Намидын  Мөнхтүвшин: ДАЯАР МОНГОЛЫН ЕРТӨНЦИЙН ЭЗЭНТ ГҮРНИЙ ИВЭЭЛД БАГТАЖ ДЭЛГЭРСЭЭР ӨНӨӨ ИХ ДОЛООГИЙН НЭГ БОЛСОН ОРОСЫН ХАРЬЯАТ ЕВРЕЙ БАГШИД ШАВИЛАХ БОЛОМЖ ОЛДСОН ЮМ ДАА

 

Намтарын товч тунгаамал:

Багш, профессор Н.Мөнхтүвшин, аав ээждээ ачлалаан, элгэн түмэндээ энэрэлээн, эх орондоо зүтгэл юугаан өргөхөөр, 1949 оны өвлийн эхэн сарын хууч, анхны цаснаар өөлд түмний газар шороо, уул усны ундарга, огторгуйн зулай Цамбагарав хайрханы өвөр энгэрийн ээвэр бэлд, аугаа их дээдэс, ойрдын баатар, ялгуусан хутагт Бошигт Галдан хаан суу билэг, совин сэрэмжээрээ шүншиглэж, цус, ясаараа тамгалаж үлдээсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 5 дугаар багийн нутаг “харганат” гэдэг газар, арга, билэг, дуугаан хадааж мэндэлсэн ажаам. Одоо хань, ач нарынхаа хамт амьдардаг.

Таныг удам судраа сүрхий мэддэг хүн гэдэг?

Миний элэнц дээд өвөө Чойвол, түүний хүүхэд Дамиа, түүний хүү Палаан, түүний хүү Нанжид, түүний хүү Намид гэж байжээ. Би энэ Намид аавын 4-р хүүхэд нь юм. Миний дээр хоёр эгч, нэг ах одоо 75-85 насны хөгшчүүл энх тунх байгаа. Би хоёр дүүтэй том нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, бага дүүгээ өнгөрсөн өвөл бөөрний хавдраар алдсан. Чойвол хөгшин аав тэнгэр угсаатай, Элжигэд овгийн хүн, 1800-д оны үед Өөлдийн хоёр сумны нэгний занги байсан, Манжийн ноёрхлоос эх орон ард түмнээ чөлөөлөх үзэлтэй, хурц ширүүн зантай, шударга хэлэмгий хүн байсан гэдэг. Элжигэд овог гэдэг нь түрэг хэлний эл-тигэн гэдэг үгнээс гаралтай гэж үздэг. Энэ нь эзний шадар хүн гэсэн утгатай ажээ. Хан-Хөхий уулын элжигэн хошуунд “Чингис хааны цагаан сүлд” туг уламжлагдан хадгалагдаж ирсэн бөгөөд их эрдэмтэн Хатагин Ц.Дамдинсүрэнгийн таньж зөвлөснөөр 1963 онд улсын төв музейд хүлээлгэн өгчээ. Энэ тугийн үе уламжлан хадгалж ирсэн сүүлчийн тугчийн зээ Сүхийн Тойвгоо гэдэг хүний үеэс үед дамжин хэлэлцэж ирсэн домог түүхийг үндэслэн энэ тугны тахилгыг Хан-Хөхий уулын тахилга нэрээр 2007 оноос эхлэн ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилга болгон тэмдэглэж ирсэн билээ. Элжигэд овогт түмний бахархал болсон энэ туг одоо төв музейд хадгалагдаж байгаа.Чойвол өвөөгийн хүү Дамиа өвөөгийн тухай тэмдэглэл, дурсамж ховор. Энэ хүн малчин байсан, Палаан, Даньзан, Хавчиг, Наян гэсэн дөрвөн хүү, Зандан гэдэг нэг охинтой айл байжээ. Хүү Палаан нь малч удмын, ухаалаг Монгол эр хүн байсан гэдэг. Энэ хүн малд нүдтэй, тэнгэр газар шинжихдээ гаргуун, дэлхийн 2-р дайны үед Оросын дайчдад их олон адуу хандив болгон өгсөн, мөн ядуу зүдүү хүмүүст өмч болгон мал тарааж өгдөг, нутаг усандаа нэр хүндтэй, зон олонд их тусархуу, дуу цөөнтэй боловч алиа хошиндуу зантай, залуу үед сургааль зөвөлгөө сэтгэл харамгүй өгдөг, тэднийг өсгөж хүмүүжүүлэх, айл гэр болгох, мал хөрөнгө тасалж өгөх, хүний дайтай явахад их анхаарч ирсэн хүн гэж ярьдаг. Палаан өвөөгийн хүү Нанжид өвөөг би мэдэх юм. Нанжид хөгшин аав бол маш их ажилсаг, их малтай, хүний өөрийн ялгалгүй нутгийн айлуудын сааль саам, цагаан идээ, нүүдэл суудал, уналга мал, ажил төрөл, явдал мөрийг дурандаж зөвлөдөг, хот айл, саахалт, айлын малыг хээрийн нохойноос хамгаалж 1000 гаруй чоно авласан домогт анчин байсан. Миний аав Намид нь Нанжидын 5-р хүүхэд болон 1922 онд мэндэлжээ. Бага насандаа мал маллаж, ан гөрөө хийж, сумын сургуульд сурч 1942 онд цэргийн албанд мордож 1945 онд дэлхийн 2-р дайнд оролцож, Японы милитаристуудаас Өвөр Монгол, Хятадыг чөлөөлөх дайнд оролцож ирээд баруун хязгаарт томилогдож Гоминданы болон хасгийн дээрэмчний эсрэг байлдаанд “сумангийн мэргэн буудагч”-ийн үүрэг гүйцэтгэж явжээ. Чөлөөлөх дайны дараа армийг татан буулгахад аавтай хамт халагдсан цэргүүд их сургуулийн бэлтгэл ангийн түр курсэд элсүүлж, тэд хожим эрдмийн мөр хөөсөн номын хүмүүс болжээ. Харин Нанжид хөгшин аав миний аав Намидыг мал ахуйдаа нэмэр болгох гээд их сургуульд оруулалгүй гэртээ дагуулаад харьжээ. Аав минь бичиг үсэгт тайлагдсан болохоор удалгүй сумын захиргааны ажилд дайчлагдан хүүхдүүдээ сургуульд оруулж анги дэвшихэд нь дагаж явсаар аймгийн төв, улмаар нийслэлд шилжсэний ач буянаар залгамж бид нар чамгүй эрдэм сурав.

Таны эмч болсон түүхээс?

Намайг бага байхад, дөнгөж ухаан орсон үеэс “Миний хүү анагаахын сургуульд орно” гэж аав хэлдэг байсан. Тэр нь юу гэсэн үг юм бүү мэд. Бүр хожим анагаах ухаан гэдэг нь эмч гэдэг үгтэй холбоотой болохыг мэдсэн юм. Яг одоо өөрийгөө эмч мэргэжилтэй гэж хэлэхэд хэцүү. Коммунизмын үед Хематологич, Клиникийн химич, Биохимич, Микробиологич, Генетикч, Молекулын биологич, Иммунологич, Вирус судлагч, Трансфузологич, Бактериологич, Шүүхийн шинжээч, Цитологич, Лабораторийн эмч гээд микроскопоос чинад судлал хариуцсан олон мэргэжилтэн байсан. Ийм төрлийн мэргэжилтнийг баруунд ерөнхийлөн “Клиникийн патологич” гэж нэрлэдэг. Тийм болохоор би өөрийгөө хүн үздэг “Эмч” биш “Клиникийн патологич” гэж тооцдог.

Та оюутан үеээ дурсаач?

Оюутан болоод хамгийн анх үл мэдэхийн шоконд орж билээ. Монгол эрэгтэй, эмэгтэй багш нар бүгд орос хэл дээр лекц орсон бөгөөд би нэг ч үг үсэг тэмдэглэж авч чадаагүй. Миний сонсголын төвд гадаад хэл сонсох ойлгох төв огтоос бүрэлдээгүй байсан юм билээ. Гэхдээ асар хүчтэй сэдлийн голомтууд үүссэн нь: Энэ багш нар шиг яаж гадаад хэлтэй болох вэ?, Яаж их мэдлэгтэй болох вэ?, Ном сурах бичгийг яаралтай олж хөрвүүлж агуулгыг нь ойлгож яаж биедээ шингээх вэ? гээд үргэлжлэв. Энэ олон хүчтэй цочируулын нөлөөгөөр нойр хоолоо умартан номонд шимтсээр нэгдүгээр улирлын шалгалтыг орос хэл дээр хариулсанаа өөрөө мэдээгүй. Манай курсийн зарим оюутан гэнэтийн энэ их мэдээлэлийн цочируулд дасан зохицож чадалгүй жилийн чөлөө авсан санагдана. Бас манай курсд багш нараасаа давсан мэдлэгтэй оюутан ч байж билээ. Тэдний нэг нь Махбал овогт Пагважавын Нямдаваа агаад хожим олон жил эрүүл мэндийн сайд хийж домог болсонсод хүмүүн, академич шүүдээ.Оюутан цагийн дурсамж дотроос Сүхбаатарын цалинтай оюутан болсон зэрэг сайхан дурсамж олон боловч сэтгэл дундуур байдаг нэг зүйл бий. Намайг олон удаа хичээлээс чөлөөлж сургуулийн нэрийн өмнөөс урлагийн үзлэг, биеийн тамирын уралдаан тэмцээнд оролцуулдаг байсан. Тийм учраас үнэндээ миний бие дээд сургуулийн мэдлэгийг сургууль төгссөний дараа нөхөж сурах гэж зүтгэсээр явна. Гэрээ мартсан гэсэр болж сургууль, номын сан хоёроор оромжхийж явах үед Сталины номын сангийн эгч надад патофизиологийн сурах бичгийг англи хэл дээр бэлэглэсэн юм. Од багш миний номыг үзээд оюутнуудад гадаад хэл сурахыг шаардахдаа Мөнхтүвшин шалгалтаа англи хэл дээр өгөх санал дэвшүүлсэн гэж хэтрүүлэгтэй тунхаглаж асан байдаг. Багш нарын минь заасан эрдэм, үйл хөдлөл, захиас сургаал оюутны ой санамжийн видео камерт кино мэт буудаг юм билээ. Тийм учраас олон цагийн хичээлээс чөлөөлөхүйд тэр бүхнээс хоцорсондоо нэн харам явдаг. Мэс заслын Пэлжээгийн Долгор багш эгнэгт үл мартагдах гүнзгий сэтгэгдэл үлдээжээ. Багш маань эхлээд мэс заслын ажилбарын кино үзүүлж оюутныг дасгадаг байсан. Тийм учраас манай ангиас хагалгааны өрөөнд муужирч унасан оюутан гараагүй. Сургуулийн захиргаа манай төгсөлтөөс хоёр хүүхэд авч үлдсэний нэгд тэнгэр намайг ивээж, анатомын тэнхимд багшаар үлдээж номонд нэвтрэх оройгүй эрдмийн зам мөр хөөх зурлага хайрласан юм.

Та хаанаас ажлын гараагаа эхэлсэн бэ?

Төгссөн жилээс эхлээд1971-1987 он хүртэл АУДэС, Анатомийн Тэнхимд багшилж нотолгоонд тулгуурласан арга ухааны эрдэм туулж 1987 оны 10 сарын 16-наас эхлэн одоог хүртэл АУХүрээлэнгийн Эрдэм Шинжилгээний Төв Лабораторийн эрхлэгч, төслийн удирдагч, төслийн зөвлөхөр тус тус ажиллаж байна. Төгсөөд хоёр жил болох үед намайг бас тэнгэр ивээж Орос улсад мэргэжил дээшлүүлэх боломж олдсон юм. Тэр үед Ленинградын анагаахын анатомын тэнхмийн эрхлэгч домогт М.Г.Привес байлаа. Бид хоёр сонгомол анатоми ба молекулын анатомын асуудлаар үе үе маргалдана. Хугацааны гуравны нэг үлдэхэд намайг Москвад Хүний Бүтэц Судлалын хүрээлэнд шилжүүлсэн юм. Тэнд гялалзаж асанпрофессор М.Ш.Вербицкийн хөврөлийн дархлалын лабораторид очиж шинжлэх ухааны тэргүүн шугам гэдгийг үзэж туршин шинжлэлийн судалгааны арга зүйэзэмшиж, эрдмийн зэрэг хамгаалсан билээ.

Таны гэр бүлийн хүн эмч гэж сонссон?

Тиймээ. Монгол улсын хүний гавьяат эмч,анагаах ухааны доктор, профессор, эх барихуй, эмэгтэйчүүдийн ухааны зөвлөх эмч Д.Дариймаа миний хань юм аа. Тэр маань зүгээр сууж үл тэвчихийн зурлагаар ЭХЭМҮТ, БГД, СХД, ХУД эрүүл мэндийн төв, мөн хувийн эмнэлэгт зөвлөх эмч хийж байсан, хийсээр байгаа, гэрийн ажлаа хамжаад хийчихэе гэвэл танай гэрийн гал манах хугацаа минь дуусч яваа юм болов уу хэмээн ихэд цэрвэж,гал тогоонд хуруу хошуу нэмэрлэх нь айлын эр хүний хийх ажил биш цаанаа бай гэдэг, өрхийн тэргүүнийг дээдлэж цайныхаа дээжийг эхлэж барьдаг, балар цагийн хуучин ёсны гэрийн эзэгтэйн сүүлчийн төлөөлөгч юм. Өнгөрсөн жил бидэн хоёр үзээгүй юмаа үзэж, хээ угалз сийлбэр болсон гоёмсог ордонд алтан хуримаа хийж ураг төрөл, үр хүүхэд, ач зээ, ачинцар зээнцэрээ баярлуулах хувь тохиосон билээ.

Таны сонгуульт ажил юу байв?

Үндэсний хэмжээнд1982 оноос ЭМЯ лабораторийн ерөнхий мэргэжилтэн, 2013 оноос лабораторийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдож хүн амд үзүүлэх лабораторийн онош зүйн тусламжийн албыг хөгжүүлэх, арга зүйгээр хангах, технологийн шинэчлэл хийж чанарын үзүүлэлтийг олон улсын түвшинд хүргэх талаар 40 гаруй жил зүтгэжЭМЯ, ДЭМБ, ЭМШУИС-тэй хамтарч болон дангаараа хот хөдөөгийн лабораторийн эмч нар, аймаг, нийслэлийн эмнэлгийн удирдлагууд, аймаг хотын нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эмнэлгийн эмч, сувилагч, лабораторийн эмч, лаборант нарт зориулан дотооддоо нийт 30 гаруй томоохон хэмжээний хурал, семинарын сургалт зохион байгуулад байна. Мөн 1986 оноос ЭМЯ ёсзүйн хорооны гишүүн, улсын эмийн бүртгэлийн Оношлуурын шинжээч, Хүний эмийн фармакопейн хорооны гишүүнээр ажиллаж байв. Олон Улсын хэмжээнд Засгийн Газраас нэр дэвшүүлсний дагуу 1995 оноос ДЭМБ-ын Зүүн Өмнөт Азийн Бүс (SEARO/ACHR), 1996 оноос Номхон Далайн Баруун Эргийн Бүс (WPRO/ACHR)-ийн Эрүүл Мэндийн Эрдэм Шинжилгээний Зөвлөх Хорооны гишүүн, 1998-2007 онд Австрал-Азийн Эд Нийцлийн Холбоо (ASEATTA)-ны удирдах зөвлөлийн гишүүн, 2001-2020 онд “Азийн Клиникийн Патологич, Лабораторийн Онош Зүйн Холбоо”(ASCPALM)-ны гишүүнээр, 2007-2009 онд уг холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож олон улсын 10 дугаар их хурлыг 2009 онд, 14 дүгээр их хурлыг 2018 онд тус тус Улаанбаатар хотноо зохион байгуулсан.
1981 оноос өнөө хүртэл Лабораторийн Онош Зүйн Нийгэмлэг (ЛОЗН)(ОНБ)-ын ерөнхийлөгчийн сонгуульт ажил хийж байна.

Та төгссөн сургуулийнхаа тухай сонирхуулаач?

Би Их Монгол Улсын Дөрвөн Ойрдын овог аймгийн залгамж, XVII зууны Зүүн Гарын Хаант Улсын буурал түүхээс эхтэй, эх орны баруун хязгаарын өлгий Ховд аймгийн төвд 1956-1960 онд бага сургууль, УБ хотод 1960-1966 онд 10 жилийн 6-р дунд сургууль, 1966-1971 онд АУДэС төгссөн. Миний төрөлх АУДС багш нар бол Монгол Улсын Юниверситетийн Хүн Эмнэлгийн Факультетийн орос багш нарын хатуу дэг журмыг туулж 47 оюутнаас IQ нь хол тасарч төгссөн анхны 13, тэдний гаргасан зам мөрөөр явж өрнийн анагаах эрдмийг төгс эзэмшсэн, клиник сэтгэлгээний арвин их туршлагатай эмч, эрдэмтэн, багш жинхэнэ алтан үеийнхэн байв. Тэд бол I, II, III эмнэлэг, ЭХЭМТ, Төрөх Газрууд, Гэмтэл, Халдварт, Сэтгэц, Хавдар, Арьс, Зоонозын Төв болон бусад төрөлжсөн нарийн сэргэжлийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэгүүдийн зөвлөх эмч, ерөнхий эмч, тасгийн эрхлэгч нар байсан бөгөөд ард олондоо нэр хүндтэй, нийгмийн хариуцлага маш өндөр оюунлаг элитүүд байжээ. Өнгөрсөн 70 жил, ялангуяа сүүлийн 30 жилд сургалт, эрүүл мэндийн тусламж, эрдэм шинжилгээ, гурвын нэгдлийг хангасан тогтолцоо бүрдүүлж чадаагүй, “ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ” (University Hospital) байхгүй, багш нар эмчилгээний оргүй, клиникийн тогоонд чанагдаагүй учраас клиник сэтгэлгээ, совнин шинжих билиг ухаан нь огт хөгжөөгүй, таг гөлий, тэнхимд сурах бичиг заах хэлбэрээр халтуурдаж ирсэнээс багш оюутан хоюулаа хүн үзэхээс айж зугтаадаг, төлбөрөө төлсөн бүгд төгсдөг, мерит зарчим байхгүй, төгсөгчдийг нь эмнэлгүүд голоод авдаггүй, сургууль ч биш юу ч биш болоод байна. Японы тусламжаар бүтээн байгуулж өгсөн сайхан бааз эмнэлэгт хэрүүлийн бузар шингээгээд ашиглалтанд оруулдаггүй. Уламжлалтын анги төгссөн оюутнаас судас барих, судал шинжихүй хичээлийг хэн багш заасан бэ гэж асуухад тийм хичээл ороогүй гэж хариулна. Ийм их сургууль, ийм багш, ийм оюутан байх уу. Аргаа бараад “Боловсролын алуурчин” сургууль нэр өгөөд сууж байна. Тэнгэр заяат монголын хойч үе маань мэргэжлийн салбараа улс төрөөс салгаж “Анагаахын Их Сургууль”-ийн эрх зүйн байдлыг олон улсын жишигт нийцүүлэн хуульчилж энэ гамшгийг арилгах буйзаа.

Та гавьяа шагналаасаа дурдвал?

Зөвлөлтийн мэдэл дор тусгаар улс мэт байсан 1990 оныг хүртэл хөгжил дэвшил, уруудал хэлмэгдлийн аль алины мөр үлдээсэн “хувьсгалт” төрийн үед сүм хийдийг нурааж, ном сударыг шатааж, лам нарыг хядах үзэгдэл дуусгавар болоод, харин сэхээтний төөрөгдөл гэх үзэл Еншөөбүү Бямбын Ренчин, Хатиган Цэндийн Дамдинсурэн хоёрын эсрэг төвлөрч байхад Монгол түмний заяа түшиж ардчилал эхлэж энэ хоёр хосгүй их хүмүүнийг цагаатгаж, гавьяа шагнал хүртээж ,ардын уран зохиолч цол олгоход зөвхөн Ц.Дамдинсүрэн гуай насны туйлд хүрээд амь голтой төдий байсан юм гэдэг. Энэ хоёр суутан болон билэг оюун төгс бусад олон эрдэмт хүмүүс, бодьсадва нарыг хэлмэгдүүлсэн хар түүх дуусгавар болж тэдэнд олдоогүй их хувь зохиол надад заяаж тоймгүй олон шагнал, өргөмжлөл хүртжээ. Дархлалын эмгэгурвалын онош, тоон хэмжээст биеийн шинжийн ген, геномын хэсэг, эд нийцлийн полиморф хэлбэршил, клиникийн патологи, биохимийн лавлах хэмжээ, маркерын онош, өвчлөл уялдаат генийн хайлт болон бусад олон сэдвээр хийсэн гадаад дотоодын хамтарсан судалгаанууд маань шалгарч 2000 оноос Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит АУХ-ийн “Оны шилдэг эрдэмтэн”, ЭМЯ-ны “Эмнэлгийн тэргүүний ажилтан”, ШУА-ийн “Шинжлэх Ухааны тэргүүний ажилтан” Ерөнхийлөгчийн зарлигаар “АЛТАН ГАДАС” одон, удирдсан хамт олон маань байгууллагын “Оны шилдэг хамтлаг” жил жилийн тэргүүн, дэд, гутгаар байр, өргөмжлөл мөнгөн шагнал хүртэж ирсэн ба2020 онд “Одь-ийн Алтан Тунгаамал Суврага” шагналын эзэн болоод байна.

Таныг эмч нар шинийг санаачлагч гэх юм?

Миний бие оюутан, эмч нарт мэдлэг олгохын тулд сургалтын процессыг эрчимжүүлэх шинэ аргууд нэвтрүүлж ирсний дээр 1980 онд УКТЭ-ийн дэргэд анхны клиник-иммунологийн лаборатори байгуулж шинэ бүтээл 3, анх санаачлан нэвтрүүлсэн бүтээл 16, оновчтой санал 23, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн заавар, улсын стандарт 6 тус тус боловсруулсан нь Эрүүл Мэндийн Сайдын тушаалаар батлагдаж шинийг санаачлагчдын улсын үзэсгэлэнгийн ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртэж байсан.

Та олон шавь төрүүлсэн биз?

Тиймээ. Туйлаас хангалуун явдаг нэг бодлыг минь та асууж байна. Миний шавь нар дэлхийн олон орны Их дээд сургуульд суралцаж, эрдмийн зэрэг цол хамгаалж гадаад, дотоодын олон оронд Судалгааны хамтлагийн удирдагч, үндсэн судлаачаар ажиллаж монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж явна. Би шинэ залуу эмч, багш, эрдэм шинжилгээний ажилтан нарыг сургаж хүмүүжүүлэх, судалгааны арга зүй эзэмшүүлэх, дэлхийн тэргүүлэх төвүүдэд явуулж сургах талаар тасралтгүй анхаарч ирсэн. Өнөөдрийн байдлаар гадаад, дотоодын30 гаруй ажилтны магистр, анагаах ухааны доктор, шинжлэх ухааны докторын ажлыг удирдан хамгаалуулж, 40 гаруй ажилтны магистр, докторын бүтээлд шүүмж хийсэн ба эгэл биеийн физик, цөмийн физик, биофизикийн салбарт мэргэшсэн нэг шавь минь Нобелийн Энх тайвны шагнал хүртэж, бусад олон шавь нар минь хээрийн шувуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөрлөн ирж багшийнхаа мөрөөслийг биелүүлсээр явна.

Таны бичгийн өв соёл, бүтээлийн дээжээс сонирхвол?

Лабораторийн Тусламж Үйлчилгээний эрх зүйн байдал, хөгжлийн стратеги, төлөвлөлт, алсын хараа, ойрын зорилт, чанар, хүртээмж, хэмжлийн жигд байдал, шинжилгээний технологи, хэрэглээний заавар, гарын авлага, удирдамж, арга зүйн зөвлөмжийн асуудлаар өнгөрсөн 40 жилийн хугацаанд 1000 гаруй хуудас материал боловсруулж Төрийн Захиргааны Төв Байгууллагууд, ЭМЯ, Стандартчилал, Хэмжил Зүйн Газар, МХЕГ-д хүлээлгэн өгсөн.
Ном, сурах бичиг, гарын авлага 12, боловсруулсан, орчуулсан, хянан тохиолдуулсан удирдамж, стратеги, арга зүйн заавар, эмхэтгэл 40, эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөр, ёс зүйн бүтээл, нийтлэл 50, гадаадын судлаачидтай хамтарч чансааөндөр сэтгүүлд нийтлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээл 35, олон улсын хурал, чуулганд тавьсан илтгэл 64, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл 240 орчим, дууссан ажлын тайлан 25, семинарын сургалтын гарын авлага 26, нийтдээ шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа, эрдэм шинжилгээний төсөлт ажил, мэргэжлийн чиглэлээр Монгол, Орос, Англи хэл дээр дангаараа болон хамтарч 500 гаруй бүтээл туурвижээ.

Таныг нийгмийн хариуцлагийн хүрээнд анхаарал хандуулдаг гэж дуулсан.

1996 оноос эхлэн нийслэл хот, аймгийн төв болон сумын эмнэлгүүдэд нийтдээ 400 орчим сая төгрөгний үнэ бүхий лабораторийн анализатор, орчин үеийн оношлогооны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, урвалж бодис, хурдавчилсан оношлуурууд бэлэглэж, олон удаа томилолтоор очиж лекц уншиж, үнэ төлбөргүй сургалт болон кредит олгох сургалт зохиож ирсэн.

Таны сүүлийн үеийн хийж байгаа ажлууд юу байна вэ?

Бурханы таалалаар Монгол гарвальтан нар газар дэлхийг төвхнүүлж явах цагт бөмбөрцөг дахинаа түгэж тархсан “Одон Цомог” (“Star Cluster”) генийн мөчирлөл, салааг мөшгөх боломж, биеийн тоон хэмжээст шинж төрх хариуцсан ген, бүл ген, өвчлөл уялдаат генийн локус хайх судалгаануудаас гадна, арга ухаан түшсэн өрнийн анагаах ухаан ба билэг ухаан түшсэн уламжлалт анагаах ухааны сэтгэлгээний философийн хүрэлцэх цэг, байж болох нийлэгшлийн үл бүтэх санааны асуудалд бодол билчээж сууна.

Танд үлдээх асуулт?

Тэнгэрлэг өвөг дээдэс, увьдаслаг өтгөс буурлуудын байгуулсан Хиян Монгол (МЭӨ 5000-2000 он), Бидгүд Монгол (МЭӨ 2000-1000 он), Хүннү Монгол (МЭӨ 200–МЭ 100 он), Их Монгол (XI-XII), Даяар Монгол (XIII-XIV)-ын эзэнт гүрэн улсуудын гэгээрэнгүй монголчуудын сэтгэмжийн чансаа, мэдлэгийн далай их сан хөмрөг, аугаа их ой санамжийг өнөө үеийн тэнгэр заяат залгамж хойч үеийн залуус сэргээн мандуулж мөнхөд гэрэлтэн бадрах монгол улсаа бүтээн босгох цаг алсад бус ойр буйзаа. Чингэхдээ даяарчлалын сүйрлийг тойрч, дэвшлийг авч, дангаарчлалын давууг тэтгэж, дутууг гүйцээж, дотроо бодолтой дороо суурьтай явах шинэ цаг үе тулаад ирлээ.

Сайн үйлс, оюунлаг IQ, зохист технологи, зөв зам мөр дэлгэрэх болтугай.

Ярилцсан С.Бадамжав

167 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш