Нобелийн шагналын сангийн эх үүсвэр

Алфред Нобел
1833 оны намар Стокхольмд инженер, бизнесмэн Имануэлийн хүү болон мэндэлсэн Алфред Нобел нь энэхүү нэр хүндтэй шагналын санаачлагч билээ.

Түүнийг дэлбэлэх техникийн салбарт хувьсгал болсон динамитыг зохион бүтээн өөрийн нэр дээр патентжуулснаар нь бидний ихэнх нь мөн мэдэх болов уу.
Аавынхаа бизнесийг даган Санкт-Петербургт гэр бүлийн хамтаар нүүн ирсэн Алфред өсвөр насандаа байгалийн шинжлэх ухаанаас гадна английн уран зохиолыг шимтэн сонирхож, 17 нас хүрэхдээ орос, англи, герман, франц хэлүүдийг аль хэдийн төгс эзэмшсэн байжээ. Гэвч хүүгээ өөрийн босгосон үйлдвэрлэлд нэгдээсэй гэж хүсэж байсан Имануэл түүний “нүдийг нээх”, ялангуяа химийн инженерчлэлээр мэргэшүүлэх сонирхолтойгоор гадаад руу илгээсэн нь зохион бүтээгч-энтрепренер замналынх нь эхлэл болжээ.
Ихэнх цагаа Парист өнгөрүүлсэн Алфред, профессор Пелузын хувийн лабораторид ажиллаж байх хугацаандаа тухайн үедээ онц аюултайд тооцогдож байсан нитроглицериний нууцлаг, сонирхолтой шинж чанаруудыг илүүтэйгээр сонирхох болжээ. Бүтэн мянганы турш өрсөлдөгчгүй ноёрхсон даринаас хол илүү хүчтэй энэхүү тэсрэх шингэнийг анх 1847 онд гарган авсан итали химич Асканио Собреро өөрөө ч нитроглицеринийг үйлдвэрлэлийг хэрэглээнд хэтэрхий аюултай болохыг анхааруулсаар байсан юм. Хэдий тийм боловч, энэ л үед түүний карьерийн хамгийн том амжилтыг авч ирсэн судалгааны чиг шугам тогтож, илүү чадалтай тэсрэх бодисын хайгуулд мөн гараад байсан аав Имануэлийнхаа эрэлд нэгдэх нь тодорхой болсон аж.
1853 онд Крымийн дайн дэгдэж Оросын Царийн армид нийлүүлэх бүтээгдэхүүний тоо огцом нэмэгдсэнээр, 2 жил орчим хугацааг Франц, Герман, Швед, АНУ-д өнгөрүүлсэн Алфред Санкт-Петербургт аавынхаа үйлдвэрийн ажилд туслахаар дуудагдан иржээ. Оросын Османы эзэнт гүрний эсрэг эхлүүлсэн энэ дайны жилүүдтэй зэрэгцэн тэрээр нитроглицеринийг ашиглан үйлдвэрлэлийн хэрэглээнд ашиглаж болох тэсрэлтийн системийг хөгжүүлэх туршилтдаа ханцуй шамлан оров.
Шинэ Царь II Aлександрын төсвийн таналтаас үүдэлтэйгээр дампуурсан бизнесээ Имануэл хүүхдүүддээ үлдээн 1859 онд төрөлх нутаг Швед рүүгээ буцжээ. Үүнээс хойш Алфред байгалийн хий хадгалах, усны эзлэхүүн болон агаарын даралт хэмжих төхөөрөмжөөрөө анхны патентуудаа авсан нь түүний зохион бүтээгчийн карьерийн гарааны амжилт болон үлджээ.
1864 онд Стокхольмд гэр бүлийнхэн рүүгээ эргэн ирсэн Алфред аавынхаа дэмжлэгтэйгээр нитроглицериний үйлдвэрээ байгуулж доргилт, дулаан, үрэлт гэх мэт хүчин зүйлсэд өндөр мэдрэмтгий, тааварлашгүй “араншинтай” уг шингэнийг бүрэн хянаж, удирдах аргыг хайж байсан нь түүний Санкт-Петербургт эхлүүлсэн судалгааны үргэлжлэл болсон юм. Гэвч, аюултай шингэнээс үүдэлтэй ослууд түүний үйлдвэрт ар араасаа гарч, улмаар дүү Эмилийнх нь аминд хүртэл хүрсэн байдаг. Золгүй явдлуудад цэг тавих шийдлийг зогсолтгүй хайж байсан Алфред нитроглицерин дээр кизельгур нэмэн дан нитроглицеринтэй тэнцүү чадалтай боловч гадны нөлөөллөөс хамааран тэсрэх магадлал харьцангуй багатай хольцыг гарган авч, түүнийгээ эртний грек хэлээр хүч чадал хэмээн нэрлэсэн нь өнөөдөр бидний мэдэх динамит юм.
1867 онд Их Британи, Шведэд, 1868 онд АНУ-д динамит нэрээрээ патентлагдсан шинэ бүтээгдэхүүн удалгүй уул уурхай, төмөр зам, тунель гэх мэт салбаруудад үр дүнгээ өгч эхэлсэн. Ингэснээр биеийн хүчний “хар ажлыг” үлэмж хэмжээгээр хөнгөвчилснийг Швейцарийн Готтхардын төмөр замаас аваад Грекийн Коринтын суваг хүртэлх агуу бүтээн байгуулалтуудаас харж болно.
Тэсрэх технологийн хөгжилд эргэлт авчирсан түүнийг зохион бүтээгч гэхээс илүүтэй хүн төрөлхтний оршихуйд хор хөнөөл авчирсан гэж үзэх хүн ч цөөнгүй байлаа. Учир нь тэсрэх төхөөрөмж цаашлаад дайн, байлдааны хэрэгцээнд өргөн ашиглагдах нь дамжиггүй байв. Тухайлбал Испани-Америкийн дайнаас эхлэн түүний бүтээлийг хүн төрөлхтөн бие биенийхээ эсрэг хэрэглэж эхэлсэн юм.
1888 онд түүний ах Людвиг хорвоогийн мөнх бусыг үзэх үед Францын нэгэн сэтгүүлч Алфредийг бурхан болсон хэмээн эндүүрч эмгэнэлийг нь сонинд хэвлүүлсэн ажээ. Ингэхдээ уг сэтгүүлч түүнийг “үй олон хүнийг хөнөөх урьд хожид байгаагүй зэвсэг бүтээснээрээ баян болсон” хэмээн тодорхойлсон бөгөөд бичвэрээ “үхлийн худалдаач нас барлаа” гэж гарчигласан байв. Уг үйл явдал Алфредийг ихэд цочроож, нэр хүндээ хэрхэн “цэвэрлэх”, хожим өв хөрөнгөө хэрхэн зарцуулах талаар бодож эргэцүүлэх сэдлийг өгсөн байна.
Амьдралынхаа сүүлийн жилүүдэд 21 улсад 93 динамитын үйлдвэр байгуулсан Алфред нийт хуримтлуулсан хөрөнгийнхөө ихэнхийг шинжлэх ухааны тодорхой салбаруудын шагналд зарцуулахаар шулуудаж, гэрээслэлийнхээ сүүлчийн хувилбараар баталгаажуулсан билээ.

НОБЕЛИЙН ГЭРЭЭСЛЭЛ
Хэд хэдэн удаа ноороглосны эцэст, 1895 онд буюу нас барахаасаа ойролцоогоор жилийн өмнө, Алфред 30 сая швед кроноор үнэлэгдээд байсан хөрөнгөө (өнөөгийн ханшаар 265 сая америк доллар) жил бүр хүн төрөлхтний ач тусын төлөө хамгийн үнэтэй хувь нэмрийг “Соёлын таван салбар”-т оруулсан зүтгэлтнүүдийг шагнахад зарцуулах болсноо албан ёсоор зарласан юм. Ингээд Парис дахь Швед-Норвегичуудын Клубт гэрээслэлийнхээ сүүлчийн хувилбар дээр гарын үсгээ зуржээ.
Тухайн үед ийм өндөр хэмжээний хөрөнгийг шинжлэх ухааны салбарт хандивлах нь маш ховор үзэгдэл байсан төдийгүй яс үндэс харгалзахгүйгээр шагналын эздийг тодруулах талаар 4 хуудас гар бичмэл гэрээслэлд дурдсан нь Нобелийн шагналын цар хүрээ анхнаасаа зөвхөн барууны ертөнц, тэр дундаа скандинавчуудаар хязгаарлагдахгүй гэдгийг харуулсан юм.
Нобелийн гэрээслэл дэх хүсэл, шаардлагыг бүрэн хангасан үйл ажиллагаа бүхий санг байгуулахад багагүй хугацаа шаардагдсан. Нобелийн сан 1900 онд байгуулагдаж, түүнийг өөд болсноос яг 5 жилийн дараа анхны шагналтнууд тодорсон юм.
Гэрээслэлийн дараагаар олон асуудал урган гарчээ. Маш их хэмжээний өв хөрөнгийг хандивлахаар болсон нь Алфредийн хамаатан саданд таатай байгаагүй бөгөөд эсэргүүцэх, маргах явдлууд олон удаа тохиолдсон. Мөн аль улсын иргэншилтэй эсэх нь тодорхойгүй байсан тул түүнийг өөд болсны дараа хандив болон сангийн үйл ажиллагаа чухам аль улсын хуулийг мөрдөх нь эргэлзээтэй байлаа.
Учир нь тэрээр 9 нас хүртлээ Шведийн иргэн байсан бөгөөд үүний дараагаар Орос, Франц, Итали улсуудад иргэншил авалгүйгээр амьдарч байжээ. Хэрвээ түүний суурьшилыг Франц хэмээн үзвээс Нобелийн гэрээслэлтэй холбоотой үлэмж хэмжээний татварын асуудал тулгарахаар байсан. Харин Алфред өөрөө уг сангийн үйл ажиллагаа, шагналыг тодруулах үйл хэргийг Норвегийн парламент гүйцэлдүүлж байгаасай гэж хүсэж байсан нь эх оронч бус хүн хэмээх шүүмжлэлийг дагуулжээ.

5 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш