Пүрвээгийн БАТ-ОЧИР: Арслан П.Дагвасүрэн багшийн шавь шүү дээ...
  • 1957 оны 11 дүгээр сарын 28 нд  Увс аймгийн Завхан суманд “Шар булаг” гэдэг газар төрсөн.
  • 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 1-р 10 жилийн дунд сургуулийг төгссөн.
  • 1978 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийг Эрүүл ахуйч бага эмчийн мэргэжлээр


- 1986-1992 онд Анагаах ухааны дээд сургуулийн Эмчилгээний ангийг эмч мэргэжлээр төгссөн.
- 1993 онд Улсын клиникийн I эмнэлэгт чих, хамар хоолойн эмчийн нарийн мэргэжлийн курс,
- 1998 онд Герман улсын Франфурт Майн хотод Спортын физиологич, гэмтэл бэртлийн курс,
- 1993 онд Англи хэлний анхан шатны курс,
- 1995 онд Англи хэлний дунд шатны курс,
- 1998 онд Анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан.
- 2007 онд Иран улсын Тегеран хотод Төв Азийн эмч нарын Допин контролийн офицерын курс, семинар,
- 2007 онд Хятад улсын Бээжин, Нанжин хотод Азийн орнуудын эмч нарын Допинг контролийн эмч нарын курс,
- 2009 онд Хятадын Бээжин хотод Азийн спортын эмч нарын курс,
- 2015 онд Улаанбаатар хотод Sports Medicine 15 june and physiology
- 2015 онд Дэд профессор цол №1504.
- 2016 онд Anti doping for Sport phyicions 17 may
- 2016 онд Sports Medicine and physiology
- 2018 онд Doping Control officer 12-13 april
- 2018 онд Sport Medicine and Science course 11-14 june тус тус хамрагдсан.

Шагнал урамшуулал
- 1982 онд Самбо бөхийн спортын мастер
- 1998 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг
- 2000 онд “Биеийн тамирын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг
- 1996 онд Монголын Үндэсний Олимпийн хорооны 40,50 жилийн ойн медаль
- 2008 онд Боксын холбооны 60 жилийн ойн медаль
- 2006 онд Жүдо бөхийн холбооны 40 жилийн ойн медаль
- 2010 онд Спортын төв ордны 50 жилийн ойн медаль
- 2009 онд Монголын Үндэсний Олимпийн хорооны “Алтан очир” одон
- 2009 онд Самбо бөхийн Олон улсын хэмжээний мастер
- 2010 онд Алтан гадас одон
- 2011 онд Байт сурын холбооны 60 жилийн ойн медаль
- 2011 онд Жүдо бөхийн холбооны 45 жилийн ойн медаль
- 2011 онд Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойн медаль
- 2011 онд Спортын анагаах ухааны алба байгуулагдсаны 50 жилийн ойн медаль
- 2011 онд Монголын чөлөөт бөхийн холбооны 50 жилийн ойн медаль
- 2011 онд Биеийн тамир, спортын 90 жилийн ойн медаль
- 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
- 2015 онд Монголын үндэсний Олимпийн хорооны дээд шагнал Алтан Од одон
- 2017 онд Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор тус тус шагнагдсан.

- Та өөрийнхөө болон гэр бүлийнхээ талаар товч танилцуулна уу?
- Эмчийнхэн овогт Пүрвээгийн Бат-Очир. 1957 онд Увс аймгийн Завхан суманд “Шар булаг” хэмээх газар төрсөн. Гал тахиа жилтэй. Хүний их эмчийн мэргэжилтэй, Анагаах ухааны магистр, дэд профессор цолтой. Орос-Англи хэлтэй, Бөхийн самбо-жүдо барилдааны Олон улсын хэмжээний мастер цолтой, Жүдо барилдааны улсын шүүгч, Ази тивийн контролийн офицер, Зүүн Азийн наадмыг зохион байгуулах хорооны гишүүн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Эхнэр Ч.Эрдэнэчимэг: Хүний их эмчийн мэргэжилтэй. Анагаах ухааны магистр цолтой. Орос хэлтэй. Дотрын эмчийн нарийн мэргэжил эзэмшсэн. Өрхийн эмнэлэг болон Үндэсний биеийн тамирын дээд сургуульд эмчилгээний биеийн тамирын тэнхимийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа Спортын физиологи, спортын анагаах ухаан, эмчилгээний биеийн тамирын хичээлүүдийг зааж 4 анги төгсгөсөн.
- Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
- Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
- Багшийн алдар медаль
- Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг
- Эрүүлийг хамгаалахын 90 жилийн ойн медаль
- Алтан гадас одонгоор шагнагдсан.

Том охин Б.Болор: Улаанбаатар их сургуулийг Англи хэлний багш, орчуулагчийн мэргэжлээр,
Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлага, маркетингийн мэргэжлээр төгссөн. Магистр цолтой.
Нөхөр Б.Батболд нь Батлан хамгаалах их сургуульд багшилдаг. Хоёр хүүхэдтэй. Маргад-Эрдэнэ, Амин-Эрдэнэ нар нийслэлийн 10 жилийн I дунд сургуульд сурдаг.

Бага охин Б.Батчимэг Хятад улсын Бээжин хотын Биеийн тамирын их сургууль төгссөн. Боловсролын магистр цолтой. Голомт банкны Зээлийн эдийн засагч.
Нөхөр М.Бадрах нь Газрын теннисний дасгалжуулагч. Охин Б.Мишээл, хүү Б.Нэгун цэцэрлэгт хүмүүждэг.

- Та анх мэргэжлээ хэрхэн сонгов, мэргэжилдээ дур сонирхолтой болсон талаар ярина уу?
- Би эмчийн мэргэжлийг сонгоход дараах хүчин зүйл нөлөөлсөн гэж үздэг. Манай аавын нагац ах Сэмүүн хэмээх оточ нутгийн зон олондоо хүндлэгдсэн, олон арван иргэдийг эмчилж, түмэндээ үнэлэгдсэн алтан гартай буурал байсан.
Миний ээж Ц.Авирмэд Сувилагчийн мэргэжилтэй. Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт 103 түргэн тусламжийн сувилагч, Халдвартын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Миний аав Ё.Пүрвээ Аймгийн төв аптект нярвын ажил хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Нагац ах Ц.Бат-Очир хүний их эмч. Аймгийн нэгдсэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.
Ийнхүү би хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн ба одоо хүртэл энэ мэргэжлээрээ ажиллаж явна.
Миний төрсөн дүү П.Дулмаа Анагаах ухааны дээд сургуулийг шүдний эмчийн мэргэжлээр төгссөн. Одоо Эх нялхсын төвийн эрүү нүүрний мэс заслын тасагт их эмчээр ажиллаж байна.
Миний ээжийн төрсөн дүүгийн охин Б.Сумьяа Анагаах ухааны дээд сургуулийн хүүхдийн эмчийн ангийг их эмч мэргэжлээр төгсөөд Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмчээр ажиллаж байна.
Миний төрсөн дүү П.Дулмаагийн хүү Э.Энхмандах Анагаах ухааны дээд сургуулийн Эрүү нүүрний эмчийн мэргэжлээр төгсөн их эмчээр ажиллаж байна.
Миний төрсөн дүү Чойжилсүрэнгийн охин Түвшинбилэг Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн нүүр ам судлалын салбарт 3 –р курсийн оюутан. Эмч болохоор бэлтгэгдэж байна. Удам дамжин ахан дүүсээрээ Эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж байна.

- Та Анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд хөдөлмөрийн гараагаа хэрхэн эхэлсэн тухайгаа яриач?
- 1978 онд Анагаах Ухааны дунд сургууль төгсөөд Эрүүлийг хамгаалах яамны Сайдын тушаалаар яамны харьяа Эрүүл ахуйн халдварт нян судлалын улсын институтэд Эрүүл ахуйч, багш-эмчээр ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Тухайн үед Улаанбаатар хотод хөдөөний нэг ажилчны хүү байтугай хотын дарга нарын хүүхдүүд үлдэх боломжгүй, амаргүй цаг үед би сайдын тушаалаар үлдэж ажилтай болсон нь тэнгэрийн хишиг байлаа. Энэ нь миний бага наснаасаа спортоор хичээллэн амжилт гаргасан үе таарсан юм. Анагаах ухааны дунд сургуульд суралцах хугацаандаа хот, улс, олон улсын тэмцээнүүдээс удаа дараа алт, мөнгө, хүрэл медаль авч,“Анагаахын Бат-Очир”, “Хоршоолол” нийгэмлэгийн “Буржгар Бат-очир” гэж хэлүүлж явсны маань шан байлаа.
Би ажиллахын зэрэгцээ бөхийн спортоор тууштай, системтэйгээр хичээллэсээр байсан. Намайг Анагаах ухааны дунд сургуульд оюутан байхад биднийг Эмнэлэг биеийн тамирын диспансерт эрүүл мэндийн үзлэг оношлогоо, сорилт үзлэгт байнга хамруулдаг байсан. Тэр үед Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын Арслан П.Дагвасүрэн багш маань спортод дур сонирхолтой өчүүхэн зүтгэлийг маань үнэлэн гараас минь атгаж, өөд нь татаж, өөрийн шавь болгосон ачтан билээ.
Спортын анагаах ухааны чиглэлээр цаашдаа ажиллах хүсэлтэйгээ Эрүүл мэндийн яамны сайд н.Ням-Осор гуайд уламжлахад хүсэлтийг минь нааштайгаар хүлээн авч улмаарЭрүүлийг хамгаалах яамны харьяа Эмнэлэг биеийн тамирын диспансерт ажиллуулахаар дахин томилолт өгсөн. Ийнхүү буянтай буурлуудын ач буяныг би өнөөдрийг хүртэл мартаагүй явна.
1980 оноос эхлэн Эмнэлэг биеийн тамирын диспансерийн массажист бага эмчээр 1986 он хүртэл ажилласан. Ингээд 1986 онд Хүний их эмч болох мөрөөдөлдөө хөтлөгдөн Анагаах ухааны дээд сургуулийг зорьсон. Сургуулиа амжилттай төгсөөд Диспансерын дарга И.Дэндэв, их эмч П.Дагвасүрэн, П.Ядмаа, Т.Хүчитбаатар, С.Бор, бага эмч Б.Чимэддамба, н.Гальяа, н.Оюунцэцэг зэрэг ахмадууд болон их эмч Г.Бямба, н.Сундуй, Х.Шийзаяа, н.Бадамдорж, Ч.Батцэнгэл, Ц.Энхбаатар, С.Лхагвасүрэн нартайгаа хамтран Спортын анагаах ухааны салбарыг хөгжүүлэх эрхэм үйлсэд хүчин зүтгэх болсон. Мөн миний багийн найз, анагаах ухааны дунд сургуулийнхан, их эмч Д.Загдсүрэн, Ч.Насанбат нартай мөр зэрэгцэн Биеийн тамир, спортын салбарт хамтран ажилласан. Бид нэг багшийн шавь, нэг зорилго, тэмүүлэлтэй явсны хүчинд Д.Загдсүрэн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Ч.Насанбат Монгол Улсын хүний гавьяат эмч, П.Бат-Очир Монгол Улсын хүний гавьяат эмч цол хүртсэн нь Миний багшийн аугаа буян билээ. БАГШ ТАНЬДАА МӨРГӨМҮЙ.

- Та ер нь хэдэн оноос Спортоор хичээллэж эхэлсэн бэ?
- Би анх 1971 оноос Увс аймгийн “Спорт” нийгэмлэг гэж байхад Улсын начин Лхамаа гуайн секцэд явж эхэлсэн. Сургууль дээр Жигдэн багшийн удирдлага дор секц дугуйланд хамрагддаг байлаа. Анх 1973 онд Аймгийн наадмаар Үндэсний бөхөөр хүүхдийн барилдаанд түрүүлэн Шонхор цол хүртэж, цүнхтэйхичээлийн хэрэглэлээр шагнуулж, шагналыг Аймгийн дарга н.Баасанжав гуайгаас гардан авсан нь миний шагналын болон спортоор хичээллэх анхны гараа байж билээ.
1975 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийн оюутан болж Намрын ажилд яваад одоогийн улсын начин, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Д.Жанчивдоржтой танилцан, намрын ажлын талбарт мөр зэрэгцэн ажиллаж, чөлөөт цагаараа бөх барилдаж, бөх ярьж явсаар хотод ирээд Спортын төв ордонд Самбо бөхийн секцэд, Одоогийн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Баатаржав, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох нарын секцэд, одоогийн Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Дамдин, Улсын харцага Г.Намсрайжав, спортын мастер н.Батбаатар, Д.Жанчивдорж нартайгаа хамт бэлтгэлээ хийж байсан түүхтэй. Ингэж спортын алдартнуудтай бэлтгэл хийсний хүчинд Самбо бөхийн спортын мастер, олон улсын хэмжээний мастер, жүдо бөхийн улсын шүүгч болж хот, Улс, Олон улсын тэмцээний, нэрэмжит тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль 30 гаруйг хүртэж үүнээс Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль-3, хүрэл медаль-4, олон улсын тэмцээнээс хүрэл медаль-5, VIII спартакиадаас хүрэл медаль тус тус хүртэж байсан.

- Та 1986 онд Анагаах ухааны дээд сургуульд элсэн орсон. Оюутан үеийн дурсамжаа хуваалцана уу?
- Би 1986 оны хавар Анагаах ухааны дээд сургуульд элсэхийн тулд конкурс гэдэг томоохон давааг давах болсон. Өмнө нь 2 удаа өгөөд тэнцээгүй, одоо өгөөд тэнцэхгүй бол их эмч болох гэсэн хүсэл маань хий хоосон мөрөөдөл болж хувирах байлаа. Чамгүй сайн бэлдэж шалгалтад орсон. Шалгалтын өмнөх орой багын найз Д.Загдсүрэнгээ дуудаад .. За чи надад юу мэддэгээ сайн яриад өг, би зөндөө уншлаа гэж хүссэн юм. Тэр үед Загдаа маань анагаах ухааны дээд сургуулийн 3 курсын оюутан байлаа. Надад 2 сэдэв сайн ярьж өглөө. Тэдний нэг нь “Бутлерийн бүтцийн онол” байлаа. Шалгалт өгөхөд 3 асуултын нэг нь яалтчгүй таарч би 12 балл авч,бусад шалгалтаа амжилттай сайн өгснөөр Анагаах ухааны дээд сургуульд оюутан болох эрхийг авсан.
Намар 8 сард ирээд хаана , ямар ангид хуваарилагдсан бас сургууль дээр ирж оюутны анги, потокийн хуваарийг сонирхож эхлэхэд: Эмчилгээний 106 дугаар хэсэгт нэр хуваарилагдсан байлаа. Гэтэл бас 1 потокийн дарга, 1 курсын даргаар П.Бат-Очирыг томилов гэсэн Анагаах ухааны дээд сургуулийн захирал Д.Балдандорж захирлын тушаал гарсан байлаа. Ингээд л оюутны амьдрал минь өрнөсөн дөө.
Тэр үед эмчилгээний 1 потокийн декан Г.Батмөнх багш, Анагаах ухааны доктор, профессор, орлогч декан Анатолий, Б.Дамдинбазар, Анагаах ухааны доктор, профессор,зохиолч, яруу найрагч, деканы нарийн бичгийн дарга н.Дэлгэр гуай нар ажиллаж байсан.Тэд их сайхан зантай хүмүүс байсан.Надад Эмчилгээний 1 курсын дарга, 1 потокийн даргын ажлыг хэрхэн хийж гүйцэтгэх талаар заавар, зөвлөгөөг харамгүй өгч билээ.
2 потокийн даргаар Эрдэнэбилэг гэдэг улаан хацартай залуу Говь-Алтайн Анагаах ухааны дунд сургууль төгсөөд орж ирсэн оюутан томилогдсон. 105-106 группынхан нэгдэн нэг анги болж билээ. 105 группын даргаар н.Энхтуяа, 106 группын даргаар Дарханы Анагаах ухааны дунд сургуулийг онц төгсөөд ирсэн Д.Отгонбаяр нар томилогдов. Миний 106 группт Л.Болормаа, М.Бурмаа, А.Лариса, С.Сэлэнгэ, С.Гэрэлмаа, Г.Пүрэвдорж, О.Цолмон, Б.Эрдэнэцэцэг, Д.Гантуяа, Б.Эрдэнэчимэг, Д.Эрдэнэтуяа нар харин 105 группт н.Ганзориг, н.Дашдондог, С.Бүрэнжаргал, Н.Даваажаргал, н.Аюушжав нар хувиарлагдсан. Ер нь манай курсынхан сурлага болон олон нийтийг хамарсан арга хэмжээнд манлайлан оролцдог лидер оюутнууд байлаа. Өнөөдөрч гэсэн манай курсийнхнээс Анагаах ухааны доктор Ph, профессор,тэргүүлэх зэргийн эмч нар төрөн гарч, Анагаах ухааны сургуулийн удирдлагууд, Г.Батбаатар, С.Мөнхбаярлах, П.Цэдэн, Д.Даваадорж, С.Бадамжав, Р.Оюунханд нар олон түмэндээ үнэлэгдэн хүндлэгдсэн хариуцлагатай албыг хашсаар байна. 2017 он манай курсийнхэнд үр өгөөжөө өгсөн онцгой жил байлаа. 2017 онд Анагаах ухааны доктор Ph профессор С.Бадамжав Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор, Анагаах ухааны доктор Ph, профессор Г.Батбаатар Монгол Улсын гавьяат багш цолоор, Анагаах ухааны магистр, дэд профессор П.Бат-Очир Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор тус тус шагнагдсан.

- Та оюутан байхдаа сургуулийнхаа оюутнуудад багш-дасгалжуулагч хийсэн талаарх дурсамжаа хуваалцана уу ?
- Тийм ээ би дээд сургуульд орохоосоо өмнө бөхийн спортоор хичээллэн спортын тэмцээн уралдаанд чамгүй амжилттай оролцож байлаа. Оюутан байхдаа зүгээр байж чадахгүй сургуулийн ректор, доктор, профессор Д.Балдандорж захиралд спортод дур сонирхолтой оюутнуудыг бөхийн секц дугуйланд хамруулан, тэднийг дасгалжуулах сонирхолтой байгаагаа танилцуулахад: ...Тэгэлгүй яахав хүү минь чи шигшээ багт хичээллэн спортын мастер болсон хүн бөхийн секц дугуйланг хариуцан хичээллүүлэх хэрэгтэй гэж дэмжин, зөвшөөрөв.... Ингээд 1986 оны намар сургуулийн спорт зааланд зарлал тавьснаар Бөхийн самбо, жүдо, чөлөөт, үндэсний бөхөөр хичээллэх дур сонирхолтой оюутнуудыг цуглуулан, хичээллэж эхэлсэн. Эхэндээ дэвжээ, татами, хувцас хэрэглэл байхгүй амаргүй үед оюутан бид цуцалтгүй бэлтгэл сургуулилтыг хийснээр хүнд бүхнийг манай анагаахын оюутнууд даван туулсан. Тэр үед Биеийн тамирын тэнхимийн эрхлэгчээр сагсан бөмбөгийн спортын мастер Г.Доёддорж багш ажиллаж байлаа. Бэлтгэл сургуулилтыг тогтмол хийж, өөр спорт хороо, их дээд сургуулийн зааланд дэвжээтэй газрыг бараадан бэлтгэлээ хийсээр хэдийнэ 3 жилийн ард гарч билээ. Манай оюутнууд хотын аварга, улсын аварга, оюутны спартакиадаас чамлахааргүй олон медаль авч, их дээд сургуулийн хэмжээнд II-III байранд тогтмол шалгарах болсон. Энэ үед миний багш Анагаах ухааны доктор Ph, профессор, Монгол Улсын арслан П.Дагвасүрэн Анагаах ухааны их сургуулийн Физиологийн тэнхимд томилогдон ирсэн нь бидний амжилтад эрс нөлөөлсөн. Бид сургууль дээр хивстэй, дэвжээтэй болж, аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн сургууль дээр хийдэг болсон. Тухайн үед бэлтгэл сургуулилтыг тогтмол хийж, амжилт гаргадаг байсан оюутнуудыг дурдвал: Улсын заан Р.Гансүх, Чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер, эмчилгээний ангийн Д.Мөнхбаяр, Чөлөөт бөхийн дэд мастер н.Өлзийбаатар, н.Эрдэнэбилэг, одоогийн Гэмтэл согог судлалын төвийн тэргүүлэх зэргийн эмч нар н.Болдбат, Ц.Дамдинсүрэн, Нэгдсэн III эмнэлгийн тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Х.Бат-Орших, төрийн тусгай хамгаалалтын эмнэлгийн тэргүүлэх зэргийн эмч Д.Өлзийсүрэн, н.Мягмардорж нарыг дурдаж болно. Өнөөдөр ч бид чөлөөт цагаараа хөлсөө гаргаж, бэлтгэл сургуулилтыг хийсээр л нөхөрлөсөөр явна. Оюутан бөхчүүдийн бэлтгэл дасгал сургуулилтыг хийх бүхий л нөхцөлөөр ханган, дэмжиж тусалдаг байсан багш нараа бид өнөөдөр хүртэл бахархан ярьж, дурсдаг. Биологийн тэхимийн багш А.Гүрбадам Монгол улсын гавьяат багш, физикийн тэнхмийн багш, Физикийн ухааны доктор Ph Ц.Сүхбаатар, Цэргийн тэнхмийн багш Баатархүү нар оюутнуудыг спортоор хичээллүүлэх, эрүүлжүүлэхэд анхаарал хандуулдаг байсныг дурсан санахад сайхан байна.

- Та хамт олныхоо талаар яриач?
... Өө тэгэлгүй яахав. Бид чинь нэг гэр бүлийн хүмүүс шүү дээ. Хамт ажилдаг хамт олон гэдэг нэг нэгнийгээ хүндэтгэх, хайрлах, хамгаалах, нэг нэгэндээ туслах, дэмжих,ойлголцож явдаг юм. Тиймээс одоо бидний ажиллаж байгаа спортын анагаах ухаан-эрдэм шинжилгээний алба маань Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газарт харьяалагддаг. Манай хамт олон Үндэсний шигшээ багийн тамирчдын эрүүл мэнд, бэлтгэлжилтийн түвшинг тодорхойлох, тодорхой хугацаанд барьж байх, гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх, эм витаминжуулалтыг зөв зохистой хэрэглүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, судалгаа шинжилгээний ажлуудыг хамтатган хийдэг. Тамирчдыг бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу эмнэлгийн үзлэг оношлогоо, шинжилгээ, сорилт үзлэгт хамруулах, өвчилсөн тамирчдыг эмчлэх, бэлтгэлийг тохируулах бүх л үйл ажиллагаанд оролцох, нөхөн сэргээх, бариа засал физик эмчилгээ хийх гээд сүүлийн үеийн тоног төхөөрөмж, аппаратыг ашиглаж байна.
Манай Спортын анагаах ухаан-Эрдэм шинжилгээний албандөнөөдрийн байдлаар 4 их эмч, бага эмч, массажист, эрдэм шинжилгээний ажилтан гээд 10 гаруй хүн ажиллаж байна.
Манай Спортын анагаах ухаан-Эрдэм шинжилгээний албаны эмч ажилчид маань жилийн 4 улирлын турш Үндэсний шигшээ багийн тамирчдыг улсын аварга, олон улс, тив, дэлхийн аварга, Олимпийн наадмын циклийн үед бэлтгэл болон уралдаан тэмцээн, тэмцээний өмнөх бэлтгэл цугларалтад эмнэлгийн хяналт, үзлэг шинжилгээ, сорилт хийж явуулдаг.
Сүүлийн үед Дэлхийн олон улсад Спортын анагаах ухаан маш хурдацтай хөгжиж байгааг хүн бүхэн мэдэж, харж байна. Иймд бид цаг үеэсээ хоцролгүй дэлхийн түвшинд хүрч ажилласны үр дүнд тамирчид маань Олимпийн төрлүүд, Дэлхийн аваргын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалийг тогтмол хүртэж байгаа нь арын албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа Спортын анагаах ухаан-Эрдэм шинжилгээний албаны их эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Манай хамт олны УРИА бол “ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ” юм.
Манай спортын салбарынхан бидний нөр их хөдөлмөрийг өндрөөр үнэлэн Монгол Улсын Хүний гавьяат эмч-2, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан-1, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан -5, Биеийн тамирын тэргүүний ажилтан болон төрийн дээд одон медальд тодорхойлон, төр засгаар хөдөлмөр зүтгэлийг маань үнэлүүлж өгсөн нь бидний хамтын хүч бодит биеллээ олсны илрэл мөн.

- Амжилтын зэрэгцээ өөрийн мэргэжлийг бусдад заан сургасан талаараа ярина уу ?
- Би 1992 онд Анагаах ухааны дээд сургууль төгссөний дараа Спортын анагаах ухаан-Эрдэм шинжилгээний үндэсний төвд их эмчээр ажиллахын зэрэгцээ Анагаах ухааны их сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Их шавь дээд сургуулиудад Спортын анагаах ухаан, спортын физиологи, эмчилгээний биеийн тамирын хичээлийг оюутнуудад заасан. Миний шавь нараас Боловсролын доктор Ph-1, Боловсролын магистр-12, олон улсын шүүгч-6, Улсын цолтон 10 гаруй төрөн гарсан. Эдгээр хүмүүсийн зарим нь одоо Улсын шигшээ багт дасгалжуулагч багшаар бусад нь мэргэжлээрээ ажиллаж байна.

- Гадаадын хэдэн орноор тамирчидтайгаа явсан мөн ямар амжилт үзүүлсэн талаар ярина уу?
- Спортын анагаах ухааны албаны эмч нар Үндэсний шигшээ багуудад хуваарилагдан, календарьчилсан төлөвлөгөөний дагуу эмнэлгийн үзлэг, шинжилгээ-сорилт үзлэг, эм витаминжуулалт хийхээс гадна баг хариуцсан эмч нар тив, дэлхий, Азийн наадам, Олимпийн их наадамд Монгол Улсын багийг хариуцан ажилладаг. Би Зуны олимпийн их наадамд 5 удаа оролцсон. Үүнд:
• 1996 онд АНУ-ын Атланта зуны XXVI олимпийн наадам
• 2000 онд Австрали улсын Сидней хотод зуны XXVII олимпийн наадам
• 2008 онд Хятад Улсын Бээжин хотод зуны XXIX олимпийн наадам
• 2012 онд Англи Улсын Лондон хотод зуны XXX олимпийн наадам
• 2016 онд Бразил улсын РИО-Де-Жанеро хотод зуны XXXI олимпийн наадамд Монгол Улсын багийн эмчээр ажилласан.
• 1997 онд Солонгос Улсын Бусан хотод Зүүн Азийн II наадамд
• 2010 онд Хятад Улсын Гуан-жу хотод зуны Азийн наадамд
• 2013 онд Хятад Улсын Нажин хотод Хүүхдийн зуны Азийн анхдугаар наадамд
• 2018 онд Индонезийн Жакарта хотод Зүүн Азийн наадамд тус тус оролцсон.
Жүдо бөх, Самбо бөх, Чөлөөт бөх, Боксын төрлүүдийн тивийн аварга, дэлхийн аварга, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнүүдэд 60 гаруй удаа оролцож, Монгол Улсын багийн эмчээр ажиллаж байсан.
Эдгээр тэмцээнүүдэд ажиллах үед Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг тамирчид төрөн гарсан нь баг хамт олны маань хөдөлмөрийн үр дүн юм.
Үүнд:
Олимпийн хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандах,
Олимпийн анхны аварга алтан медальт Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган,
Олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба, О.Гүндэгмаа, Н.Төгсцогт,
Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, С.Батцэцэг, Д.Отгондалай,
Дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар,
Дэлхийн мөнгөн медальт Д.Амартүвшин, Мөнхзаяа, Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нараар Монголын ард түмэн бахархаж байдагт бид баярлаж явдаг.

- Тэмцээн уралдаанд явж байхад хөгтэй ч юм уу, сонин хачин, эсвэл санаандгүй учрал хир тохиолддог байв?
- Тэмцээн уралдаан, бэлтгэл цугларалтад ажиллах явцад тамирчдад байнга анхаарал тавьж, харж хандах үүрэгтэй. Тамирчид жин хасах, ядрах, гэмтэл бэртэл авсан тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх, байнга хяналт тавьж ажилладаг.
1996 онд Атланта зуны XXVI их наадамд Монгол Улсын жүдо бөхийн 60 кг жинд Д.Нармандах Олимпийн наадмын хүрэл медаль аваад шагналын тавцан дээр гараад ирсэн чинь пүүз нь байхгүй болсон байлаа. Бид зөндөө хайгаад олоогүй тул би өөрийнхөө пүүзийг өмсүүлээд харин өөрөө хөл нүцгэн байр луугаа явж билээ. Харин Монголдоо ирсний дараа Таван цагираг сонинд “Хөл нүцгэн эмч” нэртэй нийтлэлд гарч билээ.
Бас Д.Нармандах Олимпийн хүрэл медалийн болзол хангасан тэр агшны зурганд эмчийн зураг хамт багтсан байдаг ба тэр зураг нь 1996 оны Атланта олимпийн шилдэг зургаар шалгарч байсан удаатай.
Лондонгийн зуны XXX Олимпийн наадмын Боксын 64 кг жинд тоглосон Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хагас финалд хүрэл медалийн төлөө тоглож, Английн найдвар болсон тамирчныг нутагт нь Зритель болон шүүгчтэй нь хамт хожин хүрэл медаль авсан тэр үед Английн хөгжөөн дэмжигчид фанатууд маш их уурлаж, догшин ширүүн авирлах тэр агшинд тэдний цагдаагийн хамгаалалтын албаныхан тамирчин У.Мөнх-Эрдэнэ бид хоёрыг бүх үзэгчид, хүмүүс явж өнгөрсний дараа шөнийн 01 цагт тусгай автобусаар олимпийн тосгонд хүргэн өгч байлаа.
Бас финалд 52 кг жинд тоглосон мөнгөн медалийн болзол хангасан Н.Төгсцогтод аваргын тоглолтын өмнө тамирчны анхаарлыг төвлөрүүлэх, тайвшруулах, бариа хийж байх үеийн зургийг авсан нь тухайн олимпийн үеийн шилдэг зургаар шалгарч Щвецарийн Лозана хотод байдаг Олимпийн музейн санд багтсанаас гадна ЛОНДОН-2012 номонд тавигдсан байдаг.
2010 оны Хятадын Гуан-жу хотод болсон зуны Азийн наадамд Сагсан бөмбөгийн тэмцээний дараа Монгол Улсын гавьяат тамирчин /одоогийн Биеийн тамир, спортын газрын дарга/ Ц.Шаравжамцын зүрхээр шөнө гэнэт хүчтэй хатгаж, хэм алдан-яаралтай тусламж үзүүлэн, улмаар сэхээний тасагт нэг шөнө сахиж хонож байлаа. Гэх мэтчилэн дурсамжтай, анхаарууштай, сургамжтай, санаандгүй олон үйл явдлыг өгүүлэхэд ийм байна.

- Таны цаашдын зорилт юу вэ?
- Нэн тэргүүнд Олимпийн гараа дөхлөө. Маш их анхаарах хэрэгтэй байна.
1-рт: Тамирчдын эрүүл мэндэд анхаарах, Өвчлөл, гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх, өвчилсөн гэмтсэн тамирчдыг яаралтай эмчлэх, эрүүл болгож бэлтгэл уралдаан тэмцээнд тогтмол оролцуулах, Эмнэлгийн хяналт, үзлэг шинжилгээ, сорилт хийх, эм витаминжуулалтыг тогтмол хийх, хангах асуудал чухал.
2-рт: 2019 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд тамирчдыг сайн бэлтгэн оролцуулах явдал.
3-рт: 2020 оны Япон Улсын Токио хотод болох зуны Олимпийн XXXII наадмаас манай шилдэг тамирчид алт, мөнгө, хүрэл медаль арвин ихийг хүртэх болтугай гэж хүсээд эмчийн үүрэгт ажилдаа хоёргүй сэтгэлээр зүтгэх болно.

 

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Э.Энхбаярын хамт

Миний багш Анагаах ухааны доктор Ph, профессор, Монгол Улсын арслан П.Дагвасүрэн.

Ярилцсан С.Бадамжав

50 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш