АНАГААХ УХААНЫ ТҮҮХИЙН 4 БОТЬ НОМ САЛБАРЫН 2015 ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ШАГНАЛ ХҮРТЭВ

Эм зүй болон анагаах ухааны салбарын 2015 оны шилдэг бүтээлийг тодруулан, шалгарсан эрдэмтдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эрүүл мэнд, спортын яам, “Монос” сантай хамтран зохион байгуулав.


Анагаах ухааны шилдэг бүтээлээр академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Шаравын Болдын «Монголын Анагаах ухааны түүх” 4 боть боть ном шалгарчээ. Бүтээлийн эзэнд Эрүүл мэнд, спортын яам болон “Монос” сангийн нэрэмжит батламж, 5 сая төгрөгийн мөнгөн шагналыг Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Бат-Эрдэнэ, Монос Группийн ерөнхийлөгч, “Монос” сангийн тэргүүн Л.Хүрэлбаатар нар гардууллаа.
Анагаах ухааны шинэ ололт, нээлтийг зөвхөн хөгжингүй орны эрдэмтэд шинэ бодис, эм, бие махбодын үйл ажиллагааны механизмыг илрүүлснээр ойлгож хэвшил болжээ. Тэгвэл нээлт гэдэгт урьд өмнө огт судлагдаагүй тухайн ард түмний болон дэлхийн улс үндэстний соёлын өвийг шинээр сэргээн судлан тогтоож хойч үедээ өвлүүлэхийг хамааруулдаг байна.
Академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Шаравын Болд Монголын нэн эрт болон эрт үе, дунд үе улмаар XX зууны эхэн хүртэлх үеийн анагаах ухааны түүхийг 20 гаруй жил судлан тогтоож, 4 ботид багтаан бичжээ.
Академич Шаравын Болд Монголын анагаах ухааны хөгжлийн он цагийг шинээр үечлэн, цаг хугацааны талаар өмнөх судлаачдын баримталж байснаас 5000 жилээр тоологдох үндэслэлийг чулуун зэвсгийн үеийн чулуун зүү, хүрэл шөвөг, ясан зүү, трепанаци, халбаган толгойтой ясан савх зэрэг археологийн олдворуудын хэрэглээгээр тодруулан улмаар төвөд хэлээр бичигдсэн анагаах ухааны түүхийн зохиолуудын эх сурвалжаар баталгаажуулж өгчээ. Тухайлбал: шинэ чулуун зэвсгийн үеийн чулуун зүү, хүрэл шөвөг, ясан зүү, трепанаци /гавлын ясанд хийсэн мэс ажилбар/, халбаган толгойтой ясан савх зэрэг археологийн олдворуудын хэрэглээг тодруулан улмаар төвөд, хятад хэлээр бичсэн анагаах ухааны түүхийн зохиолын эх сурвалжаар баталгаажуулжээ. Түүнчлэн урьд нь хөндөгдөж, судлагдаж байгаагүй өвөг монголчууд болох Хүннү, Сяньби, Жужан, Төв Азид төр улсаа байгуулан төвхнөж байсан Түрэг, Уйгар болон Хятан улсын үеийн анагаах ухааны мэдлэг, эмчилгээний аргуудын талаар өргөн хүрээтэй судалгаа хийж тодруулжээ. Үүгээрээ ч Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн бүдэг бүрхэг үе рүү хамгийн анх өнгийж харж чадсан байна. Ялангуяа өвөг монголчуудын эрт үеийн анагаах ухааны түүхийг археологийн олдворууд болон төвөд, хятадын анагаах ухааны түүхийн зохиолуудын доторх монголчуудын анагаах ухааны түүхтэй холбоотой түүхэн материалуудтай жишин үзэж нотлон бичжээ. Жишээ нь: наад зах нь Хүннүгийн үед анагаах ухааны практикт хэрэглэж байсан монгол төөнийн арга Хятадын Байлдаант улсын үест (МЭӨ 475) Хятадад, Уйгарын хаант улсын үед (745-840) Төвөдөд тархан дэлгэрч улмаар үе дамжин уламжлагдсаар Юань улсын сүүлч үед Аюурведийн анагаах ухааны гол онолын нөлөөг авч тусгай тогтолцоот бүтээл болсоныг баталжээ. Мөн Хүннүгийн үеийн оточ нарын эмчилгээний арга, нэн ялангуяа Монгол Нируны (Жужан) үеийн эмч (МЭӨ V-МЭ III) Монгол (Хор) эмч Бигүда, Монгол (Согбу-Далч) эмч Баяха, Монгол (Согбу-Далч) Налашандирба (VIII зуун), Монголоор нэрлэгдсэн Перс эмч Галэйнойн хүү (VII зуун), Монгол (Согбу-Далч) эмч Жанчив (VIII- IX зуун) анх удаа тодруулан гаргасан байна.
Тэрбээр бүтээлдээ хануур, төөнүүр, хатгуур, арьслах, сэвслэх, бариа, хайрах зэрэг заслын аргууд нь нүүдэлчдээс үүдэлтэйг баримтад тулгуурлан нотложээ. 1206 онд Онон мөрний эхэнд Монголын ихэс дээдэс, язгууртанууд Их хуралдайг чуулж Тэмүүжинг Чингис хаанд өргөмжлөн Их Монгол Улсын хаан ширээнд залсанаас хойших Монголын уламжлалт анагаах ухааны түүхэнд холбогдох баримтуудаас үзэхэд XIII зууны эмнэлгийн тусламж нь Чингис хаан түүний үе залгамжлагчдын хийсэн урт хугацааны аян дайнтай уялдаатайгаар цэргийн эмнэлгийн тусламж болон хөгжиж байжээ. XIV зуунд Хубилай хааны байгуулсан Юань Улсын үед Монгол эмнэлэг Хятад, Арабын эмнэлэгтэй сүлэлдэн Юань Улсын үеийн анагаах ухааны өргөн малгайн дор багтаж, улмаар XIV зуунаас эхлэн орчуулагдсан “Ганжуур”, “Данжуур” их цоморлигийн орчуулгаар дамжуулан Энэтхэгийн Аюурвэдийн анагаах ухааны онол, ойлголтуудыг шингээн авч Монгол уламжлалт анагаах ухааныг Дорнын анагаах ухааны мэдлэг, ухаанаар баяжуулан хөгжүүлэх эхлэл тавигдсаныг энэ үеийн судалгааны үр дүнгээр тодруулж өгчээ.
Түүнчлэн Ойрадын Заяа бандида Намхайжамц (1559), Ламын гэгээн Лувсанданзанжанцан (1639-1704), Заяа бандида Лувсанпринлэй (1642-1715), Үзэмчин гүн Гомбожав (1680-1750), Аръяа жонлон бандида Агваанлувсанданбийжанцан (1770-1845), Сүмбэ хамбо Ишбалжир (1704-1788), Цахар гэвш Лувсанчүлтэм (1740-1810), Миндол номуун хан (1789-1838), Тойн Жамбалдорж (1792-1855), Лувсанчоймбал (XIX зуун), Жигмэдданзанжамц (XIX зуун), Ишданзанваанжил (1852-1906), Агваангэндэн (XIX зуун), Ёндон (XIX зуун), Лүнриг Дандар (1832-1920), Чойжамц (1860-1928) нарын намтарыг баяжуулан, эдгээр эрдэмтдийн 30 гаруй зохиолыг задлан шинжилж тайлбарласан нь уламжлалт анагаах ухааны түүхэнд цоо шинэ зүйл болжээ. Үүнээс гадна урьд нь төдийлөн судлагдаагүй байсан Монгол “Данжуур”-ын доторх анагаах ухааны зохиолуудын зохиогч, бичигдсэн байдал, орчуулагдсан он, цагийг тодруулан гаргасан байна. Түүнчлэн Монголд байгуулагдсан 90 орчим манба дацангийн байгуулагдсан цаг хугацааг шинээр тодруулсан гаргасан явдал юм. Түүгээр ч зогсохгүй манба дацангийн сургалт, зэрэг цол олгох байдлыг судлан гаргажээ. Ингэснээрээ уламжлалт эмнэлгийн эмч, эмнэлгийн дунд мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, онол, практикийн мэдлэгийг дээшлүүлэх шаардлага амьдралаас урган гарч байгаа өнөө үед үүнийг амжилттай шийдвэрлэхэд хамгийн бодитой, үндэс сайтай хувь нэмрээ оруулах асуудал бол уламжлалт анагаах ухааны уламжлалт сургалтын онол, практикийн ач холбогдолтой хэсгийг орчин цагийн анагаахын сургалтын хөтөлбөртэй нийцүүлэн боловсруулах явдал юм. Үүнийг шийдвэрлэхэд уг судалгааны ажлын үр дүн ач холбогдлоо өгөх болно. Ер нь уламжлалт эмнэлгийн өвийг нягтлан судалж түүхэн баримт, эх сурвалжуудыг цэгцлэх нь өвөг монголчуудаас нааш ард түмнийхээ бий болгосон анагаан эмчлэх оюуны болон практик ач холбогдолтой аргуудыг сэргээн, тэдгээрийг шинжлэх ухааны үндэстэйгээр судлах, Монголын анагаах ухааны түүхийг цогцоор бүтээн бий болгоход академич Ш.Болдын бүтээл ихээхэн ач холбогдолтой болжээ.
Б.Болор

347 удаа уншсан

2 comments

  • Б.Пүрэвжав Пүрэв, 5 дугаар сарын 17 2018 12:05 бичсэн Б.Пүрэвжав

    Энэхүү сайхан номын тухай хэдийгээр хожуу мэдэж байгаа ч гэсэн Ш.Болд нь оюуны арвин сангаараа монголын эмнэлгийн байгууллагуудын эмч, ажиллагсдын мэдлэгт үнэтэй хувь нэмрийг оруулж, ихээхэн ханвив өргөж, түүгээрээ өргөн олон түмний эрүүлийг хамгаалах "Алд түмэндээ гавьяатай" үйл хэрэг бүтээснийг бахархан сонихож байна.

  • Б.Пүрэвжав Пүрэв, 5 дугаар сарын 17 2018 11:54 бичсэн Б.Пүрэвжав

    Энэ сайн сайхан мэдээг хэдийгээр хожуу олж үзэж байгаа ч гэсэн Эмнэлгийн байгууллагынханд анагаах ухааны онцгой чухал мэдлэгийг олгож, цаашлаад нийт ард иргэдийн эрүүлийг хамгаалах ажилд гойд хэрэгтэй номоор их буян хүртээсэн, "Ард түмэндээ гавьяатай" үйл хэрэг болсоныг би бишрэн сонирхож байна.

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш