Рагчаагийн НЯМДОРЖ: Цэнхэр савны хэрэглээ сэтгэлийн зовинол

Боловсролын байдал
- Баянхонгор аймаг Баян-Овоо сумд 1955 онд төрсөн.
- 1978 онд Улаанбаатар хот 14 дүгээр дунд сургууль (оройн анги)
- 1987 онд Монгол Улсын Их сургуулийн Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилээр төгссөн.


Гавьяа шагнал
- 2016 онд Алтан гадас одон

Ажил хөдөлмөр эрхлэлт
- 1973-1975 онд хугацаат цэргийн алба хаасан
- 1975 оны 6 сараас 1978 оны 9 сар хүртэл Монголын Ардын Армийн Ард Талыг Удирдах Газарт складны эрхлэгч-хүнсний нярав
- 1978 оны 10 сараас 1981 оны 1 сар хүртэл ЗХУ-ын (хуучнаар) Вольск хотын цэргийн ар талын дээд сургуульд сонсогч
- 1983-1986 он хүртэл Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Шевретийн үйлдвэрт нягтлан бодогч
- 1986-1996 он Торгон савхины “Угалз” ХК-д болон Монгол савхи ХК-д эдийн засагч
- 2002-2012 он хүртэл Ач-Энх ХХК-ны захирал
- 2014 оноос Хэрэглэгчийн эрхийг хамгаалах “Заша өвс төв” ТББ-ын тэргүүн

- Таныг химийн бодисын хуванцар савны ахуйн хэрэглээг хориглох асуудлаар УИХ-ын Байнгын хорооны 2 тогтоол, Засгийн газрын 1 тогтоол батлуулж, “Сав баглаа боодол” Үндэсний хөтөлбөрийг батлуулсаныг бид сонссон. Та энэ талаараа товч ярихгүй юу.
Р.Нямдорж: миний бие 1970-аад оны дундуур цэргийн алба хааж, Ардын армийн ар талыг удирдах газарт складын эрхлэгч-хүнсний няраваар ажиллаж байхдаа цэрэг арми, хүн амыг хүнсээр хангах, тэр тусмаа аюулгүй, чанартай хүнсээр хангах нь ямар их хариуцлагатай чухал ажил болохыг тэр үед бага ч гэсэн ойлгож ухаарсан болов уу, дараа нь энэ чиглэлээр Вольскийн цэргийн дээд сургуульд суралцсан нь ихээхэн чухал ач холбогдолтой байсан. Хожим МУ-ын Засгийн газрын 1999 оны 105 лугаар тогтоолоор “Цагаан хувьсгал” үндэсний хөтөлбөрийг баталж хот, төв, суурин газрын хүн амын сүүний хангамжийг сайжруулах, малчдын орлогыг хэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд миний бие 2000 оны дунд үеээс идэвхийлэн оролцож “Монгол цагаан идээ” ТББ-д менежер, гүйцэтгэх захиралын ажлыг хийж байх үед буюу 2006 оны цагаан сарын баярын өмнөхөн Улаанбаатар хотын БЗД-ийн “Sky” худалдааны төвд Нийслэлийн Захирагчийн Ажлын албатай хамтран “Цагаан сар-идээний дээж 2006” сүү, цагаан идээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байх явцад айраг, сүү хадгалж зөөвөрлөж байгаа том хөх өнгийн болон бусад хуванцар савыг солих зайлшгүй шаардлагатай юм байна гэж бодсон юм. Олон жил энэ бодлоо тээж явсаар 2014 онд хэрэглэгчийн эрхийг хамгаалах “Заша өвс төв” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага /НҮТББ/-ыг үүсгэн байгуулж тавьсан зорилтоо хэрэгжүүлэхээр өнөөдөр ажиллаж байна.
Манай нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын санал санаачлага идэвхитэй оролцоотойгоор химийн бодисын хуванцар савны хэрэглээг бүрмөсөн хориглох зорилгоор УИХ-ын БОХХАА-н Байнгын хорооны 2015 оны 5-10770 дугаартай бичгээр МУ-ын ЗГ-т “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх тухай Зөвлөмж, МУ-ын ЗГ-ын 2016 оны 287 дугаар тогтоолоор “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөр баталсан, МУ-ын ЗГ-ын 2017 оны 225 дугаар тогтоолоор баталсан “Орчны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн 3.7.1.4 дэх заалт, УИХ-ын Өргөдлийн Байнгын хорооны 2018 оны 05 дугаартай тогтоолоор МУ-ын ЗГ-т “Сав баглаа боодол” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг чиглэл болгосон юм. Гэсэн хэдий ч хуванцар савны хэрэглээг хориглох тухай төр засгийн дээрх тогтоол шийдвэрүүд цаасан дээрээсээ буухгүй байсаар өнөөдрийг хүрч байна.

- Хүмүүс ихэвчлэн ус, сүү, айраг, таргийг цэнхэр саванд хийж байна энэ талаар?
Манай улсын нийт ард иргэд өдөр тутмын ахуйн хэрэгцээний ундны ус, сүү, цагаан идээ зэрэг олон төрлийн хүнсний шингэн бүтээгдэхүүнээ хадгалах, зөөвөрлөх зориулалтаар хүрээлэн буй орчинд ихээхэн сөрөг нөлөөтэй, хүний эрүүл мэндэд хортой химийн бодисын болон хүнсний зориулалтын бус хуванцар савыг сүүлийн 30-аад жилийн турш төрийн хяналт, хууль эрх зүйн ямар нэг зохицуулалтгүйгээр их өргөн хэрэглэж ирсэн нь хүн амын дундах хорт хавдар, ургийн гажиг, оюуны хомсдол, цусан дахь хүнд металлын бохирдол эрэг олон аюултай өвчин эрс нэмэгдсэнтэй цаг хугацааны хувьд давхцаж байгаа нь тохиолдлын хэрэг огтхон ч биш харин шууд хамааралтай болох нь илт харагддаг.
Хүний эрүүл мэндэд эрсдэл дагуулсан хор хөнөөлтэй энэ хэрэглээ өнөөдөр ч мөн адил үргэлжилсээр иргэдийн эрүүл мэнд цаашлаад нийгмийн эрүүл мэндэд заналхийлсээр л байна.
Монголчууд бидний хэлж заншсанаар “цэнхэр сав” буюу хөх, цэнхэр болон олон өнгө, янз бүрийн багтаамж бүхий хуванцар савыг маш хортой, аюултай химийн бодисыг удаан хугацаанд хадгалах, холын зайд зөөж тээвэрлэхэд зориулж түүний уян хатан, бөх бат чанарыг ихээхэн нэмэгдүүлж тусгай технологиор үйлдвэрлэсэн байдаг бөгөөд эдгээр хуванцрын бүтээц түүхий эд нь дор хаяж 1000 гаруй нэр төрлийн хортой, аюултай химийн бодисуудын нэгдлээс бүтсэн байдаг онцлогтой. Тийм ч учир эдгээр хуванцрыг Олон улсад “Waste extremely hazardous” буюу аюултай хог хаягдал хэмээн нэрлэж тусгай технологиор шууд устгадаг бөгөөд ахуйн зориулалтаар хэрэглэхийг хатуу хориглосон байдаг. Энэ бол олон улсад өнөөдөр мөрдөгдөж буй нийтлэг жишиг юм.
Төсөрхөн ЕХ-ны болон Британийн эрдэмтэд бисфенол-А /ВРА/ хэмээх маш хортой химийн бодис хүүхдийн цусанд нэвчсэнийг “жинхэнэ аюул” гэж онцлоод “хүний эрүүл эсийн бүтцийг өөрчилж, хувьсалд оруулдаг химийн бодисуудын нийлбэр болсон хуванцар нь хүн төрлөхтөнд бодитой аюул заналхийлэл учруулж байна”,гэж тэмдэглээд ”хоол хүнсийг хуванцар сав баглаа боодлоос салгах зайлшгүй шаардлагатай...ийм хэрэглээ хүний биеийн эд эсэд сөрөгөөр нөлөөлж хорт хавдар үүсэх эрсдэлийг 90 хүртэл хувиар нэмэгдүүлдэг” гэж мэдэгдэж Европын олон улс орон өдгөө РЕТЕ1, РР5 код бүхий хүнсний зориулалтын хамгийн аюулгүй гэж үздэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хуванцар савны хэрэглээнээс бүх талаар татгалзаж эхлээд байна.
Тэрбум гаруй хүн амтай Энэтхэг улсын Джабалпур мужид хөдөө тосгоны иргэд 2002 онд пестицидийн хуванцар сав/манайд өргөн хэрэглэдэг 120-200л-ийн цэнхэр өнгөтэй/-нд хүнсний бүтээгдэхүүнээ хадгалснаас химийн бодист хордон 3 хүн нас барж 10 гаруй хүн эмчлүүлсэнтухай ДЭМБ-ын мэдээнд дурдсан байдаг нь дэлхийн бусад улс орнууд ард иргэдийнхээ эрүүл мэндийг химийн бодисын хордлогоос шалтгаалсан алив өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бодлогыг хэрхэн цаг алдалгүй хэрэгжүүлж байдгийн нэг бодит жишээ болно.
Харин гуравхан сая хүн амтай манай монгол улсад 30-аад жил үргэлжилж байгаа пестицидийн болон бусад химийн бодисын хор хөнөөлтэй, аюултай хуванцар савны ахуйн хэрэглээнээс шалтгаалсан хүн амын өвчлөл, үнэлгээний тандалт, судалгааны ямар нэг мэдээ, мэдээлэл үнэлэлт, дүгнэлт огтхон ч байдаггүй өнөөдрийг хүрч ирсэн нь энэ ноцтой асуудалд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага-ЭМЯ тун хариуцлагагүй хандаж ирсэний тод жишээ юм.
Ёс зүйгүй, мэргэжлийн бус хэн нэгэн улс төрийн томилгоо нэрээр эгэл миний мэдэхээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд улс орны онцгой чухал салбар болох Эрүүл мэндийн салбарыг удирдаж ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах гэхээсээ илүүтэй хувийнхаа явцуу өчүүхэн эрх ашигт хөтлөгдөн эрүүл мэндийн талаар баримтлах төрийн бодлогыг тодорхойлж бас хэрэгжүүлж ирсэн эдгээдүүд хэн болох тэдний хэд нь эрүүгийн гэмт хэрэгээр шүүгдэн, одоо ч зарим нэг нь шоронд ялаа эдэлж байгааг ард түмэн мэдэж байгааг бичих нь илүүц хэрэг. Харин үүний уршигт муу үр дагавар, хар мөр нь эрүүл мэндийн салбарын бодлого үйл ажиллагаанд том гажуудлыг бий болгосны зэрэгцээ ард түмний эрүүл мэндээр бизнес хийж эрх ашгаа гүйцэлдүүлэх гэсэн сэтгэлгээ сайд, эрх мэдэлтнүүдэд тогтсон нь зуршил болсон мэт харагддаг.
Дээр дурдсан 30-аад жилийн хугацаанд манай улсын хэдэн арван мянган иргэн химийн хорт бодист хордон эрүүл мэнд амь насаараа хохирч нэрвэгдсэн байж болохыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ЭМЯ өнөөдөр бодитойгоор судлан тогтоож хэн гэгч сайд, дарга хариуцлагыг нь хүлээж төрийн алдаатай бодлогоос хохирсон иргэдийнхээ өмнө төрийг төлөөлж салбарын сайд уучлалт эрэх нь шударга ёсонд бүрнээ нийцнэ. Эсвэл төрийн бодлогын гажуудлын энэ хор уршгийн талаар чимээгүйхэн байж хав дараад өнгөрөх нь хэн нэгэнд хэрэгтэй юм уу.
Өнөөдөр манай хүн амын дунд маш өндөр түвшинд байгаа ходоодны хорт хавдар, хүүхдийн цусан дахь хар тугалганы нэвчилт /цусан дахь хүнд металл бага насны хүүхдийн хавдрын өвчлөлийн суурь шалтгаан болдогийг олон улсад хүлээн зөвшөөрсөн байдаг/ болон ургийн гажигтай төрж байгаа хүүхдүүдийн чухам хэдэн хувь нь хортой хуванцрын өнөөгийн ахуйн хэт их хэрэглээнээс шалтгаалж үүсч байгааг тодорхойлж тогтоох зорилгоор эрүүл мэндийн нөлөөлөл, өвчлөлийн тандалт судалгаа, үнэлгээг ЭМЯ цаг алдалгүй хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Эдгээр өвчлөлийн өндөр хувийг хуванцрын хэрэглээний шалтгаант хүчин зүйл шууд үүсгэж байж болох өндөр магадлалтайг монголчууд бидний өнөөдрийн өдөр тутмын ахуй амьдрал тодорхой харуулж байдаг.
Энэ тухай асуудлаар манай Төрийн бус байгууллага ЭМЯ-ны сайд, удирдлагуудад 2014 оноос хойш 5 дахь жилдээ удаа дараа хандаж байгаа бөгөөд 2018 онд тав дахь сайд/Д.Сарангэрэл/-д дахин хандсан боловч дээрх эрхмүүд эрүүл мэндийн талаар баримтлах төрийн бодлого, үйл ажиллагаанд иргэдийн эрүүл мэндийг хуванцрын заналхийлсэн хор хөнөөлөөс сэргийлж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах талаар бодитой тодорхой шийдвэр гаргахгүй “хөшөө чулуу” мэт байсаар ирсэн нь “Монгол улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” байх, “хүн амын эрүүд мэндийг төрийн онцгой анхаарал, ивээлд авах” тухай МУ-ын Үндсэн Хуулийн 2.16.6 дахь заалт болон Эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.1 дэх заалт зэрэг төрийн хуулийг ноцтой зөрчиж албан тушаалаар хүлээсэн чиг үүргээ биелүүлэхгүй байгаа нь байж болшгүй асуудал бөгөөд түүнээс гарах хор хөнөөл, уршигт үр дагаврыг тооцоолшгүй их байж болох нь дамжиггүй юм.

- Цэнхэр саваан сольж чадахгүй байгаа нь хууль хэрэгждэггүйн баталгаа биздээ ?
Монгол улсын Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн хавсралтын 1.1-д “...хүнсний зориулалтын бус хуванцар савны найрлагад ордог химийн бодисууд хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд шилжин хүний биед орж хуримтлагдан олон төрлийн өвчний суурь шалтгаан болоод зогсохгүй хорт хавдар үүсгэдэг гол хүчин зүйлийн нэг юм. НЭМХ-ийн 2008 онд хийсэн судалгаагаар хуванцар саванд хадгалсан усан дахь хар тугалганы шилжилтийн хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж, МУ-д мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 60-800, формальдегид 1800-6900 дахин их байгааг тус тус тогтоосон болно”гэж онцолж тэмдэглэсэн байдаг.
Энд дурдагдаж буй хар тугалга болон формальдегид хэмээх хорт бодисууд нь зөвшөөрөгдсөн стандарт хэмжээнээс ердөө 3-5 дахин их байхад л хүний эрхтэн тогтолцоонд хорт хавдар болон бусад олон аюултай эдгэшгүй өвчин үүсэх эрсдэлийг эрс нэмэгдүүлж байдаг. Гэтэл салбарын яам өөрийн харъяа судалгааны байгууллагын дээрх ноцтой дүгнэлтэд тухайн үед нь онцгой анхаарч бодлогын түвшинд бодитой арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлээгүйгээс өнөөдөр бодит амьдралд дээрх хорт бодисуудын шилжилт стандартад заасан хүлцэх хэмжээнээс даруй хэдэн зуу, мянга дахин их байгаагийн зэрэгцээ эдгээр хуванцар сав нь иргэдийн өдөр тутмын байнгын тогтмол хэрэглээ болж хэвшсэн нь монгол хүний эрүүл мэндэд бодитойгоор заналхийлсэн, манай улсын хүн амын эрүүл мэндэд аюулын харангыг дэлдсэн хүчин зүйл болон хувирч хүний амьд байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй байх тухай Монгол Улсын Үндсэн Хуулийн суурь зарчим алдагдаж улс орны Үндэсний Аюулгүй Байдалд ч сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээнд хүрээд байгаа юм.
Үүний шалтгаан нь энгийн бөгөөд маш тодорхой байдаг. Улс орны хэмжээнд “Төрийн түвшинд бодлого алдагдсан алив нэг жижиг асуудал ард иргэдийн амьдралд олон зуун том асуудал болж очдог” гэсэн төрийн бодлого, үйл ажиллагааны өндөр хариуцлагатай байхыг шаардсан үзэл баримтлал, зарчим, логикоос харахад ЭМЯ-ны бодлогын энэ “жижиг” алдаа монгол хүний амьдралд мянга мянган хүндрэл бэрхшээл, зовлон зүдгүүр болон очиж тэд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор өдгөө бараг гурван аравны нүүрийг үзэж байгаа нь маргашгүй үнэн бөгөөд хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх монгол төрийн бодлого анагаахын шинжлэх ухаанд өндөр технологи нэвтэрсэн өнөөгийн 21 зуунд хаана, ямар түвшинд явж байгааг илтгэж байгаа хэрэг.
Нийгмийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгох үзэл баримтлалыг Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод тусган хэрэгжүүлж буй өнөө үед өвчнийг эмчилж эдгээх гэхээсээ илүүтэй хүн амын эрүүл мэндийг алив өвчлөлөөс сэргийлэн хамгаалах асуудал тэргүүн зэрэгт тавигдах ёстойсон.
Манай улсын хүн амын өвчлөлийн талаархи сүүлийн үеийн статистикаас энд цөөнийг онцолж дурдъя.
-сүүлийн 30-аад жилийн хугацаанд хорт хавдрын өвчлөлийн стандартчилсан түвшин/ӨСТ/-ий үзүүлэлт 58,5% хүртэл өссөн/26*2,2/
-манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр өнөөдөр дэлхийн дунджаас 8,0 дахин өндөр байгаа,
- ходоодны хорт хавдраар дэлхийд эхнээсээ 2-рт жагсаж байна,
-1998 оноос хойшхи 18 жилийн хугацаанд ургийн гажигтай төрсөн хүүхдийн тоо 4,0 дахин нэмэгдсэн,
-өнөөдөр бага насны хүүхдийн цусан дахь хар тугалганы бохирдлын түвшин ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2,5-4,6 дахин их/12,5-23,0мкг/дл байна.
-жилд 100-аас доошгүй хүүхэд хорт хавдраар өвчилж байгаагийн 5% удамшлын, 95%-ийнх нь шалтгаан тодорхойгүй байна. Эдгээр хүүхдүүдийн 30-аад нь цусны хорт хавдраар өвчилсөн байдаг.
Цөөн хүн амтай манай орны хувьд санаа зовоож сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй өвчлөлийн энэ өндөр түвшиний үзүүлэлтийн учир шалтгаан чухам юунд байна вэ. Энэхүү нийгмийг хамарсан аймшигт өвчлөл, аюултай хордлого хаанаас эхтэй, юунаас шалтгаантай байна вэ.
Химийн бодисын хуванцар савнаас тухайн хадгалж, зөөвөрлөж байгаа хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд дээр дурдсан хар тугалга, формальдегидээс гадна бисфенол А, кадьми, фталат, хүнцэл, аммиак, хром, нитрит зэрэг хортой, аюултай олон зуун нэр төрлийн химийн бодисын шилжилт хормын төдийд нэгэн зэрэг явагдаж хоол хүнсийг химийн хорт бодисын нэгдлээр бохирдуулж иргэдийн эрүүл мэндийг химийн хүнд металлын архаг хордлогод нэрвэгдүүлж манай улсын хүн амыг хорт хавдар болон хүний эрүүл мэнд, амь насанд онц аюултай олон өвчинд нэрвэгдэх хүчин зүйл, нөхцөл шалтгаан болсоор ирсэнийг дээр дурдсан статистикийн тоон үзүүлэлтүүд гэрчилж байгаа юм.
Зарим химийн бодис хүнд металлын хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн талаар дурдъя.
Хар тугалга/Pb/: -химийн хортой хүнд металл, хорт хавдар үүсгэдэг А зэрэглэлийн хортой бодис, эхийн ургийн хөгжилд нөлөөлдөг, оюун ухааны хомсдолд оруулж сэтгэн бодох чадварыг бууруулдаг, цус багадалт бий болгодог, хүний биенээс ялгарахдаа тун муу, бүх эрхтэн тогтолцоонд хортой нөлөөлөл үзүүлж өвчлөх эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг.
Формальдегид/CH2O/: -хуванцрын найрлагыг бүрдүүлэгч гол бодисын нэг, харшил үүсгэх, хүний генийг гэмтээх, амьсгалын замын болон мэдрэлийн эрхтэн системд нөлөөлдөг, хорт хавдар үүсгэдэг А зэрэглэлийн бодис юм.
Бисфенол А/BPA/: -эмэгтэйчүүдийн эстроген даавар, эрчүүдийн бэлгийн эс, хүний уураг тархины эд, эсийн бүтцэд нөлөөлж гэмтээдэг, хавдар үүсэх эрсдлийг эрс нэмэгдүүлдэг,
Фталат : -хуванцрын уян хатан чанарыг нэмэгдүүлдэг энэ бодис нь хүний дотоод шүүрлийн булчирхайн хэвийн ажиллагаанд сөрөг нөлөөтөй, эрчүүдийн дааварт нөлөөлж аажимдаа үргүйдэлд хүргэдэг,хүний биеийн бүх эрхтэн тогтолцоонд сөрөг нөлөөтөй.
Ерөөс хуванцарт агуулагдаж байдаг маш олон төрлийн химийн бодисын нэгдлийн нэгдмэл нөлөөлөл нь хүний эрхтэн тогтолцоонд бүр ч илүү хор хөнөөлтэй, аюултай болохыг манай судлаач эрдэмтэд онцолдог юм. Мөн химийн бодисын нэгдлийн архаг хордлогод өртөж буй иргэдэд эхэн үедээ ямар нэгэн өвчин, зовиур илэрч мэдрэгддэггүй нь энэ хорны хордлогын бас нэгэн аюул нь байгаа юм.

- Засгийн газар санаачлагыг гартаа авч ажиллаж чадахгүй байна уу даа?
Монгол улсын Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолын хавсралтын 1.1-д “...ДЭМБ-ын санхүүжилтээр хүнсний зориулалтаар ашиглаж байгаа хуванцар савны хэрэглээний тандалт судалгааг 2015 онд гурван аймаг Улаанбаатар хотын 297 өрхийг хамруулан явуулсан судалгаагаар судалгаанд хамрагдсан нийт өрхийн 90 хувь нь хуванцар сав хэрэглэдэг бөгөөд хүнсний бүтээгдэхүүн хадгалах зорилгоор нэг өрх дунджаар 20-100 литрийн багтаамжтай 3-4 ширхэг зориулалтын бус хуванцар сав ашигладаг...” гэсэн дүн гарсаныг үндэслэн тооцож үзвэл өнөөдөр монголчууд бид 4,0 сая орчим аюултай хог хаягдал болох хуванцар савыг өдөр тутмын амьдрал ахуйдаа хэрэглэж өвөл зунгүй, өдөр шөнөгүй, хот хөдөө ялгалгүй химийн бодисын хүнд металлын архаг хордлогод байнга нэрвэгдэж эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгаа нь өнөөгийн соёлжиж иргэншсэн дэлхийн улс орнуудад байхгүй, хүний санаанд багтамгүй харгис хэрэглээ бидний өдөр тутмын амьдралд бат бөх оршсоор монголын ард түмэн нялхасаас өтгөсөө хүртэл бүгд химийн хорт бодисын “туршилтын туулай” болсоор байгаа нь монголын энэ цаг үеийн эмгэнэлт оршихуй мөн гэлтэй.
Нийгэмд нэн тулгамдсан шийдвэрлэвэл зохих, нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилтыг цаг алдалгүйгээр даруй бүрэн хэрэгжүүлж, олон аюултай өвчин үүсэх хүчин зүйл, шалтгаан нөхцөл болсоор байгаа хуванцар савны өнөөгийн энэ хэрэглээнээс ард иргэдийг бүрэн ангижруулсан тохиолдолд манай улсын хүн амын дундах хорт хавдар, хүүхдийн хавдрын өвчлөлийн өнөөгийн түвшин 30-60 хувиас багагүй, ургийн гажиг болон бусад өвчлөл эрс буурах бүрэн магадлалтай болохыг дээрх хөтөлбөрийг санаачлагч манай Төрийн бус байгууллага бодит амьдралыг түшиглэн энэхүү таамгийг дэвшүүлж байгаа бөгөөд өвчлөлийн түвшин ийнхүү ихээр буурах нь зөвхөн монголчууд бидний амьдралын өнөөгийн маш буруу, асар их хортой хэрэглээний тогтсон хэвшил, дадал зуршил, хандлагыг даруй өөрчилж ард иргэдэд эрүүл зохистой хэрэглээг хэвшүүлж, зөв дадлыг төлөвшүүлэхээс шууд хамаарах болно.
2017 оноос хэрэгжиж эхлэх ёстой “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж зохицуулах үүрэг бүхий 15 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний зөвлөл /Зөвлөлийн дарга нь ХХААХҮ-ийн сайд, орлогч дарга нь ЭМ-ийн дэд сайд/ үйл ажиллагаагаа явуулж, хуралдаанаа хийж зохих шийдвэрээ гаргалгүй байсаар бүтэн жил, найман сарыг ардаа орхиж өнөөдрийг хүрч байгаа нь монгол хүний эрүүл мэндийг гамшигт хүргэж байгаа хортой хуванцрын хэрэглээнээс ангижруулж, хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх төрийн бодлого алдагдахад хүрч байгаад үнэлэлт, дүгнэлт хийж энэ тулгамдсан асуудлыг хүрээлэн буй орчны бохирдлын цар хүрээнд хамтатган авч үзэхийн зэрэгцээ эрх зүйн хувьд илүү хүчтэй үйлчлэл бүхий баримт бичиг боловсруулах замаар хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн “Орчны бохирдолтой тэмцэх тухай” хуулийг шинээр боловсруулж батлахыг хүссэн албан бичгийг манай Төрийн бус байгууллага/ТББ/-аас 2018.3.12 өдөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын хорооны дарга М.Оюунчимэгт хүргүүлсэн билээ. Мөн түүнчлэн нийслэлийн ХУД-ийн ИТХ-ын даргын 2018.4.06 өдрийн №а-45 тоот захирамжийн дагуу манай ТББ-аас хамтран зохион байгуулж явуулсан “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад төрийн гүйцэтгэх үүрэг, иргэдийн оролцоо ямар байх талаар хэлэлцүүлэг өрнүүлж түүний үр дүнд тус дүүргийн 927 иргэний гаргасан дээрх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай болон “Орчны бохирдолтой тэмцэх тухай” хуулийн төслийг шинээр боловсруулан баталж хэрэгжүүлэх тухай санал хүсэлт бүхий өргөдлийг 2018.6.08 өдөр №019 тоот албан бичгийн хамт манай ТББ-аас тус Байнгын хороонд хүргүүлж хандсан юм.
Иргэдийн өргөдөл, манай ТББ-ын санал хүсэлтэй танилцсаны үндсэн дээр 2018 оны 6 дугаар сарын 20 болон мөн сарын 27 өдрүүдэд УИХ-ын Өргөдлийн Байнгын хороо “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц ямар байгаа, холбогдох яамд ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа талаар ХХААХҮЯ, ЭМЯ, БОАЖЯ-ны дэд сайд, газрын дарга нарын илтгэлийг сонсож хэлэлцээд “Сав баглаа боодол” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай 5 заалт бүхий тус Байнгын хорооны 05 дугаартай тогтоолыг 2018.6.27 өдөр баталж Засгийн газарт чиглэл болгон хүргүүлсэн юм.
Харин манай улсын хүн амын өвчлөлийн бас нэг суурь шалтгаан, бодит хүчин зүйл болж хувираад байгаа хүрээлэн буй орчны өнөөгийн хэт их бохирдлыг бууруулах талаар төрийн бодлогод тусгаж “Орчны бохирдолтой тэмцэх тухай” Монгол улсын хуулийг шинээр баталж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тухай дээрхи иргэдийн өргөдөл болон манай ТББ-ын санал хүсэлтэд дурдсан боловч тухайн асуудлаар тус Байнгын хороо хэлэлцэж тодорхой шийдвэр гаргасангүй орхисонд бид сэтгэл дундуур байна. Ийм хууль баталж хэрэгжүүлэх нь манай өнөөгийн нийгмийн захиалга, цаг үеийн шаардлага болоод байгаа юм. Учир нь манай хүн амын өвчлөлийн өнөөгийн өндөр түвшний үзүүлэлтийг ихээхэн бууруулах нэг чухал нөхцөл, хүчин зүйл нь хүрээлэн буй орчны хэт их бохирдлыг бууруулах, түүнтэй хүчтэй тэмцэх явдал бөгөөд чухам үүнд л төр засгийн оновчтой зөв, бодлого, шийдвэр илт үгүйлэгдэж байна.
Одоо мөрдөгдөж буй зарим тодорхой органик хуулиудын орчны бохирдлыг бууруулах тухай заалтууд тухайлбал 2012 оны 5 дугаар сарын 17 өдрийн хуулиар өөрчлөлт орсон “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 15.1.1, 16.1.1, 17.1.1 заалтууд дахь байгалийн баялагийг зохистой ашиглах, нөхөн сэргээх тухай утга санааг хэрэгжүүлэхэд их анхаарч харин байгаль орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх тухай заалтын утга санаа биелэхгүй байсаар өнөөг хүрч байгаа юм.
МУ-ын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтооолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн 4.2.10, 4.2.11, 4.5.1, 4.5.2 зэрэг заалтуудад заасан орчны бохирдлыг бууруулах талаар иргэд, олон нийт рүү чиглэсэн зорилтууд, “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрт дэвшүүлэн тавьсан зорилго, зорилтуудаас 5 хувь нь ч биелэлээ олоогүй өнөөг хүрч байгаа явдал нь “үндэсний” хэмээн тодотголтой эдгээр хөтөлбөрүүд нь өмнөө тавьсан зорилго, нийгэмд нэн тулгамдсан шийдлээ хүлээж буй асуудлуудыг шийдвэрлэхэд эрх зүйн чадамж сул, түүнийг хэрэгжүүлэх санхүү, эдийн засгийн боломж хумигдмал байдагаас гадна хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж удирдан зохион байгуулах үүрэг бүхий холбогдох яамдын сайд, дэд сайд, газрын дарга нарын зэрэг эрх мэдэл бүхий албан тушаалын 15 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний зөвлөл ажиллахаар эрх зүйн баримт бичигт туссан байдагч эдгээр нэрс зөвхөн цаасан дээр л бичигдсэнээс цаашгүй байдгийг энд онцолж дурдахыг хүсч байна. Түүнээс гадна хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах чиг үүрэг бүхий албан тушаалтнуудын өөрсдийн сайн дурын хэрэг мэт хайхрамжгүй байдлаар асуудалд ханддаг нь аль ч яам газарт нийтлэг харагддагийг энд зориуд дурдъя.
Мөн түүнээс гадна нэгээс хоёр жил тутам бүрэлдэхүүнээрээ солигддог Засгийн газар ажиллаж байгаа өнөөгийн энэ цаг үед хөтөлбөрүүдийг бие даан хэрэгжүүлэх, хариуцлага хүлээх тодорхой эзэн хариуцагчгүй болох нөхцлийг бүрдүүлж улмаар дээр дурдсан нөхцөл шалтгаануудын улмаас хөтөлбөрүүдийн хэрэгжилт бүрэн хангагдахгүйд хүрч түүний хор уршгаар ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч хөдөлмөрлөх эрх зөрчигдөж тэд хохирч үлдэж байгаа нь тодорхой харагддаг.

- Үндэсний хөтөлбөр нэртэй ажлууд урагшаа ахихгүй байгаа юм биш үү?
Ийнхүү дээрх үндэсний хөтөлбөрүүд нь манай нийт хүн амын эрүүл мэндэд ихээхэн эрсдэлийг дагуулж байгаа аюултай хог хаягдал болох хуванцрын хэрэглээнээс иргэдийг ангижруулах, өдөр хоногоор нэмэгдэж буй байгаль орчны бохирдлыг эрс бууруулж тэдгээрээс шалтгаалсан хүн амын дундах өвчлөлийг бууруулахад учир дутагдалтай болох нь амьдралаас нэгэнт тодорхой харагдаж байгаад дүгнэлт хийж нийгэмд нэн тулгамдсан эдгээр асуудлуудыг Монгол Улсын Их Хурал онцгойлон авч үзэж төрийн бодлогод хуульчлан тусгах замаар шийдвэртэй арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхгүйгээр монгол хүний эрүүл мэндийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх төрийн бодлого дутуу дулимаг байх болно гэж мөхөс би үзэж байна.
Өнөөдөр байгаль дэлхий, хүрээлэн буй орчны хэт их бохирдол нь зөвхөн манай монгол улсын төдийгүй дэлхий нийтийн санааг зовоосон тулгамдсан асуудлын нэг болж хурцаар тавигдаж байна. Хөгжиж буй орнуудын хүн амын өвчлөлийн 60-70 хувь нь орчны хэт их бохирдлоос шалтгаалж үүсч байгаа тухай АНУ-ын судлаач эрдэмтэд онцолж дурдсаныг манай иргэд, төр засгийн бүх түвшинд анхаарч төрийн бодлого, үйл ажиллагаанд тусгаж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Энэ бүгдээс харахад УИХ-аас “Орчны бохирдолтой тэмцэх тухай хууль”-ийг нэн даруй батлаж хэрэгжүүлэх нь манай нийгмийн амьдралаас урган гарч ирж байгаа тулгамдсан асуудал бөгөөд энэ чухал асуудлаар бид Монгол улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн Х.Баттулгад болон УИХ-ын гишүүн, БОХХАА-н Байнгын хорооны дарга Л.Элдэв-очир нарт мөн адил хандсаныг энд дурдсу.
Төрийн мэргэн бодлого түмний заяаг тэтгэмүй.

Ярилцсан С.Бадамжав

241 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш