Дөнгөбатын Эрдэнэцогт: Нотолгоонд суурилсан оношоор эмчилбэл үр дүн сайтай

АУ-ны доктор Дөнгөбатын Эрдэнэцогт 1975 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрж Улаанбаатар хотын 10-н жилийн 33-р дунд сургуулийн химийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгссөн. 1994 онд АУИС д элсэн орж, 2000 онд тус сургуулийг дүүргэж хүний их эмч мэргэжилээр бакалаварын диплом авсан.


Японы Олон улсын Эрүүл мэнд Нийгмийн хамгааллын Их сургууль (IUHW), Багш, дэд профессор (講師)
2000 онд АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.
2000-2006 онд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт Мэс засалч, Эмгэг судлаач-Шүүх эмнэлгийн эмчээр ажиллаж байсан
2006-2007 онд SOS International Ulaanbaatar эмнэлгийн орон нутгийн уурхайн яаралтай тусламжийн их эмч
2007-2018 онд АШУҮИС – ийн эмгэг судлалын тэнхимийн Ахлах багш
2009-2011 онд Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлгийн Эмгэг судлаач эмч
2012-2018 онд АШУҮИС-ийн ИСНЭ-ийн Эмгэг судлалын тасгийн эрхлэгч
2018 оноос Японы Олон улсын Эрүүл мэнд-Нийгмийн хамгааллын Их сургуулийн багш, дэд профессороор ажиллаж байна. Энэ сургууль нь 1995 онд байгуулагдсан, Одоо Япон улсад төдийгүй олон улсад Анагаахын цоо шинэ жишиг хөтөлбөрөөр алдартай нийт 8300 оюутантай.

 

- Ажлын гарааг хаанаас эхлэв?
2000 онд АУИС-ыг хүний их эмч мэргэжилээр төгсөөд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт 2000-2006 онд Мэс засалч, Эмгэг судлаач-Шүүх эмнэлгийн эмчээр ажилласан маань миний хувьд эмнэлгийн оношийн эргэлзсэн асуудлыг төгс оношлох дэлхийн хандлагаруу ойртсон ажлын гарааны жилүүд байсан. Энэ үеэс ажлын дадлага туршлага жилээс жилд дээшлэн нарийн мэргэжил эзэмшиж ажлын дөртэй болсон гэж боддог.
Дурьдсан хугацаанд Эмгэг судлалын төв болон тэнхимтэй ажил мэргэжилээрээ байнгын идэвхит холбоотой ажиллаж байсан. 2005-2007 онд Монгол дахь гадаадын иргэдэд үйлчлэх чиглэлээр ажилладаг SOS International эмнэлэгт гадаадын туршлагатай эмч нартай мөр зэрэгцэн ажиллаж байсан юм.
2007 оны хичээлийн жилээс ЭМШУИС ийн Био Анагаахын сургуулийн Эмгэг судлал Шүүх эмнэлгийн тэнхимд багшаар ажиллаж байна. Дээрх хугацаанд тэнхимийн сургалт, эрдэм шинжилгээний үр дүнг практикт нэвтрүүлэх талаар идэвхи чармайлттай ажиллаж ялангуяа тэнхимийн гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг гүйцэтгэж байгаа юм.

- Та Швецарын засгийн газрын хэрэгжүүлсэн төслийнхөө талаар дурьдаач?
2006 оноос эхлэн Швейцарийн Мэс засалчдын багийн бүрэлдэхүүнд Монголд зайн оношлогоог нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай болсон талаар танилцуулж цаашид хамтран ажиллах, тусламж хүсэн төсөл боловсруулсан юм. Швейцарийн багийн удирдлага болон түүний бүрэлдэхүүнд ирсэн Телепатологийн мэргэжилтэн профессор М.Оберхолзер уг саналыг дэмжиж улмаар Швейцарийн засгийн газраар дэмжүүлсэн юм. Цаашид 2008 оноос уг төсөл амьдралд хэрэгжиж анхны Зайн оношлогооны төвийг ЭМШУИС ийн БАС-ийн Эмгэг судлал Шүүх эмнэлгийн тэнхим болон Дорноговь аймагт байгуулсан билээ. Энэ төсөл хоёр улсын засгийн газраар дэмжигдэн одоо бүх аймгуудыг хамран амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэ төслийн зохицуулагчаар Монголын талаас би ажиллаж байна.

- Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд хэдэн жил ажиллаж байна?
- Арав гаруй жил ажилласан. Их сургуулийн эмнэлэгт давхар ажилласан нь онол практикийг хослуулан эд эсийн түвшинд оношлох бүрэн боломж нээгдсэн гэж үздэг. Анагаах ухааны сургуулийн дотрын II тэнхтимиын элэг судлалын профессорын багийн хамт олонтой хамтран ажиллаж байгаа маань эмнэлзүйтэй холбогдож мэргэжлийн ур чадвар сайжирсан гэж үздэг.

- Багшийнхаа тухай дурьдана уу?
- Миний багш Лодонгийн Галцог гэдэг профессор намайг дэмжиж тусалж, их зүйлийг сургаж дадлагажуулсан их ачтай хүн билээ. Тэрээр Монгол улсын гавьяат багш, анагаах ухааны профессор олон шавь нараа араасаа манлайлсан эрхэм ачтан гэж би боддог.
Профессор Л.Галцог багшийн удирдлаган доор 2009 онд Ходоодны амсрын өмөнгийн метаплазын өөрчлөлтийг эрсдэлт хүчин зүйлтэй нь холбон орчин үеийн гистохимийн аргыг анх хэрэглэж судлан АУ-ны магистрын зэрэг, 2010 оноос Швейцарийн Базелийн Их сургуулийн Патологийн институтын элэг судлаач профессор Террачиано, Л.Галцог нарийн хамтарсан удирдлагын дор Элэгний анхдагч өмөнгийн Молекулпатологийн болон Телепатологийн судалгааг амжилттай гүйцэтгэж, АУны докторын (PhD) зэрэг амжилттай хамгаалсандаа талархалтай байдаг юм.

- Мэргэжлээ хэрхэн дээшлүүлэв?
-Улмаар төгссөн жилдээ Мэс заслын резидентурт орж 2001 онд мэс заслын эмчийн мэрэгшил эзэмшсэн. 2004 онд Эмгэг судлаач эмчийн резиденсийн дамжааг төгсөж, Эмгэг судлаач мэргэшил эзэмшиж, нарийсгаж эрдэм мэдлэгээ дээшлүүлэх талаар анхаарч Итали, Солонгос улсуудад мэргэжил дээшлүүлсэн. Одоо Япон улс даяар 7 кампуст дэлхийн 20 орчим орны оюутан суралцаж байна. Япон улсад ажиллаж байгаа минь мэргэжил дээшлүүлж байгаа хамгийн том ашигтай боломж юмаа.
Элэгний эмгэг судлалын чиглэлээр Швейцарын Базелийн Их сургууль, БНСУ-ын АСАН эрүүл мэндийн төв, Итали улсын Турин хотын Молинеттэ сургалтын эмнэлэг зэрэг газруудад мэргэжил дээшлүүлсэн. Олон улс, дотоодод элэгний өвчний эмгэг судлалын асуудлаар эрдэм шинжилгээний 20 гаруй өгүүлэл, 10 орчим илтгэл хэлэлцүүлсэн.
2011-2012 онд Швейцарийн холбооны улсын Базелийн Патологийн хүрээлэнд сургалтын хөтөлбөрт хамрагдан суралцаж Монгол дахь элэгний анхдагч өмөнг эрт үед нь оношлох молекул патологийн аргыг эзэмшиж, өөрийн материал дээр хэд хэдэн судалгааг явуулж илтгэл хэлэлцүүлж, өгүүлэл нийтлүүлсэн болно.
Мөн 2010 онд БНСУ-ын Ионсейн их сургуулийн эмгэг судлалын тэнхимд мэргэжил дээшлүүлэх чиглэлээр суралцаж Иммуногисто химийн аргыг эзэмшсэн юм. Улмаар 2011 онд Солонгосын Ионсейн их сургуулийн профессор Ян Воо Ик –г урин ирүүлж эмгэг судлаач эмч нарт лимфом хавдрыг иммуногисто химийн аргаар оношлох сургалтыг анх удаа явуулсан маань одоо үр дүнгээ өгч байна.
2014 онд БНСУ ын Асан эмнэлэг дээр элэг шилжүүлэн суулгах Монголын багийн сургалтанд элэгний эдийн шинжилгээний мэс заслын өмнөх болон дараах оношлогооны сургалтанд амжилттай хамрагдаж ирсэн.
2017 онд Итали улсын Турин хотын Эмнэлэгт (жилдээ 700-800 элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар, 5000 орчим элэгний амьд сорьцын шинжилгээг явуулдаг) мэргэжил дээшлүүлэх дадлагыг амжилттай хийж гүйцэтгэсэн.
Би 10 гаруй жил Эмгэг судлалын багш Эмчээр ажиллаж байгаа хэдий ч Японы ОУЭМНХИС-ийн Мэргэжлийн болоод Сургалт ЭШ-ний арвин туршлагатай хамт олноос суралцах юм маш их байна. ОУЭМНХИС-ийн Ерөнхийлөгч Kuninori Takagi манай АШУҮИС-тай хамтын ажиллагааг 2011 оноос Проф Б.Амарсайханы хамтаар эхлүүлсэн нь өнөөгийн өргөн цар хүрээт 2 их сургуулийн хамтын ажиллагааны эхлэл байсан гэж үздэг.

-Сонгуульт ажлын талаар?
• Монголын Элэгсудлалын Академийн гишүүн
• Япон улсын Элэг судлалын нийгэмлэгийн (JSH) гишүүний тус тус сонгуультай
• Онош анагаах ухааны сэтгүүлийн редакцид ажиллаж байна

-Гэр бүлээ танилцуулна уу?
-Амбүл 4, гэргий, 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний хань их эмч мэргэжилтэй.

-Та дээрх хугацаанд өөрийгөө байнга хөгжүүлжээ?
-Эмч хүн мэргэжилийн өндөр мэдлэг урчадвартай, гадаад хэл түүний дотор Англи хэлээр унших, ярих, орчуулах, бичих түвшиний мэдлэгтэй, Компьютерийн түгээмэл хэрэглээний бүх программуудыг сайтар эзэмшиж өөрийгөө хөгжүүлэх л хэрэгтэй.
Би Зайн оношлогооны программуудаар эмч нарт зөвлөж, сургаж, бусдыг идэвхижүүлэх, багаар ажиллах, гадаадын түнш нарыг өөрийн мэргэжлээр татан оруулж хамтран ажиллахыг эрмэлздэг.
Иймдээ ч Монголын эмгэг судлалын ирээдүйн хөгжлийн болон өнөөгийн засгийн газрын суурь бодлогыг хэрэгжүүлэхэд өөрийн бие болон эрдэм оюуны мэдлэг чадвараа зориулж явна даа.

Ярилцсан: С.Бадамжав

87 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш