Аюушийн Энх-Амар: Ходоодны дурангийн оношлогоо бол баттай шинжилгээний арга...

• Бич жилтэй
• Улаанбаатар хотод 1980 оны 7 сарын 14-нд төрсөн


• Улаанбаатар хотын 18-р сургуулийг 1998 онд төгссөн
• Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн эмчилгээний ангийг 2004 онд төгссөн
• Дүрс оношлогоо болон дотор, хоол боловсруулах эрхтэн судлаач эмч мэргэжилтэй
• 2008, 2016 онуудад Солонгос улсад мэргэжил дээшлүүлсэн
• 2010 онд ЭМШУИС-д АУ-ны Магистрын зэрэг хамгаалсан
• 2015 онд Япон улсын Жичи Анагаах Ухааны Их Сургуульд АУ-ны Докторын зэрэг хамгаалсан
• Монгол Улсын ахлах зэргийн эмч
• Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
• Боловсролын тэргүүний ажилтан
• АШУҮИС-ийн Дотрын Анагаахын II-р тэнхимд ахлах багшаар ажиллаж байна

Эмч мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?
Арван жилийн сурагч байхдаа эмч болох сэдлийг эмээгээсээ авч байлаа. Манай эмээ эрүүл мэндийн салбарт сувилагчаар олон жил ажилласан хүн байсан. Мөн ээж болон нагац эгч маань хүний их эмч мэргэжилтэй хүмүүс байдаг ба гэр бүлийн орчноос эмч болон эмчийн мэргэжлийн гайхалтай чанаруудыг мэдэрч өссөн билээ. Эдгээр байдлууд нь эмч болход минь түлхэц үзүүлсэн.

Та багш нарынхаа тухай дурсана уу?
ЭМШУИС-д оюутан байх хугацаандаа олон сайхан багш нараар эрдэм ном заалгаж байсан. Бүх багш нарыг дурдвал ярилцлага маань дуусахгүй болов уу. Оюутан байхад Г.Энхдолгор болон Ц.Сарантуяа багш нараар хоол боловсруулах эрхтэний эмгэгийн хичээл заалгаж энэхүү мэргэжилд дуртай болж байлаа. Сургуулиа төгсөөд дүрс оношлогооны резидентэд элсэн орж Д.Гончигсүрэн болон бусад багш нараар хичээл заалган дүрс оношлогооны мэргэжлийг эзэмшсэн. 2006 онд Гастроентерологийн тэнхимд багшаар орсноос хойш Н.Бира, Х.Оюунцэцэг, С.Бадамжав, Н.Баярмаа, Б.Оюунцэцэг, Д.Даваадорж зэрэг олон эрдэмтэн багш нараар гастроентерологийн А үсгийг заалгаж байлаа.

Та сургуулиа төгсөөд л гастроэнтерологийн тэнхимд багшаар үлдсэн үү?
- Сургуулиа төгсөөд дүрс оношлогооны рездентэд элсэн орж 2006 онд төгссөн. Төгсөж байх үед гастроентерологийн тэнхимээс багшлах санал ирсэн. Оюутан байхдаа гастроентерологийн тэнхимийн дэргэдэх оюутны дугуйланд идэвхитэй явдаг байсан. Тухайн үед тэнхимийн эрхлэгч агсан Г.Энхдолгор болон Ц.Сарантуяа багшийн удирдлаганд судалгааны ажил хийдэг басан.

Таньтай хамт төгссөн эмч нараас хаана, хаана ажилаж байна вэ?
Бид нар тухайн үеийн ЭМШУИС одоогийн АШУҮИС-ийг 2004 онд хүний их эмчээр төгсөж байлаа. Төрөлх сургуульд минь Э.Одхүү физиологийн тэнхимд, Т.Баясгалан дотрын анагаахын III тэнхимд, Ч.Батнайрамдал Монгол анагаах ухааны олон улсын сургуульд, Б.Болорчимэг Эх барих эмэгтэйчүүдийн тэнхимд, Б.Баатарсүрэн Мэс заслын тэнхимд, Р.Оргилмаа сувилахуйн сургуульд тус тус багшилж байна. Мөн улсын нэгдсэн эмнэлгүүд болон дүүрэг, өрх, аймаг сумдын эмнэлгүүдэд курсийнхэн маань үр бүтээлтэй ажиллаж байна. Тэдгээрээс Н.Юмчинсэрчин, Э.Тайванбаатар, Н.Баасансүрэн нар хавдар судлалын үндэсний төвд, Батмягмар, Саруул, Мөнгөнөлзий, Төрмөнх нар УГТЭ-д, С.Энхболд, Н.Өлзий орших, Б.Булган нар УНТЭ-т эмчээр үр бүтээлтэй ажиллаж байгааг дурьдхад таатай байна. Зарим нэг эмч нар яг хаана ажилладагыг нь мэдэхгүй учраас бусад эмч нарынхаа талаар дурьдах боломж байсангүйд хүлцэл өчье.
Таны үндсэн мэргэжил эмч боловч тухайн салбарын онцлогоос хамаарч эмч багш гэдэг ойлголт байдаг. Анагаахын шавь нарынхаа талаар?
2006 оноос хойш Анагаах ухааны сургуульд багшилж байна. Энэ хугацаанд анагаах, уламжлалтын ангиудад хоол боловсруулах эрхтэний талаарх хичээлийг зааж байгаа. Манай тэнхимийн дэргэдэх оюутны Хипато гастроэнтерологи оюутны клуб (элэг, ходоод гэдэс судлаач оюутны клуб)-ийг удирдан сургалт эрдэм шинжилгээ олон нийтийн ажилд нь зааж зөвлөж байна.

Сонгуульт ажлын талаар?
Эрүүл мэндийн яамны Дотрын салбар зөвлөлийн гишүүнээр 2017 оны 1 сарын 1-ээс хойш, Монголын Интервеншналь эндоскопийн нийгэмлэгийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байна.

Ном сурах бичгийн тухайд?
ЭХО-ны зөвлөх эмч Д.Энхбаяр, Г.Энхдолгор агсан нарын хамт элэгний хэт авиан оношлогоо сэдэвт гарын авлагыг 2006 онд хэвлүүлсэн. Тэнхимийн хамт олны хамт Хоол боловсруулах эрхтэний эмгэг номыг 2014, 2015 онд хэвлүүлсэн.

Гадаадад хэвлүүлсэн судалгааны ажлын талаар?
Япон улсад аспирантурт сурах хугацаандаа Японы эрдэмтэн, порфессор багш нарын хамтаар гадаадын нэр хүнд бүхий сэтгүүлд тодорхой тооны эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн. Тэдгээрээс дурьдвал эхний зохиогчоор нэг, хамтарсан зохиогчоор гуравыг хэвлүүлж байсан. Сэдвийн хувьд “Хоол боловсруулах замын даавар, хооллолтын зохицуулгад нөлөөлөх нь” сэдвийн хүрээнд өгүүллийн агуулга оршино.

Та эрдэм шинжилгээний ажил болон судалгаа, зэрэг цол хамгаалсан тухайгаа ярина уу?
Би 2006 онд багш болоод 2008 онд магистрийн сургалтанд элсэн орсон. Тухайн үед магистрийн сэдвийн удирдагчаар Н.Бира, Х.Оюунцэцэг багш нарыг сонгож байсан. Магистрийн зэргийг 2010 онд ЭМШУИС дээр “Ходоодны салстын өөрчлөлтийг хелико бактери пилори нянгийн хоруу чанарын гень, бие махбодийн дархлааны зарим эрсдэлт хэв шинжтэй харьцуулсан судалгаа” сэдвээр магистрийн зэрэг хамгаалсан. 2011 онд Япон улсын Жичи Анагаах ухааны их сургуульд аспирантурт суралцахаар болсон. Улмаар 2011-2015 оны хооронд уг сургуульд суралцаж “Хоол боловсруулах замын зарим даавар хооллолтын зохицуулгад оролцох нь” сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.
Та хоол боловсруулах эрхтэн судлалын эмч тэр дундаа дурангийн эмч иргэдийн дунд дурангийн талаар буруу ойлголт их байдаг энэ талаар та юу хэлэх вэ?
Хоол боловсруулах дээд болон доод замын эмгэгийг оношлох эмчлэхийн тулд дурангийн шинжилгээг хийдэг. Хүмүүсийн дунд дурандуулах муу гэсэн ойлголт элбэг байдаг нь үнэн. Орчин үед тухайн эмгэгээс урьдчилан сэргийлэх, хянах нь маш чухал болсон. Өвчнөөр өвдсөний дараа биш өвдөөгүй эрүүл байхдаа урьдчилан сэргийлэх үзлэгт бүх талаар орж байх нь тухайн хүний эрүүл амьдархад тустай юм. Бүх талаар гэдэг нь зөвхөн дурандуулах гэсэн ойлголт биш бөгөөд холбогдох цусны шинжилгээнүүд болон багажын шинжилгээнүүдэд (ЭХО, дуран, компьютер томографи) хамрагдах нь урьчилан сэргийлэхэд ач холбогдолтой юм.

Дурангаар ямар эмгэгүүдийг оношлох боломжтой байдаг вэ?
Хоол боловсруулах дээд замын дурангаар ходоодны үрэвсэл, ходоодны шархлаа, ходоодны хавдар, элэгний хатуурлын үеийн улаан хоолойд илрэх өөрчлөлт, ходоодны ургацаг, хелико бактерийн улмаас үүсэх эмгэгүүд гэх мэт элбэг тохиолдох эмгэгүүдийг илрүүлж болно.

Хелико бактерийг дурангаар оношлож болдог гэлээ энэ талаар тодруулна уу?
Хелико бактер нь амнаас ам буюу шүлсээр, гараа угаахгүй хооллож, ундалснаас болон эрүүл ахуйн дэглэм буруу сахиснаас үүдэлтэй хүний биед ходоодны үрэвсэл шархлаа, хавдар үүсгэх чадвартай хоруу чанар ихтэй нян юм. Хелико бактерийг оношлодог олон аргууд байдгаас дурандуулах явцдаа эдийн шинжилгээ авхуулан хелико бактер илрүүлэх түргэвчилсэн сорил багтдаг. Түргэвчилсэн сорилоос гадна эмгэг бүтэц зүйн, молекул биологийн аргуудаар хелико бактерийг оношлож ходоодонд гарсан өөрчлөлтийг тодруулан оношлох боломжтой. Сүүлийн үед эмчилгээний дараа хелико бактерийн халдвар бий эсэхийг амьсгалийн сорил болон баасны шинжилгээгээр тодорхойлдог болсон.

Иргэд маань хелико бактерийг цусандаа үзүүлээд хелико бактертай байна гээд хелико бактери устгах эмчилгээнд ордог энэ талаар?
Хелико бактерийг цусанд үзүүлэх нь түүний эсрэг биеийг үзэж буй юм. Эсрэг биеийг үзэх нь тухайн хүнд яг одоо халдвар байгаа гэдгийг батлахгүй хелико бактерийн улмаас үүссэн эмгэгүүд байгаа гэдгийг нотлохгүй. Тухайн хүн хэдийд халдвар авсан, эдгээд өнгөрсөн зэргийг тодорхойлохгүй шинжилгээний арга юм. Иймээс цусанд хелико бактерийг үзүүлээд хелико бактер устгах эмчилгээнд орох нь буруу юм. Ходоод гэдэс судлалын эмчид хандах нь оновчтой үр дүнтэй юм.

Хүмүүс цээж хорсоно гэж их ярьдаг энэ талаар?
Цээж хорсох нь ходоодны хүчил улаан хоолойруу байнга сөргөн орж улаан хоолойн салтыг гэмтээж тухайн хүнд эмнэлзүйн шинжүүд илрэн, уг сөргөөтэй холбоотой хүндрэл үүсгэдэг эмгэг юм. Энэ өвчнийг ходоод улаан хоолойн сөргөө гэж нэрлэдэг. тухайн өвчин нь амьдралын буруу дэглэм, буруу хооллолт зэргээс болж үүсдэг. Тухайлбал таргалалт, тамхидалт бусад эрхтэн тогтолцооны эмгэг өөрчлөлтүүдээс болж үүсч болно. Жишээ нь гуурсан хоолойн багтраа, ходоодны юүлэлт сулрах холбогч эдийн эмгэг гэх мэтийн үед тохиолдож болно. Жирэмсэн үед хэвлийн дотоод даралт ихэссэнтэй холбоотой сөргөө үүсэх нь элбэг.

Хүмүүс сөргөөтэй гэдгээ яаж урьдчилсан байдлаар мэдэх вэ?
Тухайн хүнд цээж хорсох, гашуунаар гулигах, өвчүүний араар өвдөх, зэрэг үндсэн зовиурууд мэдрэгдэж болно. Хэрэв ийм зовиурууд илэрвэл тухайн мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.

Ярилцсан: С.Бадамжав

198 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш