Цэрэнчимэдийн САРАНТУЯА: Хүн өдөр бүр дуртай ажлаа хийж байвал...

- Дэд профессор Ц.Сарантуяа нь Интермед эмнэлэгт гастроэнтеролог – гепатолог эмчээр ажилладаг.
- 1990 онд Анагаах Ухааны Дээд Сургууль төгсч хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн
- 2006 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуульд анагаах ухааны доктор,


- 2011 онд АНУ-д бизнес удирдлагын мастерийн зэрэг хамгаалсан. ОХУ-д гастроэнтеролог-гепатолог эмчийн нарийн мэргэшил эзэмшиж, Тайван, Япон, Солонгос улсад мэргэжил дээшлүүлэхээр суралцсан.
- 1990-1991 онд Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын эмнэлэгт эмчээр
- 1991-2013 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуульд багш болон Анагаах Ухааны Сургуулийн сургалт харицсан дэд захирлаар ажиллажээ.
- Ходоод-улаан хоолойн хөндийн 24 цагийн рН метрийн шинжилгээ, тэжээл эмчилгээ, хеликонянгийн халдвар судлал, тайвшруулалттай дурангийн эмнэлзүйн чиглэлээр эрдэм судалгааны ажил хийсэн.
- Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын эмнэлзүйн удирдамжууд, ходоод гэдэсний дурангийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологийн стандартууд боловсруулахад оролцсон.
- 2015-2016 онд вирүст гепатиттай тэмцэх дэд хөтөлбөр болон В ба С вирүст гепатитийн оношлогоо эмчилгээний эмнэлзүйн удирдамж боловсруулах Эрүүл Мэнд Спортын Яамны ажлын хэсгийн бүрэлдхүүнд ажилласан.
- Онош сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, ЭМЯ-ны Дотрын зөвлөлийн мэргэжилтэн, Хеликонян судлаач монгол эрдэмтэн судлаачдын тэргүүнээр ажилласан.
- Одоо Монголын Гастроэнтеролог Эмч нарын Холбоо, Монголын Дурангийн Эмч Мэргэжилтний Нийгэмлэг, Монголын Панкреатолог Тэжээл Эмчилгээний Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа.
- Эрдэм шинжилгээ, судалгааний өгүүлэл, илтгэл, сурах бичиг зохиол нийт 150 гаруйг туурвисан.

- Эмчийн мэргэжлийг хэрхэн эзэмших болсон вэ?
- Ээж минь олон хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний анхны багш нарын нэгэн байсан бөгөөд олон жил үр бүтээлтэй ажиллаж, идэр сайхан залуу насандаа эдгэрч болох эмгэгийн улмаас амьдралыг орхисон. Энэ үед ах, эгч нар минь эрдэм сургуулийн мөр хөөж алсыг зорьсон, 2 дүүгийн хамт үлдсэн төгсөх ангийн сурагч миний бие анагаах ухаанд хүч сорин, эмчийн мэргэжил эзэмшихээр шууд л шийдсэн юм. Анагаах ухааны дээд сургуульд элссэн эхний мөчөөс ургацын далайн компанит ажилд 2 сараар томилогдон, намрын ажлаас ирмэгц бүх хичээл нь орос хэл дээр, хичээлийн цаг нь шахуу, багш нар нь шаардлага хатуу анагаахын сургалтын хөтөлбөрт шахагдан гүйсээр, 6 жилийг ардаа орхин, хүний их эмчийн диплом гардан авч байлаа. Энэ үед миний дүү Эрдэнэбилэг ОХУ-ын Киевийн Иргэний агаарын нисэхийн их сургуулийг эдийн засагчаар төгсөн ирж, бид Сүхбаатарын талбайд ромбоны дээл, ёслолын хувцастай зургаа авахуулаад л маргааш нь би Хөвсгөл аймаг руу, дүү маань Булган аймаг руу томилогдон, ажлын гараагаа эхэлж байлаа.

- Та энэхүү хүсэл сонирхлоо хэрхэн биелүүлээд байна вэ?
- Хүн өдөр бүр дуртай ажлаа хийж байвал амьдрал урам зориг, утга учиртай байдаг. Би ийм л ажил, мэргэжил сонгосон. Би эрдэмтэн мэргэд багш нарын халуун сайхан сэтгэл, зүтгэлийн дүнд олж авсан мэргэжлээрээ, Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хувь нэмэр оруулж буйд бахархаж явдаг. Мэргэжил бүр сайхан, эмч болон багшийн хос мэргэжлийг олж авсан их хувьтай хүн. Энэ мэргэжил маань сурж дуусах хязгааргүй тул одоо ч суралцсаар, өнөөдөртэй хөл нийлүүлэх чин эрмэлзэлтэй ажиллаж явна.
Миний бие анагаахын төгсөлтийн өмнөх болон дараах сургалтын хөтөлбөрийн шинэчлэлт, сургалтын хөтөлбөрийг Номхон далайн баруун бүсийн анагаахын боловсролын магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагаанд оролцсон. Шинэ үеийн гастроэнтеролог эмч бэллтгэх сургалтын хөтөлбөрийг шинэчилсэн, хоол боловсруулах эмнэлзүйн салбарт үйл оношзүйн шинжилгээ, тайвшруулалттай дурангийн ажилбарыг нутагшуулсан зэрэг ажлууд маань хүний эмчийн өргөсөн тангаргаа нэр төртэй биелүүлж буй хэрэг гэж бодож явдаг.

- Та анагаахын сургуульд сурч байсан үеэ дурсана уу?
- Намар бүр нь ургац хураалтаар эхэлж, хичээл бүр нь шүүлэг, коллоквиум, зачет, шалгалтаар дүүрэн, зуны дадлагаар хичээлийн жил нь дуусах дурсамж дүүрэн 6 жилийг өнгөрөөсөн. Тариан талбай, үтрэмд үүрийн жингээр босч, шөнийн ээлжинд зогсч, биднийг тэтгэх үр тариа, ногооны үнэ цэнэ, амьдралын хатуу хүтүүг ухаарч билээ. Номоо тэврэн, хоол нойроо хасан, хичээлээ давтан, шалгалт гэж бөөн адал явдал түүх өрнөсөн, бүжиг наадам, кино концерт, спорт тэмцээн, амралтын хөгтэй явдал биднийг тойрохгүй. Манай анги 9,10–р хэсгийн улаан хацартан гэдэг нэртэй цоглог, гялалзсан, хамтач нийтэч гэж жигтэйхэн, тачигнасан инээд хөөртэй, мундаг хүүхдүүд байлаа. Одоо ч бидний унаган багийн найзууд тэр л зангаараа байнга уулзаж учирч, нэгнээ дэмжин, нэгнээрээ бахархан явж байна.

- Анх ажилд орсон сонин содон үлдсэн дурсамжаа хуваалцана уу?
- АУДС-д элсэн орж, бүртгүүлэх үеэр анх танилцсан 2 салаа өтгөн урт гэзэгтэй, монголоор тааруухан ярих Баярмаа гэдэг охин бол миний ирээдүйн ажил амьдралын гар нийлсэн хамтран зүтгэгч, эрдэмтэн профессор, эрхэм анд минь болно гэж төсөөлөөгүй явсан юм. Анхны намрын ажил, 6 жил нэг курсийн анд, сургуульдаа багшаар хамтдаа томилогдож, орон нутагт - эмчийн, их сургуульд - багшийн ажлын гараагаа хамт эхэлж, одоог хүртэл хамтдаа байна. Их сургуулиа дүүргээд, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газарт Баярмаатай томилогдож ирэхэд Газрын дарга Дамдинсүрэн гуай биднийг хүлээж авч, 2 өөр сум руу хуваарилахад нь хүн амьтан танихгүй, хөдөө амьдарч үзээгүй гэх мэт шалдир шалтаг тоочин, хамт нэг сум руу явуулахыг зүрхлэн гуйж байж билээ. Биднийг Цагаан Уул сумын хүн эмнэлэгт Даваадорж ерөнхий эмчтэй, мэс заслын эмч Эрдэнээ, хүүхдийн эмч Оюунчимэг, эх баригч бага эмч Баасанноров болон сувилагч, жолооч, туслах ажилтан нар маань халуун дотноор хүлээн авч, тусалж дэмжсээр, ажлын гарааг маань өлгийдөн бойжуулсан билээ. Жилийн дараа бид оюутны ширээний араас дөнгөж өндийсөн, дипломын будаг нь үнэртсэн “ягаан бохь шиг” шинэхэн боловсон хүчин бус, харин хөдөө гадаа явж, хөхөрч гандаж үзсэн, нярай балчир хүүхдээс өтгөс настанг асарч, төрөлт удирддаг, мэс заслаас бусад тусламж үйлчилгээг гардан үзүүлсэн туршлагатай эмч нар болсон байлаа. Намар сургуульдаа багшаар ирэхэд сургуулийн оюутны шинэ байр ашиглалтанд орж, будаг засвар, цэвэрлэгээний ажилд шууд ханцуй шамлан орсон. Сургуулийн захиргаанаас бид 2-ыг Х.Гэлэгжамц профессорын дотрын тэнхимд хуваарилаж, намраас нь дотрын оношзүйн хичээлийг зааж, УНТЭ-ийн бөөрний тасагт эмчээр ажиллан, Мэргэжил дээшлүлэх институтын дотрын курст суралцаж эхэлсэн билээ. Дараа жил дотрын нарийн мэргэжлийн чиглэлээр тэнхмүүд зохион байгуулагдаж, бид хоёр аанай л хамтдаа Б.Давгадорж профессорын Хоол боловсруулах эрхтний тэнхимд томилогдож ирснээс хойш хамтдаа мөр зэрэгцэн ажиллаж байнаа.

- Нарийн мэргэжлээ хэрхэн эзэмшсэн бэ?
- 1992 онд сургуулийн дотрын тэнхмүүд нарийн мэргэжлийн дагуу байгуулагдах үед залуу багш нар бүх дотрын тэнхимд тойролтоор ажилласны дараа нарийн мэргэжлээ эзэмшинэ гэж байсан боловч дахин зохион байгуулалт хийгдэхгүй болсноор гастроэнтеролог эмчийн мэргэжил эзэмших сонголт маань шийдэгдсэн юм. 1994 онд ОХУ-ын Анагаахын их сургуульд 2 жилийн гастроэнтерологийн нарийн мэргэшлийн сургалтанд суралцаж, оюутан байхдаа номыг нь уншиж, нэрийг нь мэдэх босон профессоруудын амьд лекцийг сонсч, тэднээс суралцаж авах хосгүй боломж олдсон. Лениний нэрэмжит Төв номын сан, Анагаах ухааны төв номын санд ажлын дараа шимтэн сууж, дэлхийн анагаах ухааны ололт амжилттай танилцсан юм. 2000 онд Тайван улсад 1 жил мэргэжил дээшлүүлэх сургалтын үеэр манай буюу оросын “школа” сургалтын ялгааг мэдэрч, резидент эмч нарын сургалтын хөтөлбөрийг өөрчлөх, ба эмч нарын тасралтгүй сургалтыг нийэгмлэгийн шугамаар явуулх эрэлт хэрэгцээг харсан юм. 2004 онд МДИ-ийн ГЭ нарийн мэргэжил эзэмших хөтөлбөрт эмнэлзүйн сургалтыг ходоод гэдэсний уян дуран, хэвлийн ЭХО сургалттай холбож, шинэчллэт хийсэн нь өнөөдө манайд ажиллаж буй өндөр ур чадвартай нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх үндэс болсонд би их баярлаж явдаг.

- Таны хүндэлж явдаг багш тань хэн бэ?
- Эмчийн мэргэжлийг маш олон эрдэмтэн багш эмч нарын тусламжтайгаар олж авдаг. Курсийн декан, хожим эрдмийн ажлын маань зөвлөх багш Л.Галцог профессор, багшийн ажлыг өлгийдөж авсан Х.Гэлэгжамц профессор, ГЭ мэргэжил эзэмшүүлсэн Б.Дагвадорж профессор, П.Я.Григорьев, Э.П.Григорьев , уян дурангийн мэргэжил заасан Б.Мэндбаяр, хөнгөвчлөх эмчилгээ Одонтуяа профессор, удирдлага мененжментийн ухаанд чиглүүлсэн Р.Отгонбаяр захирал, анагаахын сургуулийн ментор багш Н.Бира, эрдмийн ажлын удирдагч Г.Энхдолгор, Л.Лхагва профессор нарынхаа ач тусыг үргэлж хүндэлж санаж явдаг. Эрдэм номын мөр хөөх ерөнхий боловсролын бат бөх суурийг тавьж, цагаан толгойн А үсэг заасан Долгор багшаас эхлээд, ангийн багш Гажийс, болон хичээл ном заасан бүх эрдэмтэн багш нартаа үргэлж талархдаг юмаа.

- Мэргэжлийн ямар нийгэмлэгт хамрагдаж байна?
- Монголын гастроэнтеролог эмч нарын холбоо хэмээх том холбооны гишүүн , удирдах зөвлөлийн гишүүн. Энэхүү холбоо нь манай нарийн мэргэжлийн салбарын малгай холбоо бөгөөд дотроо дурангийн эмч мэрэгжилтний нийгэмлэг, нойр булчирхай ба тэжээл эмчилгээний нийгэмлэг, хеликонян судлалын Монгол судлаачдын бүлгийг багтаана. МГЭХолбоо нь анх Гастроэнтерологийн эмч нарын нийгэмлэг нэртэйгээр 1998 оны 6 сарны 5-ны өдөр С.Бадамжав багшийн санаачлагаар 68 гишүүнтэй байгуулагдан, тамга тэмдэг, журмаа баталж, нийгэмлэгийн “Онош” сэтгүүл гарч байсан түүхтэй. Энэхүү нийгэмлэг маань эдүгээ 20 жилийн түүх туршлагатай, Олон улсын хамтарсан хурлыг жил бүр зохион байгуулж, эмч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлж, тасралтгүй сургалтыг явуулах, эмнэлзүйн удирдамж зөвлөмж боловсруулан, мэргэжлийн дуу хоолойг өргөдөг анагаахын салбарт нэр хүндтэй, том холбоо болсон.

- Таны судалгааны ажлын онцлог юу вэ?
- Монгол хүмүүст тохиолдох ходоод-улаан хоолойн сөөргөө өвчний онцлогийг үйл оношзүйн шинжилгээ болох 24 цагийн улаан хоолой ходоодны хөндийн рН метрийн багажийн тусламжтайгаар шинжилсэн юм.
Орчин үеийн анагаах ухаанд үйл оношзүйн шинжилгээг нэвтрүүлэх хэрэгцээ их байгаа, бүтцийн өөрчлөлт илрэхээс эрт үеийн өөрчлөлтийг илрүүлэхээс гадна хоол хүнсний харшил, хоолны шингээлт боловсруулалт хямрах, гилгэр булчингийн үйлийн хямрал, мэдрэлийн өөрчлөлтийг оношлоно. Иирээдүйн анагаах ухаан нь хүний биеийн өөрчлөлтийг зөвхөн тодорхой нэг цаг үеийн хэмжилтээр бус, урт хугацааны тухайлбал 24 цаг, 7 хоног, улирал, жил гэх мэт амьдралын биологийн хэмнэлтэй холбон судалдаг болно, түүнд үйл оношзүйн шинжилгээ чухал үүрэг гүйцэтгэнэ.

- Та гэр бүлээ танилцуулна уу? Танай хүүхдүүдээс таны мэргэжлийг эзэмшсэн үү?
- Өнөр гэр бүлд өссөн. Аав маань тоо физикийн багш насаараа хийж, тэтгэвэртээ гарсан, хөнгөн шингэн буурай бий. Ээж маань орос хэлний анхын багш нарын нэгэн. Аав ээжээс долуулаа, биднээс 4 багш, том эгч маань гавьат багш, 4 шинжлэх ухааны доктортой ба багш, орос хэл судлаач, уул уурхай ба хувийн хэвшлийн бизнес, урлаг судлаач - зураач, аудит, мэргэшсэн санхүүч, эдийн засагч, англи хэлний орчуулагч, эмч гээд салбартаа амжилттай ажиллаж байна. Охин маань ЕБС төгсөнө, анагаахын чиглэлээр, эмчийн мэрэгжил сонирхож байгаа.

- Хувийн эмнэлэгт ажиллаж байгаа сэтгэгдлээсээ хуваалцана уу? Хувийн ба улсын эмнэлгийн онцлог ямар байна вэ?
- 2013 оноос Интермед эмнэлэгт эмчээр ажиллаж байгаа. Эмчийн ажлаа гардаж түлхүү хийх, эмнэлгийн тусламж үйлчилгээнд гардан оролцох, орчин үеийн анагаах ухаантай хөл нийлүүлэх зорилгоор, түүнчлэн эдийн засгийн дэмжлэг сайтай зэрэг шалтгаанаар хоёрдах карьерээ эхэлсэн. Интермед эмнэлэгт салбар бүрийн шилдэг эмч, сувилагч, удирдагч нартай хамтран ажиллаж, маш их зүйлийг сурч мэдэж явна. Орчин үеийн шаардлага хангасан барилга байгууламж, тоног төхөөрөмж, хүний нөөц, шилдэг мененжмент удирдлага энэ бүгд нийлээд богино хугацаанд Монголд анх удаа олон улсын магадлан итгэмжлэл авсан эмнэлэг болсонд би үнэхээр их бахархаж байна. Хувийн эмнэлэг бол зах зээлд өрсөлдөх өндөр чадвартай, оршин тогтнохын тулд зах зээлээ маш мэдрэмжтэй, нийгэмд түүчээ болж ажиллахыг шаарддаг орчин юм байна. Орчин үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол цөм бол үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, чанартай тусламж үйлчилгээ болжээ.

Ярилцсан С.Бадамжав

469 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш