Доржхүүгийн АМГАЛАНБААТАР: ОЮУТАН БАЙХААСАА Л АНАТОМИ СОНИРХСОН ДОО...

-Завхан аймгийн Цэцэн-уул сумын Зүүнбулагт ард Доржхүүгийн ууган хүү болон 1950 оны 7-р сарын 11-нд төрсөн.
-АУДэС-ийг 1973 онд төгсч мөн оноос АУДэС-д анатомийн багшаар
-1990-2014 он хүртэл АУИС, ЭМШУИС-ийн Морфологийн тэнхимийн болон Анатомийн тэнхимийн эрхлэгчээр ажилласан тэнхимийн зөвлөх профессор


-1984 онд Москва хотноо “Янз бүрийн насны хүмүүсийн зүрхний ховдол түүний таславчийн булчингийн артерийн судасны торны насны онцлог” сэдэвт зохиолоор анагаах ухааны доктор,
-1995 онд Улаанбаатар хотноо “Ургал мэдрэлийн симпатик тогтолцооны нам идэвхижилийн үед хүн амьтны зүрхний булчингийн артерийн судасны торны төгөлдөржсөн загвар бүрэлдэх онцлог” сэдэвт зохиолоор анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
-1992 онд “Боловсролын тэргүүний ажилтан”,
-2000 онд “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”,
-2002 онд “Алтан гадас” одон,
-2005 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан,
-1992 онд дэд профессор,
-1998 онд профессор цол,
-2007 онд Анагаах ухааны академийн академич цол хүртсэн.
-2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.

Та сургуулиа төгсөөд л их эмчийн диплом аваад анатомийн багшаар үлдсэн гэлүү?
- Оюутан байхдаа л анатомийн хичээлийг илүү сонирхож оюутны эрдэм шинжилгээний дугуйланд явж илтгэл тавьж байсан даа. Анагаах ухааны дээд сургуулийг онцгойлох улаан дипломтой төгссөн, С.Сүхбаатар (1970 он), Н.Мөнхтүвшин (1971 он), Д.Амгаланбаатар (1973 онд) нар ажиллаж эхэлсэн дээ.

Та хэдэн оноос эрдэм судлалын ажил хийж эхэлсэн бэ?
- Би 1979 онд аспирантурт элсэн суралцсан. Улмаар 1984 онд Москва хотноо “Янз бүрийн насны хүмүүсийн зүрхний ховдол түүний таславчийн булчингийн артерийн судасны торны насны онцлог” сэдэвт зохиолоор анагаах ухааны доктор, 1995 онд Улаанбаатар хотноо “Ургал мэдрэлийн симпатик тогтолцооны нам идэвхижилийн үед хүн амьтны зүрхний булчингийн артерийн судасны торны төгөлдөржсөн загвар бүрэлдэх онцлог” сэдэвт зохиолоор анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

Та олон шавь нарын эрдэм судлалын ажлыг удирдсан биздээ?
Миний удирдлагаар С.Түндэврэнцэн 1995, Ц.Цэрэндулам 1996, А.Мөнхтайван 1997, Д.Амаржаргал 1999, Ч.Аззаяа 1999, Н.Батсайхан 2002, Оюунцэцэг 2004, Д.Нямдорж 2005, Г.Нандин 2007, О.Эрдэнэзаяа 2007 нар анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан. Б.Дагданбазар 1992, С.Энэбиш 1997, С.Сүхбаатар 1997, С.Түндэврэнцэн 2000, Б.Баасансүрэн 2000, Д.Амаржаргал 2003, Д.Уранчимэг 2003, Н.Батсайхан 2004, З.Ариунаа 2004, Д.Одончимэг 2004, Г.Пүрэвдорж 2005, Д.Уранчимэг, Батбаяр, Мөнхбаяр нарын 22 эмч, багш анагаах ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан юм даа. Харин Б.Дагданбазар (2003), М.Туул (2010) анагаахын шинжлэх ухааны докторын зөвлөх удирдагчаар ажилласан билээ. Гучин дөрвөн эмч судлаачдын эрдэм судлалын ажлыг удирдаж зөвлөж хамгаалуулсандаа бахархаж явдаг даа.

Ном сурах бичгийн тухайд?
- “Анатоми эхлэн суралцагчдад тусламж” дэвтэр (Б.Дагданбазар нарын хамт) 1978,1979, “Хүний бие зүйн товч үндэс” (Б.Дагданбазар нарын хамт) 1993, “Хүний биеийн бүтэц зүйн лекц” (Б.Дагданбазар нарын хамт) 1997, “Хүний биеийн бүтцийн өнгөт зургийн цомог” (Б.Дагданбазар нарын хамт) 2003, “Хүний эрүүл биеийн бүтэц судлалын сурах бичиг” (Б.Дагданбазар нарын хамт) 2004, “Хүний биеийн эрүүл анатоми сурах бичиг” 2005, “Хүний биеийн зах хязгаарын судас, мэдрэлийн өнгөт фото атлас 2007”, “Хүний эрүүл эрхтэний бичил бүтцийн атлас” 2007, Лекц дадлагын хичээлийн гарын авлага (орос, монгол хэлээр) 1988, 2002 зэрэг 10 гаруй ном туурвисан нь сургалтанд өргөн хэрэглэгдэж байгаа. Эрдэм шинжилгээний өгүүлэл 45, илтгэлийн хураангуй 72 нийтлүүлснээс ОХУ, Польш, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсад 20 өгүүлэл тус тус хэвлүүлсэндээ.

Сонгуульт ажлын талаар?
Монголын анатомичдын холбооны тэргүүн, ЭМЯ-ны Морфологийн ерөнхий мэргэжилтнээр арваад жил ажиллаж байна. АШУҮИС-ийн докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлийн гишүүнээр чамгүй олон жил ажиллаж байна даа.

Та ам бүлийнхээ талаар танилцуулна уу?
Манайх ам бүл тавуулаа. Эхнэр О.Бадамцэрэн маань анагаах ухааны доктор, Монгол улсын хүний гавъяат эмч, охин А.Авирмэд, А.Аюурзана, хүү А.Аварзэд нар Анагаах ухааны доктор, багш судлаачид. Зарим нь миний мэргэжлийг эзэшиж одоо ч тэнхимдээ багшилж байгаа шүү дээ.

Танай Анатомийн тэнхим сургуультайгаа нас чацуу байхаа?
Тийм шүү. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын сургуулийн Анатомийн тэнхим Монгол улсад их сургууль байгуулагдсан эх орны дайны дүрэлзсэн он жилүүдэд 1942 онд Монгол улсын их сургуулийн анхны 6 тэнхимийн нэг нь болж байгуулагдсан.
Тус тэнхимийн 70 жилийн түүхийг арав арван жилээр хувааж хөдөлмөр бүтээл, үйл ажиллагааг дүгнэж бичвэл эхний 1942-1952 он нь ЗХУ-ын анатомичид уригдан ирж тус тэнхимийн сургалтын материаллаг бааз орчинг бүрдүүлсэн он жилүүд байсан юм.
1952-1962 онд анатомийн үндэсний боловсон хүчинг бэлтгэж улмаар ЗХУ-ын мэргэжилтнүүд буцсан үе байлаа. Энэ үед залуу багш Ч.Нээчин ЗХУ-ын Москва хотын Анагаах ухааны 2-р дээд сургуульд аспирантурт сурч дэд эрдэмтэн болон бэлтгэгдсэн.
АУДэСургууль өөрийн гэсэн орон байртай болох үеэс тусдаа сургууль болж их сургуулиас салбарлаж, 1961-1974 онд Анатомийн тэнхимд АУДэС-ийн улаан дипломтой төгссөн Н.Мөнхтүвшин, Д.Амгаланбаатар, С.Сүхбаатар, Б.Дагданбазар нар үндэсний эрдэмлэг, оюунлаг эмч багш нар түрэн орж ирсэн. Тэнхим эрдэм шинжилгээний ажил хийх материаллаг баазаа бүрдүүлэх анатомийн сургалтыг европын улсуудын Анагаах ухааны дээд сургуулийн анатомийн тэнхимийн сургалттай ойртуулах он жилүүд байжээ. Энэ хугацаанд сургалт явуулах лабораторийн иж бүрэн ширээгээр тоноглогдож тэнхимд өнөөг хүртэл ажиллаж байгаа тоног төхөөрөмж дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар нийлүүлэгдэж тэнхимд урьд өмнө байгаагүй шинэчлэлийн үе байлаа.

Ерээд оны эхээр эрдэм шинжилгээний ажил чамгүй урагшилсан санагдана?
Тийм л дээ. Ерээд оны эхээр ардчилалын салхи сэвэлзэж мөнгө төгрөгний асуудал нүүрлэж байсан авч тэнхим багшлах боловсон хүчнээ эрдэмжүүлэх нөр их хөдөлмөрийн аян үргэлжилсэн юм.
1992-2002 оны хугацаанд тэнхим багшлах боловсон хүчнээ залуужуулж эрдэмжүүлэх он жилүүдэд Сэ.Сүхбаагар, С.Энэбиш, Л.Аня, С.Түндэврэнцэн, Д.Амаржаргал, Н.Батсайхан нар АУ-ны магистр, АУ-ны докторын зэрэг хамгаалж тэнхимийн залуу халаа бүрэн бэлтгэгдэж тэнхимийн багшлах боловсон хүчний 80% нь эрдмийн зэрэг цолтой болж байлаа.

Эрдэм судлалын туршин шинжилгээний аргууд эхэлсэн үеэс дурсахад?
2002 оноос хойш эрдэм судлалын салбарт туршин шинжлэлийн арга, эмнэлзүйн дархлаа судлалын аргууд эрчимтэй нэвтэрч А.Авирмэд, Д.Уранчимэг, С.Энхбаатар, Д.Нямдорж, Г.Нандин, Х.Пүрэвсүрэн нар АУ-ны докторын зэрэг хамгаалж багшлах боловсон хүчин 100% эрдмийн зэрэг цолтой болсон.
Тэнхимийн гадаад харилцаа эрчимжсэн талаар таны бодол?
Сүүлийн арван жилд тэнхимийн залуу багш нарыг дэлхийн өндөр хөгжилтэй оронд докторантурт сургаж, бэлдэх Монголын анатомичид төдийгүй бүтэц судлаачдын шинжилгээ судалгааны аргыг шинэ техникээр баяжуулах аргад суралцаж дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байна. Энэ хугацаанд залуу багш О.Эрдэнэзаяа, Д.Шинэ-Од, А.Долгорсүрэн, Б.Журамт, Х.Пүрэвсүрэн нар Япон, ОХУ-д АУ-ны докторын зэрэг хамгаалж ирсэн.
Тэнхимийн сургалтын бааз бэхжиж олон олон өнгөт фото атлас, сурах бичиг зохиогдож хичээлийн өрөө телекоммуникаци төхөөрөмжөөр холбогдон тоноглогдож сургалт блок сургалтын зарчимд шилжиж төлөвшсөн он жилүүд байлаа. Судалгааны ажилд электрон микроскопи, иммуногистохимийн шинжилгээний арга нэвтэрч тус тэнхимийн багш нарын бүтээл олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлд хэвлэгдэж Монголын АШУҮИС-ийн Анатомийн тэнхим дэлхийд танигдаж судалгаа сургалтаараа дэлхийн өндөр хөгжилтэй улс орны ижил мэргэжилийн хамт олны дунд бүрэн гишүүнээр орж мөр зэрэгцэн алхах боллоо.

АШУ-ны доктор, профессор Д.Амгаланбаатар багшийн шавь нарын дурсамжаас:

Дэмэдийн ОЮУНЦЭЦЭГ
Тэнхимийн эрхлэгч МАУА-ын академич АШУ-ны доктор, профессор Д.Амгаланбаатар багшийн маань хэлсэн “Бид залуу үедээ анатомийн шинжлэх ухааныг өвлүүлж үлдээх нь л хамгийн чухал” гэж хэлсэн үг сайхан санагдаж билээ. Д.Амгаланбаатар багш залуучуудыг маш их дэмждэг, урам зориг өгдөг, миний охин чадна гээд л яг аав шиг минь хэлж зааж өгдөг, эрдэм мэдлэг нь дуусашгүй, агуу хүн гэдгийг хүн бүхэн мэдэх байхаа.

АУ-ны доктор Одхүүгийн ЭРДЭНЭЗАЯА
Дунд сургуульд байхдаа багшийн зараалаар анагаах гэгч том сургуулийн анатомийн тэнхимд ирж Амаа “МАУА-ын академич, АШУ-ны доктор, Анатомийн тэнхимийн зөвлөх профессор Д.Амгаланбаатар” багшийг сураглахад нэгэн нүдэнд дулаахан эгч (Үржээ эгч Ч.Үржинханд тэнхимийн туслах ажилтан) “энэ жаахан охин багшаар яах гээв” гэж гайхаж байсан нь саяхан санагдана. Ингэж анх ирээдүйн ажлын байрандаа ирж байснаа яахан мэдэх билээ.

АУ-ны доктор Далхсүрэнгийн ШИНЭ-ОД
Анх анатомийн тэнхимдээ магистр болж элсээд, цаашлаад бүүр шинэхэн залуу багш болж орохдоо профессор Д.Амгаланбаатар, Б.Дагданбазар гээд энэ сайхан анагаахын түүх болсон, алтан үеийн багш нарынхаа шавь нь болдог би ямар азтай хүн бэ гэж ихэд бахдан баярлаж байж билээ.
АШУ-ны доктор, академич Монгол Улсын гавьяат багш Бодийн Дагданбазар
Манай тэнхимийн ууган эрхлэгч доцент Г.Дорж, удаах эрхлэгч профессор Ч.Нээчин, хүндэт профессор С.Дугарсүрэн нар байлаа. Дараа үе нь Д.Амгаланбаатар багш бид нар 40 гаран жил анатомийн сургалт, судалгааны ажил хүнд нөхцөлд нэгэн үзүүрт сэтгэлээр шантралгүй зүтгэж залгамж халаа болох шавь нараа чамлалтгүй бэлтгэж чадсан гэж боддог. Д.Амгаланбаатар тэнхимээ 24 жил бүх талаар нь удирдсан явдал Монголын Анагаах ухааны онолын суурь болсон анатомийг хөгжүүлсэн хөдөлмөрийн үр шимийг бид байтугай эрүүл мэндийн салбарынхан андахгүй.

АУ-ны доктор, зохиолч сэтгүүлч Гомбын Пүрэвдорж
Аамаа багшийнхаа талаар олон зүйл бичиж чадах хүний нэг нь би билээ. Багш маань олон сайхан чанартай. Мэргэжлээ мэддэг хүн гэж хэнийг хэлэх вэ? гэвэл би Аамаа багшийгаа л хэлнэ. Надад хичнээн юмны учир утгыг ухааруулж санаа сэдэл өгсөн гэж бодно. Нэг санаа хэлэхэд л тэр чинь тийм учиртай, ийм юм нэмж унших хэрэгтэй гээд л ярина. Мөнөөх зүйлийг нь олоод үзэхэд үнэхээр л гайхалтай бүхнийг би тэндээс олдог байлаа. Миний багш гайхалтай гэхээс өөр юуг гайхалтай гэх юм билээ л гэж хэлмээр байдаг.

БУ-ны доктор, профессор С.Энэбиш
Миний бие 1990 онд олон хүрээлэн татан буугдаж орон тооны цомхотгол болоод цагийн байдал ороо бусгаа болоод ирэхээр манай секторын эрхлэгч Монгол улсын анхны хүн судлаач багш Л.Намсрайнайдан багш маань “чи АУДэС-ийн анатомийн тэнхимд багшаар оч” гэж зөвлөөд 1992 онд тус тэнхмийн багшаар томилогдож өнөөг хүртэл ажиллаж байна. Д.Амгаланбаатар багш маань 24 докторын ажил удирдсан, АШУҮИС-ийн анатомийн тэнхим хэмээх том эрдэмлэг хамт олныг бүрдүүлж чадсан том удирдагч юм. Нэг зүйл санаанаас ер гардаггүй юм. Сэ.Сүхбаатар багш маань АУ-ны докторын зэрэг хамгаалах гээд өвөл тун завгүй байлаа. Өнөө маргаашгүй хамгаалалт болох гээд тэнхим түмэн завгүй. 220 хуудастай диссертацийг 5 хувилан уг диссертацанд орох 80 зураг бүгдийг 5 хувь фото цаасан дээр угааж, байрыг нь олж тайлбарыг нь бичих гээд нөр их ажил байлаа. Тэнхмийнхэн бүгд 4 хоног хугас нойртой диссертац хувилах баг, зураг наах баг, засварлах баг гээд олон баг болж хуваагдаад ажилладаг. Тэр үед тэнхим ганцхан принтертэй байсан болохоор диссертацыг завсар зайгүй хувилаад ч их хугацаа зарцуулна. Ядаж байхад Сүхээ багш маань үе үе бор дарсанд дурладаг байсан нь ид ажлын үед тохиож тэнхмийн эрхлэгч Д.Амгаланбаатар багш диссертацийн дутууг гүйцээх, Б.Дагданбазар багш диссертацан дээр фото зургийг байршуулах ажилд орж шөнөжин ажиллаад өглөө үүр цайхад арай гэж дуусаад байв. Сүхээ багш тасарчихаад үүрээр сэрж босч ирээд диссертацийг харсанаа “зураг яг байраа олж, дүгнэлт дутуу байсан гүйцэт хийгдэж яасан хачин үзэгдэл вэ гээд сууж байлаа. Ингэж тэнхмийн нэг гишүүнийхээ төлөө тэнхмийг бүгдийг нь хөдөлгөж чадах авъяас багшид минь бий.

АУ-ны доктор, профессор С.Түндэврэнцэн
Миний бие Д.Амгаланбаатар багштай бараг 30 орчим жил хамтарч ажилласан. Манай нөхөд багшийн талаар тал талаас нь хэлж бичиж байна. Миний бие багшийг орос хэл дээр диссертац бичих чадварыг гаргууд гэж боддог. 2000 онд миний бие зүрхний судасны талаар АУ-ны докторын диссертац бичиж хамгаалах асуудалтай тулгарч диссертацын товчийг заавал орос юмуу англи хэл дээр бичсэн байх шаардлага тавигдаж билээ. Би диссертацийн товчоо өөрийн чадлаар орос хэл рүү хөрвүүлж хэдэн навсгар цаас /машинаар цохисон гараар бичсэн холилдсон/ багшидаа өгсөн чинь “чиний энэ чинь нохой ногоо зулгаахтай адил юм болж” гээд цоо шинээр хийж эхэллээ. Багш бүтэн хоёр өдөр суугаад миний диссертацын товчийг гаргаад “за манай орос хэл дээр сайн бичдэг профессорууд дээр хэл зүйн хяналт хийлгэ” гэдэг байна. Диссертацийн товчоо аваад манай нэгэн их сургуулийн орос хэлний тэнхмийн эрхлэгч, эрдэмтэнээс хянаж өгөхийг гуйхад хоёрхон газар засвар хийж өгөөд одоо болно гэсэнсэн. Багш маань бичгийн орос хэлийг шинжлэх ухааны түшинд хүртэл гаргуунтай эзэмшсэн том эрдэмтэн. Би багшийгаа биширч явдаг юм.

АУ-ны магистр Н.Шижир
Д.Амгаланбаатар багш маань Монголын нэртэй соён гэгээрүүлэгч. Тэрээр багш хүн сургалт эрдэм судлалын ажил эрхлэхээс гадна соён гэгээрүүлэгч байх ёстой гээд биднийг 40 гаруй өгүүлэл бичихэд дагуулж олон нийтэд зориулсан өгүүлэлийг туурвисан. “Сүнс ба зүрх”, “Шүд хагсах үзэгдэл”, “Төрсөний дараа дэглэм барихын учир”, “Байгалын цагаар тоглох нь” гэх мэт сонирхолтой содон сэдвээр ТВ зоне, Зууны мэдээ зэрэг нийтийн сонин сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн. Үүний үр дүнд бид Монголдоо танигдсан соён гэгээрүүлэгч багш нар болж төлөвшиж байгаа шүү.

АУ-ны магистр Г.Доржжагдаг
Д.Амгаланбаатар багшийг нэр цуутай эрдэмтэн гэдгийг эмнэлгийн салбарынхан надаар хэлүүлэлтгүй мэднэ. Багшийгаа би алдартай сурган хүмүүжүүлэгч гэдэг өнцгөөс нь яримаар байна. Анатомийн тэнхимд багшийн удирдлаганд жил багшлахдаа манайхны ярьдагаар Анатомийн тэнхмийн амьд лавлах гэдэгт эргэлт буцалтгүй үнэмшсэн. Олон тохиолдолд багшаас оновчтой хариулт авч байсандаа их баярладаг. Багшийгаа бид айсан тэвдсэн үед ард минь Хан Хэнтий шиг налайх өмөг түшиг минь гэж боддог. Монголын зон олонд заяагдсан Манал бурханы илч юм уу ч гэж боддог.

Ярилцсан С.Бадамжав

516 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш