Нобелийн шагнал үүссэн түүх

Нэрт зохион бүтээгч Альфред Бернхард Нобель /1833-1896/ физик, хими, анагаах ухаан, физиолог болон утга зохиолын салбарт олгодог энэхүү шагналыг анх үндэслэсэн юм. 1895 онд тэрбээр гэрээслэл үлдээсэн бөгөөд энэ гэрээслэлд тэрбээр өөрийнхөө орлогийг жил бүр таван тэнцүү хуваагаад, шагналтнуудад олгохыг захисан байдаг. 1900 онд Шведийн Стокгольм хотноо энэ шагналын захиргааны байгууллага болох Нобелийн сан байгуулагджээ.


Тухайн үед сангийн хөрөнгө нь 31 сая швед крон байсан бол Нобелийн шагналыг 1901 оноос эхлэн олгож эхлэжээ. 1968 онд Шведийн Улсын банк үүсгэн байгуулагдсныхаа 300 жилийн ойг тохиолдуулан Альфред Нобелийн дурсгалд зориулан эдийн засгийн шагналыг бий болгосон байна. Нобелийн эдийн засгийн шагналыг 1969 оноос эхлэн гардуулж эхлэсэн, гэхдээ шагналын мөнгийг шагналыг бий болгосон Улсын банк олгодог юм байна. Нобелийн шагналтнуудад мөнгөн шагналаас /2014 онд 8 сая швед крон буюу 1,1 сая ам.доллар олгоно/ гадна диплом, алтан медаль гардуулдаг юм. Медалийн нүүрэн талд Альфред Нобелийн хөрөг байх бол ар талд нь шагнал тус бүрээс хамаарч өөр өөр дүрстэй байдаг гэнэ.
Анагаах ухаан болон физиологийн салбарын шагналыг Стокгольм хот дахь Каролины хүрээлэн
Физик, хими, эдийн засгийн шагналыг Шведийн Хатан хааны шинжлэх ухааны академи
Утга зохиолын шагналыг Шведийн академи гардуулдаг юм.
Эдгээр байгууллага тус бүр дээр Нобелийн хороо ажиллаж, шагналтныг тодруулахад тусладаг. Анагаах ухаан, физик, химийн шагналыг олон жилийн өмнө хийсэн нээлтийнх нь төлөө эрдэмтдэд олгодог бол утга зохиолын шагналтнууд ч заавал сүүлийн жилд гаргасан бүтээлээрээ биш харин нийт ажлынхаа дүнгээр ч авах боломжтой юм. Альфред Нобелийн гэрээслэснээр Энх тайвны шагналыг Норвегийн Нобелийн хороо олгодог. Чухам яагаад ийм шийдвэр гаргах болсноо гэрээслэлдээ тайлбарлаагүй, харин 1814-1905 оны хооронд нэгдмэл байсан Швед, Норвеги гэсэн хоёрт шагналтнуудыг тодруулах үүргийг хуваан өгсөн гэсэн яриа байдаг юм.

173 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш