Довдонгийн  Батболд: Мэргэжил бүхэн зөн мэдрэмж, авьяас шаардагдах уйгагүй үйл ажиллагаа

Боловсрол
1964 оны 8-р сарын 8-нд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн
1972 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 8-н жилийн дунд сургууль
1982 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 10-н жилийн 2-р дунд сургууль


1994 онд Анагаах ухааны коллеж дипломын сургалт
1999 онд Анагаах Ухааны Их Сургуульд бакалаврын сургалт
2002 онд Анагаах Ухааны Их Сургуульд магистрын сургалт
2019 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд докторын сургалт

Гавьяа шагнал
1990 онд Тэргүүний ажилтан алтан медалиар
2004 онд Арга зүйч багш
2018 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэг
2019 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг

  

Та аль нутгийн хүн бэ?
-Би Говь-Алтай аймгийн Алтай хотод 1964 төрсөн уугуул иргэн. Тэндээ ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсэн хүн дээ

Та энэ мэргэжлийг яагаад сонгох болов?
Хүүхдийн эмч байсан АУ-ны доктор, профессор Г.Оросоо ах маань намайг 16-н настай байхад анагаахын мэргэжилтэн болоорой гэж зөвлөсөн нь миний энэ мэргэжлийг сонгох болсон том шалтгаан болон хүсэл мөрөөдөл болж хувирсанаар Анагаах Ухааны Их Сургуулийн эрдмийн алтан босгоор алхан орсон минь саяхан мэт тодхон байна.

Та тэр үед багшилж байсан алтан үеийн багш нараар хичээл заалгаж байсан хүн түүнийгээ дурсаач?
- Тиймээ би Анагаахын сургуульд суралцах хугацаандаа алтан үеийн багш нараар онол, дадлагын хичээлийн шимийг хүртсэн минь азтай хүн гэж боддог. Алтан үеийн багш анатомийн Д.Амгаланбаатар, гистологийг М.Онолбаатар, микробиологи, амь судлалыг А.Хишигдорж, Польш улсад сувилахуйн чиглэлээр мэргэшсэн багш М.Эрдэв, Т.Тогоо тархвар судлалыг анагаах ухааны доктор, профессор, академич О.Чимэдсүрэн, анагаах ухааны доктор, дэд профессор Г.Даваа, эрүүл ахуйг Монгол Улсын хүний гавьяат эмч анагаах ухааны доктор, профессор, захирал Т.Батсүх, халдварт өвчин судлалыг Д.Чимэд багш нараараа заалгасан нь миний хувьд маш их азтай хүндээ. Тэр дундаа Д.Амгаланбаатар, О.Чимэдсүрэн багш нар маань ажлаа хийнгээ өөрийн судалгааны эрдмийн ажлаа хийдэг мэргэжилтэн байлаа. Энэ нь миний оюутан байх үеийн минь үлгэр дууриалал авч, тэдний яаж өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байдаг нь сэтгэлд үлдэж амьдралд хэрэгжсэн.

Тэгвэл таны хамт сурч байсан андуудаа дурсвал?
Оюутан нас их сайхан, олон гоё дурсамж дүүрэн он жилүүд байдаг. Бид 32 оюутан элсэн ороод 21 сувилахуйн мэргэжилтэн төгссөн. Мэдээж надтай хамт мөр зэрэгцэн суралцаж төгссөн олон сайхан эмч, эрдэмтэн, сувилагч нар байгаа. Тэдний заримаас дурдвал Дархан-Уул аймгийн АШУҮИС-ийн харьяа АУС-ийн багш анд Г.Намжилмаа, Д.Оюунцэцэг нар маань өөр өөрсдийнхээ ажил эрдмийн мөрийг хөөн яваа. Манай ангийн П.Оюунбадрах аавынхаа мэргэжлийг өвлөн рентген техникчээр ажилладаг. Мөн Эх Нялхас Эрдэм Шинжилгээний Үндэсний Төвийн Сувилахуйн албаны дарга Д.Пүрэвдаваа, Өргөө амаржих газрын сувилахуйн албаны дарга Л.Амаржаргал, Хоол боловсруулах тасгийн сувилагч C.Батцэцэг, Г.Эрдэнэцэцэг, Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн амбулоторийн тасагт Ж.Энхтуяа, Оюу-Толгой ХХК-д хөдөлмөрийн эрүүл ахуй мэргэжилтнээр Р.Наннансал, Шведэд ажиллаж амьдарч байгаа С.Мөнхжаргал, АНУ-д ажиллаж амьдарч байгаа С.Энхсувд, О.Гариг нартайгаа хамтран суралцаж байхдаа бидний сэтгэлд үлдсэн зүйл маань харийн нутагт очиж мэргэжлээрээ ажиллаж, сурч байгаа андуудаараа бахархдаг.

Та ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
Би ажлын гараагаа 1999 онд ЭМЯ-ны томилолтоор Говь-Алтай аймгийн Нийгмийн Эрүүл мэндийн газарт хуваарилагдсан төрсөн нутагтаа очиж ажилласан цаг саяхан мэт санагдах боловч бараг хагас зуун жил өнгөрчээ. Ажлын гарааг эхэлхэд итгэл хүлээлгэсэн хүмүүс бол миний хамт олон, багш, удирдлага нар тухайлбал АУИС-ийн харьяа Говь-Алтай аймаг дахь АУК-ийн захирал Х.Оросоо, дэд захирал Х.Гэлэгбуу, сургалтын албаны дарга Г.Тунгалаг, ахмад багш Ж.Билэгт нар минь билээ. Анагаахын сувилахуйн мэргэжлээр төгсчихөөд багшаар ажиллана гэдэг нь тийм амархан даваа биш байлаа.
Хүний сурч, мэдэх мэдлэгийн тухайд гэвэл хязгааргүй энгийн мөртлөө агуу болохоор....
Аливаа зүйлийг хийж бүтээл, номоо туурвиад явж байхад л цаг хугацаа хурдан харавсан сум шиг л өнгөрөх юм. Саяхан мэт оюутны ширээний ардаас багш, судлаач болох, орон тоонд багтаж амжсан минь мөдхөн санаанд тод бууж байна.
Багшийн ажилд орох боллоо гээд (1999 он) анагаахаар овоглосон АУИС-ийн харъяа Говь-Алтай аймгийн АУК-д багшаар орсон нь саяхан мэт санагдана. Говь-Алтай аймгийн АУК-ийн Х.Оросоо захирал маань аль эрт намайг оюутан байхад л судалж алсын хараа сайтай, аливаа хүнийг ажигч гярхай зангаараа олж харчхаад “Сувилахуйн эмчилгээ сувилгааны арга зүйчийн” ангийг нээсэн эрх аваад сувилахуй ухааны хичээлийн анхны “А” үсгийн ацгыг заах багшийн албан тушаалд 1999 онд томилон ажиллуулсан юм.
Захирал маань өөрөө миний сайхан ээжийн нэрийг хэлээд: багш нандин сайхан алба шүү түүний нэр хүндийг сайн эрхэмлэх хэрэгтэйг хэлээд, хүний ой ухааныг хөгжүүлэн зааж, сургах арга зүйч, багш нэрийг уламжлуулан дуудах ховорхон тохиох ажлын гарааны эхлэлийг, хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Х.Оросоо, тус сургуулийн дэд захирал Х.Гэлэгбуу, ахмад эмч, судлаач Ж.Билэгт нартай баг, багаар хамтран ажилласандаа баяртай явдагаа энэ мөчид дурдахгүй байхын аргагүй юм.
Анагаахын сургуульд хорь гаруй жил багшилж их, дээд сургуулийн багш нарын нийтлэг жишигийн дагуу эрдэм шинжилгээний ажлыг хийж, үр дүнг нь тооцож, өгүүлэл бичиж, илтгэл хэлэлцүүлсэн. “Сувилахуйн үндэс” номыг багш нартайгаа хамтран (2013 он) бичиж, сургалтын хөтөлбөр дөрвийг боловсруулан сургалтанд ашигласан, бүтээлээр арвин багш нарын нэг юм.
Мэргэжилдээ чадварлаг, уйгагүй хөдөлмөрч учир бүтээл нь арвин байгаагийн илрэл юм. Оюутанд зориулсан “Хэвтрийн өвчтөнд хийгдэх сувилгаа”, Сувилахуйн зуны тайлан хамгаалалтын нэгдсэн үнэлгээ (2007-2018), сувилахуй ухаан хичээлийн багшийн, оюутны дадлага гарын авлага, сорилын эмхэтгэлийг тус тус нийтлүүлэн гаргажээ.
Анагаахын сургалтанд зориулсан ном 3, хичээлийн хөтөлбөр 4, нийтэд зориулсан зөвлөгөө 10, эрдэм шинжилгээний өгүүлэл гадаадад 3, дотоодод 10, магистрын илтгэлийн хураангуй 4, докторын бүтэээлийн хураангуй 10, удирдамж 43, гарын авлага 2-ыг тус тус хэвлүүлж, хянан тохиолдуулжээ.
Д.Батболд нь “Эмнэлгийн ажилтны үйл ажиллагаа ба эмнэлэгтэй холбоотой халдвар” сэдвээр анагаах ухааны магистр (2002 он), “Сувилагч-гепатитын В, С вирусын халдварт өртөх эрсдэлийн судалгаа” сэдвээр докторын ажил хийж дуусгаад байна.
Надад баруун аймаг, 1050 гаруй км цаана орших анагаахын сургуулийн сувилахуйн ухааны мэргэжил, хөдөлмөрт шимтүүлэн багын мөрөөдлийг минь биелүүлж өгч 2002 оны 05 сарын 02-нд “Эмнэлгийн ажилтны үйл ажиллагаа ба эмнэлэгтэй холбоотой халдвар” сэдвээр Анагаах ухааны магистрын зэргийг хамгаалуулсан, удирдлага, эрдэмтэн багш, хамт олондоо баярлаж явдагаа илэрхийлж байна.
Миний оюун бодол эрдмийн оюун ухаанд хөтлөгдсөөр ....
Анагаахын эмчлэх, сувилах, эм барих сургуульд докторын судалгааны ажлыг үргэлжлүүлэх гараанд туслан дэмжиж яваа багш нараа дурдахгүй өнгөрөхийн аргагүй дурсамж, бүтээлээр урам хайрласан, эрдмийн ажлын багш С.Бадамжав, Б.Ганбаатар, О.Чимэдсүрэн, О.Баатархүү нартаа баярлаж явдаг.

Таныг сувилахуйн Батболд гэдгээр нь илүү таних байх?
Тиймээ эрэгтэй хүн болгон хийгээд, хэцүү бэрхийг нь даван туулаад байдаг ажил ч биш юм шиг санагддаг шүү дээ. Хүн мэргэжлээ зөв сонгоод, чиглүүлээд, хандаад, боловсроод, шат дамжин суралцаад байхаар өөрийн гэсэн бодол үлддэг юм байна лээ.

Ер нь сувилахуйн мэргэжил хэцүү юу?
Мэргэжил бүхэн сайхан. Тэр дундаа сувилахуйн мэргэжлээр сурна гэдэг тийм амар даваа биш. Учир нь хийсэн ажилбараа өдөр болгон дахин дахин давтан хийдэг болохоор уйгагүй үйл ажиллагаа, нандин ур чадвар шаардагддаг мэргэжлийн өндөр зөн мэдрэмжийг мэдэрч ажиллах нь эмнэлгийн мэргэжилтэн бид нэг удаагийн зүү, хурц үзүүртэй багаж хэрэглэлд хандахдаа анхаарал болгоомжгүйгээсээ болоод хатгуулсанаар насан туршдаа эдгэрэшгүй өвчний оношийг дуулдаг нь харамсалтай байдаг. Тийм болохоор эмнэлгийн эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн мэргэжилтэн бүр хийж байгаа ажилдаа эзэн ёсоор хандаж өвчтөний эрүүл мэндийг хамгаалахаас гадна өөрийнхөө эрүүл мэндийг эрсдэлтэй байдлаас ямагт урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байх ёстой юм. Үүнийг үл тоон болгоомжгүй хандсанаас болж нэг удаагийн хатгалтаар өвчин авсан олон тохиолдол байсаар байна. Үүнийг яаж багасгах вэ, яавал эрт урьдчилан сэргийлж болох вэ гэдэг энэ талаар манай эмч, сувилагч нар байнга анхаарч ажилдаа эрсдэлгүй ажиллах талаар эмнэлгийн халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд сахиж, эрсдлийн талаарх мэдлэг, хандлага, ур чадварыг сайн эзэмшсэн байх шаардлагатай нь зүй ёсоор урган гарч ирж байна. Жишээ нь АНУ-ын Колорадо мужийн эмнэлгийн мэргэжилтэнд хэрэглэдэг нэг удаагийн зүү тариурын зүү нь үйлчлүүлэгчдэд хатгалт хийгээд буцаад бортгондоо зүү нь үлддэг тариур байна.

Сувилахуйн мэргэжилтэн их хэрэгцээтэй мэргэжил гэсэн байхаа, үүнийг яаж хөгжүүлэх вэ?
Сувилахуй бол биеэ даасан шинжлэх ухаан мөн. Өнөөдрийн нийгэмд сувилагч мэргэжил нь эмчийн туслах бишээ. Харин энэ зэрэгцэн баг, багаар хамтран ажиллах цаг нэгэнт иржээ.
Хүн амьд явах эрхтэй, өлгий, авс хоёрыг дамждаг энэ хоёрын хооронд хүн бүр өвдөж, хүмүүст өдөр бүр сувилахуйн тусламж үйлчилгээ хүн бүрт хэрэгтэй байдаг. Үүнийг мэддэггүй учраас хүмүүс, ард түмэн сувилагч мэргэжлийг тэр бүр сонгодоггүй байх. Иймээс өнөөдрийн зах зээлийн хүнд, ширүүн нөхцөлд өөрөө өөрийгөө асран сувилах талаарх мэдлэг нь дутмаг, хөдөлгөөний дутагдлаас болоод өвчин, эмгэг үүсч, хамгийн энгийн аргаар өөрөө өөрийгөө илааршуулах арга, зарчимд зайлшгүй суралцах шаардлагатайг олон эрдэмтэн, судлаачид судалсаар байна.
Сувилагч мэргэжил 21 зууны хэрэгцээтэй мэргэжлийн нэгдүгээрт бичигдсэн байгаа нь сайшаалтай байгаа нь сайхан санагдаж байгаа шүү.
21 зуунд бол сувилагч мэргэжил эзэмшихгүйгээр хөдлөх боломжгүй, яагаад вэ гэвэл, амьдралын өртөг өндөр, өөрөө өөрийгөө эрүүл авч явах нь чухлаар тавигдаж байгаа өнөө үед дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөх мэргэжил мөнөөс мөн гэдгийг би итгэлтэйгээр та бүхэнд хүргэж байна.
Сувилагч мэргэжил дэлхий дахинд маш өндөр эрэлт хэрэгтцээтэй байгаа нь харагдсаар байна. Миний хичээл заадаг оюутан бүр дэлхийн өнцөг булан бүрт сувилагч мэргэжлийн сувилах эрхтэй төгсөөд олон улсын хаана ч очоод ажиллахад мэргэжлийн ур чадвар нь дутахааргүй боловсон хүчин болж төгсдөг. Үүгээрээ би энэ мэргэжлийг хүүхдүүд сонгож суралцаасай, тэр дундаа эрэгтэй хүүхдүүд илүүтэйгээр сонгоосой гэж боддог. Учир нь эрэгтэй хүн энэ мэргэжлийг илүү чадварлаг ашиглаж чаддаг юм шиг санагддаг. Энэ нь зүгээр ч нэг миний бодол биш дэлхий дахинд л тэгж харагддаг нь сэтгэлд тодхон байдаг.

Та анагаахын сургуульд сурч байгаа болон шинээр элсэх оюутнууддаа хандаж юу хэлмээр байна?
Юуны өмнө энэ мэргэжлийг сонгож байгаа болон сонгох гэж байгаа та бүхэнд чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлэе. Та бидний энэ сонгосон мэргэжил үнэхээр сайхан мэргэжил. Бодоход л өөрөөрөө бахархах сэтгэл төрөөд олон хүнд тусалж, өвчнөөс нь салгаад үргэлж инээмсэглэл бэлэглэдэг нэр хүндтэй, онцлог мэргэжил юм. Тийм болохоор эхнээсээ маш өндөр хариуцлагатайгаар сувилагч мэргэжлийн үнэ цэнийг мэдэрч суралцаарай үүний үр дүн нь чамд үргэлж аз жаргал авчрах болно.

Та багшийн мэргэжилдээ дуртай юу, сувилагчийн мэргэжилдээ дуртай юу?
Тиймээ аль алинд нь нэг л зарчмыг баримтлан ажилладаг. Эцсийн бүлэгт ердөө л сайн сувилагч байхын тулд бас зөв хандлагатай, ур чадвартай, хариуцлагатай, тууштай сувилагч бэлтгэж хойч үеэ бэлтгэн өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэх юм. Тэгээд бодохоор би сувилагч мэргэжилдээ илүү дуртай юм болов уу даа.

Ярилцсан С.Бадамжав

42 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш