Сошиал гадуурхал

“Үзэгний чинь үзүүрт хүний амьдрал бий. Болгоомжтой бичээрэй” гэж ахмад сэтгүүлчийн хэлсэн үг бий. Үүн лугаа адил олон нийтийн сүлжээнд бидний  шэйрлэж буй бичлэг, зургийн ард хэн нэгний амьдрал байгааг бодох хэрэгтэй болжээ.


Шоолуулж, доромжлуулж буй нэгний ард гэр бүлийнхэн нь үр хүүхэд, аав ээж нь байгаа. Хэн нэгний буруутай эсэхийг шүүхээр тогтооно гэсэн заалт Монгол Улсын хуульд байдаг. Гэвч шүүхээс тогтоогоогүй байхад буруутан мэтээр цоллож “ичтэл нь шэйр” хэмээн уриалах болсон. Алдаатай хэлсэн ганц үгнийхээ төлөө “адлуулж” яваа бүсгүй байгаа бол бичлэг нь цацагдаад ар гэртээ харих “нүүргүй” болсон хүн ч байна.  Олон нийтийн сүлжээ хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болохын хэрээр цахим орчин дахь гадуурхал, үзэн ядалтын гэмт хэргүүд санаа зовнисон асуудлуудын нэг болж хувираад байна. Зурагтайгаа, бичлэгтэйгээ шэйрлэгддэг болсон энэ орчинд нэг алдах юм бол манай улсын 1,7 сая иргэн наад зах нь харах нөхцөл бүрджээ. Харилцаа холбооны зохицуулах газраас гаргасан мэдээллээр, манай улсын 15-60 насны 10 хүн тутмын найм нь буюу 1,7 сая иргэн фэйсбүүк, твиттерийг байнга ашиглаж байгаа юм. 
Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 онд баталснаас хойш 50 жилийн дараа шинэчилж олон нийтийн сүлжээний хэсгийг оруулсан байдаг. Ингэхдээ дэлхий нийтээр нэгэн сүлжээ гэдгээ ухаарч цахим орон зайд бусдын эрхийг хүндэтгэнэ гэсэн байдаг нь дэлхийн хаана ч  ийм асуудал түгээмэл байгааг баталж байгаа юм.
“Монголчуудын сониуч байдал нь сошиал ертөнцөд эрх чөлөөгөө хэтрүүлэн хэрэглэхэд хүргэж байгаа юм. Иргэд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийн зэрэгцээ юугаар хязгаарлагддаг вэ гэдгийг мэддэггүй. Иймээс хүний хувийн нууцад хамаагүй халдаж, үзэн ядалтаас болж, доромж үг хэллэгийг хэрэглэдэг” хэмээн “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал ярьжээ.
Цахим ертөнцөд хүн бүр кибер этгээд болсон. Тухайн хүний дүр төрх, үйлдэл, зан суртахуун зэрэг нь сошиал ертөнцөөс танигдаж байгаа юм. Гэтэл манайхан фэйсбүүкээр түгээгдэж буй мэдээллийн үнэн, худал эсэхэд эргэцүүлж бодолгүй бусадтай хуваалцдаг. Энэ нь дэлхий нийтэд цахим орчны тухай мэдлэг, боловсролын асуудал хурцаар яригдахад хүргэж байгаа юм. Хүүхдэд дунд сургуулиас нь эхлээд компьютер, мэдээллэл зүйн хичээл орохоос гадна цахим ертөнцтэй хэрхэн харилцах вэ, цахимаар ирж буй мэдээллийг үнэн эсэхэд хэрхэн дүгнэлт хийх вэ гэдгийг цэцэрлэг, дунд сургуулиас эхлэн зааж, сургах хэрэгтэй. Цахим гадуурхалтаас хүүхэд сэтгэл гутралд орох, амиа хорлох тохиолдол хүртэл гарсан хэмээн тэрээр хэлж байлаа.
Тэгвэл энэ үзэгдэл зөвхөн сониуч монголчуудад хамаатай гэж үү. Өмнөд солонгос улсад л гэхэд цахим орчин дахь дарамт шахалтын улмаас амиа хорлолтын хэргүүд нэмэгдэж байгаа нь цахим орчин дахь хараа хяналтын асуудлыг чангатгах шаардлагатай тулгараад байгаа тул үүнийг зохицуулах хуулийг парламентаар хэлэлцүүлэхээр болжээ.
Тус улсад 40-с доош насны хүмүүсийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд амиа хорлолт дээгүүр байр эзэлж байна. Эх орондоо алдартай дуучин, жүжигчин Солли буюу Чуэ Жин Ри гэртээ амьсгал хураасан байдалтай олдсон хэргийг цагдаагийн газраас олон нийтийн сүлжээн дэх дарамтын улмаас амиа хорлосон гэсэн дүгнэлтэд хүрсэн аж.
Сошиал орчин дэх залилангаас сэргийлье, хуурамч хаягийг мэдэгдэе хэмээн хууль хяналтын байгууллагаасаа эхлэн уриалж байгаа хэдий ч цахим орчны тархалтын улмаас гадуурхагдсан тухай манай улсад хэн ч ам нээгээгүй байна. Олон нийтийн сүлжээний хэл амны “золиос” болсон хохирогч нь сүүлд нь мэдээлэл хийдэг ч нэгэнт олон нийтэд тарсан мэдээллийг гүйцэж засахад оройтсон байдаг нь үнэн. Хуурамч хаягийг цэгцэлж болдог юм чинь үүнд хэрхэн хандах ёстой вэ.
Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар “Фэйсбүүк компаний Ази бүсийг хариуцсан удирдлагууд 2019 онд  манай улсад албан уулзалтууд хийгээд явжээ. Уулзалтаар үндсэн гурван зүйлийг тохирсон нь  хуурамч хаягуудыг цэгцлэх, цахим гэмт хэрэгтэй тэмцэх, цахим орчинд хүүхэд хамгаалахад хамтарч ажиллах зэрэг асуудлыг ярилцсан аж. Харин хүний эрхийн зөрчил болон цахим гадуурхлыг үгүй болгохын тулд олон нийтийн боловсролыг дээшлүүлэх талаар ажиллахгүй бол үр дүнгүй гэж байлаа.
Фэйсбүүк болон нийгмийн сүлжээн дэх гадуурхалтыг хэрхэн зохицуулах вэ гэдэг дээр үндсэн асуудлаа шийдэхгүйгээр дараачийнх руу орох боломжгүй гэсэн жишээг хэлж байна. Үүнд,  олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох гэдгийг онцоллоо. Хэрвээ хуулийн зүйл заалтаар нарийвчлан заагаад өгөх юм бол техникийн шийдэлд хүрч “сошиал бүүм”-ийг зогсоох боломж гарч ирэх ажээ. 
Хуульч Д.Оросоо: Монгол Улсын Үндсэн хуулиар хүн үгээ хэлэх, мэдээллийг чөлөөтэй эрж хайх, түгээх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж заасан байдаг. Мөн эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ биелүүлэх ёстой. Жишээ нь: бусдын нэр хүнд, алдар хүндэд халдахыг хориглоно хэмээн заасан байдаг. Цахим орчинд нэр зураггүй хаягаар бусдын нэр хүндэд халдах, гутаах тохиолдлууд их байна. Бид тухай бүрт нь засч залруулж явахгүй бол ийм гажуудал хэрээс хэтэрч, мэдэх эрхэнд хүртэл сөргөөр нөлөөлөх талтай. Өөрөөр хэлбэл мэдээллийн гажуудлыг үүсгэж байна.

38 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш