Сурахбаярын ЛХАМЖАВ: Эмч хэмээн дуудуулж чагнуур барьсан үе тодхон...
  • Баян - Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул 1956 онд төрсөн
  • Говь-Алтай аймаг дахь АУДуС-ийг 1977 онд төгссөж Хүний бага эмч болсон
  • Ананаах ухааны их сургуулийг 1992 онд төгсөж Хүүхдийн эмчийн мэргэжил эзэмшсэн
  • Анагаах ухааны магистр 1998 он хүүхдийн тэргүүлэх зэрэгтэй
  • Клиникийн профессор цол 1910 онд хүртсэн
  • Ажил эрхэлсэн байдал:

    • Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн эмчээр 1977-1979 онд
    • Тус сумын Хүний эмчийн салбарт эх баригч эмчээр 1979-1986 онд
    • Говь-Алтай аймгийн Халиун сумын эмнэлэгт эрхлэгч эмчээр 1992-2015 он хүртэл тус тус ажилласан
    • Эко киндер гарден цэцэрлэгт 2016 оноос одоог хүртэл

    УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр шадар сайд У.Хүрэлсүх, ЭМЯ-ны дэд сайд Ж.Цолмон нар суманд ажлаар очих үед 

    Гавъяа шагнал:

    • Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр 2006 онд
    • Улаан загалмайн тэргүүний ажилтан цолоор 2007 онд
    • Хөдөлмөрийн хүндэт медалиар 2008 онд
    • Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 2011 онд
    • Хүний гавъяат эмч цолоор тус тус шагнагдсан 2016 онд

    Мэргэжлээ сонгосон шалтгаан тань юу байв ?
    - Эмч болох мөрөөдөл хүсэлтэй байсан. 1973 онд би Баян-Өлгий аймгийн II дунд сургуулийн наймдугаар ангийг төгсөөд. “Говь-Алтай аймгийн Анагаахын дундын эх баригч бага эмчийн ангид элсэн орсон.

    Та яагаад Говь-Алтай аймгийн Халиун суманд ажиллах болсон юм бэ?
    Улс бодлогоор бэлтгэсэн боловсон хүчнээ аль хэрэгцээтэй газруудад хуваарилаад, дипломыг нь аймагт аваад үлддэг байв. 1977 онд Говь-Алтай аймгийн Анагаахын дунд сургуулийг төгсөөд, Эрүүл Мэндийн газрын дарга байсан Р.Бямбаа даргын шийдвэрээр Халиун сумын “Гүү бариач” бригадын бага эмчээр ажиллахаар томилогдсон.
    Tэp дагуу би ганц ч хүн таньж мэдэхгүй сум руу аймгийн төвөөс шуудангийн “ГАЗ 53” машинд дайгдан анх очиж байлаа. Шуудангийн машин намайг сумын зочид буудлын гадна буулгаад явчихаж байгаа юм. Гэтэл буудлынхан бүгд хадланд явчихсан байсан тул гадаа нь чемодан, модон хайрцаг хоёроо тавьчихаад, яах учраа олохгүй сууж байтал муу ус асгах гэж гарч ирсэн эмнэлгийн асрагч таарч, намайг дотогш оруулж билээ. Тэгсэн салбарын эрхлэгч их эмч маань бас Цогт сум руу явчихаад, эзгүй байж таарсан. Өвгөний Батбилэг хэмээх их эмчийг ирэхээр заавар зөвлөгөө авч, ажлаа хүлээлцээд явсан даа.

    Тэр үеийн дурсамжаа дурсвал?
    -Тэр үед Батбилэг эмч надад даралтны нэг аппарат өгсөн юм. Мөн эмийн сангийн, эрхлэгчид бичиг хийж өгөөд, 200 төгрөгний эм аваад яваарай гэсэн. Надад өөрт нэг чагнуур байв. Өнөөдүүлийгээ богц шиг брезетэн даалинд хийгээд бригадын төврүү эмчилгээ тэжээлийн цэгийн машинд дайгдаж очсон.

    -Та тэнд очоод хаана байрласан бэ?
    -Бригадын даргынхаа хадам ээж Отгон гуайнд дөрвөн cap гаруй амьдарч, ажлын гараагаа эхэлсэн. Сайхан буурай надад харин ч олон зүйл хэлж, сургадаг, их дэмтэй байсан. Хөгшин хүн, хүүхэд хоёрын арга эвийг олохдоо би сайн л даа.
    “Гүү бариач” бригадын дарга нь нэгдлийн адуучин Аварзад гэдэг хүнд бичиг хийж өгөөд, надад уналгын морь гаргуулж билээ. Бригадын зарлага, сонин түгээгч Мухар гэдэг хүнтэй хоёул морьтой бүх айлаар орж, хэдэн ам бүлтэй, хаагуур өвөлжиж, зусдаг гэх мэтээр өрхийн судалгааг эхний ээлжинд гаргаж авч байв.

    -Та их олон хүүхэд эх барьсан. Хүнд хэцүү тохиолдол байв уу?
    -1979 оны есдүгээр сард сумын эмнэлэгт эх баригч бага эмч хэрэгтэй гээд намайг татсан юм. Тэр үед төрөлт маш их байсан. Манай суманд гэхэд л жил тутам 120-140 эх төрдөг байв. Өнгөрсөн хугацаанд 1880 орчим хүүхэд эх барьж авчээ.
    1977 онд дөнгөж сургуулиа төгсөж ирээд удаагүй байж байтал “Чацран бригадаас төрөх эхийн дуудлага ирсэн. Манай эх баригч энд хүн төрүүлээд завгүй тул чи яваадах” гэдэг юм байна. Морио эмийн сангийн гадаа шонд уяж орхичихоод, яваад очтол анхны төрөгч, тэр дундаа ургийн байрлап буруу буюу өгзөг түрүүлсэн тохиолдол байсан. Энэ бол эх, ургийн амь насанд халгаатай хүндрэл үүсгэдэг байрлалтай төрөлтөд ордог. Р гэдэг эмэгтэйн хүүг хөдөө отрын гэрт эсэн мэнд эх барьж авахад сайн багш нарын минь заасан онол, мэдлэг их тус болсон. Мөн 1978 оны хоёрдугаар сард Ханхрын аманд өвөлжиж байсан О гэдэг эмэгтэйг гэрт нь төрүүлж, анх удаа хоёр ихэр хүүхэд эх барьж, ихэсийг гардаж төрүүлэв. Бидний үед эхчүүдийн хярзанг хамгаалж төрүүлж чадаагүй эх баригчийг ур чадвар муутайд тооцдог байлаа. Одоо тийм үе өнгөрчээ.

    -Халиун суманд ажиллахад газар нутаг, цаг уур, байгалын онцлог хэр байдаг бэ?
    -Манай Халиун сум цаг уурын дэндүү эрс тэс нөхцөлтэй, зундаа 40 хэм хүрч хална. Өвөлдөө 40 хэм хүрч хүйтэрнэ. Халиун сум хоёр талдаа өндөр уулсаар хашигдсан, Шаргын хоолой дагуу сунаж тогтсон газар. Бригадын айл нь багийн төвөөсөө 60-70 км алс байх жишээтэй. Тэнд эмчээр ажиллаж байхад 14 хоног тутам айл өрхүүдээ эргэхдээ морь, тэмээгээр явдаг. Малчид дуудлага өгөхдөө ихэвчлэн өөрсдөө эмээлтэй морио хөтлөөд ирнэ. Эсгий гутал, үстэй дээлээ өмсөөд л явна шүү дээ. Тэр үед өвөл их хүйтэрдэг байлаа.
    Ийм нөхцөлд хүн ардын эрүүл энхийн манаанд өргөсөн тангарагтай үнэн ч байхаа харуулан, ар гэр, амь биеэ ардаа орхин зүтгэсэн он жилүүд өнгөрчээ. Олон олон дурсамж, ололт амжилт, алдаа дутагдал ч байдаг юм хойно.
    Ер нь бид яасан хүнд хэцүү нөхцөлд, ямар их ачаалалтай ажилладаг байсан юм бэ гэж одоо боддог юм. Шөнө нь 2-3 хүн төрүүлчихээд, өглөө нь алсын дуудлаганд явна. Социализмын үед тэр их ажлын хажуугаар бас өглөө эрт нийтийн сонин уншлагад очно, коммунист субботиик хийнэ, хавар, намарт малчдын хашаа хороог барьж, засна, хөрзөнг нь гаргалцахаар явна. Мөн сумын айлуудаар орж эрүүл ахуй, соёлжилтыг нь шалгахад хүртэл дайчлагдана. Тэр байтугай, кино үзлэгийн цагийг хүртэл бүртгэж кино үзээгүй хүмүүсийн хар цэгээр тэмдэглэл хөтөлдөг байлаа. Бидэн шиг хүмүүс хүнээ төрүүлээд, эсвэл дууддаганд яваад тэр бүр киног нь үзэж чадахгүй тул кино механикчийн бүртгэл дээр баахан хар цэгээр тэмдэглүүлнэ (инээв).

    Та Халиун суманд хэдэн жил ажилласан бэ?
    Халиун сумд хувиарлагдан очиж ажилласнаар энэ сумд багийн бага эмчээр 3 жил, эх баригч бага эмчээр 7 жил, салбарын эрхлэгч их эмчээр 23 жил ажиллаж байна. Мөн сум ороны олон нийтийн ажилд идэвхитэй оролцож сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр дөрвөн удаа, Улаан загалмайн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга ажлыг 23 жил хийсэн.

    -Анагаах Ухааны Дээд Сургуулийн босго хэр байв даа?
    1986 онд 4-8 насны 3 хүүхдийн ээж, гучин настай миний бие АУИС-д суралцахаар зориг шулуудан, уралдаанд шалгаруултанд тэнцсэнээр их эмч болох зорилгоо хэрэгжүүлэх алхамаа нээж билээ. Гэхдээ сурч чадах болов уу? яах бол гэсэн эргэлзээ байсныг нуух юун. Элсэлтийн шалгалтанд тэнцэж чадах л юм бол сурч таарна даа зориг эрмэлзлэл минь намайг эргэлт буцалтгүй хөтөлсөн билээ.
    Энэ үед нөхөр маань Намын дээд сургуульд сурч, 3 хүүхдээ сургууль цэцэрлэгээр явуулах гээд хоёр оюутанд аль бэрхшээл байсныг хэлэх бэ дээ гэсэн ч сурахыг эрхэм болгосон болохоор биеэ нь дайчилж бүхий л хичээл зүтгэлээн зориулан чармайсан даа. 1989 онд нөхөр маань сургуулиан дүүргэж 3 хүүхдээ аваад Говь-Алтай аймаг явж би Өвөрхангайн тарагт сумын Ц.Энхбаяр, Ховдын С.Буниа, Сэлэнгийн Алтантуяа нартай нэг байранд 3 жил шахам хамт амьдарч сурцгаасан билээ. Өөр таталдах юмгүй болохоор хичээлдээ л шамдсан уншина, лекц орос хэл дээр бичнэ, цээжлэнэ, дадлага хийнэ. Чухам л нойр хоолгүй мэрийж билээ. Ингээд 1992 онд АУИС-ийг хүүхдиййн эмч мэргэжлээр онц дүнтэй төгсгөж улаан диплом гардах нь тэр ингэж зорилго минь биелэж билээ. Эмч хэмээн дуудуулж чагнуур барьж, цагаан нөмрөг өмссөн.

    Та Халиун суманд хэрхэн ажиллав, тулгарч буй бэрхшээл юу байв?
    Тухайн үед эмнэлгийн дунд мэргэжилтэн, их эмч ховор ганц л их эмч ажилладаг байлаа. 1992 онд намайг очиход нэгдэл байтугай эмнэлэг тарчихсан байсан үе. Эмнэлгийн ихэнх эд хогшлыг тарааж хуваагаад авчихсан, галлагаа байхгүй, төсөв сапхүүгийн байдал маш хүнд, цалингаа л донгон данган тавьж байлаа. Их эмчээр ажиллаж байх үед 1990-ээд онд хаа сайгүй амьдрал хэцүү, төсөв санхүү ч хомс байсан. Сумын айл өрхүүд хол сумаас нэг талдаа 80-100 км зайтай газар дуудлагын машин муутай учир хүрч үйлчлэхэд бэрхшээл их тохиолддог байсан. Машин сэлбэг хэрэгсэл ховор сумын хүн хараас л сэлбэг хэрэгсэл гуйж үйлчилгээ хийж засварладаг байлаа.
    1993 оны өвөл төрөх эхийн дуудлагаар явж байгаад Олонбулагийн Дунд голын аманд машин эвдэрч, жолоочтойгоо хоёулаа шөнөжин гал түлж, цас хайлаад хээр хонож байв. Эсгий гутал, үстэй дээлтэй хэрнээ сүүлдээ хөл мэдээ алддаг юм билээ. Тэгээд сүүлд нь 1997 онд л нэг юм шинэ машинтай болсон.
    Би 1778 эх төрүүлж, 1800 хүүхэд эх барьжээ. Мөн 6242 удаа алсын дуудлаганд явж, 15440 хүн үзсэн. Амбултороор 51420 хүн үзэж, 38962 хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчиллээ.
    Өвлийн тэсгэм хүйтнээр жирэмсэн эхээ авч яваад эмнэлэгтээ хүргэж чадалгүй замын айлд төрүүлэн хүүхэд эх барьж байснаа, эхэс нь ховхорч цус алдсан эхэд цус сэлбэж амийн аварч байснаа, дуудлаганд явж байгаад машин эвдэрч хээр зогсож, машиныхаа доогуур юм хийж байгаад данхараад мултарч машиндаа даруулсан жолоочоо эсэн мэнд гаргаж байснаа гээд эргээд бодоход айдас ч хүрмээр олон дурсамж хэлж болохоор ажил амьдралаа үджээ.
    Сумын эмнэлгийг авч явах болсон энэ 23 жилд ажилдаа эзэн хамт олон бүрдүүлэх эмнэлгээ албан газрын дайтай тохижуулах, хөдөөгийн малчид хөдөлмөрчдөд эмнэлгиййн анхан шатны тусламжийг стандартын дагуу хүргэх гээд тавьсан зорилт, хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд чадах мэдэх бүхнээ зориулан ажиллаж зорилгоо биелүүлж явна. Одоо манай эрүүл мэндийн төв 26 эмч ажиллагсадтай, анхан шатны оношлогоо, шинжилгээний багаж төхөөрөмжөөр хангагдсан.
    1992 оноос хойш туслах аж ахуйг хөгжүүлж эмнэлэг малтай болж эмнэлгийн мал 360 толгойд хүрч өссөн. Хоёр удаагийн байгалын зуднаар үхэж хорогдсон боловч одоо манай эмнэлэг 150-аад толгой малтай. 0.3 га-д хүнсний ногоо тариалдаг, тохижилт үйлчилгээ тогтмолжсон хамт олон болж чадлаа.
    1980 онд ашиглалтад орсон эмнэлгийн модон барилгадаа их засвар хийх гэж их зүтгэсээн. 2008 онд Японы “Өвсний үндэс” хөтөлбөрийнхөнд төсөл бичээд, 93 мянган ам.доллараар эмнэлгийн барилгаа иж бүрэн их засварт оруулж билээ. Бүх цонхоо ваакум болгосон нь өнөөг хүртэл салхи огт сийгэхгүй байна гэсэн. Халиунд өвөл их цасаар шуурдаг, зарим үед эмнэлгийи барилгатай чацуу хунгар бий болчихоод, бид цас ухдаг байв.
    Манай хамт олон ажлын үр дүнгээр аймгийн системийн байгууллагын дотор ажлаараа эхний байранд явдаг. 2010 онд аймгийн тэргүүний хамт олон хэмээх нэр хүндтэй цол хүртэж, миний бие аймгийн аварга мэргэжилтэн, тэргүүний эмчээр шалгарлаа.

    -Төв суурин газар очиж ажиллах хүсэл танд төрж байв уу?
    -Ийш тийшээ явж ажиллах юм сан гэж ер нь бодоогүй дээ. Харин эх баригч эмчээр сумандаа ганцаараа олон жил ажиллахдаа сүүлдээ цус нөжнөөс халшраад, хүүхдийн эмч болохыг хүсдэг байв. 1985 онд нөхөр маань хот руу Намын дээд сургуульд суралцахаар явж, дараа жил нь би Анагаахын дээдийн хүүхдийн эмчилгээний факультетэд элссэн. 1992 онд их эмч болох мөрөөдлөө биелүүлж билээ. Сургуулиа төгсөөд, Цээл суманд хуваарилагдсан.
    Учир нь манай гэр бүлийн хүн Цээл суманд намын даргаар ажиллаж гурван хүүхэдтэйгээ хамт байлаа. Гэтэл Халиун сумын ард иргэд “Лхамжав эмчийг манай суманд ажиллуулж өгөөч” гэсэн хүсэлтээ аймгийн Засаг даргад удаа дараа тавьсны эцэст 1992 оны арван нэгдүгээр сард манайхан гэр бүлээрээ нүүж очиж билээ. Нөхөр маань Халиун сумын Засаг даргаар, би эмнэлгийн эрхлэгчээр томилогдож очсон.

    - Та аав, ээжээ дурсаач?
    -Би айлын отгон хүүхэд. Аав, ээж хоёр маань өндөр настай хүмүүс байсан тул Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Бямбаа гуай намайг Баян-Өлгийгөөс гэрийнхнээ нүүлгэж авчрахыг зөвлөсөн. Тэр үед аавын минь бие чилээрхүү байсан юм. Тэгээд аравдугаар сарын сүүлчээр аав, ээж бригадын төвд нүүж ирсэн. Аав, ээж тэр үед хөдөө ажил ихтэй учраас биднийг аймгийн төвд сургуульд авчраад орхичихно. Аав минь мал малладаг малчин бас эм тан барьдаг хүн байсан. Улаан хоолойны хорт хавдраар нас барсан л даа. Миний аав эмнэлгээр огт яваагүй. Намайг “Чи надад тарилганы пенциллин л уулгаад бай” гэж гэрээр эмчилгээг хоёр жил хийлгэж амьдарсан. 1978 оны дөрөвдүгээр сард аав минь өөд болж, “Гүү бариач” бригадын Дөрвөлжин гэдэг газарт хөдөөлүүлсэн. 1987 онд ээжийгээ өөд болоход мөн л би толгойг нь түшсэн дээ.
    Олон түмэндээ ач тустай байж, аав, ээжийнхээ ачийг бага боловч хариулах caн гэж хичээж ирсний үр дүнд миний амьдрал түвшин сайхан байна гэж боддог. Насны залууд эрүүл мэндээ золиослон зүтгэж, хүн ардын эрүүл мэндийн төлөө сайхан л ажиллаж амьдарч явлаа. Гурван хүүхэд маань ч хар багаасаа биеэ дааж, хүмүүжил сайтай өссөнийх өөрсдийн амьдралаа сайхан авч явж байгаа. Намайг эх баригч бага эмчээр маш их ачаалалтай ажилласан тэр арваад жилд миний муу ээж гурван хүүхдийг минь өсгөж өндийлгөсөн дөө. Дуудаагаар яваад ирэхээр хөвөнтэй дээлэндээ данхтай цай, хоолоо хуччихсан, гал түлээд хүлээж байдаг сан.

    Та хоёрын хувьд яаж байв?
    -Ялгаагүй дээ. 1990-ээд оны хямралын үед хүүхдүүдээ эрдэм боловсролтой болгох гэж олон аав, ээжүүдийн нэгэн адил байдаг чадлаараа л зүггэсэн дээ. 1996 онд нөхөр маань Засаг даргын ажлаа өгөөд, амьдралын эрхээр ганзагын наймаанд явсан. Тэр үед гурван хүүхэд зэрэг оюутан болсон байв. Зөвхөн нэг хүүхдийн сургалтын төлбөр л гэхэд 240 мянган төгрөг. Цалин 30 мянган төгрөг байлаа. Ямар сайндаа би нэг зун амралтаа аваад,
    Эрээн рүү наймаанд явж байж билээ. Нэг “гахайгаа” ардаа үүрээд, хоёрыг нь гартаа барьчихаад галт тэрэг рүү зүтгэж байтал хойшоо дийлдээд яг савж унахын даваан дээр араас эрэгтэй хүн тэр чигт нь хамж түлхээд балрах дөхсөн. Нүднээс гал бутраад, хоёр гар хугарчих шиг санагдаж билээ. Тэгээд дахиж наймаанд яваагүй. Өвгөн маань л гадагшаа дотогшоо явж наймаа эргүүлж, цалингийн хажуугаар нэмэр болдог байвдаа. Бид хоёр чинь хоёр охин нэг хүүтэй юм шүү дээ. Одоо ч хүргэн бэр, ач зээ гээд ам бүл тэлж л явна даа. Хүний хамгийн сайхан аз жаргал гэл бүлд л байдаг юмаа даа. Ажиллаж амьдарч байсан нутаг ус, хүн ардын өгөөмөр сэтгэлийн буянаар жаргаж явна аа.

    Ярилцсан С.Бадамжав

    466 удаа уншсан

    Сэтгэгдэл үлдээх

    (*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

    Дээш