Лхамцэрэнгийн Бордух: Хөдөөний хүмүүс сэтгэлд нэг л ойр санагддаг...
  • Говь-Алтай аймгийн “Чандмань сум”-ын зургаадугаар багийн нутаг “Өлийн ам”-ны “Улаан эрэг” гэдэг газар ард Лхамцэрэнгийн гэр бүлд 1941 оны төмөр могой жил төрж, бага насаа эцэг, эхийн гар дээр мал маллаж өссөн.
  • Төгссөн сургууль, мэргэжил дээшлүүлсэн байдал
  • Говь-Алтай аймгийн Чандмань сумын бага сургууль 1953-1957 онд
  • Говь-Алтай аймгийн 10 жилийн сургуулийн 5-р ангийг 1957-1958 онд
  • Говь-Алтай аймгийн Бигэр сумын 7 жилийн дунд сургууль 1958-1960 онд
  • Улаанбаатар хотын Хүн эмнэлгийн техникум 1960-1964 онд
  • Улаанбаатар хотын АУДэС-ийн мэс заслын чиглэлээр 1969-1975 онд төгссөн
  • Мэс заслын мэрэгжил олгох курс 1978 онд
  • МУИС-д удирдах ажилтны нэг сарын курст суралцсан (1982 онд)
  • Тайланд улсын Чуло-Лонкийн их сургууль, Шри-ланк улсын Придонины их сургуульд мэргэжил дээшлүүлсэн (1994 онд)
  • Туршлага судлах, аялал жуулчлал
  • 1987 онд Зөвлөлт социалист автономит Якут (Саха) улсад Эрүүлийг хамгаалах ажлын туршлага солилцох айлчлал
  • 1988 онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн зардлаар Улс ардын аж ахуй, соёлын салбаруудаас социалист уралдаанд шалгарч, Москва, Ленинград, Рига, Миск хотуудаар янз бүрийн ажил мэргэжлийн 30 аад нөхдийн хамт 28 хоногийн аялалд оролцсон.
  •  

    Ажилласан газар:

    • 1964-1969 онд Говь-Алтай аймгийн Цогт сумд Хүн эмнэлгийн салбарт эрхлэгч бага эмч
    • 1975-1990 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд сум дундын эмнэлэгт ерөнхий эмч, мэс заслын эмч
    • 1990-1991 онд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч
    • 1991-1995 онд Говь-Алтай аймгийн АУДуС-ийн захиралаар
    • 1998-2005 онд Улаанбаатар хот ХУД-ийн 14-р хороонд өрхийн эмч
    • 2005-2007 онд Улаанбаатар хот ХУД-ийн 10-р хорооны “Морин”-гийн хэсэгт өрхийн эмч

    Гавъяа шагнал

    • Ардын хувьсгалын 50, 60, 80, 90 жилийн ойн медалиуд
    • ЭХ-ны тэргүүний ажилтан
    • Хөдөлмөрийн хүндэт медал
    • Алтангадас одон
    • Монгол улсын хүний гавъяат эмч цол тэмдгээр шагнагдсан
    • Бусад шагнал
    • Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
    • Тусгаар тогнолын одон
    • МАХ-ны ахмад зүтгэлтэн
    • МАХ-ны хүндэт тэмдэг
    • МАХ-ны тэргүүний ажилтан
    • МАХ-ны 90 жилийн ойн медаль
    • Багшийн гавъяа одон
    • Олон нийтийн сонгуульт ажил
    • 1964-1969 онд Цогт сумын депутат
    • 1976-1990 онд Бигэр сумын депутат
    • 1996 онд Есөн булаг сумын иргэдийн хурлын төлөөлөгч
    • 2004 онд Хан-Уул дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч
    • Улаан загалмайн нийгэмлэгийн долоодугаар, есдүгээр их хуралд төлөөлөгчөөр оролцсон

    Эмчийн мэргэжил эзэмших болсон тань хүсэл, сонирхол байв уу?
    Би долоодугаар анги төгсөөд агротехникч болох хүсэлтэй байлаа. Гэтэл манай сургуульд агротехникийн хуваарь ирээгүй. Би техникумд явах орох хүүхдүүдийн хоёрдугаарт орж ямар мэргэжил сонгохоо шийдэж чадахгүй гайхаж байтал манай сургуулийн захирал Зундуй аймгийн гэгээрлийн хэлтсийн төлөөлөгч Ядмаа нар ирсэн хуваарийг танилцуулж эдгээр мэргэжлээс хамгийн түгээмэл сайхан мэргэжил хүний бага эмчийн ганцхан хуваарь ирсэн. Төгсөөд хот, хөдөө хаана ч ажиллах боломжтой гэхээр нь “за тэгвэл түүнийг чинь авъя” гэснээр хүн эмнэлгийн техникумд орж, эмч болох замаа сонгосон доо. 1964 онд сургуулиа төгсч Говь-Алтай аймгийн Цогт сумд 4 жил салбарын эрхлэгч бага эмчээр ажиллаж байтал УИХ-ын депутат Эрүүл мэндийн яамны сайд Дэмбэрэл, аймгийн эрүүлийг хамгаалах газрын дарга Г.Сосорбарамтай ирж, сумын иргэдтэй уулзалт хийж тэр уулзалтан дээр хүмүүс эмнэлгийн үйлчилгээний талаар нилээн магтаж ярьснаар уулзалтын дараа сайд сумын намын үүрийн даргын өрөөнд дуудаж уулзан ирэх жил шалгалтанд сайн бэлтгээд тэнцвэл АУ-ны их сургуульд орж болох юм гэснээр шалгалт өгч сургуульд орсон доо.

    Их эмч болоод хаана ажиллав?
    Эрүүлийг Хамгаалах Яам, Эвлэлийн төв хорооны илгээлтээр хөдөө ажиллуулахаар манай сургуулиас дөрвөн оюутанд илгээлт өгсний нэг нь би. Аймагтаа очоод аймгийн намын хорооны товчоогоор орж Эрүүлийг Хамгаалах Газрын дарга Г.Сосорбарам хаана ажиллах сонирхолтой байна гэхэд нь “таны оч гэсэн газар л очьё” гэтэл. “За тэгвэл Бигэр сумын дундын эмнэлгийн ерөнхий эмчээр, мэс заслын эмчтэй хавсарч ажиллана” гэхээр нь зөвшөөрч аймгийнхаа баруун урд дөрвөн сум, нэг тэжээлийн аж ахуйн хөдөлмөрчдөд үндсэн нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлэх чиглэлээр ажиллах болсон.

    Бигэр сум чинь байгаль цаг уурын хувьд хэцүү биздээ?
    Мөнгөн амсартай Алтан дотортой Бигэр нутаг гэж нэгэн яруу найрагч бичсэн байдаг. Нээрээ ч наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр хоёр талын уулын орой цагаан цасаар хучигдаж Бигэрийн гол, хоёр талын уулсын бэлийн дэрс өвс нь шаргалтан байх нь хачирхалтай. Ер нь алтайн салбар уулсын завсар аяга шиг хонхор учраас зундаа бүгчим халуун, өвөл хавар намартаа харьцангуй дулаан үе үе шороогоор шуурна. Яг Бигэрийн голдоо цас бороо орох нь ховор, ерөнхийдөө хуурай уур амьсгалтай. Тийм учраас энэ нутгийн хүмүүсийн дунд бөөрний хурц үрэвсэлт өвчин ховор. Миний ажилласан 15 жилийн хугацаанд бөөрний хурц гломерулонефрит хоёрхон тохиолдож бүртгэгдэж байсныг санаж байна. Сумын төвөөс хөдөөгийн ихэнх нутаг харагдах боловч дуудлагаар явахад бартаа нугачаа ихтэй, явсаар байтал олон цагийг өнгөрөөдөг байсан.

    Гэр бүлээ танилцуулах уу?
    Ам бүл хоёул амьдардаг. Миний эхнэр Т.Дугуйхүү багш мэргэжилтэй. Ард түмний хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд 30 гаруй жил зүтгэж чамгүй олон хүүхдийг эрдэм номын замд залж өгсөн дөө. Манайх гурван хүү, гурван охинтой өнөр өтгөн айл. Одоо бүгд хорвоогийн жамаар гэр бүл болцгоож, ажил амьдралаа хүний дайтай л авч явцгааж байна. Манайх арав гаруй ач зээтэй бас ачинцартай болсон. Манай хүүхдүүдээс миний мэргэжлийг залгамжилсан хүүхэд байхгүй харин ач хүү, зээ охин хоёр маань нэг хоёр жилийн дараа сургуулиа төгсч эмч болно.

    Эмчийн ажлын онцлог өвөрмөц шүү дээ?
    Тэгэлгүй яахав, сумад ажиллаж байгаа эмч нарт цаг нар гэж байхгүй хагас бүтэн сайнд, баяр ёслолын үед байнга л бэлэн байдалд байна. Би Бигэр сумын сум дундын эмнэлэгт 15 жил ажиллах хугацаанд хагас бүтэн сайн өдөр гэртээ бүтэн амарч байснаа санадаггүй юм. Нэг удаа цагаан сарын битүүний орой Баянтооройн тэжээлийн аж ахуйруу цээжиндээ буудагдсан 16 настай хүүхдийн дуудлаганд шөнөжин явж өглөө түрүүчийн айл босч байх үед очиж өвчтөнөө үзэж, цээжний хөндийн цусыг соруулж цус тогтоох эмчилгээ хийж аймгаас онгоц дуудан өвчтөнөө явуулж шэнийн хоёрны өглөө гэртэй харьж байлаа. Нөгөө талаар эмч хүн өвдөж шаналсан хүмүүст өрөвч энэрэнгүй сэтгэлээр хандан яаралтай тусламжинд цаг алдахгүй хөнгөн шалмаг үйлчлэхээс эхлэн мэдлэг мэргэжилдээ цаг ямагт анхаарч харицлага сахилгыг асрагч сувилагчаас эхлэн эмнэлгийн бүх хүмүүс жигд хэрэгжүүлсэнээр тухайн эмнэлгийг ард түмэн таатай хүлээж авдаг онцлогтой.

    Биеийн байдал нь хүнд адармаатай мэс засалд зөндөө л орсон биздээ?
    Миний ажиллаж байсан тэр үед эмнэлгийн барилга байгууламж багаж хэрэгсэл мэдээ алдуулах эм бодис гээд бүх зүйл хүндрэлтэй байсан хэдий ч боломжоороо сум дундын эмнэлэгт хийгдэх яралтай мэс заслын тусламжийг хүнд хөнгөнг гэлтгүй бүгдийг нь хийдэг байсан. Хөдөөний хүмүүс мухар олгойн үрэвслийг гэрээр эмчлэх гэж цаг хугацаа алдан хүндрүүлж хэвлийн хөндийн идээт үрэвсэл болж, гүн хордлогод орсон гэдэс нь үхэжсэн хойно нь ирэх явдал цөөнгүй тохиолддог байлаа. Хамгийн хүнд бэрхшээл хэсгийн мэдээ алдуулалтаар олон цагаар хагалгаа хийхэд өвчтөн, эмч аль алинд нь хүндрэлтэй шүү.
    Тэр өөрийн л жам жимээр явсаар эрүүл мэндийн салбарт нэг л мэдэхэд гуч гаруй жил зүтгэж, хүн амд эмнэлгийн нарийн мэргэжлийн анхны тусламж үзүүлэх нөр их ажилд өвлийн хүйтэн, зуны халууныг ажралгүй хөдөө орон нутагт голдуу ажиллажээ гэж зохиолч, сэтгүүлч Г.Пүрэвдорж нэгэнтэй бичсэн санагдана.

    Эмч хүний ажил стресстэй байнга санаа зовдог өвөрмөц мэргэжил шүү дээ?
    Тийм л дээ. Гэхдээ үргэлж санаа зовох нь юу юм. Их л хариуцлагатай мэргэжил. Нэг эмийн дооз хэмжээг буруу хэрэглэхэд л цаана нь хүний амь байдаг болхоор хариуцлага, мэдлэг, санаачлага байнга шаарддаг онцлогтой. Гэхдээ ажил мэргэжилдээ дадлагажиж хийх ёстой зүйлээ бүрэн хийж чаддаг эмч нэг их сандарч тэвдээд байдаггүй л дээ. Сайн ажиллаж байгаа эмчийг олон түмэн урмаар тэтгэж стрессээс гаргаж баяр баясгалан, урам зориг хайрлаж байдаг.

    Сонгуульт ажлын хувьд?
    Сумын улаан загалмайн үүр хорооны дарга, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн товчооны гишүүн, сумын намын үүрийн товчооны гишүүн, сумын захиргааны гишүүн зэрэг сонгуульт ажлыг залуудаа хийж байсан. Хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч, дүүргийн намын бага хурлын гишүүнээр ажиллаж байлаа.

    Таны хүндэлж явдаг мэс залын эмч нараас нэрлэвэл?
    Юуны өмнө өөрийн багш АУ-ны доктор, профессор В.Ичинхорлоо, П.Долгор, Б.Гоош, Н.Даваацэрэн, Ч.Пунцаг нарыгаа байнга биширч хүндэлж явдаг. Эмч нараас академич хөдөлмөрийн баатар нэрт мэс засалч Н.Баасанжав, Хөдөлмөрийн баатар нэрт мэс засалч Г.Нямхүү нарийг үнэхээр ховор мэс засалч гэж боддог.

    Олон сум хамарсан нарийн мэргэжилийн хувьд алсын дуудлага нилээд тааралдаж байв уу?
    Бигэр сумын сум дундын эмнэлэг, Чандмань эрдэнэ, Цогт, Баянтооройг харьяалсан байрлалын хувьд хамгийн тохиромжтой аймгаас 100км, тойргийн сумууд 75-140км зайд байрладаг. Эдгээр сумдаас мэс засал, гэмтэл, төрх эмэгтэйчүүд, хүүхдийн дуудлага голдуу ирдэг байлаа. Ялангуяа мэс засал гэмтлийн дуудлага нэг сумад явж ирээд хагалгаанд орж байхад нөгөө сумаас дуудаж, хагалгаанаас гараад явах тохиолдол олонтоо тохиолдож байлаа.

    Та хүний ямар чанарт шүүмжлэлтэй ханддаг вэ?
    Хүнийг нүүрэн дээр нь ил магтах сайшаах, бялдуучлахад сэтгэл хөндүүрэлж л байдаг. Шудрага, үнэнч, мэргэжилдээ үнэнч ийм л хүмүүсийг би хүндэлдэг.

    Тантай хамт төгсөгчдөөс нэр хүндтэй олон эмч нар байгаа биздээ?
    Тэгэлгүй яахав. Ардын эмч Үйлст, гавъяат эмч Авирмэд, Сандуйжав гээд л олон эмч нар манлайлагчид юмаа. Ер нь манай 1975 оны төгсөгчдөөс хамгийн олон гавъяат төрж, эрдэмтэн, доктор, академич нар олон байгаа.

    Ярилцсан С.Бадамжав

    287 удаа уншсан

    Сэтгэгдэл үлдээх

    (*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

    Дээш