НОБЕЛИЙН ШАГНАЛ: АНХНЫ САЛБАРУУД БОЛОН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ

Нобелийн шагнал гардуулах хамгийн анхны ёслол (1901 он)
Нобелийн сүүлчийн гэрээслэлд “Соёлын таван салбар” хэмээн нэрлэгддэг эрүүл мэнд, физик, хими, энх тайван, уран зохиол гэсэн салбаруудад шагнал олгохыг хүссэн байдаг.


Энэ таван салбарыг сонгох болсон шалтгаан нь түүний амьдралынхаа турш сонирхож судалсан зүйлстэй холбоотой. Химич мэргэжилтэй Алфред тухайн үед “тренд” болж байсан атомын модель болон тэдгээрийн харилцан үйлчлэлийн тухай ихэд сонирхдог байсан тул физикийг анхны 5 салбарын нэгээр сонгосон байна.
Харин эрүүл мэндийн салбарыг сонгосон нь түүний насан туршдаа шаналсан суурь өвчинтэй холбоотой гэгддэг бол уран зохиолын салбар бага наснаас эхлэлтэй сонирхлыг нь илтгэдэг билээ. Харин энх тайвны салбарын тухайд, динамит нь дайныг улам аймшигтай болгосноор зэвсэгт мөргөлдөөнөөс хүн төрөлхтөн аяндаа татгалзана хэмээн Алфред итгэдэг байсан гэх хачирхалтай баримт бий.
Анхны шагналаас хойш 68 жилийн дараа салбарын тоо нэмэгдэж, эдийн засгийн салбар шинээр орж ирсэн билээ. Уг салбарын ялагчийг тодруулах, шагнал гардуулах үйл явц анхны 5 салбарынхтай ижил боловч гол санхүүгийн дэмжлэгийг нь Нобелийн сангаас бус Шведийн төв банкнаас үзүүлдэг юм.
2009 онд хэсэг эрдэмтдийн нэгдэл шагналыг өргөтгөн, хүрээлэн буй орчин, нийтийн эрүүл мэнд, нейрон судлалын салбарыг хамарсан өөрчлөлт оруулах санаачилгыг Нобелийн санд хүргүүлсэн. Тэдний гол зорилго нь 19-р зууны сүүл үеийн шинжлэх ухаан одоо үеийнхээс огт өөр замаар урагшилж буйг, мөн Алфред тухайн үедээ хүн төрөлхтөнд сайн сайхныг авч ирэх шинэ судалгааны салбарууд үүсэх тухай таамаглах боломжгүй байсныг сануулахад оршиж байсан юм. Харин Нобелийн сан гэрээслэлийн тулгуур санаанд нийцэхгүй хэмээн энэхүү саналыг хүлээн аваагүй билээ.
НОБЕЛИЙН ШАГНАЛЫГ ШИНЭ НЭЭЛТЭД (DISCOVERY) ӨГДӨГ ҮҮ, ЭСВЭЛ ШИНЭ БҮТЭЭЛД (INVENTION) ӨГДӨГ ҮҮ?
Нобел чухам ямар шинжлэх ухааны бүтээлийг шагнахыг хүссэн бэ? Тэрээр хүн төрөлхтний оршин буйд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнахыг хүссэн бөгөөд гэрээслэлийн нэг хэсэгт “Физикийн шинжлэх ухаанд хамгийн чухал нээлт хийсэн, эсвэл зохион бүтээсэн хүнийг шагнах” тухай дурдагдсан байдаг.
Нээлт (discovery) болон шинэ бүтээл (invention) нь харилцан шүтэлцээтэй, нэг нэгээсээ хамааран оршдог. Хэмжих төхөөрөмжүүдийг зохион бүтээх үйл явцад маш олон нээлт бий болсон байдаг бол эртний онол, шинэ нээлтгүйгээр олон тооны шинэ бүтээл төрөхгүй байх байсан биз ээ. Алфред нээлт хийсэн бүтээлд шагнал өгөх тухай гойд анхаарал хандуулаагүй боловч физикийн салбарын Нобелийн шагнал хүртсэн бүтээлийн 77 хувь нь шинэ нээлтэд, харин ердөө 23 хувь нь шинэ бүтээлд олгогдсон байдаг. Ийнхүү шинжлэх ухааны салбарын нээлтэд бүтээлээс илүү ач холбогдол өгч байгаа нь хамгийн их хувь нэмэр оруулсан бүтээлийг шагнана гэсэн анхны санаачилгатай нийцэхгүй байна гэх шүүмжлэл ч олон гарч байж.
2005 оноос өмнө физикийн салбарын Нобелийн шагнал хүртсэн 17 шинэ бүтээлээс 11 нь хэмжилтийн төхөөрөмж байв. Харин үүний ердөө 3 нь нийгэмд шууд практик ач холбогдолтой бүтээл байжээ. Нобелийн шагналыг шинэ бүтээлд, тэр дундаа практик ач холбогдолтой бүтээлд илүү чиглүүлэх нь өндөр ач холбогдолтой. Тодруулбал, дэлхий нийтэд тулгамдаж буй дэлхийн дулаарал, хөгжиж буй орнуудын тэгш бус байдал зэрэг олон чухал асуудалд эрдэмтэн, судлаачдын анхаарлыг хандуулахад түлхэц болох юм. Микрочипийн зохион бүтээгч Жэк Килбиг Нобелийн шагналаар шагнасан нь хамгийн ойрын, сайн жишээ.
Дэлхийн хүмүүсийг илүү ойртуулсан телефон утсыг зохион бүтээсэн Грахам Беллд Нобелийн шагналтан болох боломж олдоогүй бол World Wide Web буюу бидний өдөр тутамдаа, яг одоо хэрэглэж буй интернетийг зохион бүтээсэн Тим Бернерс Ли-д шагнал хүртэх боломж одоо ч буй. Угтаа энэ мэт хүн төрөлхтний оршин буйд шууд, практик ач холбогдолтой зүйлийг зохион бүтээсэн эрхмүүдийг шагнах нь Алфредийн гол хүсэл буюу гэрээслэлийн гол санаа байсан билээ.

27 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш