Авирмэдын ЭРДЭНЭБИЛЭГ: Миний хийж байгаа мэс засал бүхэн анхных
  • АШУҮИС-н Гэмтэл Согог Судлалын тэнхимийн эрхлэгч,ГССҮТөвийн Зөвлөх эмч, клиникийн профессор,тэргүүлэх зэргийн мэс засалч
  • 1965 онд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн.
  • 1982 онд Увс аймгийн Бөхмөрөн сумын 8-н жилийн дунд сургууль
  • 1986 онд Говь-Алтай аймгийн АУДуСургууль-эх барих бага эмч
  • 1992 онд АУИС-хүний их эмч
  • 1992-1994-Анагаах ухааны магистрантурыг Гэмтэлийн мэс засалч мэргэжлээр төгссөн.
  • Франц, Бельги, Герман, ОХУ, БНСУ-д тус тус мэргэжил дээшлүүлсэн
  • ЭМЯ-ны Гэмтэлийн мэргэжилийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга
  • 1965 онд Увс аймгийн Бөхмөрөн суманд малчин С.Авирмэдийн 5 дахь хүү нь болон төрсөн. Ам бүл-2 эхнэрийнхээ хамт амьдардаг. Хань маань Улсын хоёрдугаар төв эмнэлэгт Хангамж үйлчилгээний тасгийн эрхлэгчээр ажилладаг. Амьдралын минь утга учир болсон сайхан хүү бэр гурван хөөрхөн ачтай хүн шүү дээ би.


Сургууль төгсөөд ажлын гараагаа хаанаас эхлэв?
Биднийг оюутан байхад АУИС-н 6-р курсэд бүтэн жил субординатурын дадлага гэж 6 сар хөдөө, 6 сар хотын төвийн эмнэлэгүүдэд дадлага хийж мэргэжлийн чиг барамжаагаа олж төгсдөг байлаа. Миний хувьд гэмтэлийн эмч болохоор 5-р курсээсээ эхлэж сонирхсон болохоор хуучин гэмтэлийн эмнэлэгт Г.Дэмид багшийнхаа удирдлаганд нэг жил ажиллаж, Гэмтэлийн эмнэлэгийн бурхадууд болох Н.Даш, Г.Давга, Ө.Даваасамбуу, Ж.Олзвой, С.Хүнбиш, Ц.Дэмбэрэл, Б.Гомбо, Б.Чоёндорж, Д.Мишигдорж, Х.Баттөмөр, Б.Борхурга нарын сайхан эмч нараас ихийг сурч, гэмтэлийн эмч болох чин хүсэл эрмэлзэлтэйгээр1992 оны6-р сарын 28 нд сургуулиа төгсөөд, /Манай групп анхны АУИС-ийн тусгай групп байсан./ шууд 30-нд АУИС-н мэс заслын 2-р тэнхимийн Гэмтэлийн багшаар ажиллах тушаал гараад, маргааш нь элсэлтийн шалгалтын комиссд орж ажиллаж эхлэсэн. Тэр цагаас хойш одоог хүртэл АШУҮИС-д багш,тэнхимийн эрхлэгч, ГССҮТөвд эмч, тасаг, клиникийн эрхлэгч, зөвлөх эмчээр ажиллаж байна.
Гэмтэлийн мэс засалч гэдэг бусад мэс засалчдаас өвөрмөц мэргэжил. Та яагаад энэ мэргэжлийг сонгох болов ?
Уг нь би Говь-Алтай аймаг дахь АУДС-ийг эх-барих бага эмч мэргэжлээр онц дүнтэй, улаан дипломтой, Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай суралцаж төгсөөд, шууд АУИС-д урилгаар элсэн орохдоо эмэгтэйчүүдийн эмч болох сонирхолтой байсан. Гэтэл 4-р курсын төгсөлтийн шалгалтанд эх-барих эмэгтэйчүүдийн шалгалтаа сайн дүнтэй өгсөнөөр сонирхол буурсан. Тэгээд 5-р курсэд Гэмтэлийн хичээл орсон чинь маш сонирхолтой хичээл байсан. Багш нарын маань заасан хичээл хийж байгаа мэс заслууд нь маш өвөрмөц, гарын ур дүй шаардсан ажиллагаатай, бас эр хүний хийх ажил юм байна гэсэн ойлголт авч гэмтэлийн эмч болохоор шийдсэн. Гэмтэлийн мэс засалчын онцлог нь осол гэмтэлд өртсөн өвчтөний бүхий л биеийн эмгэгийг оношлож, эмчилж, мэс засал хийх ур чадвар шаарддаг сайхан мэргэжил. Сүүлийн үед анагаахын шинжлэх ухаан хөгжиж, төрөлжсөн мэргэжлээр суралцаж мэрэгшсэн нарийн мэргэжлээр залуу эмч нар маань ажиллаж байна. Бидний үед гэмтсэн өвчтөнд ирэхэд биеийн бүхий л эрхтэний гэмтэлийг оношлож, эмчилгээг хийдэг байсан бол одоо эрхтэн системээр нь ангилж эмчилдэг болсон нь давуу талтай ч эмч нарын мэдлэг мэргэшил нь хязгаарлагдмал болох хандлагатай гэж боддог.

Дээр тусгай та групп төгссөн тухай ярилаа энэ ямар учиртай төгсөлт вэ?
Манай АУИС биднийг 4-р курсэд орох жил сургуулиа төгсөөд, Их сургуульдаа багш,эрдэм шинжилгээний ажилтан болгох зорилгоор сурлагаар нь байр эзлүүлж, эхний 15 оюутныг нэг групп болгож тусгай хөтөлбөрөөр сургалт явуулж төгсгөсөн, манай ангийг физикийн тэнхимийн багш доктор, профессор Н.Ажнай багш дааж авч байсан.
Манай ангийнхан өнөөдөр бүгдээрээ өөрийн сургуульдаа багш,эрдэм шинжилгээний ажилтан, сургууль,эмнэлэг удирдах албан тушаал хашиж эзэмшсэн мэргэжлээрээ овоглож явна. Үүнд:
Дархлалаа судлалаар- Г.Батбаатар-АШУҮИС-н захирал асан, МУ-ын гавъяат багш, доктор, профессор, акедемич, Эм судлалаар-П.Цэдэн-АШУҮИС-н албаны дарга, доктор, Хоол боловсруулах эрхтэн судлалаар-О.Баярмаа УНТЭ-н эмчилгээ эрхэлсэн дэд захирал, доктор, Чих хамар хоолойн чиглэлээр-Ш.Бат-Эрдэнэ доктор, Дотоод шүүрлийн булчирхай судлалаар -Б.Гэрлээ, Нүдний Г.Баттуяа УГТЭ-н зөвлөх эмч, Шүүх эмнэлэгийн Д.Ундармаа, Нийгмийн эрүүл мэндийн-Болормаа, Зүрхний Р.Давааням, Мэс заслын-Р.Цолмон, бусад хэд маань /Б.Баярсайхан, А.Ундраа, Энх-Амар, Шүрэнчимэг/ гадаадад олон улсын төсөл, их сургуулийн эмнэлэгүүдэд амжилтай ажиллаж байна. Та их сургуулийн багш, гэмтэлийн мэс заслын эмч гэсэн хос мэргэжилээр 30 шахам жил ажилласан ажлын онцлог юу байна.
Хүн ер нь эхнээсээ л ажлыг яаж хийж эхлэнэ тэр хэмжээгээрээ дадал хэвшил эзэмшиж, ажлын цагаа зохицуулж сурдаг. Би 1992 оноос эхлэж багш эмч гэсэн албыг хашиж хичээлээ ч зааж, өвчтөнөө ч үзэж, историо бичиж, боолтоо хийж, хагалгаанд өвчтөнөө бэлтгэж, мэс засалд орж, боолтоо хийж, жижүүрт гарч, алсын дуудлаганд явж, эмнэлэг сургуулиас зохион байгуулж байгаа олон нийтийн ажил, хурал зөвлөгөөн, сургалт семинар бүхий л ажилд хоёргүй сэтгэлээр ажиллаж, амарч зугаалж, аялаж ирсэн.Энэ бүхэнд хувийн ажлын зохицуулалт, хамгийн чухал нь сэтгэл байхад л болно.Манай сургуулийн эмнэл зүйн тэнхимийн үе үеийн бүх багш нар өөрийн сургуулийн эмнэлэг байхгүй учраас улсын клиникийн бааз эмнэлэгүүдэд байрлаж, сургууль-эмнэлэг гэсэн замаар насаараа явж ажлаа амжуулж ирсэн сайхан уламжлалтай. Би ч бас энэ л замаар явж ирсэн.
Эмнэлэг дээрээ эмч, сургууль дээрээ багш гэсэн сайхан нэрийг зүүж, энэ мэргэжлийн үйл ажиллагааг нэгтгэж чадвал тэр хүн их сургуулийн багш эмч болж чадна./
Таны анх хийсэн мэс засал?
Миний хийж байгаа мэс засал бүхэн анхных, одоо ч гэсэн, хэзээ ч мэс засал хийж байгаа үйлдэл бүхэн дахин давтагдаггүй, дахин давтагдсан ч хагалгаа хийлгэж байгаа өвчтөн нь өөр хүн, тухайн өвчтөний эмгэг эрхтэний байрлал, хэлбэр, хэмжээ үүсгэсэн шалтгаан, механизм нь ямар нэг байдлаар ялгаатай байдаг, манайхан өө энэ хагалгааг би насаараа, наснаасаа олон хийлээ гэсэн ойлголт байдаг. Тийм биш.
Анх 1991 онд хуучин гэмтэлийн эмнэлэгт оюутан байхдаа хүлээн авах тасагт Т.Баянхүү /АУ-ны доктор/ гэж эмчтэй жижүүр хийж байх үед воганд дайруулсан 13 настай хүүгийн шилбэ тайрах мэс засалд орж, хэдий амь насны заалтаар хагалгаа хийж мөчийг нь тайрсан ч гэсэн хүний эрхтэнг авч байгааг анх удаа харсан болохоор маш аймшигтай байсан, бас сарын дараа Д.Мишигдорж багштайгаа жижүүр хийж байтал өндрөөс унаж бөөр нь няцарч, цус алдаж шоконд орсон 18 настай эмэгтэй ирж, бас амь насны заалтаар бөөр авар мэс засалд орсон, тэр цагаас хойш эрхтэнийн тайрч авахгүйгээр хадгалж үйлдэх эмчилгээний аргыг төгс эзэмшиж, сурах гэсэн чин сэтгэлтэй ажиллах болсон. Мөн хүүхдийн түнхний эмгэгийг мэс заслаар эмчлэх аргыг Монголд улсад гэмтэл согогийн албыг үндэслэн байгуулагч АУ-ны доктор, төрийн соёрхолт Г.Дэмид, Б.Гомбо багшаасаа, чөмөгт ясны хугаралыг мэс заслаар эмчлэх Г.А.Илизаровын аппарат эмчилгээний аргыг төрийн соёрхолт Ө.Даваасамбуу багшаасаа анх суралцаж байлаа.
Таныг Монголд ясны архаг идээт үрэвсэлийг мэс заслаар эмчлэх аргыг анх нэвтрүүлсэн гэх юм.
Тиймээ. Анх 2010 онд Солонгосын Ким гэж эмчтэй хамт ясны архаг идээт үрэвсэлийг антибиотиктой ясны цементийг хольж үрэл байдлаар бэлтгэж идээт голомтод байрлуулж эмчлэх, үе шаттай эмчилгээний аргыг хийж эхлэсэн. Энэ арга нь өнөөдөр манай улсын гэмтэл согогийн салбарт яс болон зөөлөн эдийн идээт эмгэг голомтыг эмчлэх үндсэн эмчилгээний арга болон бүрэн нэвтэрч хийгдэж байна. Ер нь ясны архаг идээт үрэвсэл нь эмчилгээ авах нь удаан төгс эмчлэгдэггүй, тухайн хүний дархлааны системийг унагаадаг, олон дахиж насаараа 30, 40 жил эмчлүүлсэн хүн ч бий. Энэ арга нэвтэрсэнээр тодорхой хэмжээний ахиц дэвшил гарч үр дүнгээ өгч, судлагаа шинжилгээний ажил хийгдэж байна.


Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа товчхон дүгнэвэл?
Энэ хугацаанд сургууль, эмнэлэг хоёр маань цаг хугацааны аясаар нэрээ янз бүрээр өөрчилсөн хэдий ч би нэг л зорилготой ажилласан.Осол гэмтэлд өртсөн иргэдэд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, оношлож, эмчилэх, залуу хойч үеэ мэргэжилтэй боловсон хүчин болгох түүн дотроо гэмтэл согогийн чиглэлээр үндсэний мэргэжилтэн бэлтгэх. Өнгөрсөн хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр үйлчлүүлсэн нийт үйлчлүүлэгчдээс 30,000 гаруй хүнд амбулаторын үзлэг хийж, зөвлөгөө өгч, 24,500 гаруй өвчтөнийг хэвтүүлэн эмчилж, 786 өвчтөнд яаралтай, 18727 өвчтөнд төлөвлөгөөт мэс засал хийж алсын дуудлаганд 74 удаа явж эмнэлэгийн тусламж үзүүлэж, 1254 удаа жижүүр хийсэн байна.
Мөн АШУҮИС-н АУС-ийн эмчилгээний анги болон 19,4-р блокын 4, 5, 6-р дамжаа, МУАУОУС-ийн 5, 6-р дамжаа, НАС-ийн 4-р дамжааны оюутнуудад гэмтэл согог судлалын хичээлийн лекц, дадлага, семинар, дадлагажуулагч эмчийн дадлагын хичэээлийг 1992 оноос хойш нийт 14500 гаруй оюутанд зааж сургаж хүний их эмчийн мэргэжил эзэмшүүлсэн.Төгсөлтийн дараах сургалтаар гэмтэл согогийн ерөнхий болон төрөлжсөн мэргэжлийн 200 гаруй эмч мэргэжилтэн бэлтгэн гаргасан байдаг.
Та оюутан байхдаа курсын дарга байсан танай курсынхан суралцах хугацаандаа манлайлагч байсан гэдэг талаар эргэн дурсахуй
Тиймээ манай курсынхэн жил бүр зохион байгуулагдаг сургуулийн бүхий л олон нийтийн ажилд манлайлагч байсан,одоо ч эрүүл мэнд,боловсрол,анагаахын шинжлэх ухааны салбарт эзэмшсэн мэргэжлээрээ манлайлагч хэвээрээ байна.Би 1-4-р курс хүртэл курсын дарга хийгээд, 4-р курсээс манай элэгний С.Бадамжав курсын дарга болсон.Биднийг оюутан байх үед курсын дарга маш их үүрэг,хариуцлага хүлээдэг,сургуулийн хэмжээнд зохиогдож байгаа бүх ажлыг удирдаж зохион байгуулж,лекцийг нэг бүрчлэн бүртгэж деканд мэдээлдэг маш хариуцлагатай ажил байсан,нэг удаа Баянбилэг багш лекц орж дуусаад за одоо курсанфуриар лекцээ бүртгээрэй гэж хэлсэнээс хойш манайхан намайг курсанфуриар гэж дууддаг болсон одоо ч хэвээрээ.
Манай 1992 оны төгсөлтийнхэн өнөөдөр эрүүл мэндийн салбарт өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ овоглогдсон олон арван эрдэмтэн,докторууд,акедемич, алдартан,гавъяатууд,төрөлжсөн нарийн мэргэжлийн зөвлөхүүд,удирдах албаны шилдэг менежерүүд төрөн гарлаа.
Манай төгсөлтөөс одоогоор дөрвөн гавъяат төрөн гарсан нь, С.Лхамжав (2016), С.Бадамжав (2017), П.Бат-Очир (2017), Г.Батбаатар (2018) нар бусад салбаруудад
Дархлаа судлалаар-Г.Батбаатар АУ-ны доктор, лрофессор, Акедемич, МУ-н гавъяат багш, Элэгний эмгэг судлал- С.Бадамжав АУ-ны доктор, лрофессор, МУ-ын хүний гавъяат эмч, Д.Даваадорж АУ-ны доктор, дэд профессор, Д.Бадамсүрэн-АУ-ны доктор, дэд профессор, Харшил судлалаар- С.Мөнхбаярлах АУ-ны доктор, профессор, Хоол боловсруулах эрхтэн судлалаар-О.Баярмаа АУ-ны доктор, Эм зүй судлалаар- П.Цэдэн АУ-ны доктор, профессор, Өрхийн анагаах ухаан-Д.Мягмарцэрэн АУ-ны доктор, дэд профессор, Халдвар судлалаар-Дармаа АУ-ны доктор, Спортын анагаах ухааны салбарт –Бат-Очир МУ-ын хүний гавъяат эмч, ЭМЯ-ны газрын дарга-Р.Оюунханд Нийслэлийн ЭМГ- Зэндмаа
ХӨСҮТ-н дарга-Нямхүү, Ахмадын эмнэлэгийн захирал-Эрдэнэбат, Моносын –Алтанцог, Бөөрний -С.Байгальмаа АУ-ны доктор, Сэтгэцийн -Дэмидмаа АУ-ны доктор, Эрдэнэчимэг, Шүүх шинжилгээний -Ундармаа, Одончимэг, Хүүхдийн мэс заслын –Цэнджав, Нүдний -Баттуяа, Эмэгтэйчүүдийн –Бадрах, Эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулахын- Х.Эрдэнэбат, Энхтүвшин, Дэндэв, Мэдрэлийн мэс заслын –Тугбаяр, Мэдрэлийн гэмтэлийн –Д.Амарбаягалан, Лабораторийн -С.Анхтуяа, Хоол боловсруулах эрхтэн судлалын –Б.Гэгээбадрах, Чих хамар хоолойн –Д.Чулуунбаатар, Шүдний –Лхамжав, Өсөхөө, Хөдөө орон нутагт-Ховдын –Отгонбаяр /АУ-ны доктор/, Увсын –Алимаа, Булганы –Цогоо, Баян-Өлгийн-Мажетхаан, Дарханы –Бүрнээ, Оюунбаатар, Алтангинж, Эрдэнэтийн -Отгонжаргал, Пүүжээ, Хэнтийн-Орхончимэг, Хөвсгөлийн –Г.Баярхүү, Говь-Алтайн-Болдбаатар, Эрдэнэбаатар нарын олон арван найз нөхдүүд маань эх орныхоо салбар бүрд амжилтай ажилаж байна.
Ярилцсан: С.Бадамжав

1243 удаа уншсан

7 comments

  • Алтанхишиг Бямба, 3 дугаар сарын 14 2020 23:13 бичсэн Алтанхишиг

    Миний хувьд Авирмэд овогтой Эрдэнэбилэг эмчийг эртнээс мэднээ. Нэг нутгийн хувьд биш сайн эмч гэдэг утгаар нь сайн мэдэх юм. Эрдэнэбилэг эмч маань АШУҮИС-н гэмтэл согогын тэнхимийн эрхлэгч, ГССҮТ-ийн зөвлөх эмч. клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч гээд олон цол хэргэм, албан тушаалыг нэр төртэйгээр хашиж яваа төрийн дээд шагнал "Алтан гадас " одонгоор шагнагдсан гээд ярих дуурсах зүйл ихтэй нэгэн энгийн даруухан эмч багш хүн. Надад багш гэхээсээ илүү эмч гэдэг нь илүү санагддаг юм. Багш клининикийн профессор, тэнхмийн эрхлэгч гэдэг утгаараа өнөөдөр олон мундаг мэс заслын эмч мэргэжилтнийг төрүүлж өөрийн мэргэжлийн онцлог аграарах сурах мэргэших тал дээр нь анхаарал тавьж байгаад баярлаж бахархаж явдаг юм. Аргагүй насаараа үе мөчнтй мэс замал хийсэн ийм л шилдэг мэргэжилтэн бусдад үлгэрчлэн зааж сургах мэргэшүүлэх нь тун зөв. Харин эмчийн хувьд гэвэл өргөсөн тангарагтай үнэнчээр хоёргүй сэтгэлээр зүтгэж өөрийн болон өрөөлийн хайнга болноомжгүй үйлдлээс шалтгаалан өвчинд зовсон, өвдөж шаналсан олон иргэнд эмнэлгийн түргэн тусламж дэмжлэг үзүүлэн илааршин эдгэрэ итгэлийг төрүүлж өвчтөн эмчлүүлэгч бүрийнхээ төлөө амьдралынхаа ихэнх цаг хугацаа заваа зориулан халуун хүйтэн, өдөр шөнийг умартан үнэнч " эмчийн " сэтгэлээр хандаж мэргэжлийн өндөр түвшинд мэс ажилбар хийж хоол ундаач мартан олон цагаар хөлсөө гартал ажиллаж олонч хүнийг эдгээн эмчилсэн ачтай буянтай сайн эмч гэж боддог. Манай гэр бүлийнхэн тэр ач буянг нь хүртсэн бөгөөд баярлалаа эмчээ гэхээс өөр талархалын үг оддохгүй байсан удаа олоон бий. Эмчээ танд баярлалаа танд сайн сайхныг хүсье гэж ерөөгөөд нүдэндээ нулимастай нүүрэндээ баясал баяр дүүрэн сэтгэл нь уужирсан, өвчин зовлон нь арилсан олон хүнийг харж дотроо " эмчээрээ" бахархаж байсан гэрчийн хувьд үнэнээ бичиж сууна. Энэ мэргэшсэн эмч , олон сайн эмчийг төрүүсэн багш маань "Алтан чагнуур"-ийн эзэн байх ёстой нэгэн мөнөөс мөн гэж дэмжиж байна. " Алтан чагнуур " битгий хэл " Гавьяат" Ардын эмч " байх ёстой буянтай ачтай эмч хүн. Танд болон танай гэр бүл, ач нарт тань ажлын амжилт сайн сайхныг хүсэн ерөөе.

  • Б.Долгормаа Баасан, 3 дугаар сарын 13 2020 21:45 бичсэн Б.Долгормаа

    Энэ буянтай эмчийн ачаар энэ едрийг хvртэл эрvvл саруул сайхан амьдарч байна даа. 2002 онд баруун хелний ахилын шvрмес тасарсан, бас баруун евдгений миниски тасарсан Эрдэнэбилэг эмчийнхээ буянаар мэс засал амжилттай болж одоо сайхан амьдарч байна. Ажилд нь амжилт хvсч энэ сайхан шагналын эзэн болох эрхтэй хvн гэж бодож байна.

  • Б.Долгормаа Баасан, 3 дугаар сарын 13 2020 21:43 бичсэн Б.Долгормаа

    Энэ буянтай эмчийн ачаар энэ едрийг хvртэл эрvvл саруул сайхан амьдарч байна даа. 2002 онд баруун хелний ахилын шvрмес тасарсан, бас баруун евдгений миниски тасарсан Эрдэнэбилэг эмчийнхээ буянаар мэс засал амжилттай болж одоо сайхан амьдарч байна. Ажилд нь амжилт хvсч энэ сайхан шагналын эзэн болох эрхтэй хvн гэж бодож байна.

  • ajnai Пүрэв, 3 дугаар сарын 12 2020 16:09 бичсэн ajnai

    эгэл даруу энгийн шавь нарын минь нэг шүү.ауис ийн үед шилдэг оюутнуудаас шалгаруулан багш нарыг бэлтгэх зорилгоор тусгай груп зохион байгуулан суралцаж байх үеийнхний нь зураг байна.сургуулийн бодлогоор энэ бүлгийг байгуулж байсан нь ардын багш тэр үеийн захирал байсан г.жамба ын санаачлан хэрэгжүүлсэн ирээдүйг харсан олон сайхан ажлын нэг байсан гэдэг нь өнөөдөр харагдаж байна.амжилт хүсье та нартаа
    Л.Ажнай

  • М.Мягмаржав \Увс\ Пүрэв, 3 дугаар сарын 12 2020 14:27 бичсэн М.Мягмаржав \Увс\

    Алтан гартай ачит эмч А.Эрдэнэбилэг багшаар би 2007 онд түнхний хагалгаа амжилттай хийлгэж, одоо хүртэл энэ хүний буянаар, эрүүл саруул алхаж явна аа. Эмчдээ баярласнаа дахин илэрхийлж, эрүүл саруул байж, урт удаан наслахыг хүсэн ерөөе. Ардын эмчболоорой.

  • Агваан Пүрэв, 3 дугаар сарын 12 2020 14:10 бичсэн Агваан

    Ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэдэг агуу эмч шүү мөн чолон хүнд тус нь хүрсэн бөгөөд энэ шагнал авах болзолыг бүрэн дүүрэн хангасан манай шилдэгийн шилдэг эмч билээ,

  • Агваан Пүрэв, 3 дугаар сарын 12 2020 14:06 бичсэн Агваан

    Ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэдэг агуу эмч шүү мөн чолон хүнд тус нь хүрсэн бөгөөд энэ шагнал авах болзолыг бүрэн дүүрэн хангасан манай шилдэгийн шилдэг эмч билээ

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш