Начингийн БААСАНЖАВ: Даруу зан багшийг маань чимдэг

- 1944 онд Ховд аймгийн Цэцэг сумын Урд завсар гэдэг газар төрсөн.
- 1967-1977 онд Ховд аймгийн Мянгад сум, аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт мэс засалч, мэс заслын тасгийн эрхлэгчээр


- 1970 оноос мэс заслын эмч
- 1977-1980 онд Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
- 1980 онд «Гэдэсний механик түгжрэлийг эрт оношлох эмчлэх» сэдвээр Улаанбаатар хотноо АУ-ны докторын зэрэг
- 1980-1988 онд АУДэС-д багш, тэнхимийн эрхлэгч
- 1988-2004 онд Анагаах ухааны хүрээлэнд төслийн удирдагч, хүрээлэнгийн захирал
- 1998 оноос Ач Анагаах ухааны захиралаар одоог хүртэл ажиллаж байна
- Монгол Улсын хөдөлмөрийи баатар /2006/
- ШУА-ийн гишүүн /2002/
- АНУ-ын болон олон улсын Дээд боловсролын ШУА-ийн гишүүн /2004/ Монголын зүрхний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Дэлхийн мэс засалчдын холбооны тэргүүн, Австралийн зүрхний эмч нарын нийгэмлэгийн хүндэт гишүүн.

Цол зэрэг
Анагаах Ухааны дэд эрдэмтэн /1980/ - сэдэв: “БНМАУ-ын хөдөөгийн нөхцөлд гэдэсний цочмог механик түгжрэлийг эрт оношлох эмчлэх нь”
Анагаахын Шинжлэх ухааны доктор /1994/ - сэдэв:“Цусны бага эргэлтийн цусан хангамж ихэсгэдэг зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын эмчилгээг төгөлдөржүүлэх нь”
Монгол улсын Шинжлэх ухааны академийн академич /2000/
АНУ-ын Шинжлэх ухааны академийн академич.
ОХУ-ын Олон Улсын дээд боловсролын академийн гишүүн

Гавьяа Шагнал
- Монгол улсын Хөдөлмөрийн баатар /2006/
- Монгол улсын Ардын Эмч /2001/
- Монгол улсын Хүний Гавьяат Эмч /1996/
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.
- Ази тивийн шилдэг мэс засалч цол шагнал /2002 он/ хүртсэн дэлхийд нэртэй мэс засалч эрдэмтэн ажээ.

- Та шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, нээлт ихтэй хүн, тэдгээрээс дурьдвал?
- Би гэдэсний цочмог түгжрэлийг эрт оношлох оношлогооны шинэ аргыг боловсруулан онолын тайлбар өгч, практикаар нотолсон. Зүрхний мэс заслын салбарын олон талт судалгааны үр дүнд үнхэлцэг хальсны эд, эс, анатомийн тогтоцын онцлогуудыг судлан зүрхний үнхэлцэг хальсны өрцтэй нийлж байгаа хэсэг нь бусад хэсгээсээ 0.1-02 мм илүү зузаан болохыг тогтоон зүрхний таславчийн цоорхойг зөвхөн тэр зузаан хэсгээс авч нөхөх шинэ аргыг боловсруулсан. Энэ хэсэг нь өрцний ширхэглэг эдийн үргэлжлэл гэдэг онолын дүгнэлт гаргасныг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн. Зүрхний таславчийн цоорхойг өөрийн нь үнхэлцэг хальсаар нөхөх арга нь эдийн нийцэл, ариун чанар, эдгэрэлтийн давуутай болохыг нотлон, эмнэлгийн практикт нэвтрүүлсэн. Артерийн битүүрээгүй цоргыг нитинол-титани металлаар хавчих аргыг амьтан дээр туршин анх удаа зүрхний мэс заслын клиникт нэвтрүүлсэн. Хүүхдийн улаан хоолойн түлэнхийг лазер туяагаар шарж сорвижилт үүсэхээс сэргийлэх онолын үндэслэлийг гарган эмчилгээний шинэ менежментийг нэвтрүүлсэн. Лазерын шарлага нь улаан хоолойн салст ба булчинлаг давхаргын төлжилт ургалтыг тэнцүү төвшинд өвөрмөцөөр явуулдаг болохыг тогтоосон. Гар сарвууны гэмтлийн үед гэмтлийн зэргээс хамаарч, нөхөн сэргээх эдийг цусан хангамжтай нь хамт суулгах бичил мэс заслын сонгомол аргыг гүнзгийрүүлэн тайлбарлаж, практикт нэвтрүүлсэн. Зүрхний таславч хоорондын цоорхой гажгуудын оношлогооны онцлогуудыг шинэчлэн тогтоож цоорхойн байрлалаар шинэ ангилал гарган, зүрхний гажигтай Монгол хүний цусан дахь микро элементүүдийн хэмжээг тогтоосон.

- Сонгуульт ажилын талаар?
- 1990 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан. Мөн Монголын зүрхний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, АНУ, ОХУ дахь олон улсын академийн гишүүн, Австрали улсын зүрхний эмч нарын нийгэмлэгийн хүндэт гишүүн, Эрүүл Мэндийн Яамны мэс заслын өрөнхий мэргэжилтэн, Шастины клиникийн мэс заслын тасгуудын ерөнхий зөвлөх, “Мэс засалч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, Новосибирск хотын цусны эргэлтийн эмгэг судлалын хүрээлэнгийн “Цусны эргэлтийн эмгэг” сэтгүүлийн зөвлөлийн гишүүн. “Мэс засал” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчийн сонгуультай.

- Ажлын гараагаа хаанаас эхлэв дээ?
1967 онд АУДС-ийг дүүргэж Ховд аймгийн Мянгад сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгчээс хөдөлмөрийн гараагаа эхэлж Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч, П.Н.Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлэгт зүрхний мэс заслын тасгийн эмч, зөвлөх эмч, АУХ-гийн захирал, «Ач» дээд сургуулийн захирал зэрэг алба хашиж, улсад 40 жил ажилласнаас 30 жилд нь мэс заслын багшийн ажлыг давхар хийж байна.

- Таны шагнал урамшууллын талаар?
-Эрүүлийг хамгаалахын болон Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, Шинийг санаачлагчийн тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан. Монгол улсын Хүний гавъяат эмч, Ардын эмч цолоор шагнагдаж Ази тивийн шилдэг мэс засалчаар шалгарч байв. Академич Н.Баасанжавын хэвлэж нийтлүүлсэн оюуны бүтээлийн нэрээс хураангуйлан тоймловол…

-Таны бичиж хэвлүүлсэн ном, сурах бичгүүд?
-Гэдэсний цочмог механик түгжрэл (1989 он), Мэс заслын өвчнүүд: Өрхийн эмч нарт зориулав-2 (1997 он), Мэс заслын цочмог өвчин (2002 он), Зүрх судасны өвчтэй хүнд үзүүлэх тусламж /хамтын бүтээл/ (2007 он), Ерөнхий ба тусгай мэс заслын өвчин (2005 он), Зүрхний төрөлхийн гажиг, судасны эмгэгийг судсан дотуур оношлон, эмчлэх /хамтын бүтээл/ (2006 он), Клиник артерийн битүүрээгүй цоргыг никелтитанаар хаах мэс заслыг хэрэглэсэн нь Актуальные вопросы (1993 он), Percutaneosis mitral Balloon valvuloplasty in patients with restenosis after surgical commissurotomy; A comparative study. Yonsei Medical Journal (1993 он), Adenocarcinoma of the transverse clon in a child with survival. Yonsei Medical Journal. (1993 он), Гэдэсний цочмог наалданги түгжрэлээс урьдчилан сэргийлэх /хамтын бүтээл/. (1978 он), Establishment of general database among Mongolians. The annual scientific meeting of Tokai medical association.-Hakone, (2003 он), мөн Нарийн гэдэсний төгсгөлийн хэсэгт үүссэн наалданги түгжрэлийг эмчлэх арга нэртэй 504 тоот патент.

- Эрдэм судлал бүтээлийн тухайд лавлахад?
Хүний эрүүл мэндийн төлөө зүтгэж ажиллахын зэрэгцээ ном товхимол 12, гадаадын болон олон улсын мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл 100 гаруйг нийтлүүлж, илтгэл, тезис 150 гаруйг бичиж, бас шинэ бүтээл 5, оновчтой санал ба ашигтай загвар 40-ийг гаргасан. Тэрээр шинжлэх ухааны докторын 2, анагаах ухааны докторын зэрэг 15, магистрын 5 ажил удирдаж үр дүнтэй хамгаалуулжээ. Хүн ардын эрүүл энхийн төлөө төрсөн энэхүү ачтан одоо өөрийн шавь нартайгаа аюулт өвчний эсрэг тулалдан ялалт байгуулсаар л явна. Монгол Улсын Ардын эмч Н.Баасанжавын нөр их хөдөлмөрийг төр, засаг дахин үнэлж Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулган Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээжээ.

- Та ямар хоббитой хүн бэ?
- Цэвэр агаар, ууланд явах, ан гөрөө хөөцөлдөх, морь уях.

- Монголын мэс заслын түүхийн талаар...
Монголын мэс заслын хөгжлийн түүх Иргэний эмнэлэг буюу одоогийн Улсын нэгдүгээр төв эмнэлгээс салбарлан хөгжсөн. 90 шахам жил гэдэг урт хугацаа, мэс заслын хөгжлийн түүх нь ард түмний эрүүл мэндийг хамгаалж өвчтөнд амьдын жаргал бэлэглэсэн мэс заслын эмч нарын түүх байх ёстой гэдэгт хэн ч эргэлзэхгүй билээ. Мэс заслын салбараасолон эрдэмтэн, гавьяатан, Төрийн шагналтан төрсөн. Төрийн одон шагнал хүртээгүй мэс засалчид ч гэсэн энэхүү амаргүй үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн гавьяат үйлстэнүүд болно. Мэс засалчдын ирээдүй ч ийм байх болов уу.
Хөдөөний эмнэлгүүдийн мэс заслын үүсэл хөгжлийн түүхийг тухайн эмнэлгийн мэс заслын салбарыг удирдаж буй тасгийн эрхлэгч, зөвлөх эмч нарын материалаар эмхэтгэв. Ингэхдээ тэдэнд лавламж, зөвлөмж өгч хөгжлийнх нь түүхийг тодотгосон болно. Урьд өмнө дэлхийн улс оронд хөгжсөн мэс заслын эмчилгээний арга, тусламж Монголд анх, тухайлбал УНТЭ-т, ШКТЭ-т, Цэргийн эмнэлэгт, Ховд аймгийн эмнэлэгт яаж хөгжиж, хэн гэдэг эмч үүнийг хэрэгжүүлснийг түүх болгож үлдээхийг эрмэлзлээ.
МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетэд мэс заслын багшаар ажиллаж байсан ЗХУ-ын эрдэмтэд, мэс заслын эмчээр ажиллаж байсан эмч нарынхаа түүх намтарыг товчхоноор оруулав. Мэс заслыг манай оронд хөгжүүлэхэд зохих хувь нэмэр оруулсан эмч нар, мэс заслын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтдийн багш нарын төлөөллийг багтаав. Тухайлбал: Е.Н.Мешалкин, В.А.Вишневский, П.Н.Шастин болон 1939 оны Халх голын байлдааны үеийн хээрийн цэргийн эмнэлгийн ерөнхий мэс засалч, цэргийн эмнэлгийн дэслэгч генерал И.Н.Ахутин нар. Зөвлөлтийн Засгийн газар эх орны дайны гал нутгийнх нь баруун хязгаарт шатаж байхад Монгол оронд их сургууль байгуулан өгч улмаар анагаах ухааны салбарыг 1990-ээд оны дунд үе хүртэл хөгжүүлэхэд тусалсан ачийг мартах ёсгүй. Өнөөдөр мэс заслын хөгжлийн түүхэн суурийг тавьсан алдарт ахмадууд, дунд үеийнхэн орос оронд мэргэжил эзэмшсэнийг бид мэднэ.
Ахмад үеэ дурсан үлдээх, залуу үедээ сургамж болгон үе үеийн түүхийг архивлан хадгалах, ололт амжилтаа түүхчлэн мэдэхэд л номын ач холбогдол оршино. Залуу эмч нарт сургамжаа олон ахмад мэс засалчид илэрхийлсэн билээ. Тэднийг төлөөлүүлэн цөөн тооны алдарт мэс засалчдын дурсамж, дурдатгалыг багтаав. Дэлхий дахинд мэс заслын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан анхны мэс заслууд, мэс засалчдын нэрээр нэрлэгддэг мэс заслын өвчний үед гардаг хам шинжүүдээс номондоо хавсралт болгон орууллаа.
Номыг эмхэтгэх явцад өмнөх түүхээ нилээд мартсан, хойч үедээ үлдээх дурсамж тэмдэглэл хомсхон байгаа нь ажиглагдлаа. Аливаа юм бүхэн дэвшиж дээшилж хөгждөг жамтай. Монголын мэс заслын түүх ч энэ жамаар урагшлах ёстой. Хойшид мэс заслын түүхээ улам тодруулан дутууг нь нөхөж баяжуулан, алдааг нь залруулан авч явах үүрэг залуу мэс засалчдад ноогдох ёстой.
Өнгөрсөн түүхээ үнэнд хэр ойртуулан бичсэнээс ирээдүйн түүх нь үнэн бодитойгоор үргэлжлэх хуультайг дараагийн бичигчдэд үлдээе.

- Гадаадын мэргэжилтнүүдтэй хэрхэн хамтарч ажиллаж байна?
1990 оноос хойш ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банк, АНУ-ын Мянганы сорилтын сан, Японы хүүхдийг ивээх сан болон анагаах ухааны эмчилгээ, шинжилгээ, оношлогооны цахим техник хөгжсөн улсын сайн санаат эмч нарын баг, хувь эмч нар Монголд ирж мэс заслын салбарыг хөгжүүлэхэд ихээхэн тусалсаныг онцлон тэмдэглэе. Тухайлбал АНУ-ын Арканзас мужийн Бернардын их сургуулийн мэс засалч Рашер Альберт Холли манай оронд өөрийн хүслээр ирж УКТЭ-ийн мэс засалч А.Отгондалай, Г.Нямхүү нартай танилцаж дурангийн мэс засалд сургасан. Өнөөдөр бараг бүх аймагт дурангийн мэс заслаар эмчилдэг боллоо.
Телемедицина буюу алсын зайн эмнэлгийн зөвлөмж, оношлогоо хөгжлөө. Манай мэс засалчид дотоод, гадаадад олон чиглэлээр сурч мэргэшин дэлхийн шилдэг мэс засалчидтай мөр зэрэгцэн өндөр хөгжсөн оронд хийгддэг олон төрлийн мэс заслын тусламжийг ард иргэдэд найдвартай үзүүлж байгааг ард түмэн нүдээрээ үзэж, биеэрээ мэдэрч байгаа билээ. Сүүлийн жилүүдэд мэс заслын салбарт техник, технологи өргөн нэвтэрч, мэргэжилтэнүүдийн ур чадвар дээшилсэнтэй холбоотой судсан дотуурх мэс засал, нөхөн сэргээх ба эрхтэн, эд шилжүүлэн суулгах хагалгаанууд хурдтайгаар хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байна.

- “Ач” сургууль байгуулсан тухайгаа дурсана уу?
- Миний бие 1967-1997 он хүрэл ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст 30 жил тасралтгүй ажиллаж, өөрийнхөө залгамж халаа гарын шавь нараа бэлтгэх нь буянтай үйлс гэдгийг ухаарч, Г.Дулмаа бид хоёр зөвлөлдөн 1998 онд “Ач” Анагаах Ухааны Коллеж, 2001 оноос “Ач” Анагаах Ухааны Дээд Сургууль, 2015 оноос “Ач” Анагаах Ухааны Их Сургууль болж өргөжлөө.
Анх 54 оюутантай түрээсийн байранд эхэлж байснаа бодвол 15 удаагийн төгсөлтөөр 2630 их эмч, сувилахуйн мэргэжилтэн бэлтгэж хүн ардынхаа эрүүл мэндийн албанд шилжүүлсэн.
Одоо бүрэлдэхүүний 3 сургуультай, 5 албатай, 18 тэнхимтэй, 1600 гаруй оюутантай, 90 үндсэн багштай 82.5 хувь нь эрдмийн зэрэг цолтой, хичээлийн 3 байр, тохилог спорт заал, фитнесс төв зэргийг нилээд хөрөнгөөр бүтээн босгосон. Ирэх жилээс сургуулийн эмнэлэг барьж эхлэх талбай маань бэлэн дээ.
Төгсөлтийн дараах сургалтаар рездентурээр 150 гаруй, магистратудаар 141, докторантурт 50 суралцаж түрүүч нь урьдчилсан хамгаалалт хийсэн. Ер нь төгсөгчдөөс маань гадаад дотоодод 6 доктор, 85 магистр зэрэг хамгаалсан байгаа нь үргэлжлүүлэн суралцах, нарийн мэргэжил эзэмших эрмэлзлэлтэй байгааг харуулахын зэрэгцээ бүх төгсөгчдийн 78% нь мэргэжлийн чиглэлээрээ ажиллаж сургууль багш нартайгаа холбоотой байдаг.

- Сургуулийн номын сан гэхэд ямар вэ?
- Анх 3000 гаруйхан номтой 300-аад уншигчтай эхэлсэн, өнөөдөр 1800 гаруй уншигчтай, 200 гаруй сая төгрөгийн 20 гаруй мянган номтой төрөлжсөн катологитой, ойрын болон лавлагааны фондтой, 80 гаруй компьютертой, уншлагын 2 танхимтай, мэдээллийн 2 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

- Хэдэн мэргэжлээр сургадаг вэ?
- Анагаах, хүний их эмч
- НАС-аач их эмч,
- УАУ-ны их эмч,
- НЭМ-ийн дээд мэргэжилтэн
- Сувилахуйн дипломын болон бакалаврын боловсролтой сувилагч бэлтгэдэг.
2005 оноос  хүүхдийн их эмчийн ангийг нээсэн, 6-н төгсөлтөөр 215-н  хүүхдийн их эмч бэлтгээд 2014 онд ЭМЯ-наас хаасанд харамсаж явдаг юм.
Учир нь өөр аль ч сургуульд хүүхдийн эмч бэлтгэдэггүй, Гэтэл Монголын хүн амын 50 гаруй хувь нь хүүхэд шүү дээ...

Ярилцсан С.Бадамжав
Б.Дагданбазар

122 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш