Шагжийн Ванчаарай: Би маш гэнэн цайлган цагаан хүн учир...

Ш.Ванчаарай хуучнаар Засагт ханы аймаг, одоогийн Завхан аймагийн Чандмань-Өлзийт (одоо Яруу-Алдар) сумын нутагт бага Шонт хэмээх газарт малчин ард Ядамжавын хоёр дахь хүү болон 1933 он буюу харагчин тахиа жилийн зуны эхэн сарын шинэдээр төржээ. Өвөг эцэг Шагж тайж, эмэг эх Төмөр нар бяцхан хүүгийн амьдралд гүн гүнзгий налөө үзүүлсэн хүмүүс байлаа.


1941 онд төрсөн нутаг Чандмань-Өлзийт сумын сургуульд бага боловсролыг эзэмшсэн.
1945 онд Завхан аймгийн төвийн 7 жилийн дунд сургуульд (Одоогийн Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн дунд сургууль) дэвшин суралцаж бүрэн бус дунд боловсролыг эзэмшсэн.

Төрийн хар хүн Ядамжав эцэг эхтэйгээ хамт нэгэн гэрт амьдарч байсан ба шинэ төрсөн хүүд нь нутаг усандаа номтой хэмээгдэх сайн лам Ванчин-Пүрэв хэмээх нэр хайрласан ажээ. Гэтэл өвөг эцэг Шагж тайжийн төрсөн ах нь Пүрэв нэртэй байсан тул түүний нэрийг хэлхээс шүтлэг ихтэй ээж Должин нь цээрлэж сүүлдээ Ванчаарай гэж нэрийдэх болжээ.


- Та өвөг эцгээрээ овоглосон билүү?
Миний төрсөн эцэг Ядамжав их ажилсаг сайн малч хүн байснаас тэднийх сүрхий малжиж малын захтай чинээлэг айл болж Чандмань-Өлзийт сумынхаа 2-р багтаа дорвилог айл болсон хэдий ч 1940 оны үеэс олон айлын албан ноогдол, татвар ихсэж ажил амьдралд дарамттай болсон учир мал сүргээ цөөрүүлж Сандагийн Шагжийх, Шагжийн Ядамжавых хэмээх хоёр өрх данстай болсон. Тэр үеэс л би өвөг эцгийн дансанд бүртгэлтэй болсон учир Шагжийн Ванчаарай хэмээх албан ёсны бүртгэлтэй болж өвөг эцгээрээ овоглох болсон.
Би хүүхэд ахуй бага насаа сайн мэддэг бөгөөд өвөг эцэг Шагж цаг төрийн үймээний тэр үеийг “болдог юм болдогоороо жам ёсоороо явж буй” гэж ойлгон хэнэггүй ханддаг байсан. Харин эмэг эх Төмөр маань сэтгэл санаагаар их хямарч үймж байсан ч амьдралын хар ухаан сайтай, хуучин ёс заншил уламжлалаа дагаж мөрддөг, өрх гэрээ үндсэнд нь удирдан цагийн аяст тохируулж чаддаг ухаалаг хүн байсан. Энэ ч хожим миний амьдралд тод ул мөрөө үлдээсэн юм.
- Төрсөн эхийнхээ тухайд?
- Миний аав Ядамжав агшин зуурч зүгээр сууж чаддаггүй дэндүү их ажилсаг хүн байлаа. Тэрбээр малдаа явж ирээд гэртээ орон цайлангуутаа дээл хувцсаа хөнгөлж, нимгэлээд арьс шир авч элдэх, хотныхоо хонины ноос түүх, аргал түлшинд явах, өтөг бууц арилгах, хашаа хороо цэвэрлэх зэрэг ер зүгээр суудаггүй, гэртээ хүнтэй элдвийг ярьж суухдаа хүртэл ямар нэг юмыг оролдож суудаг, багийн хуралд суухаар явахдаа хүртэл элдэх сур, томох дээсээ хүртэл авч явдаг сонин хүн байлаа. Харин ээж Должин маань ааваас 5-6 дүү, шашин шүтлэг ихтэй ихэс дээдэс, ахмад хүмүүсийг их хүндэлж хүндэтгэлийн ёсонд дэндүү биширсэн, нигүүлсэнгүй зөөлөн сэтгэлтэй бөгөөд тойн хэргэмтэй Сартуул хошууны зарганд их явдаг гал цогтой, хэл амтай заргач эцэг Гончигийнхоо ухааныг өвлөсөн сэхээлэг удмын хүн байсан.
- Та хэл бичигт их дуртай байсан гэл үү ?
Би хичээл номдоо шамдангуй, хэдийгээр тоо бодлого зэрэгт гавихгүй байсан ч хувиа борлуулж дөнгөдөг түүний зэрэгцээгээр хэл бичиг, унших, нийгмийн ухааны хичээлдээ илүү сонирхолтой, түүгээр ч зогсохгүй бас ч шүлэг холбоо зэргийг бичиж оролдох болж үүгээрээ багш нарын зүгээс талархал хүлээж, хирдээ урамшиж зоригжиж явсан нь хожим зохиолч болохын анхны гараа болсон доо.
- 15 настайдаа багшилсан гэлүү?
7-р анги төгсөгчдийг багшлах ажилд томилох нь тэр цагийн зайлшгүй хэрэгцээ болж байсан тул намайг 7 жилийн бүрэн бус дунд сургуулиа төгсмөгц хэдэн нөхдийн хамтаар төрөлх нутаг Чандмань-Өлзийт сумын бага сургуульд багшаар томилогдож боловсролын үйл хэрэгт хүчин зүтгэж эхэлсэн байна.
Бага сургуулийн багш хүн дээрээс баталж хүргүүлсэн сургалтын төлөвлөгөөг гардан авч биелүүлэх үүрэгтэйн учир би хэл бичиг, унших, тоо бодлого, түмэн бодис, биеийн тамир бас бус хичээлүүдийг зааврын дагуу заахын зэрэгцээ хүмүүжлийн олон хэлбэрийн ажлыг удирдаж тэр үед их элбэг байсан сурагчдын сургуулиас оргох, сургууль завсардахын эсрэг тэмцэж, хүүхэд цуглуулах анги бүрдүүлэхэд өдөр шөнөгүй өртөөний мориор шогшиж, эцэг эх малчдад сургууль соёлын ач холбогдолыг ойлгуулж, орон нутгийн хуучны хоцрогдсон хэсгийн сургуулийн эсрэг өдөөж байгаа явуулага хэрэг явдлыг илчлэн засах шинэ амьдралын замд ороход өөрийн чадал чинээгээр хувь нэмрээ оруулж их зохиолч Д.Нацагдоржийн бичсэнээр “хөдөөгийн уул талаар соёлыг тарих” үйлст даруй гурван жилээ зориулсан байна.
- Та эмч мэргэжлийг яагаад сонгох болов?
Би 17-18 насны үед буюу 1951 онд Хүн эмнэлгийн техникумд суралцахаар саналаа өгч, хүлгийн дөрөөнд мордож алс холын замд гарч байлаа. Энэ үед аав маань таатай хүлээж аваагүй харин ээж тэнгэр огторгуйдаа сүүн сацал өргөн ерөөж байсан. Ийнхүү би улсын нийслэл Улаанбаатарт номын мөр хөөж 1951 оны зун ирж байлаа. Ирээд ээжийнхээ төрсөн дүү нагац эгч ганц бие Даваасүрэнгийнд сууж, төв суурин газар олон жил суурьшсан эгчийн ачаар гачигдах дутагдахыг үзсэнгүй харин ч бүрэн хувцаслуулж зорьж ирсэн хүн эмнэлгийн техникумд суралцаж дотуур байранд орж анхны хичээлийн жилээ амжилттай төгсгөсөн.
Сурлага номдоо хичээнгүй үнэнхүү мэрийлттэй залуу байсан учир багш нарын заасан хичээлийг дор бүр нь өөрийн болгон эзэмшихийг чармайж улсын төв номын санд тогтмол очиж холбогдох ном зохиолыг нэмэн уншиж мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ тэр үед хэвлэгдэж байсан “Цог” сэтгүүлээс эхлээд зохиолчдын туурьвал, уран зохиолын номуудыг алгасалгүй уншиж улмаар уран зохиолын амтанд буцалтгүй орж романтик дэврүүн хүсэлд автаж МУИС-д суралцахыг эчнээ мөрөөдөх болсон. Тэгээд ч удалгүй энэ гэгээн мөөдөл минь биелэл болох хувьтай байснаас зуны амралтаар гэртээ харихдаа Улиастай хотын дунд сургуулийн Гэрэл багшдаа хүссэн зорилгоо хэлж багшийнхаа тусламжаар 9-р анги төгссөн гэсэн бичиг баримт бүрдүүлэн ирж жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит II арван жилийн дунд сургуулийн 10-р ангид орж суралцаж байлаа.
- Та МУИС-д суралцсан талаараа?
Тэр үед Гамин Норов хэмээн алдаршсан дүн хатуутай багшийн зүгээс зэмлэл хүлээдэг байсан ч нагац эгч Даваасүрэнгийн асрал энэрэл доор аливаа юмаар дутсангүй бас ч яаж ийж байгаад сургуулиа амжилттай төгсөхийг сургамжлан захидагт нь урам зориг орж удмаа дуурайсан ухаалаг сайхан сэтгэлтэй эгчийнхээ сэтгэлийг нь гүйцээж улмаар сурлагадаа сайжран 1954 онд 10-р ангиа дажгүй амжилттай төгсч бүрэн дунд сургуулийн үнэмлэхийг гардаж авсан нь МУИС-д суралцаж мэргэжил эзэмшихийг хүссэн мөрөөдлөө биелүүлэх үүд хаалгыг өөртөө нээж чадсан байна. Энэ буянтай үйлст нагац эгч Даваасүрэн түүний ганц хүү офицерийн суртуулийн сурагч Санжмятав нар үнэлж барашгүй тус хүргэснийг өнөөдөр ч гэсэн бахархан дурсах дуртай. Би 1954 оны намар маршал Чойбалсангийн нэрэмжит МУИС-ийн анагаах ухааны салбарын (факультетийн) оюутан болж тэртээ хөдөө Чандмань-Өлзийт сумынхаа бага сургууульд багш байх үеэс (1951) сэтгэлдээ мөрөөдөл болгон тээсэн хүний эмчийн мэргэжил эзэмших их үйлсийн ариун замд шуудран оржээ. Гэвч алс хөдөө нутгийн малчин ардын хүү МУИС-д суралцах гэдэг амаргүй даваа байлаа. Дунд сургуульд сурч байхдаа тоо бодлогын хичээлд их л түүртэж байсан шигээ их сургуульд элссэн хойно орос хэл гэдэг надад хамгийн хүнд даваа болж мэдлэг мэргэжил эзэмших гэсэн оролдлого чармайлтын нэгэн шалгуур болсон доо. Тэр үеийн МУИС-ийн Анагаах ухааны салбарын оюутнууд орос хэлийг сурч эзэмшихгүйгээр урагшаа ганц ч алхам ахиж чадахгүй тийм орчинд суралцаж байлаа.
Олонхи хичээл үндэсний сурах бичиггүй цөм оросын эрдэмтэн багш нар бичсэн сурах бичиг, лекцийг ашигладаг хичээлийг Орос улсаас МУИС-д уригдан ирсэн өндөр мэргэжлийн багш нар биечлэн заадаг, лекц, дадлага, шүүлэг, шалгалт цөм орос хэлээр суурилж байсан зэрэг нь орос хэлийг эн тэргүүн шамдан сурахыг шаардаж байлаа. Бусад нөхдөөсөө хоцрохгүй булай болж зэмлэгдэхгүйн тулд орос хэлийг шаргуу үзэж лекцийн гол утга санаа, үндсэн ойлголтыг тэмдэглэн бичиж бичсэнээ сурах бичгээс дэлгэрүүлэн баяжуулж, толь бичгийг тогтмол үзэж үгийн баялагаа нэмэгдүүлэх үг хэлээ зүгшрүүлэх, уншсанаа ойлгох, ойлгосноо тэмдэглэх, тэмдэглэснээ өөрийн болгож мэдлэгээ гүнзгийрүүлэхэд ихэд анхаарч хичээн шамдаж байсан.
- Та гэр бүлийнхээ талаар?
Би оюутан болсон үеэсээ өөрийгөө цэгнэж таних тал нь давамгайлж бага залуу насны эрх танхи байдал, элбэг дэлбэг амьдрал, зан авирын болон харьцааны сул талуудаа шүүмжлэнгүй болгоон бодож амьдралын хэрсүү ухаан сууж байснаа алхам алхамаар мэдэрч байлаа. Тэгээд ч бас болоогүй анагаах ухааны салбарын II ангийн оюутан байхдаа Хэнтий аймгийн харяат нэг мэргэжилд суралцагч оюутан Аюушид сэтгэл алдарч гэр бүл зохиосон нь (1955) хэдий нөхдийн зүгээс “засаагаа захирч чадахгүй амьтан” хэмээн шоологдож байсан. Энэ үеэс ганц бие, хар толгойгоо бодох нь төгсгөл болж оюутны амьдралын хугацаандаа гурван хүүгийн эцэг болж авгай хүүхдээ тэжээх, аж амьдралаа төвхнүүлэх, хичээл сурлагадаа шамдах давхар, давхар үүрэг хүлээсэн. Би оюутны III ангиасаа онц сурч, нэмэгдэл цалин авч ар гэрийн амьдралд нэмэрлэх болсноос гадна, орос хэлний мэдлэгээ сайжруулсаны хүчээр Орос-Зөвлөлт болон гадаад гүрнүүдийн уран зохиолыг орос хэлээр уншиж танилцан утга зохиолын мэдлэг чадвараа дээшлүүлэн, бас ч оросын их зохиолч А.П.Чеховын өгүүллэгээс төрөлх эх хэлнээ орчуулга хийж орос хэлний мэдлэгээ улам дээшлүүлэхэд их анхаарч байсан.
- Та оюутан байхдаа МЗЭ-д орж байв уу?
Эрдэмтэн багш Ш.Гаадамбын удирдан хүмүүжүүлж байсан МУИС-ын “Утга зохиолын дугуйлан”-д тогтмол хичээллэж хожим манай соёл, уран зохиолын сор, гол төлөөлөгчид болсон үеийн олон оюутан сэхээтнүүдтэй танилцаж, уран бүтээлийн маргаанд оролцож зохиол бүтээлээ хэлэлцүүлж өөр бусад газрын уран зохиолын дугуйлангийнхантай туршлага солилцож улмаар МЗЭ-ийн хорооны эхлэн бичигчид, залуу зохиолчдод өгөх уран бүтээлийн зөвлөгөөнд сууж ахмад нэрт зохиолчдын уран бүтээлийн туршлагатай нь танилцан бичсэн бүтээлдээ зөвлөгөө авч, заримд нь уран бүтээлийн шавь орсон зэрэг нь мартагдашгүй олон талын үртэй нөлөө үзүүлж эмч мэргэжил эзэмшихийн төлөө суралцахын хамт уран бүтээлч болж өндийхөд нь сайхан боломж болсон. Миний “Анхны дурлал” нэртэй өгүүллэг МЗЭ-ийн хорооноос эрхлэн хэвлүүлж байсан “Уран зохиолын цоморлиг” цуврал эмхтгэлд хэвлэгдэж (1957) МУИС-аа төгсгөх улсын шалгалт өгч байсан 1959 оны хавар “Залуучуудын үнэн” сонины редакциас зарласан уран зохиолын уралдаанд зориулан бичсэн “Ганцхан жилд” өгүүллэг тэргүүн байр эзлэж 1000 төгрөгийн шагнал авчирч байхад миний гурав дахь хүү Батболд нь хорвоод мэндэлж байсан.
Ингээд 1959 онд 26 насандаа МУИС-ийн анагаах ухааны салбарыг сайн дүнтэй төгсгөж хүний их эмчийн мэрэгжил эзэмшиж мэрэгжлийн диплом гардан авсан. Ингэж бараг 10 жилийн өмнө хүн эмнэлгийн техникумд санал өгч эмчийн мэргэжлийг сонирхож байсан хүүхэд цагийн мөрөөдөл нь биелэлээ олсон сонин түүх шүү.
- Та ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
Төрөлх Завхан аймагт гарсан боловч гэргий маань дөнгөж амаржин нялх биетэй байсныг харж үзэн нийслэл хотын хүүхдийн төв больницод эмчээр хувиарласан. Нийслэл хотдоо нэг жил ажиллаад анхны хуваарь томилолтоо эх орны уриалгаар хөдөө орон нутагт ажиллах санал өгч, яам тамгын газраас дэмжигдэн, сонин хэвлэлд бичүүлж Завхан аймгийн төв Улиастай хотын эмнэлэгт хүүхдийн эмчээр ажиллаж эхэлсэн. Улаанбаатар хотын хүүхдийн эмнэлгийн жишгээр Улиастай хотод хүүхдийн эмнэлэг шинээр байгуулах санал дэвшүүлж ажил хөөцөлдөж удирдах ажилтнуудын дэмжлэг болон эсэргүүцэлтэй тулгарч хирдээ л хэрэг мандуулж явсан даа. Энэ бол тэр цагтаа шинэ санаа, бүтээлч сэтгэлгээ бөгөөд биелэлээ олсон нь сонин түүх. Тэгтэл Эрүүлийг хамгаалах яамны шинэ томилолт ирж нийслэл хотноо шинэ дутам байгуулагдсан “Ариун цэвэр-гэгээрлийн орд”-ны арга зүйч эмчээр ажиллуулах шийдвэр ирж шинэ ажилдаа шамдан орсон.
Эндээ 1965 оныг хүртэл ажилласан нь уран бүтээлд минь тун таатай сайн нөхцлийг бүрдүүлж байсан. Уран бүтээл туурьвил зохиол, эрүүл мэнд, эмнэлгийн сурталчилгааг өргөжүүлж, өөрөө бичлэгийн олон төрлийг эзэмших, гарших, хэвлүүлэхэд шинэ хүч сэлбэж өргөн боломжийг нээж өгсөн явдал байлаа.
Би эрүүлийг хамгаалах яамны харъяа Ариун цэвэр- гэгээрлийн ордны арга зүйч-эмчээр ажиллах хугацаандаа эрүүл мэнд, эмнэлгийн сурталчилгааны тайлбартай үзүүлэн таниулах зурагт шинэ материалыг санаачлан хийж удирдах дарга нараа сандралд оруулж эцэст нь дэмжлэг хүлээж, үр дүнгээ үзэж олон нийтийн болон эмнэлгийн ажилтан, эрүүлийг хамгаалах яамны удирдлагаас талархал хүлээж явсан нь хожим энэ байгууллагын уламжлалт ажил болж улс орон даяар өргөн хүрээтэй гарсан юм.
-Та Эрүүл мэнд сэтгүүлийг эрхэлж байсан тухайгаа?
Өөрийн эрхлэн байсан ЭХЯ-ны гол хэвлэлийн нэг “Эрүүл мэнд” сэтгүүл улиралд 1 удаа хэвлэгдэж байсныг хоёр cap тутамд нэг удаа зураг чимэглэл сайтай агуулга төгөлдөр, үзэмжтэй, анагаах ухааны шинжлэхүй ухаанч нийтлэг шинжийг хөгжүүлэх өргөн олонд эрүүл мэндийн хүмүүжил олгох төв индэр болгох саналыг дэвшүүлэн ЭХЯ-ны сайдаар дэмжүүлэж санаснаа биелүүлж сэтгэл тэнийж явсан зүтгэл хөдөлмөрийн нэгэн бахархал болж үлджээ.
Зөвхөн үүгээр ч барахгүй хожим ЭХЯ-ны сэтгүүлүүдийн хариуцлагатай нарийн бичгийн дарга (1983-89) хийж байх үедээ “Эрүүл мэнд” сэтгүүлийн оны захиалга 30,000 байсныг 100,000 хувьд хүргэж жинхэнэ анагаах ухааны нийтлэг сэтгүүл болгосон учир ЭХЯ-ны тусгай шагнал, бас хэвлэл-мэдээллийн тэргүүний ажилтан цол хүртэж санаачилан хийсэндээ хүрч чадсан шүү.
-Та хаана хаана ажилласан бэ?
ЭХЯ-ны харъяа Ариун цэвэр гэгээрлийн ордонд 1961-65 онд ажилласны дараагаар монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн захиргаанд анагаах ухааны сурталчилгаа хариуцсан референт (1965-68) Монголын үндэсний телевизийн захиргаанд анагаах ухаааны сурталчилгаа хариуцсан редактор (1968-1971) Ариун цэвэр гэгээрлийн ордонд арга зүйн тасгийн дарга (1971-1983), ЭХЯ-ны сэтгүүлүүдийн нэгдсэн редакцид хариуцлагатай нарийн бичгийн дарга (1983-1989) зэрэг албыг тасралтгүй хашиж ажил амьдралынхаа 28 жилийг зориулсан даа. Улс, эх орондоо 40 гаруй жил ажиллахдаа ажлынхаа чөлөө заваар өдрийг өдөр гэлгүй, шөнийг шөнө гэлгүй уран бүтээл туурьваж өгүүллэг, найруулал туужийн 10 гаруй ном, гурван роман хэвлүүлж, дөрвөн жүжиг тоглуулж, улс орондоо нэр нь мандаж ажил үйлс нь түгсэн монгол улсынхаа энэ зууны эмч нарын талаар 120 орчим хөрөг болон намтарчилсан найруулал нийтлүүлжээ.
Би амьдарч ажиллаж, бүтээж туурьваж өнгөрүүлсэн өөрийн амьдрлынхаа 85 насны өндөрлөгөөс эргэн харж дүгнэн цэгнэж “Биеэ зовоосон хүн л сайхан амьдардаг” хэмээх нэртэй дурсамж бичсэнийг уншихад сонирхолтой байна.
Энэ нэгэн болдоггүй зан миний яс маханд шингэсэн шиг санагдаад байдаг юм. Бурхан надад бага зэрэг ухаан зааясан ч муу санаа, амиа бодох авхаалж самбааг заяагаагүй бололтой. Харин миний хүнд итгэмтгий сайхан сэтгэл намайг аливаа муу бүхнээс хаацайлж явдаг ч байж магадгүй. Би маш гэнэн цайлган цагаан хүн учир нэг хэсэг хүний идэш болж ажил дээрээ зохиол бичдэг, мөнгө хөөж ажил цалгардуулдаг гэх мэт матаас, шүүмжлэлд өртөж, амьдралын маань зам мөр хэдийгээр хазгай муруй энхэл донхолтой байсан ч ямагт зөв чигтэй явсаар өдийг хүрчээ хэмээн бичсэн буй.
Би ардчилал, өөрчлөлтийн шинэ үе эхэлсэн 1980-аад оны сүүлчээр цагийн аяст автагдаж 1989 онд ЭХЯ-ны нэгдсэн редакцийн хариуцлагатай нарийн бичгийн даргын үүрэгт ажлаа өгч олон жил махран оролдсон утга зохиолын ажлаа дагнан хийх болж МЗЭ-ийн ахмад гишүүний хувьд МЗЭ-ийн хороогоо бараадаж мэргэжлийн зохиолчоор ажилласан ба (1989-1991) түүний үр дүн нь социалист нийгмийн үеийн бурангуй зохион байгуулалт хүнд суртлыг бодитойгоор хурц шүүмжлэн дүрсэлсэн “Шагнал шийтгэл” хэмээх романаа бичиж хэвлүүлсэн явдал юм. 1991 онд өндөр насны тэтгэвэрт гарсан боловч нөгөө л яс маханд нь шингэсэн “улаан хувьсгалч” зангаа орхилгүй эзэмшсэн дадлагажсан туршлагадаа үндэслэж эмч эмнэлгийн ажилтны мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэх шинэ мэдээллээр хангахын тулд 1990 оноос эхлэн “Эмч” нэртэй сонин гаргаж зүтгэн хөдөлмөрлсөөр яваа билээ. Бас 2001 оноос Архи, тамхины хороос иргэдээ хамгаалах нийгэмлэгийн “Ухаарал” сонинг ямарч цалин пүнлүү авалгүй гаргаж байна. Энэ хоёр сонин нь хэдийгээр ашиг орлогогүй боловч миний нөгөө л “улаан хувьсгалч” зангаараа насны минь эцэст олон түмэндээ үйлдэж буй буян юмдаа гэж боддог юм. 1955 оноос ханилсан гэргийтэйгээ 48 жил тоонот гэрт толгой холбож, тост тогоонд хошуу холбож 4 хүү 1 охин бүгд таван хүүхдээ өсгөж хүмүүжүүлэн бүгдийг дээд боловсролтой, энэрэнгүй сайхан сэтгэлтэй, ёс суртахууны зөв хүмүүжилтэй болгож түмэнд үрээ, төрд төлөө нэмсэн өрх гэрийн тэргүүн, халамжит эцэг байж иргэний үүргээ биелүүлж яваа хүндтэй буурлуудын нэг болсон доо.

Ярилцсан С.Бадамжав

234 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш