НОБЕЛИЙН ШАГНАЛТ (1904) Иван Павлов

Иван Петрович Павлов (1849-1936) Оросын Рязань хотод шашны зүтгэлтний гэр бүлд төржээ. Тийм болохоор өвөө, аав нарынхаа мөрөөр замнаж эхлээд сүмийн дэргэд дахь шашны сургуульд сурч байснаа дараа орон нутгийнхаа шашны дунд сургууль руу шилжсэн байдаг.


Тэрбээр зарим нэг багшийнхаа нөлөөгөөр аливаа зүйлийн утга учрыг судалж мэдэхийн төлөө тэмүүлэх болж, оюун санааны ертөнцөд шүүмжлэлтэй хандах болсон тул 1870 онд шашныхаа дунд сургуулийг орхин өөрийгөө шинжлэх ухаанд зориулахаар шийджээ.
Байгалийн шинжлэх ухааны бакалаврын боловсрол эзэмшсэнийхээ дараа хүний биеийн бүтцийг судлахаар шийдэж, Санкт-Петербүргийн анагаахын мэс заслын академид элссэн байна. Мөн сургуулиа онц төгсөж тэндээ багшлахаар үлдсэн бөгөөд судалгаа шинжилгээний ажлын хажуугаар Боткины эмнэлгийн хүний биеийн физиологийн лабораторийг удирдаж байв.
1890 онд Павлов Санкт-Петербургийг Туршин шинжлэх Анагаахын их сургуулийн урилгыг хүлээж аваад амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл ажилласан билээ.
Тэрбээр хүний биеийн хоол боловсруулах, зүрх болон цусны эргэлтийн ажиллагааг нарийвчлан судалж, анагаах ухаанд ихээхэн жинтэй хувь нэмэр оруулсан нэгэн. Мөн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг судалсныхаа төлөө Нобелийн Анагаахын шагналыг 1904 онд хүртсэн билээ.
Гэхдээ өнөөдөр түүний нэрийг дэлхий дахин болзолт рефлекстэй холбон дурсдаг тал бий. Тэрбээр ийн дурсагдахаар нэгэн туршилтыг хийжээ.
Павлов нохойд хоол өгөх бүртээ зэрэгцүүлэн хонх дуугаргадаг байлаа. Тэгээд нөгөөхөө өлсгөж байгаад хоолыг нь тавилгүйгээр хонхоо дуугаргахад нохой шууд л амнаасаа шүлсээ асгаруулж байсан гэдэг.
Хувийн зан чанарын хувьд ч жинхэнэ хүний хайлан байсан хэмээн түүнийг дурссан байдаг. Мөн өөрийнхөө үзэл бодлыг хэний ч өмнө огт айлгүйгээр хамгаалдаг байжээ. Тухайлбал, хувьсгал ялаад удаагүй байх үед буюу 1922 оны хүнд үед өөрийнхөө лабораторийг гадаадад аваад гаръя гэсэн хүсэлтийг В.И.Ленинд тавихад зөвшөөрсөнгүй. Харин хоолных нь орцыг нэмэх тушаал өгөхөд тэрбээр хүлээж аваагүй бөгөөд хэрвээ ийм эрх дарх эдлүүлбэл ганцхан надад бус лабораторийн бүх ажилтанд бас адилхан хандах ёстой гэсэн шаардлагыг тавьсан байдаг.
Энэ хэрэг явдлаас хойш хоёр жилийн дараа Ленинградын Цэргийн хүн эмнэлгийн академиас лам нарын хүүхдүүдийг шахан гаргаж байгааг эсэргүүцэн, “Би ч ялгаагүй ламын хүүхэд.
Тэгэхээр энд багшилж байгаа намайг ч гэсэн хөөх хэрэгтэй” хэмээн тэмцэж байсан түүхтэй. Павловт маш олон шагнал бий. Мөн Парисын Эмнэлгийн академийн хүндэт легионы одон, Кэмбрижийн их сургуулийн хүндэт доктор цол хүртэж байжээ.

256 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш