Лхамсүрэнгийн  Жамбалжав: ЭМЧ ХҮН БОЛ НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН...

Хурандаа эмчтэй уулзсаных таны цэргийн амьдралын түүхээс товчхон ярилцвал?
-Хөдөө орон нутагт эмч, эмнэлгийн байгууллага ховор үед ээж минь олон хүүхэд төрүүлж олон хүүхэд нь эндэж байсан. Ийм болохоор хүүхэд байхын мөрөөдөл инженер юмуу сансрын нисгэгч байсан ч аав ээж маань эмч болгоно, эмч хүн бол түмний хайр хүндэтгэлийг хүлээж байдаг, зовсон хүнд тус болдог сайхан мэргэжил гээд сургуулийн захиргаанд хүсэлт тавьж Улаанбаатар хотын анагаах ухааны сургуульд хуваарилагдсан юм.


Архангай аймгийн төвийн 10 жилийн сургуулийг онц төгссөний хувьд дээд сургуулийн хуваарийг хамгийн түрүүнд сонгох эрхтэй байсан болохоор Улаанбаатарын анагаах ухааны дээд сургуулийг 1972 онд төгсөж Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр хуваарилагдан, тэр жилдээ УНТЭ-т алдартай мэс засалч П.Долгор багшийнхаа дэргэд мэс заслын эмчийн дагалдан курс хийж Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сум дундын эмнэлэгт мэс засал, эх барих эмэгтэйчүүдийн эмчээр томилогдож 2 жил гаран ажилласан.
1974 оны хавар өөрийн хүсэлтээр цэргийн албанд Зүүнбаянгийн 126-р нэгтгэлийн Холбооны ротод хуваарилагдан 1000 цэргийн карантинд 45 хоног цэргийн бэлтгэл хийгээд байлдагч цол, 1974 оны 08 дугаар сарын 25-нд дэслэгч цолоор шагнуулж Цэргийн төв эмнэлэгт мэс заслын эмчээр томилогдон ажилласан юм. 1996 оны 08 сар хүртэл Зэвсэгт хүчний төв госпиталийн мэс заслын туслах эмчээс клиникийн захирал, зөвлөх эмч хүртэл хурандаа цолоор шагнагдан ажилласан.
Цэргийн амьдрал бол миний хамгийн эрч хүчтэй залуу насны минь хүч хөдөлмөр бие сэтгэлээ зориулсан галтай дөлтэй үе байлаа. 1986 онд ОХУ-ын Санкт Петербургийн /Ленинград/ Цэргийн хүн эмнэлгийн академид суралцаж анагаах ухааны докторын зэргийг хамгаалсан. Цэргийн академид суралцсан чиглэл маань цэргийн хээрийн мэс засал тул цэрэг дайны үе дэх мэс заслын бүхий л арга барилд суралцсан гэсэн үг. Тиймээс ч Цэргийн госпитальд тархи, цээж хэвлийн хөндий, мөч ясны бүхий л хагалгаануудыг хийдэг байлаа. Ялангуяа гэмтлийн хагалгаанууд цээж хэвлийн гэмтэл, мөч ясны хугарлуудыг эмчлэхэд ихээхэн анхаарал тавьж байлаа.
1993-1996 он хүртэл АНУ-ын БХЯ-ны Англи хэлний институт, хуурай замын цэргийн хүн эмнэлгийн академи, Brook Army эмнэлгийн төв, Willtordhall нисэх хүчний төв эмнэлгүүдэд цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл мөн хүний эрхтнийг шилжүүлэн суулгах мэс засалд суралцаж билээ. Миний эзэмшсэн сурсан мэргэжил дадлагынхаа дүнд Монголын анагаах ухаанд шинэлэг арга барил нэвтрүүлэх тэмүүлэл сонирхолдоо хөтлөгдөн Монголын анагаах ухаанд нэмэр болгож Цэргийн төв эмнэлэгтээ 20 гаруй шинэ санаачилга, бүтээл нэвтрүүлсэн нь лазерийн туяагаар хийх мэс засал, хэвлийн хөндийн диализ, цус нүүрсээр угаах, гахайн дэлүүг хүнд шилжүүлэн суулгаж хордлого тайлах, цусны үүдэл эсийг өөрөөс нь өөрт нь шилжүүлэн суулгах зэрэг юм. Монгол улсын түүхэнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэхээр санаачлан ажилласан маань Монгол Улсын анагаах ухааны практикт бүрэн хэрэгжээд байна.

Та сумын эмнэлэгт ажиллаж байсан тухай дэлгэрүүлээч?
- Тиймээ Сэлэнгэ аймгийн Баруунхараа сум сангийн аж ахуй гэж байхад Баруунхараагийн эмнэлэг сум дундын эмнэлэг гэж байлаа. Сум дундын эмнэлэгт хүүхдийн эмч, дотрын эмчээс гадна мэс засал эх барих эмэгтэйчүүдийн эмч гэж хамтдаа нэг орон тооны нийт баг тус бүрийн багийн эмч, хагалгааны сувилагч, бусад эмийн сан хэвтүүлэн эмчлэх ортой учир ээлжийн сувилагч, жолооч, нярав гэсэн орон тоотой ажиллана. Би тэнд жил гаруй ажиллахдаа шарх сорви оёх идээ буглаа нээхээс авахуулаад мухар олгой, ивэрхий судасны бүдүүрэлт зэрэг ерөнхий мэс заслын хагалгаануудыг хэсгийн мэдээ алдуулалт дор хийдэг байлаа. Харин эх барих эмэгтэйчүүдийн талаас төрөлтийн үе дэх савны амсрын урагдалт, дутуу үр зулбалтын үеийн цус алдалтууд, ксирево хагалгаа хүртэл хийж эх үрийг аварч байлаа.
Тэр үед сум дундын эмнэлэгт, одоо үед ч яаралтай тохиолдолд тухайлбал, ихэс буруу байрлаж төрөлтийн үед савны амсар нээгдэхийн хэрээр төрөлтөөс түрүүлж эхэс хуурсанаар аюултай цус алдалт болж хүндрэх тохиолдол гардаг бөгөөд өвчтнийг тээвэрлэх өөрөөр хэлбэл аймгийн эмнэлэг эсвэл төв газарт хүргэх боломж цаг хомс учир мэргэжлийн эмч нарын баг дуудах, газар дээр нь хагалгаа хийх шаардлага гардаг.
Заримдаа аймаг руу дуудлага өгөхөд эх барихын эмч нь дуудлаганд явчихсан эсвэл алсын түргэний машингүй, цас мөсөнд зам боогдсон тохиолдлууд гардаг байлаа. Ийм үед эх үрийг аврахын тулд эхэс хуурч цус алдаж байгаа үед өвчтнийхөө амийг аврахын тулд яаралтай мэс засал хийхээс өөр аргагүй байдаг байлаа. Нэг тохиолдлыг санахад ямар ч хүндрэлгүй байсан жирэмсэн эмэгтэй төрөлт эхлээд савны амсар 2-3 хагас орчим нээгдэж байтал цус гарч эхэлсэн. Цааш байдлыг ажиглаад үзэхэд эхэс түрүүлж байрласан шинжтэй байсан тул яаралтай аймаг руу дуудлага өгөхөд эмч ирэх боломжгүй алсын дуудлаганд явсан /1973 он/ байсан. Өвчтний цус алдалт тасралтгүй болж байсан учраас хагалгааны сувилагчаар яаралтай угаалган бусад эмч хүүхдийн эмч, дотрын эмч маань хот явсан байсан эмнэлгийн хэдэн бага эмч нараа дуудаад /энэ өдөр амралтын өдөр байсан/ тэднийг ирэх хооронд хүлээлгүйгээр жижүүрийн сувилагчдаа хэлээд эсмарх /маск/ -ийг хөвөн сальфеткаар том болгож бүрхээд эфир /уурчимтгай унтуулгын бодис/ аман дээр тавьж амьсгалуулаад өвчтнөө тоолууж байгаад тоолохоо болиод унтахаар нь хагалгааны багаж ариутгасан бэлэн тул шууд хэвлийг зүсэж шархаар ямар ч цус тогтоолгүйгээр шууд савыг зүснэ дотор байгаа ургийг маш хурднаар авч улмаар эхсийн гараар хуулж хамтад нь авч түмпэн лүү гаргаж тавиад /ураг үхсэн гэж бодсон/ дотор нь байсан уураг эхсийг гаргасаны дараа сав хурдан агшаад метил эргометрин тариаг савны амсар луу тарингуут сав хүчтэй агшин савыг зүсэж нээсэн шархны ханын цус алдалт тогтсон бөгөөд шархаа шууд өлөн уасаар оёж битүүлээд хэвлийд асгарсан цусыг нь 0,9-ийн усаар угааж хэвлийн шархаа битүүлж билээ. Энэ хагалгаа үндсэндээ 10 хэдэн минутын дотор болж билээ. Өвчтөн сэрсэн биеийн байдал тогтвортой сэтгэл тайвшраад хагалгааны өрөөнөөс гартал дуудуулсан их бага эмч нар маань гадаа зогсож байлаа. Нөгөө хэд маань баяр хүргэе гэдэг юм. Би ч яасан удаан ирдэг юм гэсэн загнах аястай үг хэлээд ойролцоо байсан ширээ рүү харахад хүүхдийг өлгийдөөд тавьсан байлаа. Энэ юу вэ, хүүхэд үү гэж асуутал нөгөө хүүхэд гэж хэлсэн. Гэтэл тэр хэд маань хагалгааны өрөө орох гээд жаахан айдастай байтал түмпэнтэй уургийг асрагч гаргаад ирэхээр нь амьд байсан тул доор нь салсыг нь соруулаад хүй тасалж цэгцлээд өлгийдөөд авсан ажээ. Хагалгааны дараа эх үр хоёр ямар ч хүндрэлгүй эмнэлгээс гарсан юм. Хожим нь энэ хүүхэд маань хэвийн өсөж төрнөөд Улаанбаатар хотын СУИС-ийг төгсөөд орон нутагтаа ажиллаж байгаа.
Баруунхараагийн сум дундын эмнэлгийн хамт олон сайхан хамт олон байж билээ. Хожим нь энэ эмнэлгийн 70-80 жилийн ойгоор энх тунх байгаа хэсэг нь уулзалдаж ярьж хөөрч дурсан санацгаадаг юм. Одоо ч би Баруунхараа эмнэлгийн байгууллагатай холбоотой хааяа очиж байдаг юм. Баруунхараа сумын төв бол олон улсын зам дагуу байдаг Дархан, Зүүнхараа аймаг, Улаанбаатарын нэгдсэн эмнэлэг төвүүдээс хол зайтай учир осол аваар гарах үед нилээн бэрхшээл хүндрэл гардаг тул эмнэлгийг яаралтай тусламжийн чиглэлээр хөгжүүлэх шаардлагатай юм. Энэ талаар ЭМЯ-ны холбогдох мэргэжилтэн санал солилцож аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, сумын эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч Б.Баярмаа, сумын засаг дарга С.Ариунбат, иргэдийн хурлын дарга М.Бямбаа нартай зөвлөлдөж эмнэлгийг өргөжүүлэх талар нилээд бодитой ажил хийгдэж байгаа болно.


Таныг хүний эрхтэн шилжүүлэн суулгах, тэр дундаа бөөр шилжүүлэн суулгах мэс заслын загалмайлсан эцэг гэж ярих юм?
-Загалмайлсан эцэг нь ч яах вэ, гэхдээ энэ эмчилгээний аргыг нэвтрүүлэхийг анх санаачилж Монголын анагаах ухаанд нэвтрүүлэхийн тулд бусдыг уриалан тэднийхээ дэмжлэг туслалцаа шууд оролцоотойгоор өдий хүртэл зүтгэж байгаа минь түүхийн үнэн юм. Тиймээс ч ОХУ-ын хүн эмнэлгийн академид суралцаж байхдаа ч, АНУ-д суралцаж байхдаа ч уг ажилдаа холбоотой материал цуглуулж байлаа. АНУ-д сурч байхдаа сүүлийн 6 сард АНУ-ын Батлан хамгаалах яамд хүсэлт тавьж нисэх хүчний төв эмнэлэгт нь элэг, бөөр шижлүүлэн суулгах мэс заслын дадлагыг хийсэн билээ. Тэр ч байтугай АНУ-ын цэргийн эмч нарын багт орж Техас мужийн Сан-Антония хотоос Лос-Анжелес, Денвер хотууд руу цэргийн жижиг реактив онгоц, цэргийн нисдэг тэргүүдээр хүний эрхтэн элэг, бөөр, зүрх нас барсан донороос авахаар нисэж эрхтнүүдээ өвчтөнд суулгах мэс засалд биечлэн оролцсон юм.
Нэг удаа зүрх авчраад суулгахын өмнө шалгахад зүрхний таславч нь цоорхой байсан, донорын багт явсан бидний залуус туршлага бага шууд зүрхийг нь аваад ирсэн гэтэл багш үзэж мэдээд бидэнд сургамж өгч зүрхний цоорхойг тавган дээр оёод хүнд суулгаж өвчтөн маань 36 хоноод эрүүл саруул болоод гарч билээ. Харин монголдоо 1996 онд бөөрний дутагдалтай 22 настай А гэдэг залууд 26 настай эгч Д-гээс нь бөөрийг нь авч шилжүүлэн суулгах хагалгааг УНТЭ-т хийж билээ.
Аливаа шинэ зүйлийг хийхэд эсэргүүцэл их байдаг хойно доо. Шинэ мэс засал технологийг нэвтүүлэхэд хууль эрхийн актгүй, удирдлагууд ойлгохгүй зарим эмч нарын эсэргүүцэлтэй тулж байлаа. Анхны мэс заслын хийхэд миний хамтран зүтгэгчид тухайлбал, МУ-ны ардын эмч Г.Нямхүү гавъяат багш Б.Гоош, гавъяат эмч Д.Нямсүрэн, тэргүүлэх зэргийн мэс засалч Д.Нарантуяа болон бусад эмч нар үнэхээрийн дэмжиж тусалж хамтран хийлцэж билээ. Эдгээр ахмад туршлагатай багш эмч нарын нөмөр нөөлөг хязгааргүй их байсан юм. Хэрэв тийм хүмүүсийн дэмжлэггүй бол арга хэмжээнд ороход ойрхон байлаа.
Анхны мэс заслаас хойш нэлээд туршлага сууж багийн эмч нараа дагуулан БНХАУ-ын Найрамдал эмнэлэгт Д.Нямсүрэн, Б.Бямбадаш, Ж.Саранцэцэг бусад, мөн БНСУ-ын Сөүл хотноо Б.Бямбадорж, Б.Бямбадаш, Ж.Саранцэцэг бусад гэх мэт дадлагажуулж улмаар Бээжин хотын Шижитан төмөр замын эмнэлэгт Л.Мишигдорж, Б.Алтан-Ундрах, Л.Оюунцэцэг, Ж.Пүрэвцэрэн, Ц.Уртнасан нарыг туршлагатай мэс засалч Хан Ксиву докторын удирдлага дор бөөр суулгах дадлага хийлгүүлэн 2006 оны 3 дугаар сард Хан докторын багийн оролцоотойгоор академич Н.Баасанжав, зүрх судасны мэс засалч Д.Цэгээнжав нарын дэмжлэг шууд оролцоотойгоор Монгол Улсын түүхэнд ихрээс ихэрт нь бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд тэд одоо ч энх тунх амьдарч байна.
Миний бие одоо ч УНТЭ-ийн дэргэдэх эд эрхтэн шилжүүлэн суулгах төвийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн зөвлөх эмч, Цэргийн төв эмнэлгийн мэс заслын зөвлөх эмчээр ажиллаж, залуу эмч нарыг сурган дадлагажуулж байна.
Монгол улсад европын анагаах ухааны (1921 онд Сүхбаатар жанжины тушаал цэрэг) ардыг эмчлэх хороо байгуулснар анхны европ эмнэлэг бий болж улмаар УНТЭ 1921 онд байгуулагдаж Монгол улсын түүхэн ууган эмнэлэг бий болсноор европ эмнэлэг төрөл мэргэжлийн чиглэлээр дэлхий эмнэлгийн хэмжээнд хүртлээ өсөн хөгжиж байна. Монгол улсын түүхэнд мэс заслын алба хөгжиж хүний биеийн аливаа эрхтэн өвдөж хавдан эрхтний үйл ажиллагаа нь зогсож амьдралыг дэмжих ямар ч бололцоогүй болсон үед авч хайхаас өөр аргагүй болсон үед гэтэл амьдралын зайлшгүй чухал эрхтнийг бүтнээр аваад хаяхад уг эрхтнийг ямар нэгэн хэлбэрээр орлуулахгүй бол өвчтний амь насыг аврах ямар ч боломжгүй. Хүний биеийн эд эрхтнийг орлуулах машин механизмийг бий болгосон ч амьд хүний эрхтнийг бүрэн орлож чадахгүй. Иймээс эд эрхтэн шилжүүлэн суулгах анагаах ухаан өнгөрсөн зууны дунд үеэс нилээд хүчтэй хөгжиж амьдралын чухал эрхтнүүдийг эд нийцлийн тохирооны үндсэн дээр амжилттайгаар шилжүүлэн суулгадаг болоод байна.
Монгол улсад эд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний арга зайлшгүй нэвтрэх шаардлага тулгамдсан асуудал байлаа. Миний бие оюутан байхаасаа эхэлж УНТЭ-ийн мэс заслын тасаг П.Долгор, Б.Гоош, тасгийн дарга Отгондалай, Г.Нямхүү нарыг дагалдан мэс заслын арга барилд суралцсан цагаас эхлэн эд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний арга барилыг сонирхон ном хэвлэлийн материал цуглуулахаас эхлээд өдрийн бодол шөнийн зүүд болж мөрөөдөж явсансан. Тиймээс ч цэргийн төв эмнэлэг, УНТЭ-т туршлагын амьтан, нохой дээр олон туршилтуудыг хийж улсаар цогцос нь дээр ч дасгалуудыг хийж байлаа.
Хожим нь ЗХУ Ленинградын хүн эмнэлгийн академийн, АНУ-ын томоохон эмнэлгүүдэд харж үзсэн бүх туршлага, хамтран ажиллаж надтай санаа нэг мөр зэрэгцэн дэмжиж зүтгэсэн анд нөхөд эмч нар маань түүхэн энэ хугацаанд эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээ, түүний дундаас бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол улсад бүрэн нутагшуулсан билээ. УНТЭ-т бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг бүрдэж одоо энэ ажлыг залуу эмч нар амжилттай авч явж байна. Миний мөр зэрэгцэн зүтгэсэн үндэсний багийн эмч нар Монгол улсын төрийн шагналт, гавъяат эмч, анагаах ухааны доктор, профессор Д.Нямсүрэн, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Бямбадорж, анагаах ухааны доктор Д.Баян-Өндөр, МУ-ын гавъяат эмч Б.Төмөрбаатар, анагаах ухааны доктор, профессор Л.Ганболд, клиникийн профессор Б.Бямбадаш, клиникийн профессор Д.Чулуунбатаар, анагаах ухааны доктор Ж.Саранцэцэг, тэргүүлэх зэргийн эмч Б.Оюунбилэг нартаа маш их баярлаж явдаг юм.


Энэ ажлыг эхлүүлсний дүнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний бааз туршлагыг үндэслэн элэг шилжүүлэн суулгах, үүдэл эсийг шилжүүлэн суулгах эмчилгээний аргууд нэвтэрсээр байна. Монгол улсад цусны эмгэгтэй өвчтэй хүүмүүс цөөнгүй байдаг бөгөөд төгс эмчилгээ нь үүдэл эсийг шилжүүлэн суулгах арга юм. Энэ аргыг нэвтрүүлэхийн тулд миний бие мөн сонирхож цэргийн төв эмнэлэгт ажиллаж байхдаа суллаг эрхтний хавдартай өвчтний ясны хэмийн цусыг кассрийн зүүгээр хэмт хэсэг рүү хатгаж соруулан авч цусыг дарчлагч СОЛИПК-7 уусмалд хадгалаад уг өвчтний туяагаар шарж мэс засал хийгээд дараа нь хадгалсан хэмийн цусаа эргүүлэн сэлбэх эмчилгээг хийж байлаа. Энэ нь цусны үүдэл эсийг өөрөөс нь өөрт нь сэлбэх гэсэн үг юм. Хожим нь УНТЭ-ийн даргаар ажиллаж байхдаа ясны хэмийн цус буюу үүдэл эсийг шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэхийн тулд цус дотоод шүүрлийн нэгдсэн тасгийг өөрийн тушаалаар цусны, дотоод шүүрлийн гэсэн 2 тасаг болгож хуваагаад цусны тасагтаа үүдэл эсийг шилжүүлэн суулгах вакум өрөөнүүдийг байгуулж, цусны тасгийн дарга саяхан ардын эмч болсон Н.Оюундэлгэрийг дагуулан дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эд эрхтэн шилжүүлэн суулгах хорооны хуралд оролцож /Малайз улс/, улмаар Бээжин хотын цэргийн дугаар эмнэлгийн үүдэл эс шилжүүлэн суулгах төвийн дарга Шин доктортой танилцуулж туршлага судлан Монголдоо урьж авчран үүдэл эс шилжүүлэх анхны бэлтгэлээ хангуулсан юм.
Харамсалтай нь Улсын төв эмнэлгийн даргаас эрх мэдэлтнүүд намайг зайлуулсан тул анхны тохиолдлоо хийхэд миний бие оролцож чадаагүй юм. Гэлээ гэхдээ миний зорьж зүтгэсэн хөдөлмөрийг УНТЭ-ийн цус судлалын төвийн эмч нар Н.Оюундэлгэр даргатай багийнхан хэрэгжүүлсэнд баяртай сэтгэл өег явдаг юм.


Та цэргийн ахмад мэс засалчдын нэг, цэргийн мэс заслын хөгжлийн тодорхой үед ажиллаж байсны хувьд энэ талаар юу хэлмээр байна?
-Тиймээ цэргийн мэс заслын алба гэдэг бол хэдийгээр мэс засал хагалгаа хийх өвчтөн эмчлэх талаараа ердийн эмч нарын хөдөлмөр шиг боловч иргэний мэс заслын албанаас огт өөр юм. Эмчийн тангаргийн зэрэгцээ цэргийн тангараг өргөсний хувьд эмч хүний үүргээ биелүүлэхийн зэрэгцээ тушаалаар албан үүрэг гүйцэтгэдэг тул цалин мөнгө ахуй амьдрал хувийн эрх ашгаа чөлөөтэй илэрхийлэх, өөрийн үүргийнхээ урд тавих ямар ч боломжгүй зөвхөн албан үүргийн дагуу хязгаарлагдмал орчинд ажиллаж эмнэлгийн мэргэжлийн бус цэргийн мэргэжлийн удирдлагад захирагддаг. Хэдийгээр тийм онцгой нөхцөл байх ч цэргийн эмч хүн эмх цэгцтэй, зарчим ч хатуу сахилга баттай хариуцсан үүргээ нягт нямбай биелүүлдэг төлөвшилд сургадаг хатуу ширүүн ч зөөлөн сэтгэлтэй энэрэнгүй болгон хүмүүжүүлдэг сайхан алба юм.
Миний амьдралын бахархалтай хэсэг нь цэргийн албанд зүтгэсэн он жилүүд юм. Хоёрхон жилийн дараа цэргийн эмнэлгийн алба, цэргийн төв эмнэлэг байгуулагдсаны 100 жилийн ой болно. Энэ эмнэлгээс Монгол Улсын алдартай эмч нар, эрүүлийг хамгаалахын зохион байгуулагчид төрөн гарсан юм. Цэргийн эмнэлгийн мэс заслын алба өнөөдрийн өдөр эрчимтэй хөгжиж олон залуу мэс засалчдаар хангагджээ. Цэргийн төв эмнэлэг сүүлийн жилүүдэд удирдаж байсан дарга нар Ж.Сэд, С.Балгансүрэн, А.Даваасамбуу, Л.Баясгалан, С.Юндэн, Л.Зориг, С.Батболд, Ч.Гүрбазар нарын уйгагүй зүтгэлээр эмнэлгийн дотоод зохион байгуулалт эмнэлгийн байр байшин тоног төхөөрөмж улсын хэмжээний түвшинд хүрчээ. Батлан хамгаалах яамнаас ч ихээхэн анхаарал тавьж тоног төхөөрөмжийн хангамжийг сайн хийсэн байна.
Цэргийн эмнэлгийн алба МУ-ын эрүүл мэндийн салбарын салшгүй нэг бүрэлдэхүүн бөгөөд улс оронд тохиолдсон байлдааны болон тайван цагийн гамшиг осол өвчин эмгэгийн үед тэргүүлэх байрыг эзэлж үйлчилгээ явуулж байна. Нэг жишээ хэлэхэд 1996 онд Монгол улсад “Холери” гэдэг халдварт өвчин гарч Хөтөл тосгон Заамар сумдад олон хүний амь эрсэдсэн энэ үед яаралтай арга хэмжээ авч халдвартын эмнэлгийг дэлгэх гэтэл ЭМЯ-ны нөөц эмнэлэг байхгүй боломжгүй байсан үед миний бие ЭМЯ-ны ерөнхий газрын даргын хувьд БХЯ- руу хандаж цэргийн төв эмнэлгийн нөөц халдвартын эмнэлгийг түгшүүрийн дохиогоор Хөтөл тосгонд дэлгүүлж билээ. Цэргийн эмч хурандаа Л.Баясгалангийн удирдсан энэ эмнэлэг Хөтөл тосгонд маш сайн ажиллаж халдварт өвчний голомтыг устгахад үнэхээрийн гарамгай ажиллаж Хурандаа Л.Баясгалан хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнуулж билээ.
Цэргийн төв эмнэлгийн мэс засалчид өнөөдөр энхийг сахиулах хүчинд алба хааж цэргийн албаны үүргээг гүйцэтгэхийн зэрэгцээ мэс заслын олон шинэлэг аргуудыг нэвтрүүлж байна. Мэс засалд Оюунсамбуу, Ж.Бат-Эрдэнэ, Ганбилэг, Дэлгэрмөрөн, Шижирбаатар, Г.Батмөнх, мэдээгүйжүүлэгч эмч Баянмөнх, гэмтлийн эмч нар Сүхбаатар, Батсайхан олон шижигнэсэн залуус ажиллаж байна.
Өнөөдөр хэвлийн дурангийн мэс засал, цээжний хөндийн мэс засал, хавдрын мэс засал, үе солих мэс засал ердийн ажил болсон байна. Цэргийн төв эмнэлгийн мэс засалчид УНТЭ-ийн бөөр шилжүүлэн суулгах Үндэсний багийн эмч нартай хамтран цэргийн төв эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ нэвтрүүлэхээр эмчилгээний арга дадлагад дагалдан суралцаж байна. Сонирхуулахад МУ-ын түүхэнд цэргийн эмнэлгийн хурандаа Дамбийням гуай 1950-аад онд өвчтний дунд чөмөгний яс идээнд идэгдэн тулгуур эрхтний үүргээ биелүүлж чадахгүй болсон үед тэмээний чөмөгний ясыг суулгаж байсан гэдэг. Энэ ч утгаараа МУ-д эд эрхтэн шилжүүлэн суулгахын эхлэл энэ эмнэлгээс гарсан болов уу. Манай бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн зөвлөх эмч нар Д.Нямсүрэн, Л.Жамбалжав, Б.Төмөрбаатар нар цэргийн эмч нар юм.


Та ч бас дайнд оролцож дайны утаа үнэрлэх шахсан гэдэг. Та 1979 онд Хятад Вьетнамын цэргийн мөргөлдөөний үеэр урд хил дээр байлдаанд ороход цэргийн эмнэлгийн бэлтгэлээ хангаж байсан гэдэг?
-1979 онд миний бие Зүүнбаянгийн цэргийн эмнэлгийн лазеретад ротын захирагч, мэс заслын тасгийн даргаар ажиллаж байлаа. Цагаан сар дөнгөж өнгөрөөд байтал гэнэт түгшүүрийн дохиогоор манай Зүүнбаянгийн девиз түгшүүр аван Зүүнбаян хотоос холгүй орших задгай талбарт /эхлэх байр гэдэг/ дивизийн бүхий л анги нэгтгэлүүд хээрийн журманд шилжиж билээ. Энэ үеэр Хятад улс Вьетнамын хойд хилийн нутгууд руу цөмрөн орж байлдааны үйл ажиллагааг идэвхижүүлэн нийслэл Ханой руу давшиж эхэлсэн тухай мэдээллийг бидэнд удирдлагаас өгч Монголын цэрэг ах дүү социалист лагерийн орон Вьетнам улсад дэмжлэг үзүүлэхээр байлдааны үйл ажиллагаа явуулах магадгүй болж байсан үе. Цэргийн албан хаагч бид төр засгийн бодлогодоо захирагдаж дээрээс явуулж байгаа суртал ухуулганд үнэмшиж албан үүргээ гүйцэтгэх бэлэн байдлыг хангаж байсан юм. Мэдээж цэрэг хүний хувьд Монголын зэвсэгт хүчин урьд хилийнхээ аюулгүй байдал бүрэн бүтэн байдлын төлөө тухайн үед хоёр хөршийн харьцаа маш хүйтэрсэн хилийн будилаан байнга гардаг ийм үед бид цэрэг хүнийхээ үүргийг биелүүлэх ёстой байлаа.
Манай улс тэр үед Зөвлөлт Холбоот Улсын дэмжлэг тусламж байнга авч, олон улсын хэмжээнд Зөвлөлтийн дагуул гэж нэрлэгдэж байсан үе төдийгүй Монголын Зэвсэгт хүчнийг зөвлөлтийн арми зэвсэг техникээр хангаж дэмжиж байсан тул энэ үеэр зөвлөлтийн байгалийн чанад дахь тойргийн цэргийн ангиуд Монголын хилийн районуудаар тухайлбал, Дорноговийн чиглэлээр асар их хүч төвлөрсөн байж билээ. Монголын цэргийн командлал дайны нөхцөлд болдог иргэний дайчилгааг явуулж Дорноговь аймгаас иргэний машин техник хүн хүч эмч нарыг дайчлан хангалт хийж байлдааны нөхцөл байдал үүсч билээ. Манай Зүүнбаянгийн дивиз эхлэх байрнаас урд хилийн район руу марш үйлдэж байрлалаа эзлэхэд манай эмнэлгийн батальон хилээс 20-аад км-ийн зайд эмнэлгээ дэлгэсэн болно. Марш хийж үүр цайхаас өмнө дэлгэх газраа цэргийн палаткуудыг газар ухаж байрлуулж билээ. Цэргийн маршийн үед осол гэмтэл, шархадсан цэргүүдэд батальоны хээрийн эмнэлэг эмнэлгийн тусламжийг үзүүлж ар тийш Зүүнбаян луу татан гаргаж байсан юм. Хэд хэдэн хүнд хэвлийн хөндийн хагалгаа, мөч ясны хугарал, шархны цэгцэглэгээ хийж хээрийн нөхцөлд цэргийн эмнэлэг бүрэн хэмжээгээр ажилласан. Эмнэлгийн батальлоны нэгжид дотрын эмчилгээ, эм хангамж, хүлээн авах, татан гаргах, ялган дугаарлах зэрэг нэгжүүд ажиллаж төрөл мэргэжлийн тусламж үзүүлж байлаа. Цэргийн эмч нар Вьетнам Хятадын дайны мөн чанарыг бүрэн ойлгоогүй бөгөөд зөвхөн нэг талын мэдээллээр Хятадууд их л муу улс гэсэн ойлголттой байж билээ. Ер нь харамсалтай нь аль ч орны ард түмэн энх амгалан тайван амьдралыг хүсдэг атал улс төр үзэл бодлын зөрөөнөөс болж улс хоорондын мөргөлдөөнд ард түмэн хохирдог. Хожим нь миний бие Хятадын тэр үеийн удирдагч Дэн Сяо Пиний намтар түүх, Хятад орны хөгжил улс төрийн амьдралын тухай ном хэвлэлийг олж уншиж найрамдалт харьцаа сайжирсан үед Хятад орноор зорчихдоо тэр үед ямар их харамсалтай үйл явдал болж хүн ардын минь амь нас хохирох байждээ гэж бодогдож байлаа. Би өөрийн албан үүргээ тухайн нөхцөлд цэрэг хүний есоор биелүүлсний хувьд ЗХУ-ын Байгалийн чанад дахь тойргийн командлагч Г.Салмоновын баярын бичгээр шагнуулж билээ.

Таны гэр бүлийхэн бүгдээрээ эмнэлгийн мэргэжилтэй хүмүүс байхаа?
-Тиймээ миний эхнэр Б.Оюунбилэг эмнэлгийн сургууль төгсөж цэргийн эмнэлгүүдэд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, одоо үр ач нараа өсгөлцөж байна. Уугуул нутаг Говь-Алтай аймгийн хүн. Эмнэлгийн коллеж, улс төрийн оройн дээд сургуулийг тус тус төгссөн. “Сэрэлт” киноны орос эмч Доржпалам багшийн шавь эрүүл мэндийн тэргүүний ажилтан юм. Миний хоёр сайхан охины ээж. Миний амьдрал тэмцэл, эмнэлэгт өдөр шөнөгүй ажиллах, улс орноор явж суралцаж явахад ар талын өмөг түшиг болж ирсэн ачтай хүн шүү. Энэ хүний ачаар л мэс заслын эмчийн нөр их хөдөлмөр бүтээл гаргах, ахиж дэвших амьдралын боломжууд минь бий болсон юм. Миний том охин Ж.Бямбацэрэн Япон улсын Киотогийн их сургуульд докторын зэрэг хамгаалж одоо Японд Токио Наритагийн Олон улсын их сургуульд багшаар сонгогдон ажиллаж байна. Бага охин Ж.Пүрэвцэрэн маань мөн эмч мэргэжилтэй, анагаах ухааны магистр Монголдоо амьдарч байна. Хүүхдүүдээс миний зээ охин У.Түвшинзаяа, зээ хүү М.Ананд нар төгөлдөр хуур сайн тоглож өвөө эмээ нарынхаа амралтыг хөгжөөж баясгадаг юм. Том хүү Ж.Цацрал Англи улсад бизнесийн сургууль төгсөөд гэр бүлээрээ ажиллаж амьдарч, ач охин Ц.Энхзул Оксфордын их сургуулийг олон улсын эдийн засагчаар төгсөөд одоо магистртаа сурч байна.


Таныг Монголын эрүүл мэндийн яамны удирдлагад олон жил ажилласан туршлагатай удирдагч гэдэг. Энэ талаар ярилцвал?
-Ер нь миний ажил амьдралын тухай яриад байвал их олон хуудас түүх болох байхаа. Би 1996 оноос хойш ЭМЯ-нд 3 удаа албан ёсоор орж ажиллахдаа ЭМЯ-ны бүх газрын дарга мөн УНТЭ-ийн дарга, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга зэрэг албан тушаалуудыг хашиж Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр ч ажилласан маань эрүүл мэндийн салбарын удирдлага зохион байгуулалтын ажлууд юм. Ер нь аливаа ажлын үр дүн, мэс заслын хөдөлмөр ч гэсэн эцсийн үр дүн нь зохион байгуулалтаас шалтгаалдаг. Аливаа ажлыг зөв зохион байгуулж, төлөвлөж чадвал үр дүн төдийн чинээ сайн байдаг. Миний эрүүл мэндийн салбарт удирдлага зохион байгуулалтын ажил хийсэн үе маань эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, салбарын хуучин тогтолцоог зах зээлийн нийгэмд шилжүүлэх өөрчлөлт хийх үйл явцтай таарсан учир хууль эрхийн актуудыг бий болгох, шинэчлэх нөр их ажил байсан. Энэ он жилүүдэд Эрүүл мэндийн тухай хууль, ариун цэврийн тухай хууль, эмийн тухай хууль гэсэн эрүүл мэндийн салбарын тулгуур 3 хуулийн ажлын хэсгийг толгойлж хуулийг бий болгоход гардан оролцсон юм. Хуулиудыг дагаж гарах журам хөтөлбөр боловсруулан, хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийн явцад хяналт тавих асуудал бол Эрүүл мэндийн салбарын гол функц юм. Зарим тохиолдолд миний бие улс төрийн үйл ажиллагаанд оролцож байлаа. Гэхдээ би улс төрч биш улс төр хийх сонирхол ч үгүй, эмч хүн эмчлүүлэгчийнхээ хамгийн ойр дотно хүн байдгийн хувьд тэднийхээ өвчтнийг эмчлээд зогсохгүй тэдний сайн сайханы төлөө байх ёстой хүн юм. Тиймээс эмч хүн бол нийгмийн зүтгэлтэн юм. Хэрэв эмч хүн өвчтнөө үзээд эм бичиж өгөөд, гэтэл өвчтөн эм авах мөнгөгүй тэр ч атугай гэртээ түлээгүй, хоолгүй бол яах вэ, тиймээс эмч хүн өвчтнөө эрүүл байлгах, эрүүл байлгахын үндэс болсон амьдрлын сайхан байлгахын төлөө байх ёстой юм. Эрүүл мэндийн салбарын удирдлагад ажиллахдаа цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагааг өргөжүүлэх тогтвортой байдлыг нь хангах цэргийн эмнэлгийн өндөр боловсон хүчин тоног төхөөрөмжийг ард нийтдээ нээлттэй үйлчлүүлэх зорилгоор миний бие Баянзүрх дүүргийн иргэдийг цэргийн эмнэлэгт эмчлүүлэх, улсын гэмтлийн эмнэлгийн ачааллыг бууруулах үүднээс Улаанбаатар хотын хутга мэс хүйтэн зэвсгийн гэмтэл, улсын хэмжээний галт зэвсгийн шархдалтуудыг зөвхөн цэргийн эмнэлэгт эмчлүүлэхээр зохион байгуулалтыг хийж холбогдох яамд, сайдын тушаалыг гаргуулснаар одоо бүрэн хэрэгжиж байна. Үүний зэргэцээ яаралтай мэс заслын баг зохион байуулж эмнэлгийн яаралтай тусламжийг нисдэг тэргээр үзүүлж байсан нь тухайн үедээ шинэлэг арга хэмжээ төдийгүй олон цэрэг, дайчдын амь насыг аварч байсан юм. Цэргийн эмнэлэг ард иргэддээ нээлттэй байх ёстой. Манай цэргийн эмнэлгийн ахмад эмч А.Даваасамбуу санаачилж цэргийн эмнэлэг нь гамшиг ослын үед дагнасан тусламж үзүүлэх мэргэжлийн эмнэлэг байх ёстой гэж үздэг нь үнэхээр өнөө үед тайван цагт цагаа олсон ач холбогдолтой санал юм. Үүнийг цэргийн командлал ч анхаарна гэдэгт итгэж байна.

Одоо таны хийж байгаа ажлын талаар?
- Монгол Солонгосын Дорнын анагаах ухааны төвийн захирлаар ажиллаж байна. Тус төвд Солонгос Монголын өндөр мэргэжлийн эмч нар ажилладаг бөгөөд Солонгосын болон Монголын уламжлалт анагаах ухааны аргаар эмчилгээ, үйлчилгээ явуулдаг. Ялангуяа нөхөн сэргээх, лазерийн болон нам авианы физик эмчилгээнүүдийг сүүлийн үеийн аппаратаар явуулдаг. Өнгөрсөн жилээс хүчилтөрөгчийн өндөр даралтын аппарат суурилуулсан бөгөөд архаг өвчин, элдэв идээт хордлого амьсгал, зүрх судасны эмгэгүүд хүчилтөрөгчийн дутагдалтай бодисын солилцооны алдагдалтай яс сийрэгжих зэрэг эмгэгүүдэд эмчилгээ явуулж байна. Хүчилтөрөгчийн өндөр даралтат эмчилгээ нь манай орны аль ч эмнэлэгт байхгүй хамгийн сүүлийн үеийн аппарат юм. Үүний хажуугаар Их засаг Олон улсын их сургуулийн анагаах ухааны сургуулийн зөвлөх профессор, багшийн үүргийг гүйцэтгэж байна. Өөрийн сурсан мэдсэнээ шинэ залуу үеийнхэнд уламжлуулах нь ахмад үеийн бид нарын үүрэг болоод байна.

Уулзаж ярилцлага өгсөнд баярлалаа. Танд улам их амжилт хүсье.

Ярилцсан С.Бадамжав

 

455 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш