахыг хүсье. Өнөөдрийн тухайд авилгад идэгдсэн шүүх, нам дагасан томилгоо, сэжигтэн, хэрэгтэн, ЖДҮ-чин нараас бүрдсэн, хамаг бузар булай, хахууль, шударга бус явдалтанаар дүүрсэн УИХ, эх нутаг, газар шороо, уул усаа лицензээр гаднынхантай нийлж хулгайлдаг шударга бус замаар хөрөн-гөжсөн гучин гэр бүл, төрийг эдийн засагтай хутгаж хувийн ашгийг дээдэлсэн мафиозжсон олигарх бүлэглэлийн төрийн түвшинд л явж байна. Энэ байтугай дарлал, доромжлол, их гүрнүүдийн хүчирхийлэл, гал усны гашуун зовлон, хүнд бэрхийг туулж тусгаар тогтнолоо хамгаалж чадсан миний монголын тэнгэрлэг ард түмэн эдгээр бүлэглэлийн санаархлыг таслаж төрийн бодлогын алдааг залруулж жам ёсны хөгжлийн замд оруулах нь хол бус юмаа.
Гагцхүү коминтернын нэрээр монголд коммунист дарангуйллал тогтоож ноёрхох гэсэн БОК(б)Н (Бүх Оросын Коммунист большевик нам)-ыг эсэр-гүүцэж 1922 онд хилсээр буудуулсан ардын намын анхны долоогийн нэг, монгол төрийн нэрт зүтгэлтэн, ерөнхий сайд Догсомын Бодоо, анхны ерөнхий сайд Дамбын Чагдаржав, 1924 онд хилсээр буудуулсан Солийн Данзан, бусад олон олон эх орончид, гучаад онд коминтернын төлөөлөгч Ш.З.Элиавагийн хэлсэнчлэн 1928-1932 онд монголын удирдагчид засаг төрөө удирдаж байгаа-гүй, өөр шашин өөр үзлийн хүмүүс засгийн эрхийг атгаж, зүүнтэн залуусыг турхирч, хүчээр хамтрал коммун байгуулж, хөрөнгө хурааж, сүшиг бишрэл, онгон шүтээнийг нь доромжилж, чинээлэг ард, тайж гаралтай жирийн иргэдэд зохиомол хэрэг тулгаж, шоронд хорьж, буудан хороож, хүчирхийлэх бодлого явуулахуй дор эсэргүүцэн тэмцсэн Чандмана уулын аймгийн Төгсбуянтын хийд, Улаан-Гомын хүрээ, Хөвсгөл, Архангай, Завхан, Өвөрхангай, Баянхон-гор, Дорнот, Ховд, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгуудад гарсан зэвсэгт бослогыг Сталин цэрэг, нисэх онгоц, танк ашиглан хүчээр дарж, 6000 гаруй иргэдийг минь аймаглан устгаж цусан далайд живүүлсэн түүх, хил орчмын нутгийн 30.000 гаруй иргэд маань төрсөн нутгаасаа дайжиж харь оронд дүрвэгсдийн гашуун амьдралыг туулсан түүх бүү давтагдаасай. Тэр үед хэлмэгдсэн иргэд: “Ардын нам, ардын засаг үндэсний гэх юм бүхнээ уландаа гишгэж, улаан оросын үзэл номлолыг дагаж ард түмнээ хар, шар, баян тарган хэмээн ялгаварлан харгислаж яргалаагүй бол, үе улирсан сүлд тахилга, судар ном, сүм хийд, соёлын өвийг устгаагүй бол бослого хөдөлгөөн гарах шаард-лага байгаагүй. Харин ч бид Ардын нам, ардын засгийг эсэргүүцээд байх зүйлгүй тул дэмжиж байлаа” хэмээн өчиж асныг мартаж үл болно. Өнөөдөр гаднын шинэ колончлолд үйлчилсэн волюнтарист олигархууд, эх орноо “ардчилсан гуйлгачин улс” болгоод хар гэрт одогсод, араас нь дээлээ нөмрөөд завдан буй компрадорууд бол дээрх угсаа залгамжаа таслуулсан, өмч хөрөнгөө дээрэмдүүлсэн, онгон шүтээнээ шатаалгасны учир арга буюу зэвсэгт бослогод оролцож хядуулсан иргэдээс тэс өөр юмаа. Тэд бол АТГ үүд сахиж, шүүхээр шийтгүүлж, сонсох ёстой зүйл ангиар дээлээ нөмрөгсөд, нөмрөхөөр завдагсад юм.
Чөлөөт нийгэмд шилжихээс өмнө Монголын анагаах ухааныг 1921 оны ардын хувьсгалтай хамт эхэлсэн гэж заадаг байв. Эрт цагаас өвөг монголчууд бөмбөрцгийн хуурай газрын тэхий дунд голомтоо асааж яваагүй юм шиг, олон арван мянган жилийн турш энэ газар оршихдоо төр улсаа байгуулж дэлхий дахиныг төвхнүүлж яваагүй юм шиг, тэнгэрлэг өвөг дээдэс маань нэн эрт цагаас уламжлалт анагаах ухааны далай их соёлыг бүтээж яваагүй юм шиг аяглаж, үр хойчис, залуу үеийнхний цусанд нэвт шингэсэн “даяар монголын ертөнцийн эзэнт гүрэн”-ий аугаа их эх түүхийг үл мэдүүлж ой санамжнаас нь арчиж мартуулаад нэг үе өнгөрөхөд хүн сүрэг болгож хоёрдахь үе өнгөрөхөд мал болгож аажмаар үндэстний хувьд “ижил мөрний халимагууд” лугаа хүйс тэмтрэх зорилготой ЗСБНХУ буюу Зөвлөлт-Оросын бодлогыг манай удир-дагчид сөрөх боломж олж чадалгүй ихэнх нь хороолгосон юм билээ.
Мөн Сталины шахалтаар 1930-аад оны эцсээр шашны бурангуй үзлийг устгах нэрийн дор эрдмийн уурхай болсон олон тооны сүм дугана, дацан хийд, номын гэрийг далай их туульс, баринтигтай судар номын хамт шатааж, гэгээрсэн хутагт, хувилгаад, лам хуврага, оточ, маарамба нарыг хомроголон устгаж, 1940-өөд дундуур дөнгөж төлөвшиж асан үндэсний сэхээтнүүдийг хувьсгалын эсэргүү бүлгийн гишүүн, японы тагнуул хэмээх зохиомол хэрэг тулган, дотоодын хамгаалахын ногоон малгайт залууст тамлан зовоож, хилсээр хэрэг хүлээлгэдэг арга зааж өгөөд тэдний гараар хядуулж, номын садан их мэргэдийн туурвиж үлдээсэн монгол анагаах ухааны их өв, үлэмжийн их сан хөмрөгийн хамт устгаад, судар номыг эрж хайх, сураглаж олох, уншиж судлахыг хориглосны улмаас миний үеийнхний оюуны мэлмийд булингар суусан бөгөөд бидний хойчис түүнийг арилгахад дахиад гучин жил орох болуужин хэмээн эмзэглэж явнам.
Манай багш нар, энэ өвчтөн муусайн оточ бариач зальт этгээдүүдээр төөрч будилж яваад өвчнөө улам хүндрүүлсэн байна гэхэд оюутан бид нар тийм л юм байх гэж боддог байв. Ядахад “Сэрэлт” гэдэг нүгэлт худалч кино эрдэмт оточ нарыг жаран жилийн турш хилсээр гүтгэж хэлмэгдүүлэн ардын эмнэлэг, уламжлалт анагаах ухааны ойлголтыг гүн сэвтүүлсэн юм.
Өрнийн анагаах ухааныг зөвхөн Зөвлөлт-Оросын эрдэмтдийн бичсэн ном, мэдлэгийн түвшинд суралцаж, тэр хавьцаа эргэлдэхээс өөр арга зам байгаагүй. Зөвлөлтийн анагаахын сургуулийн анатомийн тэнхимүүд сонгодог бүтэц судлалын хайрцагнаас салаагүй байв. Гэтэл баруунд эрлийз хавдар эсийн технологи (hybridoma) зохион бүтээж, үлэмж өвөрмөц, нэг язгуурын эсрэг-биеийн молекул (monoclonal antibody) цэврээр нь гаргаж авсан Нобелийн шагналт Milstein, Koehler нарын залуус анатомын тэнхимийн аспирантууд байсныг манай курсийн оюутны дундаас шалгарч сургуульдаа физиологийн тэнхимд багш болоод XX-ХХI зууны заагаар ар халхын анагаахын мэргэд дотроос тодорсон, Монголын өрнийн анагаахын ноён оргилын нэг, сод хүмүүн, дотнын анд Махбал овогт П.Нямдаваа минь надад хэлж “уруу татсан”-аар молекулын амьдрал, түүний анатом, бүтэц, үүрэг ажил, эмгэг судлал, эмнэлзүйг туулж эзэмдэх хязгааргүй хүсэлд автаж мориныхоо жолоог тэр зүг эргүүлсэн цагаас хойш нэгэнтаа тавин жил өнгөрчээ.
Манай сургуулийн өсөж дэвших хүсэл тэмүүлэлтэй багш болох залуусын ихэнх эхлээд анатомын тэнхимээр дайрдаг бичигдээгүй хуультай байсан хийгээд миний хувь зохиол бусдын нэгэн адил тул жилд ганц болдог аспирантурын шалгалтыг хүлээж эс түвдээд горилогч гэдэг замаар явах зурлагаа дагаж ДЭМБ-ын шугамаар Зөвлөлт-Орост мэргэжил дээшлүүлэх аз тохиосон юм. Намайг Ленинградын Анагаахын Дээд сургуульд хуваарилаж, миний санаа Москвагийн “Хүний Морфологийн Хүрээлэн”-гийн “Иммуно-Эмбриологи”-ийн лабораторын зүг тэмүүлж энэ хоёр зөрчилт байдлыг бурхан багш эвээр шийдэж Оросын ЭМЯ-ны нөхдүүд миний 8 сарын хөтөлбөрийн сүүлийн гурван сарыг Москвад авъяаслаг судлаач М.Ш.Вербицкийн лабора-торит ажиллахаар шинэчилж өгсөн юм.
Оросын төр засгийн бодлого, оросын ард түмний сэтгэл хоёр тэс өөр, Дэлхийн II-р Дайны хүнд бэрх 900 хоногийн бүслэлт, өлсгөлөн, өлбөрөл, өвчлөлийг давж гарсан аугаа их ард түмний сэтгэл цаанаа л аугаа юм билээ. Эхлээд бусдын төлөө гэх орос хүний амин орны сайхан сэтгэлийн элчис, надад индукцлэн шингэж миний “тамын тогоо”-ны түвшинд байсан ахархан бодолд үлэмжийн их өгөөмөр сэтгэл, өргөн бодол, далайцтай үнэмшил шингээснийг нутагтаа ирсэн хойноо ойлгож билээ. Ленинградын Анагаахын анатомын тэнхмийн эрхлэгч, нэрт эрдэмтэн, домогт профессор М.Г.Привес орчин үеийн молекул биологийн шинэ зам сонгож хөтөлбөрөө өөрчилсөн “урт дурын” монгол залууг зогсоох гэж оролдох нь үр дүнд хүрэхгүйг мэдэж надад өс саналгүй, дээшээ хушуу хүргэлгүй, доошоо дажин босголгүй, яаманд дагавар бичиггүй чимээгүйхэн явуулж амьдралдаа эргэлт хийхэд минь тус болсон ачийг нь би мартахгүй ээ. Ардын хувьсгалын анхны өдрөөс авахуулаад миний эх оронд өрнийн анагаах ухааны хүчирхэг салбарыг үүсгэн хөгжүүлж, хот, хөдөө, аймаг сумын эмнэлэгт ирж монгол ахан дүүсийн төлөө өөрийн биеийг умартан зүтгэж, хүнд бэрх цаг үед орос хүний сайхан сэтгэлээр тусалсан зөвлөлтийн эмч нарын түүхэн гавъяат үйлсийг ч би мартахгүй.
Москвад ирээд номын багшдаа шавь орж туршилт судалгааны орчин үеийн арга зүй эзэмшиж, надад өгсөн “нөхөн үржихүйн иммунолог”-ийн сэдвээр орос хэл дээр материал байхгүй тул Лениний номын сан, ЦМБ (Анагаах Ухааны Төв Номын Сан), ХАА номын сангийн алтан фондод англи хэл дээр байсан арвин их ном, судар, хэвлэл, сэтгүүл, тойм, өгүүлэл, мэдээлэл сурвалж-уудыг нэгийг ч үлдээлгүй нэвт туулаад, хамаг мөнгөө дуустал канондож, фото-копи хийж аваад нутгаа зүглэхэд ертөнцийг харах мэлмий минь нээгдэж, сэтгэхүйн энтропи минь өөр түвшинд хүрч, хурал зөвөлгөөнд хэлэх үгний минь утга агуулга, уялдаа холбоо, дүгнэлтийн чансаа дээшилж, орчин үеийн түвшинд ойртоод, бичгийн англи хэлтэй болсон байж билээ.
Тэр үед манай сургуулийн захиргаа орос хэлээс гадна бусад гадаад хэл сурах хүсэлтэй багш нарын эрмэлзэлд тааламжгүй ханддаг байв. Муу хүний заяа завагт гэгчийн үлгэрээр надад нэг суваг олдсон юм. Тэр бол ДЭМБ-ын Женева дахь төвөөс хэрэгжүүлж асан “Small Supply Program” (Бичил Хангам-жийн Хөтөлбөр) байв. Энэ хөтөлбөр хөгжиж байгаа гишүүн орнуудын нөхөн үржихүйн чиглэлээр ажилладаг судлаач нарыг шаардлагатай оношлуур, урвалж бодис, бага оврын багаж хэрэгслээр хангах зорилготой байлаа. Миний бие нөхөн үржихүй, гэр бүлийн үргүйдэл, андрологийн иммуны асуудлаар төсөл бичээд илгээтэл аз таарч батлагдсан тул уг төслийн хүрээнд нүд, чих хамар хоолой, нүүр ам судлал, элэг цөс, ходоод гэдэс, тархи нугас, зүрх судас, ясны чөмөг, булчирхайн шүүрэл, цусны эд, холбогч эд, нэхдэс, арьс салст, үе мөч, бөөр шээс, халдвар, хавдар болон хүүхэд эмэгтэйчүүдийн гээд бүхий л төрлийн өвчнийг молекулын түвшинд оношлодог, орчин үеийн технологи дээр үндэслэсэн олон төрлийн гайхамшигтай өвөрмөц оношлуурыг гадаадын хүс-сэн орноосоо захиалан авч ашигладаг боллоо. Уг хөтөлбөрийн нэрийн өмнөөс надтай харилцаж, зүс үл таних атлаа намайг бүх талаар дэмжиж асан, Женева дахь төвийн ажилтан Mikhail J.K.Harper нэртэй буянтанд үеийн үед талархаж, үрийн үрдээ сайн төрлийг олж, буян заяагаа дэлгэрүүлж явахын ерөөл дэвшүүлж наминчлан залбирдагдаа. Тэр үеийн ДЭМБ-ын ерөнхий захирал Малер нэгэн урилга ирүүлж Лозаннад болох хуралд “Бичил Хангамжийн Хөтөлбөр” амжилттай хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцахыг хүсээд зардлыг бүрэн хариуцахаа илэрхийлжээ. Би бүх материалаа бүрдүүлээд дээшээ явууллаа. Тэр үед гадаад явах бүх хүний асуудлыг Төв Хороо шийддэг байсан юм (мэдээж зөвшөөрөл өгөөгүй, капиталист суртлаас иргэдээ хамгаалж буй юм байх, инээдтэй ч юм шиг, өрөвдөлтэй ч юм шиг засаг байж билээ).
Хожим зах зээлд шилжиж, олон улсын харилцааны хүлээс тайлагдахуйд ДЭМБ-ын болон бусад шугамаар гадаадын олон оронд зорчиж хурал зөвлөл-гөөнд оролцсон хэдий ч буянт хүмүүн Харперийг олж чадаагүй, ач тусыг нь хариулж чаддаггүй юмаа гэхэд учран золгож нэн талархаж явдгаа илэрхийлж чадаагүй нь миний хүн муутайнх буйзаа. Уншигч абухай энэ эрхэм хүмүүний сураг гаргаж өгвөл их баярлахсаан.
Оношзүйн мэдээллийн багтаамж, өвөрмөц мэдрэг чанар үлэмж өндөр урвалж оношлуур, багаж хэрэгслээ ашиглаад хамгийн түрүүнд УНТЭ дээр анхны иммунологийн лаборатори байгуулах санаагаа дэвшүүлэхэд 1981 онд эмнэлгийн дарга байсан профессор Ш.Жигжидсүрэн багш талархан дэмжиж тусгай өрөө, орон тооны эмч, лаборант гаргаж өгөөд Е-РОК рецептор ашиглан Т-лимфоцит эс тоолох шинжилгээнд ордог хонины цусны улаан эс авахад зориулж нэг хонь авч өгснийг олон жил аж ахуйн хашаанд тэжээж ашигласан маань сүүлдээ шүдлэн үхрийн дайтай болчихож билээ. Миний бие шинэ лаборатори, шинэ эмчтэйгээ зэрэг урагшлаж өссөөр ДНХ молекултай нэгдэж өөрийн эрүүл эсийг хөнөөгөөд олон эрхтэн хамарсан түгээмэл өвчин үүсгэдэг бөөмийн аутоэсрэгбиеийн IgG молекулыг туяарагч бодис зүйсэн давхар эсрэгбиеийн молекултай нэгдүүлж флюоресцент микроскопоор оношлодог шууд бус дархан туяарах аргыг анх нэвтрүүлэв. Тэр нь битүүний шөнийн үүлгүй тэнгэрт түгсэн буман од шиг үзэсгэлэн төгс гэрэлтэж харагдах атлаа юуны учир өөрийн биеэ өвчлүүлж эрлэг номун хаанд эзнээ зуучилдаг үйлийн үртэй болохыг өрнийн анагаахын номоос уудлаад хэдэн таамналаас өөр санаа эс олсон бөлгөө. Тэр эрчээрээ эдийн тохирооны шинжилгээг анх нэвтрүүлж, эмч сургаж, эх орондоо эрхтэн шилжүүлэн суулгах нөхцлийг бүрдүүлж, нэг талаас, сонгодог анатомч мэргэжлээс “иммунологич” хэмээх мэргэжил рүү хөрвөж, нөгөө талаас, эх орныхоо лабораторийн оношзүйн тусламжийн түвшинг урагш хол ахиулж, олон салбарын клиницист эмч нарынхаа гарт оношлогооны шинэ хүчирхэг эрдмийг атгуулж, мэргэжил олгох дээшлүүлэх курсийн сургалтыг дэлхийн түвшинд хүргэсэндээ дотороо омогшиж энэ зорилгоор өөрөөсөө олон удаа цус авч шинжилгээнд хэрэглэж, бас туршлагын амьтан, лабораторийн цагаан хулгана, молтогчин туулай тоймгүй олныг ашиглаж заримыг нь төхөөрч асандаа өөртөө зөв өгдөг. Миний бие нийтдээ оношзүйн 140 гаруй шинэ арга, технологи, шинжилгээ, бүтээл, оновчтой санал, тэргүүн туршлага, ашигтай зөвлөмж нэвтрүүлээд 1990-ээд оны дунд үе гэхэд өрнийн анагаахын жам ёсны хөгжлийн замаасаа хазайгаад буруу замаар явчихсан Зөвлөлт-Оросын эмч нараас түрүүлээд эхэлсэн юм.
1980-аад оны сүүлээр номын багш минь манай оронд зочлохдоо ажилтай минь танилцаад шавиараа бахархаж байна “...чи надаас илүү гарчээ...” хэмээгээд Зөвлөлт-Орос орны анагаах ухааны хөгжлийг гацааж хүн төрөлхтний жам ёсны хөгжлөөс хоцроосон коммунист удирдлагаа шүүмжилж, нэг намын тогтолцооны алдаа, олон ургалч үзлийн тухай ярьсан олон асуудлын ихэнхийг нь үзэл санаа, итгэл үнэмшил, бодол сэтгэлээ чөлөөтэй илэрхийлдэг ардчи-лалын тухай сонсоогүй, хүний эрхийн тухай мэдлэггүй, нэг намын үзлээр хүмүүжиж өссөн би юу ч ойлгоогүй хоцорч билээ. Сайн багшийн чадал эрдэмд шүтэж, нөөлөг ивээлд багтаад био-анагаахын машид нарийн үзэгдлийг туршин шинжиж танин мэддэг шинжлэх ухааны гайхамшгийн амтанд орсон миний бие лаборатори, номын сан, ажил гураваар гэр хийж номын солио тусаад донтож явсаар 1981 онд эрдмийн зэрэг хамгаалсны дараа сая ухаан орж гэртээ харихад хөршүүд маань миний ханьд хоёр охинтой өрх толгойлсон ганц бие бүсгүй нэр өгсөн байж билээ.
Манай сургуулийн бүх тэнхимийн сургалтын хөтөлбөр нь Зөвлөлт-Орос Улсын АУДэС-н тэнхимийн загвар, бүтэцтэй, дэлхий дахины шинжлэх ухааны хөгжлөөс тусгаар, хаалттай, багш нар маань хоёр системийн хүйтэн дайны хөлд өртөж шинэ мэдлэг, дэвшилтэт технологи, оновчтой бүтээцийн тухай олон жил дам сураг сонсож байснаас бус нүдээрээ үзээгүй учир мэдээллийн цангаанд нэрвэгдэж явсан цаг байв. Чухам тэр цаг, 1980-аад оны дунд үес миний бие өнөөгийн хэлээр “Фейсбүүкийн Од” болж сургуулийнхаа багш нар, эрдэмтэн профессоруудын урилгаар эмнэлэг дээр нь очиж олонтаа лекц уншиж билээ. Шүтэн биширч эрхэмлэн хүндэтгэж явдаг миний багш нар оюутан нь байсан өчүүхэн муу шавь намайг өсөж өндийсээр шинэ мэдлэг, туршин шинжих арга зүйн хувьд “урьд ургасан чихнээс хойно ургасан эвэр”-ийн үлгэрээр урагш хол ахиж орхиод явчихсаныг хараад баярлан бахархах, цагаахан атаархах хоёртой зэрэг тулж давын өмнө тэнхимийнхээ залуу багш нараа шавдуулах болсоны учир намайг дагаж судалгааны шинэ арга суралцах хүсэлтэй залуусын хөлд дарагдаж эхлэв. Миний биед хандсан магтаал үг олныг сонсоны дотроос өвчний молекулын механизмын талаар “Үнэн” сонинд бичсэн шинжлэх ухааны хялбаршуулсан нийтлэлийг минь үнэлж багш нарын зөвөлгөөн дээр Цэрмаа багшийн хэлсэн “...бичгийн хэллэг нь их сайхан...” хэмээх үг, Эмч нарын III-р Их Хурал дээр доцент Цэдэв багшийн хэлсэн “...залуу багш М., эх орныхоо анагаах ухааны эрдэм судлалын арга зүйг шинэ түвшинд хүргээд байна...” хэмээх үг надад даамай их урам хайрлаж билээ. Өнөөдрийн байдлаар намайг дагаж судалгааны аргазүй эзэмшсэн, ажлыг нь удирдсан, зөвлөлгөө өгсөн, шүүмж бичүүлж авсан 50 гаруй залуу багш, судлаач нар эрдмийн зэрэг цол хамгаалж, номын хорхойтон болоод дотоод гадаадын их дээд сургуулиудад ажиллаж байна. Коммунизм мухардаж зах зээлийн харилцаанд шилжиж, нийгэм даяар өөрчлөн байгуулалт, ил тод байдлын давалгаа эхэлсэн 1980-аад оны сүүлээр дэлхийн бүх улс оронтой тэгш харьцах болсноор гуравдагч орны багш, эмч, эрдэмтэн судлаач нар ирж лекц уншиж, тэр болгонд англи хэлнээс орчуулга хийдэг манай ганц синхронист (дуун хөрвүүлэгч) орчуулагч гэдэг цаасан малгай надад өмсүүлж лавтай 10 гаруй жил дайчилсны эцэст англи хэлтэй залуусын үе төрөн гарч, тэдэнд халаагаа шилжүүлж зовлого минь бага боловч хөнгөрсөн бөлгөө. Өөрсдөө Буянт Ухаад нисэж ирээд нүдэнд мэс засал хийж эмчилдэг, хичээл заадаг “Орбис” гэдэг онгоцтой эмнэлэгийн орчуулагчаар томилогдож бараг нүдний эмч болох шахав. Бусад олон чиглэлээр ирсэн мэргэжилтэн нарт орчуулга хийсний дотор хамгийн хэцүү нь сэтгэцийн эмгэгийнх байсан. Сүүлдээ багш гуай өөрөө зүгээргүй юм шиг санагддагсан. Анагаах Ухааны олон салбараас психиатрын эмч бол “хүний эмч”, бусад мэргэжлийн эмч нар малын эмчийн адил юм хэмээснийг тэр үед туйлаас дурамжхан хүлээж авснаа санаж байна.
Нэг удаа НАХЯ-д дуудагдаж олон улсын байгууллага, гадаадтай шууд харьцдаг учраа шалгуулж, МУИС, ШУА, ФТХ, Цөмийн Энергийн Газрын мэргэжилтний хамтарсан сүр ихтэй том комисст багаж, оношлуураа шалгуулж, тэд нар нь шалгааж, айлгаж эхэлснээ “сайхан хүүхэн бүгдийг бариад ир” гэж нэг кинонд гардаг шиг миний захиалж авсан барууны оношлуур, багаж хэрэгслүүдийг эргүүлж тойруулж хараад учрыг нь эс олж сүүлдээ комиссын ахлагч хижээлдүү чекист эрийн араншин зөөлөрч ялгүй салж билээ.
1987 онд ЭМЯ-аас дуудаж байна. Намайг АУДС-ийн багшийн ажлаас чөлөөлж АУХ-ийн мэдэлд шилжүүлж шинээр байгуулсан ЭШТЛ-ийн эрхлэгч бөгөөд ЭМЯ-ны лабораторийн ерөнхий мэргэжилтэн гэдэг төрийн сонгуульт ажилд томилов. Энэ бол хематологи, биохими, клиникийн хими, патологи, цитологи, хистологи, трансфузи, аутопси, биопси, форенси, микробиологи, бактериологи, вирологи, микологи, удамзүй, молекулын биологи гээд тоолж үл барах “Эмнэлзүйн эмгэг судлал”(Clinical Pathology)-ын олон салбар ухааны оношзүйн асуудал хийгээд зоонози, антропонозийн лабораторийн оношло-гооны асуудлыг зангидан хариуцах ажил байж билээ.
Тэр бүхүй л ухааны зах зухаас нь зулгааж явсаар иммунологич мэргэж-лээс “клиникийн патологич” хэмээх гуравдахь мэргэжил рүү хөрвөж оров. Шинэ салбарын эх суурь тавихад хамгийн хэцүү нь номноос өөр асуух хүнгүйд байдаг юм билээ. Мэдэхгүй өгүүлбэр, үг нэг бүрийг хэдэн зуу дахин уншдагсан.
Тийн байтал намайг ДОХ-ын төвийн захирал гэдэг эрэгтэй, эмэгтэй, хиуцхан, биеэ үнэлэгч нарын дотор ХДХВ-ын тархалтыг хянах ажилд давхар томилов. Энэ удаад тархвар зүйч (эпидемиологич) гэдэг дөрөвдэхь мэргэж-лийн салбараас суралцах шаардлага ургав.
Хоёр нас заяавч үл хүрэлцэх энэ олон ажлыг нугалах гэж чардайж явахуй дор нэг мэдэхэд санчиганд хяруу унаж, 1990 оны морин жилийн ардчилалтай золгох түүхэн ховор аз тохиож олон залуусаа гадаадын тэргүүлэх судалгааны төвүүдэд илгээх боломж олдов. Б.Мөнхбат, Б.Гансувд, Т.Дэмидмаа нарын арав гаруй залуу ажилтнаа Японд, цөмийн физикч, биофизикч Д.Орлохыгоо Австралид, П.Энхцэцэг нарыг Америкт бусад ажилтнаа Герман, Англид явуулснаас бүгд нэртэй эрдэмтэд болж, Д.Орлох маань “Олон Улсын Цөмийн Энергийн Агентлаг” (IAEA)-ийн хамтлагийн бүрэлдэхүүнд “Нобелийн Шагнал” хүртэж, бусад шавь нарын маань нийтлэл, илтгэл, өгүүлэл нь дэлхийн түвшинд хүрч, олон улсад шалгарч, тэргүүний бүтээлийн шагнал хүртэж эхлэв. Миний хувьд залуусаараа дамжуулан дэлхийн алдартай судалгааны төвүүдтэй харилцаа тогтоож, хамтарсан судалгааны төслүүд хэрэгжүүлж бүтээл, нийтлэл маань олон улсын чансаа өндөр сэтгүүлүүдэд хэвлэгдэж, амьд явсны хэрэг бүтэж билээ.
Түүний дотроос шавь доктор Б.Мөнхбат минь зуучлан Токай Их Сур-гуулийн Молекулын Амьдралын Ухааны Тэнхимийн эрхлэгч, профессор Хидетоши Иноко абухайтай хамтран хэрэгжүүлсэн “Монголын хүн амын удам зүйн судалгаа” төсөл маань Японы БСШУЯ-ны “Зууны Шилдэг Судалгаа” (Century Excellence Research) номинацаар шалгарч, уг төслийн хүрээнд Японы талын хөрөнгө оруулалтаар АУХ-ийн ЭШТЛ дэргэд 500 сая төгрөгний өртөг бүхий анхны “Молекул-Биологийн Лаборатори” эх орондоо байгуулж зүйр-лэшгүй их сэтгэл ханамж, баршгүй их таашаал мэдэрч, бид дэлхийн хөгжлөөс гурван зуунаар хоцрогдсон гэх гутамшигт бодлоосоо ангижирч, баярын мишээл магнайнаас гэрэлтэн цацарч, өвөр монгол биш, буриад монгол биш, ар монгол тусгаар эх орноо онож төрсөн эгнэшгүй их хувь заяандаа залбирч солиотой мэт өөртэйгээ ярьж, ганцаараа инээж явдаг болсонсоон.
Чингэхдээ, түмэн бэрхийг туулан энэ сайхан эх орныг үр хойчис бидэн-дээ өвлүүлсэн тэнгэрлэг өвөг дээдэс, Хиян, Бидгүд, Сианби нарын эртний монгол туургатанууд, Умард Хүннү, Дорнод Хүннү гүрний шаньюй нар (хаад), Их Монгол Улсын Богд Чингис хаан, өрлөг жанжид, Даяар Монголын Ертөн-цийн Эзэнт Гүрний их хаад, алтан ургийн залгамж хаад, Лигдэн Чингэс хаан, Ойрад Монголын бошигт Галдан хаан, хожим манж доройтохыг онож Богд Живзундамба хутагт хаанаа хүрээлэн 1911 онд тусгаар улсаа сэргээн тунхагласан “Халхын Хүрээний Бүх Хэргийг Түр Ерөнхийлэн Шийтгэх Газар”-ын сурвалжит ноёд, ихэс лам нар, түүний хойно 1921 онд их жанжин хамниган Д.Сүхбаатар, өрлөг жанжин дагуурын Х.Чойбалсан нарын хамт хувьсгалт улсаа мандуулсан ардын журамт цэргүүд, түүний хойно Монгол улсаа НҮБ-д элсүүлж бүрэн эрхэт тусгаар улс болгосон Ю.Цэдэнбал тэргүүтэн зүтгэлтнүүд, түүний хойно 1990 оны морин жил Ази тивд анх удаа ардчилсан хувьсгал өрнүүлсэн залууст туйлаас талархан далд совиндоо зул өргөж явдаг болсон билээ.

Харин 1996-2016 оны гучин жилд “богино дур”-ын улс төрчид олширч, ардчилалыг авилгал руу хөрвүүлж, хууль зүй, шүүх, төр оршихуйн үндсийг ялзруулж, засгийн газрыг ээлжлэн унагааж, зарим үед жилийн дотор 5 төрийн нүүр үзэж, нам дагасан “сэтгэцийн эмгэгүүд” сайд болж, засаглалыг сульдаанд оруулж, төрийн яамд төрөл арилжин эзэнгүй, эрдэмгүй, мэргэжилгүй төр болж Хубилай цэцэн хааны зарлигласан “Төр үл мэдэх түшмэлийн засаглал уулнаас хүнд” хэмээх номлолын учрыг нүдээр үзэж аль засагт зулаа өргөхөө мэдэхээ болиод итгэл алдарч, сульдаа өвчин туссан төрийн үед хариуцсан төрийн ажлаа яаж сайн хийх арга зам сүвэгчлэх ганцхан зорилготой үлдсэн буй.
Миний хариуцсан ажил бол төрийн захиргааны бус, төрийн үйлчилгээ-ний салбарын ажил бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний суурь болсон лабораторийн оношзүйн тусламжийн технологийн хоцрогдлыг арил-гаж дэлхийн түвшинд хүргэх, онош тодруулахын тулд их хэмжээний хөрөнгө мөнгө, үнэт цаг заваа алдан гадагшаа зорьж буй иргэдийн урсгалыг бууруу-лахын тулд бүх анхаарлаа төвлөрүүлэх ажил байсан, одоо ч байгаа.
Лабораторийн ерөнхий мэргэжилтний ажил аваад удаагүй байтал Румын улсад бослого гарч ерөнхийлэгчээ алаад, Польшид “эв санааны нэгдэл” өрнөн, Чехословак нь Чех, Словак гэдэг хоёр улс болж салаад, Зүүн Герман баруун-тайгаа нэгдээд, Зөвлөлт Холбоот улс 15 улс болж задраад, “орон бүхний пролетари нэгдэх”-ийн оронд салж сарниад коммунист үзэл номлол арилахуйд ЭЗХТЗ (Эдийн Засгийн Харилцан Туслах Зөвлөл) гэдэг хамтын ажиллагааны байгууллага нь бутраад алга болов. Түүнтэй хамт лабораторийн оношзүйн салбар хариуцсан зөвлөл нь бас үгүй болов. Түүнийг байх үед Монгол улсын АУХ-ийн ЭШТЛ-ийг Чех улсын тусламжаар тоноглох гэрээтэй байсан юм билээ. Үүнийг хэрэгжүүлэх үүргийг надад даалгасан авч энэ ажил социализмын мөхөх үйл явцтай яг давхцаж лабораторийн ширээ сандал, шүүгээ тавилга, хуучин загварын нэг электрон микроскопоос бусад нь бүтэл муутай төгсөв. Электрон микроскоп нь ашиглах боломжгүй байснаас хүрээ-лэнгийн захиргаа төмрийн хогонд өгч өдрийн хоолоо залгуулсан сураг дуулддаг. Тэр үед нийгмийн бүх салбарт олигархууд улсын өмч уралдаж хулгайлах бузар үзэгдэл нэгэнт эхлээд өнөө өрнөлийн үедээ явж байна. Тулгараад буй асуудлыг хэлэлцье гэх аваас ЭМЯаманд сайд, дэд сайд, газар хэлтсийн дарга нар гэж хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчил-гээний ухагдахуун байхгүй, мэргэжлийн бус, хөлдүү хөшүүн сэтгэл, хөндий жихүүн царай, могойн хүйтэн нүдтэй улс төрч нэртэй бялуучид заларч, эргээд ороход аль эрт нөгөө намын бялууч зусраар солигдсон байх агаад тэр малд түрүүчийн бялуучинд ярьсан тулгамдсан асуудлаа дахин ярьж үйлээ үзэх болсоны сацуу яамны ажилтан, түшээ нар нь удирдлагын академи гээчийг төгссөн, баахан годгор охидоор дүүрч засаглалын сульдаа эхлэхүйд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болоод гучин жилийн нүүр үзэж явнадаа.
Социалист систем бүхэлдээ хямарч засаглал бүдрэхэд гуравдахь хөрш гэдэг ухагдахуун аминд орсонсоон. Японы санаачлагаар хандивлагч орнууд нэгдэж нийгэм, эдийн засгийн олон чиглэлээр дэмжиж тусалсны дүнд нийслэл хот, аймгийн төвүүд хөлдөх аюулаас, хүн ам өлсгөлөнд нэрвэгдэх аюулаас аврагдаж шилжилтийн үеийг туулах боломж олдсон юм. Өмч хувьчлал орон даяар өрнөж, улс ардын аж ахуйн бүх салбар олон хэвшил дээр тулгуурлах болсон шилжилтийн үед миний эх орон нийгмийн ёс зүйн доройтол, эдийн засгийн агшилт, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн их уналтыг даван туулах замд орж ээдрээтэй олон сорилттой тулгарч буй ч урагшилсаар явнаа.
Коммунизмын үед лабораторийн оношзүйн салбар технологийн хоцрог-долд хамгийн их өртөж барууны орнуудаас ичмээр хол хаягдсан, шинжилгээ-ний автомат систем нэвтрүүлсэн эмнэлэг нэг ч байгаагүй, бүх ажилбарыг гар аргаар хийдэг байлаа. Лабораторийн тусламж анагаах ухааны бусад салбараас ялгарах нэг онцлог нь зориулалтын барилга байгууламж, бүтээмжийн чадавхи өндөр хэмжилтийн багажууд, мэдрэг, өвөрмөц чанар сайтай оношлуур, нэг удаагийн хамгаалах хэрэгслүүд, худалдан авалт, хадгалалт, тээвэрлэлт, засвар үйлчилгээний тусгай нөхцөл, тасралтгүй хангамж шаарддаг аж ахуй эрхлэх мэдлэг хэрэг болдог салбар юм. Эм эмнэлгийн хэрэгсэл, ороох боох материал, багаж тоног төхөөрөмж, урвалж оношлуурын улсын нэгдсэн захиалга хан-гамжийг ЭМЯ хариуцаж байгаад 1990 оноос таг зогсож билээ.
Яамыг хараад нэмэргүй болсон миний бие олон янзын дэгдэмхий хий, органик нэгдэл, хүчил шүлт, давс, химийн бодис хольж найруулах, буцалгах, шүүх аргаар ажлын уусмалаа бэлтгэж шинжилгээ хийдэг лабораторийн эмч лаборант нар бүгд хордлого, харшил, маажууртай болдог байсан хуучин гар аргыг өөрчлөх зорилт тавьж, олон улстай харилцаа тогтоож, АКПЛОЗН (Азийн Клиникийн Патологи, Лабораторийн Оношзүйн Нийгэмлэг) гэдэг байгуул-лагад гишүүнээр элсүүлж, шилжилтийг амьд гарах арга зам эрэлхийлж, зүг бүр захиа бичиж, хөрөнгө оруулахыг хүсч байдгаараа тийчигнэж гарав. Америк, Франц, Япон, Герман, Австрали, Итали, Хятадын үйлдвэр компанийн ажил хэрэгч хүмүүс ирж манай газар нутаг, хүн ам, нэгдсэн тусгай эмнэлэг, аймгийн төв, сумдын эмнэлгийн орны тоо гээд баахан судалгаа хийж найрсгаар салах авч эргэж холбоо барина гэж үгүй. Манай зах зээлийн хэмжээ дэлхийн том тоглогч (big player) нарын сонирхлыг татахгүй байлаа. Харин манай оронд бүтээгдэхүүн борлуулах сонирхолтой лабораторийн бага, дунд оврын техно-логи үйлдвэрлэдэг Германы Хуман гэдэг компанийн зарыг олж үзэв. Тийшээ захиа бичээд удаагүй байтал төлөөлөгч нь хүрээд ирлээ. Тэр хүнээс зах зээлийн харилцаа, бизнес эрхлэхүйн “А” заалгаж үндэстэй болж аваад улсын байгууллагатай ажиллахгүй гэхээр нь “Монолаб” гэдэг эмнэлгийн лаборатор-ийн багаж хэрэгсэл, оношлуур ханган нийлүүлдэг ХХК байгуулж химийн шинжилгээний анхны хагас автомат анализатор оруулж ирээд хот хөдөөний лабораторийн эмч нарт сургалт зохиохуй дор монгол хүний сониуч, толгой сайтай, амархан сурдаг нь харагдав. Эмнэлгийн мэргэжилтнүүд дотроос манай лабораторийн эмч нар түрүүлж хиймэл оюун ухаан дээр суурилсан багаж оношлуур, компьютерийн программтай ажиллаж орчин үеийн эрин зуунтай золгосон бөгөөд шинэ технологи эзэмшихийн тулд орчны чичиргээнээс тусгаарлах, цахилгааны хэлбэлзлээс хамгаалах, хадгалалтын орчныг тогтоосон хэмд барих, өрөөний халаалтыг заасан хэмд хүргэх гээд бусад олон тусгай нөхцөл бүрдүүлэхийн тулд гэрээсээ тог баригч, халаагч авч ирэх, багажиндаа хурган дотортой уут хийх зэргээр машид их хичээл санаачлага гаргаж хоёр жилийн дотор аймаг нийслэлийн бүх эмнэлэгийн лаборатори шинэ багажтай болж чадсан юм. Лабораторийн ханган нийлүүлэгч байгууллага бусдаас ялгаатай нь Бямба, Ням гариг, баяр наадам, бүх нийтийн амралтын өдөргүй, жилийн турш өдөр болгон 24 цаг “Засвар үйлчилгээ” (service) хариуцаж нэн шаардлагатай сэлбэг, нөхөн хангалт, сургалтыг бэлэн байлгах үүрэгтэй ажгуу. Сайныг муу дагадаг ёс мэт үзэгдэл лабораторийн хангамжийг тойрсонгүй. “Мянганы Сорилтын Сан” манай орны нөхцөлд тохиромжгүй гэж зөвлөсөөр атал хуурай химийн анализатор аймаг нийслэлийн эмнэлгийн лабораторуудад нийлүүлсэн нь ашиглаж болохгүй хэдэн тэрбум төгрөгний өртөгтэй төмрийн хог болов. “Монос” компанийн эмзүйч авгай нар хятадын багаж дээр оросын оношлуур тохируулах гэж хөгөө чирэв. Олон компанийн тендер авлигын замаар нийлүүлсэн ашиглалтгүй шахааны багаж хэрэгсэл, өндөр үнэтэй тоног төхөөрөмжүүд сум, аймаг, нийслэлийн лабораторуудад бүтээлгээтэй элэгдэлд ороод хэвтэж байна. Түрүүчийн сайдууд харсан авч нүд нь хялмантаад явцгаасан. Энэ засгийн газрын сайд зохих арга хэмжээ аваасай.
2003 оны намар ЭМЯ-ны лабораторийн ерөнхий мэргэжилтэн гэдэг асман тушаал, албан сэтэрээс чөлөөлөгдсөн хэдий ч эмч нар минь холбоо барьсан хэвээрээ, асууж лавлах зүйл тасардаггүй бололтой юмаа.
Завсар гарах бүрийд интернетийн youtube гэдэг хөлгүй их мэдээлэлийн далай дотор хөвж яваад 3 сарын настай өвчтөнийг олон жил амьдруулдаг шидтэй Оточ-Одь эмнэлгийн тухай Жинжиймаа киноны жүжигчин бүсгүй Батцэцэгийн сурвалжлагыг хальт хараад өнгөрөв. Дараахан нь тэр эмнэлгийн хаяг Саппоро төвийн баруунтаа харагдах шиг болоход дөхөөд очвол мөн байна. Арцны тансаг үнэр шингэсэн ариун дагшин хийдийн дугана лугаа эмнэлгийн үүдэн хүлээлгийн танхимд хүмүүс ээлжээ хүлээн суух агаад, тэд биеийн өвчин шаналалаа үл үзүүлэхийг хичээж эдгэрэх итгэлийн цог гэрэлтсэн харцтай суух нь гайхалтай.
Эмнэлгийн захирал Монгол Улсын Хүний Гавъяат эмч П.Баатар хэмээх домогт хүмүүнтэй нүүр учирч өвчтэй хүний судлыг туйлаас нягтлан шинжиж төрсөн жил, улирал, сар өдөр гаригийн өнгийг өнөө дэлгэрээд буй өвчин, эмгэгийн учир шалтгаан, үйлийн үр, таван цул, зургаан сав эрхтэний махбодийн дэлгэрэлтэй уялдуулан эргэцүүлсний эцэст компьютерийн дэлгэц рүү биш өвчин зовлонд шаналах бодь хүмүүнийхээ зүг эгцлэн төвлөрч, сэтгэлийн гүнлүү нь өнгийж, урсгал зөөлөн харцаар гийгүүлээд хоолойн хүрдний гүнээсээ “За та эдгэнээ” гэж магнайд нь нар гийтэл хэлж амин орныг нь цэвэршүүлээд дараа нь эрдэм шингээж номхотгосон өвсөн эм, тосон эм, нунтаг эм, үрлэн эм, эрдэс бодис, тан тэргүүтэн хүртээж хэдэн цагт, юугаар даруулж уухыг зааварлан хэлж, өрнийн анагаах ухаанаас алсраад удаж буй өвчтөний сэтгэлийг эзэмдэхүйн увьдасыг дээдлэн харьцахыг хараад мэл гайхаж билээ. Энэ эмнэлгийн эдгэрэх хувь өндөр байдгийн нэг нууц чухамхүү эхлээд өвчтэй хүний тийн мэдэл, амин орон, сэрэмсэрийн долгисын хуйлрал, хазайлтын засал эмчилгээ болон сэтгэл засал (психотерапи) эмчилгээг туйлын дээд түвшинд хүргэж эмийн суурь болгодог увьдасанд буйг хожим ухаарсан бөлгөө.
Төгс заслын увьдаст П.Баатар эмчийн ярианаас сийрүүлэх аваас энэ эмнэлэг бол Даяар Монголын Ертөнцийн Эзэнт Гүрний их Хувилай Цэцэн Хаан жун тунгийн хоёрдугаар онд (1267) байгуулсан бичгийн мэргэдийн хүрээлэн, 1287 онд байгуулсан Улсын Хөвгүүдийн сургууль “Билгийн Далай” буюу эзэн хааны академаас эхтэй гэнэ.
Энэхүү академийн монгол оточийн сургууль 6-7 дахь үе дээрээ хятадчилагдах аюул нүүрлэхүйд өвгөн оточ нэгэн мэргэн санаа олож шавь Жамъян-Яндаг оточийг тэр үеийн Дайду, одоогийн Бээжин хотоос ар Монголд илгээж богд эзэн Чингис хаан өсөж өндийсэн Бурхан Халдун Ууланд хүрч маналын буултын өдөр өөрийгөө шавиар өргөн андгайлж тэжээхүйн ухааныг үүтгэх зарлиг буужээ. Оточ Жамъян-Яндаг өвгөн багшийн сургааль зарлигийг хэлбэрэлтгүй дагаж зуны гурван сар явсан юм санж. Замдаа хунхуу (малын хулгай) нарт баригдаж тэдний малыг туух билүү хятад газрын түмэн бэрхийг туулсан байна. Хулгана жилийг алдвал дахиад арван хоёр жил хүлээх тул үүл газардаж өдөр шөнө үл ялгарах манан суусан нэг өдөр тонуулчдаас хагацаж умрыг зорьж явсаар хэсэг хомоол олж энэ лав монгол нутаг мөн байх хэмээгээд намрын дунд сарын шинийн наймны манал бурхан залрах өлзий бүрдсэн өдөр ойрхи намхан бор ууланд нэгэн агуй тааралдсанд орж хулгана цаг болохуйд тахилга үйлдсэн нь өнөөгийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг, “жингэр тэмээт” (жинхэнэ гэр тэмээт)-ийн уулнаа тохиожээ. Тэмээт уулын диянчийн тухай домог зүг бүрт түгэн дэлгэрч цэцэн хааны зарлигаар үүтгэсэн монгол оточийн эрдэмийг таслалгүй уламжлан өвлүүлсэн нь тэжээхүй ухааны их оточ, маарамба, номын мэргэдийн есөн үеийг төрүүлэх нигууртай голомт болон дэлгэрсэн ажгуу.
Тэд оточ нар зүг цаг бүрийд номын авшиг, багшийн айлдвар, сударын эрдэм гуравт шүтэж, бодол ухааны хөрөнгөөн зүрхний удган орондоо бүрэлдүүлж, найман манал, алив гэгээн үйлсэд үнэнчээр сүслэн зүтгэж, өмнөх үеийн багшийн эрдэмийг гарын шавь, хойч үедээ өвлүүлэн уламжлуулж явсаар говийн есөн үеийн их гэгээрсэн оточ нар хэмээн алдаршсан нь: 1. Жамъян-Яндаг (1519-1609), 2.Сономринчин (1579-1669), 3. Шаравдэмид (1629-1707), 4. Дэндэв-чойдог (1679-1767), 5. Гэндэнжамц (1742-1837), 6. Чойням (1807-1901), 7. Дамчаасүрэн (1852-1944), 8. Дорж (1913-1998), 9. МУХГ эмч П.Баатар (1960 оноос) нар бөлгөө.
П.Баатар эмч өөрийн хүж барьсан номын багш, эмч, зохиолч, билиг танхай яруу найрагч, эзотерик ухаан судлаач, МУХГ эмч Х.Цэрэндоржийн хамт эгнэшгүй их эрдэмт багш нарынхаа дурсгалд зориулж Дэлгэрэх сумын нутагт маналын найман суврага бүтээсэн нь тэр нутагаас олон эрдэмт оточ, нэртэй эмч нар төрж удам угшил нь үеийн үед үл тасрах “хот мандал” болон дэлгэрчээ.
П.Баатар эмч мөнхүү Х.Цэрэндорж багшийнхаа хамт “Дээд Эрүүл Мэнд” ном бүтээж өмнө найман үеийн их оточ нарын эрдмийг задлан шинжилж, нэгтгэн дүгнэж сударласан нь монгол анагаах ухаанд “Тэнгэрлэг Дээд Эрүүл Мэнд” хэмээх нэгэн шинэ урсгал чиглэлийн онолын үндэслэл, заслын арга болон хөгжиж эхэлсэн байна.
Энэхүү шинэ чиглэлийн онолын үндэслэл нь егүзэрийн мэдлээр өгүүлэгч тэнцэшгүй оюунт дээд найман үеийн их мэргэдээс өвлөж авсан эрдэм дээр өрнө дорнын анагаах ухааны ялгамж, нийцэл, дэлгэрэл, эвцэлийг олох чин хүсэл, эрмэлзэл, сэтгэл оюун юугаа түшиж, сэрэмсэрийн орноо чагнан байж айлдсанаар:
• Бие эрүүл-гоо сайхан
• Ухаан саруул-цэцэн мэргэн
• Сэтгэл ариун-өршөөнгүй уужуу
• Дотоод хийн эргэлт тэгш-амар амгалан
• Амин орон цэвэр-гэрэлтэнгүй тунгалаг
• Ухамсар төгс-гэгээрэнгүй,
• Сэрэмсэр төгөлдөр-бурханлаг
• Орон тааламжтай-бат бэх хэмээх найман ухагдахууныг эрх-шээж Тэнгэр Бурхан, Сансар Огтор-гуй, Нар Сар, Газар дэлхийн хүчний үүсэхүй, оршихуй, хувьсахуйн хуу-линд зохицож амьдрах хэн бүхэн тэнгэрлэг дээд эрүүл мэндийн увь-дасыг хүртэх нигууртай хэмээн соёрхсонд оршно.
Бурханы хүч буюу бурханлаг хүч бол гэгээрэхүйд хөтлөх агаад энтропи, амин, орон чанартай;
Тэнгэр буюу сансар огторгуйн хүч нь огторгуй, гариг эрхэс, нар, сарны долгис, дуу авиа, элчис, эрчис, сүнслэг эгэл биет (neutrino)-ийн долгисын чанартай;
Газар дэлхийн хүч нь унасан газар, төрсөн нутгийн гол ус, ургамал амьтан, горхи шанд, булаг бүрд, нүд алдран зэрэглээтэх уужим хээр тал, өргөн хөндий хоолой, үелэн атираатах уулсын ноён оргил, ой хөвчис, цаст өндөр хайрхан, униартан цэнхэртэх урт шил, чээж дүүрэх цэвэр тунгалаг агаар, угсаа нэгт хүмүүн зоны сэтгэлийн орон, сүнсний орны амин чанартай юм.
Миний бие энэхүү “Тэнгэрлэг Дээд Эрүүл Мэнд” номыг англи хэл рүү хөрвүүлж анхны хувилбарыг П.Баатар эмчтэй хамт өнгөрөгч хавар Вашинг-тонд очиж Конгрессын номын санд өргөн барьж хүн төрөлхтөний оюуны сан хөмрөгт нэмэр болох хувь тохиосонд туйлаас билэгшээж, хэсэгтээ л хязгаар-гүй баяслаар бялхаж билээ. Дэлхийн Банкны үзэсгэлэнгийн танхимд болсон Монголын өв соёлын нээлт дээр биет бус өвийн онцгой салбарыг төлөөлж уламжлалт анагаах ухааны “Оточ-Одь” эмнэлэг оролцож П.Баатар эмч маань гал, шороо, төмөр, ус, мод, огторгуй махбодын гэм зэтгэр, хийн биеийн долгисын хэвийлтийг судлаар шинжих эрдмийг бөмбөрцгийн баруун хагасад үзүүлж, миний бие англи хэл дээр илтгэл тавьж номынхоо нээлтийг хийгээд, тэнгэрлэг дээд эрүүл мэндийн эрдмийг дэлхийн дайдад хүргээрэй гэсэн их багш нарынхаа захиасыг биелүүлж, номын авшиг давхар хүртэж, бас нэг их “үлэмжийн дээд сэтгэл ханамж” мэдэрсэн бөлгөө.
Дээд зургаан үеийн их багш нарын намтар түүх, эрдэм чадлыг сударлаж үлдээсэн бичиг номын сурвалж ховор, багш-шавийн барилдлагыг шүтэж түүний зарлиг юугаар замнаж, ам дамжин хэлэлцэж, ухааны оройд шингэж дараачийн шавьд өвлүүлсээр долоодахь үеийн Дамчаасүрэн багшид уламжлан иржээ.
Багш багшийн дээд, оточ манал бурхны бүрэлбаа өндөрийн Дамчаа багш дагаан аврал одуулаяа.
Компанийн нийгмийн хариуцлагын тухай ойлголт бүрэлдэхээс бүүр өмнө П.Баатар эмч маань ач буянаа дэлгэрүүлж “Балиа Сан” байгуулаад зүдэгсэдийг тэтгэж, ядагсадыг дэмжиж ирсэн байдаг. “Балиа” гэдэг нь өндөр оточ Чойнямын залгамж, долоо дахь үеийн их оточ Ч.Дамчаасүрэн (өндөрийн Дамчаа) багшийг абухайлсан нэр юм. Түшээт хан аймгийн мэргэн вангийн хошуу, одоогийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт амьдарч асан энэ их эрдэмт хүмүүний тухай нутгийн олны хэлэлцдэг домог, үнэн, ном гурав барагдашгүй арвин ажээ.
Балиа багш Түвшинширээ сумаас зүүн урагш “Их Лагт” гэдэг газар Орлой мэргэн хутагтын хүрээ гэж байх үед эмч, оточ, маарамба хэмээн алдаршиж өвдөж зовсон, ядарч шаналсан, архаг хуучид баригдсан хүнд өөрөө очиж эмнэж, эдгэрүүлж явсан нигүүлсэнгүйн дээд бодь сэтгэлтэн байсан агаад түүнд шавилсан олон хүүхдэд эмийн ном заадаг байжээ.

Багштан хүүхэд багачуудаар эм нүдүүлж шигшүүлдэг, боолгож зангидуулдаг, үнсэн самбар дээр бичиг заадаг, уншиж чадаж байвал ёотон шагнадаг, шавь нартаа “Хэрэв та нар номоо сайн сурвал бор гэрээсээ ертөн-цийг харна” хэмээн айлддаг, одоогийн хэлээр нэрт сурган хүмүүжүүлэгч байсан авай. Хүүхэд л юм хойно тоглоом наадам хийж эмээ боож нүдэхээс залхуурахуйд “Та нар монгол эмийг нэг л үл тоож байна даа” гээд боосон эмээ няслахад эм нь авдарын нүүрэнд тогтоод үлдэж байсан гэдэг.
Багштан одоогийн Сүхбаатар аймгийн нутагт явж байгаад нэгэн хүнд өвчтэй хүүхэдтэй айлтай тааралджээ. Хүүг нутгийн сайн оточ нар үзээд эмнэж чадаагүй байж. Гүрэмдэж байсан лам нар энэ ямар өвчин бэ? гэж асуухад Балиа багш хүүгийнсудал барьж (судас шинжиж)үзээд энэ “Гүүг Гааг” гэдэг өвчин байна гэхэд “ ... та тийм сайн юм бол эдгээж өгнө үү” хэмээхүйд бололгүй яахав гээд одооныхоор гурван зуун мл орчим шар тос хайлуулан хүүд уулгаж сав тосоод гулигуулахад хүү алтан бөгж залгисан байжээ. “Гүүг Гааг” гэдэг нь ижилгүй төгс эрдэм чадалдаа итгэж алтны хордлогод орсон хүүг оношлосон увьдаст оточийн нөхөрсөг тохуурхал байжухуй.
Тэдний хошуу Цэцэн хан аймгийн Орлой мэргэн хутагтын шавь нарын хийдийн хурал эрдмийн цол хэргэм олгох дальчиргүй байсны учир багшийн багш нар цол зэрэг хүртээгүй ч зон олондоо эгэлгүй их мэргэдийн цууд хүрчээ. Харин Балиа багш тэр үеийн Богд хааны дэргэдийн хоёр ламд туссан цусан боом хэмээх ян хөллөсөн нэн аюултай өвчнийг (одооныхоор Bacillus Anthracis үүсгэгчтэй хүн малын халдварт үжил байх магадтай) гурван тун эмээр эдгээж “Дархан эмч” цол хүртэж байжээ.
Балиа багш төрмөл үзмэрч увьдастай, зайнаас хүмүүний бодолд нөлөөлж чаддагбайж. 1936 оны хэлмэгдүүлэлтийн үед багшийг баривчлахаар ногоон малгайтнууд ирэхэд би эмээр эдгэх хүнийг үхүүлж байгаагүй эдгээж явсан. Тэр бүү хэл, Богдын заллагаар ойрын хүмүүсийг эмчилж явсан. Надад “Дархан эмч” цол шагнасан баримт энэ байна. Би хийгээгүй хэрэгтулгаж буйг хүлээн өчиж чадахгүй. Ямар ч байсан өнөөдөр та нартай явахгүй. Хугацаа өгвөл тэр өдөр чинь та бүхний байдаг газар өөрийн унаагаар очьё гэжээ. Тэгээд шавь нараасаа бараа болгон дагуулж долоо хоног явж очжээ. Тэдэн дээр очихын өмнө өөрийгөө хүлүүлсэн байна. Тэнд очихдоо мухлаг тэрэгний модыг хуга мушгиж байв гэнэ(одооныхоор хурц психозын дүрүзүүлсэн байх магадтай). Өглөө нар мандаж байхад дуудсан хүн дээрээ очжээ. Нэг орос эмч тэдний хамт ирж гэнэ. Мухлагийн хаалга онгойлгоход орос эмч залбираад буцжээ. “Энэ чинь амьд бурхан биеэрээ заларч явна. Одообуцаагаад аваад яв” гээд энэ хүн хэрэг хүлээх чадваргүй гэсэн бичиг хийж өгчээ. Энэ болБалиа багш машид нарийн хий сэтгэлийн биенийхээ оюуны хүчээр орос эмчийн бодолд нөлөөлж “арга билиг” ухааны махан биедээ аядуу зөөлөн хандуулж аврал одуулсаных буйзаа. Буцаж явах замдаа хүлээсээ тайлуулж,нутгаас гараад араваад хонолоо одоо хоол ундаа идэж ууягэжээ.
Өмнө нь заллагаар умрыг зорьж энэ нутагаар дайрч явахдаа ойрхи нэг айлд очих зам зуурт гуравдахь нь өнгөрч дөрөв дэхдээ орждээ гэж гэнэ. Айлын хүү “...ааваа энэ хүн учир мэддэг хүн байна ээжийгээ үзүүлье...” гэжээ. Эцэг нь санаа авч: Та ядарсан биднийг харлаа. Зовлонт бидэнд тус болж өвдөж зовсон эхнэрийг минь эдгэрүүлж хайрлахэмээжээ.
Тэр хүнийг үзэхэд гарын гурван салаа нь цоороод дөрөвдэхдээ орсон байна гэнэ (одооныхоор,өвчигдөл-pemphigus, эсвэл secondary syphilis rush?эсвэлшүүдэст эмзэгшил-eczema,байх магадтай). Хоёр том тогоо хэрэгтэй гээд шавь Доржийг (хожимын ханьцашгүй их эрдэмт хүмүүн Одь багштан)долоон том эм боо, уух гурван эм бэлд, өвчтэй хүнийг би өөрөө угаана гээд том тогоонд буцалж буй усанд гарыг нь дүрээд угаажээ. Салаа болгонд нэг тун эм түрхэж цацаад боож уух эмээс нэгийг уулгаад маргааш нэгийг уулгагэжээ. Та дараа боохдоо алдаад хурууг нь нийлүүлчихэв хэмээн анхааруулж буцахдаа дайрч ирнээ гээд явжээ. Богдын ойрын хүмүүсийг эмчилчихээд буцахдаа нөгөө айлдаа буужээ. Өвчиндөө шаналж байсан бүсгүй эрүүл болчихсон сааль саамандаа гүйж явна гэнэ. Галын бурханыг минь эдгээсэн буянтанд гээд эмээл хазаартай мориор өргөл өргөхөд багштан билэг бодож хазаарыг нь авсан гэдэг.
Цааш явж олон гүү барьсан айлд буужээ. Айлын хүн айраг аягалж өгчээ. Гэрийн эзэн хэвтэж байна гэнэ. Энэ хүн яасан юм бэ? гэхэд морь уургалахдаа гэмтээд гурав хонож байна гэжээ. Тэр айлд хэдэн лам гүрэм уншиж байна гэнэ. Лам нараас,-Та нар юу хийж байгаа юм ? гэхэд тэд хөхрөлдөөд байх юм гэнэ. Тэр өвчтэй хүнээ нааш харуулаач гэж гэнэ. Балиа багшмод толгойгоо татаад л байж.Удтал халаасан гаансны толгойгоор нөгөө хүний хүзүүрүү цохичихож. Тэгтэл тэр хүний гарсан хүзүү орчихжээ. Тэнд багштан бараа бологч шавь нарын хамт мах идэж айраг ууж дайлуулаад явцгаажээ. Тэр айлынхан их баярлаж эмээл хазаартай морь бэлэглэжээ. Хүний нутагт яваа би таныг зайдан орхиж яахин түвдэнэ гээд авсангүй харин хазаарыг нь билэг бодож авсан гэдэг.
Балиа багш нэрмэл хүртсэн үедээ далдын юмыг харахгүй байна гэж үгүй, харин хүртээгүй үедээ харснаа ярина гэж үгүй байжээ. Нэгэнтаа хотонд орчихсон тарнидаж нулимаад зогсож байв гэнэ. Эхнэр нь чи яаж байнаа гэхэд, яах юу байхав, малын өвчний адын зэтгэр ямаан дээр буруу харж зайдалчихаад хөөж дийлдэхгүй байхад чинь гэж хашгирчээ. Төд ямааны өвчин гарч хавийн айлуудын хонь ямааг хиаруулахад багшийн хотмал мэнд,гарлагагүй үлджээ.
Балиа багш нэг өглөө гараад орж ирэхдээ Хар өндөрийн айлын авгайг дайрлага дайрчихлаа. Гайгүй өнгөрөх шиг боллоо гэжээ. Сониуч нэгэн даруй очвол тэр айлын эзэгтэй гэр дээр хатаасан тагттай ааруулаа авах гэтэл хуй босч ааруулыг дайрч нүдийг нь цохисноос өрөөсөн нүд нь юм харахаа больсон байжээ.
Балиабагштаны бас нэг түүхэн гавъяа бол говийн их соён гэгээрүүлэгч, гүн ухаанч, дугана урлаач, яруу найрагч, ая зохиогч, жүжгийн зохиолч, найруулагч, хөгжмийн зохиолч, уран зураач, догшин ноён хутагт Данзан-равжаагийн эм барих эрдэм “Хутагтын анагаах жүд”-ийг жаахан Шагдар шавиас нь хүртэж өөрийн дээд зургаан үеийн эгнэшгүй их оточ нарын эрдэмтэй эвцүүлэн бүрэлдүүлждаруй 700 гаруй жорын найрлага бүтээсэн нь Одь багшаардамжин гавъяат эмч Баатарт өвлөжээ. Биет бус соёлын энэхүү их өвийн үнэ цэнийг мөнгөөр үнэлэх аваас “Оюутолгой”-н эрдэнэсийн нөөцөөс давах тул засаг төр хар хайрцагныхаа мэргэн бодлогод аваасай билээ.
Балиа багшийн дүү Намид (Надмид, Нанжид) ахдаа Балиа гэдэг нэрийг анх өгсөн гэдэг. Энэ нэрэнд зөн билэгээ түшиж хорвоо туулахын увьдас, судар номын эрдэмийг нэвт туулахын увьдас, хүмүүний өвчинг анагааж шаналалаас ангижруулахын увьдас, эдгэрсэн хүний амин орны гэрэл мэдрэхүйн увьдас нэвт шингэсэн авай.
Балиа багштан шавь нартаа: “... Эмч хүний өргөсөн тангараг хэцүү. Зусар бялдуучийг тэвч, үнэн сэтгэлээсээ эмчил. Огт танигдахгүй өвчин гэж үгүй, шинжилгээ нарийн үйлд. Онош эс танигдваас эм өгч шинжил. Хэнийг эмчилж эхэлнэ, өвчний язгуурыг барин үйлдэж, эцсийн үр дүнг үзэж бай!Гарцаагүй үхлийн өвчин байваас бүү дайж, сэтгэлээ өгч байгаад дуустал хүлээ. Эмч хүн насаараа сураад оточийн эрдэмд төгс боловсорч гүйцэхгүйн учир юу мэддэгээ шавьдаа өвлүүлээд тэр нь цааш үргэлжлүүлэх учиртай. Жорын эм ууж эдгэхээр, шүнгийн эм ууж үх гэж үг бий ...” хэмээн сургадаг байжээ. Энэ захиасөрнийн анагаахын эмчийн ёс зүйн зарчим(deontological ethics)-дтогтоосон Хиппократын тангарагтай яв цав тохирч байгаа юм.
Нутгийн хөгшид 1950-аад оны үес эрлэгийнх нь элч ирээгүй бол ямарч өвчнийг Дамчаасүрэн(Балиа багш буюу өндөрийн Дамчаа багш) анагааж чаддаг бурхан эмч байсан,сүүлд өөрийн хүү болсон Дорждоо (наймдахь үеийн их оточ Одь багш) эмийн номоо зааж сайн эмч болох төлөвтэйгэж баярлачихсан явдагсан хөөрхий хэмээн хуучилж хайлан үгүйлж байжээ.
Ялж төгс нөгцсөн оточ маналын хойч Дамдинжавын Дорж (Одь) багш дагаан аврал одуулаяа.
Төрмөл билигтоюуныхаа чансаа, төгөлдөр увьдаст ухааныхаа эрэмбийг түшиж,цууд гарсан нэртэй маарамбад шавилжмонгол илааришуулах эрдмийн аугаа их сургуулийг нэвт туулсан увьдастан оточ бол Д.Дорж(Одь) багштанбайвай.
Багшийн хамгийн том түүхэн гавъяа бол найман зуунаас төгс боловсор-сон Монгол оточийн ухааны алтан аргамжааг хойч үедээ дэлгэрүүлж өвлүүл-сэн буянтан юм. Багшийн үед ярих, сонсох цээртэй, хоюулаа ялтай байлаа. Тэдний нутагаас Ханхар, Ёндонжамц хоёр их маарамба татагдаж яваад эргэж ирээгүй тул багштан хүүхэд наснаасаа эрт хэрсүүжиж, жар гаруй жил үдэш орой, үүр шөнийн заагаар их багш нарынхаа эрдэмийг сэргээж, нүднээс далд нямбанд сууж, нууцалсан судар, номоо туулж, өвчин зовлонд шаналсан хүмүүсийг илаар болгох их эрдэмднэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсээр сайн цаг дор золгосон ажгуу.
Одь багш эрдмийг уншиж мэд, сонсож мэд, туршиж мэд, туулж тань хэмээн сургадаг байсан нь орчин үеийн танин мэдэхүйн тусгахуй, хүртэхүй, дадахуй, үйлдэхүйн үе шатуудтай тохирч байгаа юм.
Одь багш олон шавьтай байсны зарим нь багшийн учир шалтгааны ухааны эрдэмд(философи), зарим нь гариг эрхэс, шүтэн барилдлагын эрдэмд(зурхайн ухаан), зарим нь судал шинжихүй,эм барихуй ухааны эрдэмд нь суралцжээ.
Одь багштан оточ маарамбын дөрвөн эрдэмд гарамгай байсан нь шинжлэн оношлохуй, эм барихуй, гардан эмнэхүй, анагаан тэгшитгэхүй дөрөв болой.
Шинжлэн оношлохуй
Одь багштан шинжлэн оношлох эрдмийг гаргуун эрхшээсэн оточ байсан гэдэг. Тэрбээр хүний насны араншинг билэг чанартай нь уялдуулахуй, өгүү-лэмж шинжихүй, судал шинжихүй, ус шинжихүй, хэл шинжихүйн өөрт бүрдүүлсэн увьдаслаг эрдэмтэй байжээ.
Багштаны шинжлэн оношлохэрхэмесөн зүйл :
· Шалтгаан
· Нөхцөл
· Өвчин орохын үүд
· Орших орон
· Гүйх зам
· Буцаж урвах
· Хөдлөх цаг
· Товч утга
· Үр таслах болой.
Багштан “Туршин сорих” шинжилгээг (provocative testing)дэг сургуул-ийн түвшинд хүргэж нарийвчлан боловсруулсан ажгуу.
Эм барихуй
Багштан эм барихдаа эмийн тавьцанд орох цэцгэн эм, үрэн эм, үндсэн эм, эрдэнийн чулуун хачирын найрлагыг туйлын нямбай тааруулж эмийн амт, чадал, шингэц, зохимжийг өвчтөн бүрийн онцлогт тохируулан ялгавартай найруулж, өвсөнэмийг таних, түүх, хатаах, номхотгох арга, жорын тавьцийг хатуу баримталдаг байсан гэдэг.
Гардан эмнэхүй
Багштаны гардан эмнэхүй аргын зохист хослол:
· Жорын эм (талхан, үнсэн, тосон, үрлэн, хандан, архин эм),
· Хамрын дусаалга, цацлага, татлага,
· Жамзи (шулуун гэдэсээр хийх),
· Даруулга (шөл, цай, сүү, буцалсан ус, хярам),
· Рашаан ус,
· Бөөлжүүлэг,
· Таванрашааны түрхлэг, дэвтээлэг,
· Хануур, төөнүүр, түрэм засал,
· Туулга, Зажон (судсан туулга) болой.
Багштан өвчний заслыг гардан хийхдээ эмийн бус эмчилгээний аргатай (зоогийн нийц, мөргөл, амирлахуй сэтгэл, бусад)хослуулдаг байв.Зоогийн эс тохирооноос тунгалаг, цөв хоёрын ялгарал алдагдана. Тунгалаг ялгаран элгэнд очихоос өмнө цөв тунгалагаас ялгараагүй бол муу тунгалаг элгээр дамжин улмаар муу цус болж биеэр тархана. Иймд зоог бариад шингэсний дараа дахин зоогловол зохимжтой. Ходоодны хоёр хувьд бүхэл хоол, нэг хувьд шингэн, үлдсэн хэсгийг хоосон байлгахыг номлодог байв.
Анагаан тэгшитгэхүй
Багштанхувь хүнийг анагаан тэгшитгэхдээ эмийг урьдчилан хийж базааж хадгалах дургүй, өвчтөний биеийн байдал, өвчний араншингаас шалтгаалж жорын тавьцыг хүн бүрт тохируулж олон эмийн зүйлээс сонгож тавьдаг байсан.
Багштан барууны анагаах ухааныг тээршээж байгаагүй, харин өрнийн анагаахын номын бүтэц, сэтгэмжийн цараа, үзэл онолын тайлал, эмийн чадал, биеийн нөлөө, зохимж, хүртэх жаягийг хөндлөнгөөс давхар ажиглаж явсаар “Өвчнийг европ эмээр номхотгоод, монгол эмээр үрийг тасалбал нэн сайн” хэмээх “тэтгэмэл нийлэг” сургаал айлдсан байдаг.
XVII жарны төмөр хулгана жил өлзий буянаа хайрлаж, захирал МУХГ эмч П.Баатар нэр дэвшүүлж “Оточ-Одь” эмнэлгийн захиргааны зөвлөл нэгдсэн саналаар дэмжиж ижилгүй их номт хүмүүн Дамдинжавын Дорж абухайн нэрэмжит “Одь-ийн алтан тунгаамал суварга” шагналыг надад хүртээсэн бөлгөө. Энэхүү шагналын загвар бүтээсэн эрхэм зураачийн уран сэтгэмжийн оронд говийн есөн үеийн их оточ нарын хийн биеэс долгилон буух зарлигийг амилуулах увидас шингэж “Орчлонд мөнхөд залрах хутагийг олсон их оточ, маарамба нар, бадамлянхуа цэцгийн мандал дээр намнан чойнжин-гийн суудлаар сууж, эмнэхүй, оношлохуй, эм барихуйн бясалгалд гүн автаж, багшийн сургааль, бичгийн эрдэм, билэгийн ухаан, сэтгэлийн нинжийг зүг цаг бүрт номнож, илааршуулах их эрдмийн хот мандлын оронд хүрэх замыг эрдэнэт хүмүүн бүхэнд айлдаж, өвчин зовлонд шаналсан хүний биеэс эмгэг өвчнийг эгнэгт ангижруулаад, энх мэндийн увьдасыг нь огторгуйн оройд тэмүүлэх бадрангүй дөл мэт хөгжөөн дэлгэрүүлэх буяны үйлстэн” билэгдэлээр бүтээжээ.

Үргэлжлэл бий. . .

АУ-ы доктор, профессор Н.Мөнхтүвшин

29 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш