Палчиндагвын  Нямдорж: Монгол, Польшийн Эрүүл мэндийн сайд нарт орчуулга хийх завшаан тохиож байлаа...

Эмч нараас асуухад хүсэл сонирхлоороо мэргэжлээ сонгосон гэх нь олонтой, эмч болсон нь тохиолдлын хэрэг үү эсвэл...?
Эцэг эх минь намайг Туулай жилийн хавар ногооноор төрсөн л гэдэг юм. Би тэгээд 1951 оны дөрөвдүгээр сарын 15-нд төрсөн гэж намтартаа бичдэг болсон. Би Ховд аймгийн Цэцэг сумын Сутай хайрхан уулын бэлд “Хуудасны цагаан хад” гэдэг сайхан нутагт төрсөн.


Манай аавын төрсөн ах нь нутаг усандаа алдартай эм барьдаг Рэнцэн маарамба гэж байж. Миний аав ах маарамбынхаа зааснаар ургамал түүж өгдөг жирийн л хөдөөгийн малчин ард байсан даа. Гэтэл 1937-1940 оны их хэлмэгдүүлэлтийн шуурганд авга ах Рэнцэн маарамба болон аавыг минь Японы тагнуул, хувьсгалын эсэргүү гэж цоллон Рэнцэн маарамба тэргүүтэй том лам нарыг шууд буудан хороож аавыг минь 10 жил шоронд суулгаад 1950 онд суллажээ. Би 1951 онд мэндэлсэн аав ээжийнхээ отгон хүүхэд. Эгчээсээ 10 дүү, том ахаасаа 20 насаар дүү юм аа. Миний муу ээж Т.Дарь, дөрвөн ах болон нэг эгч минь хэлмэгдэлд өртөж сургуульд ч сураагүй юм. Харин би 1960 оны бүлээрлийн жилүүдэд сургуульд орж 1-10 ангид суралцаж, эсэргүүний хүүхэд гэж ад шоо үзэгдээгүйгээр барахгүй 1970 онд шууд л Анагаах Ухааны Дээд Сургуульд элсэн орж 1976 онд төгсөөд Хүний их эмч болж ард түмний нэрлэснээр Нямдорж эмч гэж нэрлэгдээд 44 жил болж дээ.

Та яагаад эмч болсон, юу нөлөөлсөн бэ? Таны удамд эмч хүн байна уу гэж олон хүн асуудаг. Ийм учиртай юм.
Аав минь намайг 7 дугаар ангид байхад хүнд өвчнөөр (хоолойн хорт хавдар нарийнтах) нас барсан юм. Би 10 жилд 8, 9, 10-дугаар ангид байхдаа гадаадын уран зохиолын ном их уншдаг Д.Нацагдоржийн тэмдэгтний болзол хангасан хүүхэд байлаа. Намайг 8,9-р ангид байхад ээж минь: Миний хүү ном их унших юм, лав эрдэмтэн хүн болно. Аавын чинь удамд их эрдэмтэй, хүнд тус болдог маарамба (тэр үед эмч нарыг тэгж нэрлэдэг байсан) хүмүүс байсан юм. Аав нь ч яахав ах маарамбадаа туслаад ургамал ногоог нь түүж өгдөг байсан юм. Миний хүү түмэн олондоо тусалдаг эмч л болоорой гэж хэлдэг байсан үе одоо насан турш толгойд минь хадгалагдаж үлджээ. Би уг нь жүжигчин болно гэж боддог байснаа ээжийн хэлсэн үг санаанаас гарахгүй эмч болохоор шулуудан 10 дугаар ангиа төгсөөд шууд л АУДС-д элсэн орсон билээ. 1976 онд төгсөж эмч болсноос хойш 44 жил, цагаан халад өмсөөд 50 жил болж дээ.

Бага насны сонин содон, сэтгэлд ул мөрөө үлдээсэн сайхан дурсамжууд байдаг?
Миний санаанд мартагдашгүй дурсамж 1966, 67 оны үед болсон юм. Би 6,7 дугаар ангид л сурч байсан зун цаг юм даг. Улаанбаатар хотоос Газ-69 машинтай Баавгай гэдэг нэртэй намхан бор хүн аймгийн НАХ хэлтсийн төлөөлөгч дагуулан манай гэрт ирж “Балига” нэртэй ургамал ааваар заалгахаар их л нууцлагдмал ирсэн юм. Тэр хүн аавтай ярилцан хотын цагаан архи задлан хонож өнжөөд 2 сайн морь унаж манай нутгийн Мянган угалзын нуруу Балгатай уулаар явж ганц жаахан даавуун уутаар дүүрэн цэнхэр хөх ургамал түүж ирээд манай авдрын ард 2 хоног хадгалаад авч явсан юм. Тэр ургамал нь зөвхөн манай нутаг Балгатайн нуруунд ургадаг “Балига” гэдэг эмийн ховор ургамал байжээ. Үүн тухай хожим найз АУ-ны доктор, профессор Болдсайхан маань: Манай багш Баавгай Ховд аймгийн Цэцэг сумаас балига олж ирсэн. Түүнийг зааж өгсөн хүн нь танай аав байж. Багш маань тэр ургамлаар олон хүн эмчилсэн гэж дурсан ярьдаг юм. Балига бол маш ховор, магадгүй манай нутгийн Балгатайн нуруунд л байдаг хорт хавдрыг эмчлэх чадвартай ургамал байсан байх.

Хамт нэг анги, дамжаанд суралцаж байсан анд найз, эмч нараас алдар бүтээлээрээ нэртэй хүмүүс зөндөө л байгаа даа?
Намайг 1970 онд АУДС-ийн 1 дүгээр курсийн 8 дугаар хэсэгт ороход манай групын даргаар биднээс 10 насаар ах Архангай аймагт бага эмчээр ажиллаж байгаад орсон Х.Дорж найзыгаа онцлон дурдмаар байна. Х.Дорж маань хөдөөгийн эмнэлэгт асрагч, сувилагч, бага эмч хийж байсан, бидэндээ үлгэр жишээ болсон жинхэнэ хүний төлөө, хүн эмчлэхээр төрсөн хүнлэг сайн эмч, ёстой л хүний хайлан болсон хүн. Бид хоёр найзлаад 50 жил болж байгаа. Жинхэнэ сайн хүн гэвэл Доржийг л хэлнэ. Миний найзыг Архангайнхан “Гүйдэг Дорж эмч” гэдэг. Нутгийнхан нь Дорж эмч хашин морьтой дуудлагад яваад морь нь явахгүй болохоор морио үлдээгээд өөрөө гүйгээд өвчтөн дээрээ очсон тухай бахархан ярьдаг юм. Миний найз, манай курсийн дарга АШУ-ны доктор, профессор Б.Дагданбазар, АУ-ны доктор, профессор Д.Энэбиш хоёр маань сургуулиа төгсөөд л АУДС-д багшлаад 40 гаруй жил болсон ясны эрдэмтэн, олон зуун эмч бэлтгэсэн, хоёулаа Монгол Улсын гавьяат багш билээ.

Монголын анагаахын толь болсон нэрт эрдэмтэн багш нараар хичээл заалгаж тэдний түүчээний талаар?
Намайг анагаахад сурч байх үед Монголын анагаах ухааны сор болсон эрдэмтэн доктор профессорууд бүгд л залуухан ид гялалзаж байсан даа. Түүний дотроос миний мэргэжлийн багш нар Доржжадамбаа, Гүрдорж, Бямбасүрэн, Төмөрбаатар, Бадарч багшаа нэрлэхгүй байхын арга алга.

Ажилласан байдал, сурсан мэргэжил
Би 1976 онд АУДС төгсөөд тэр үеийн зарчмаар Ховд аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эмнэлэгт ажиллаж байгаад 1977 онд Сэтгэл мэдрэлийн эмчийн мэргэжил олгох курс төгссөнөөс хойш Ховдын аймаг дундын сэтгэл мэдрэлийн эмнэлэг, УБ хотод Цэргийн төв эмнэлэг, Сэтгэл мэдрэлийн диспансерт сэтгэл мэдрэлийн эмчээр ажиллаж байгаад 1989 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шугамаар Монголд зохиогдсон Зүү төөнө заслын олон улсын курст суралцаж төгсөөд монголын уламжлалт эмчилгээ, зүүний мэргэжлийн эмчээр ажиллаж ирлээ. Монголд хувийн эмнэлэг зөвшөөрөгдөхөд 2 тоот үнэмлэхтэй “Жаргалан” гэдэг эмнэлэг үүсгэн байгуулж, ажиллаж байлаа.

Таныг монголын уламжлалт эмнэлгийн эмч нар дотроос анх удаа Польш улсад ажилласан эмч гэж сонссон. Та яаж яваад Польш улсад очиж ажиллах болоо вэ?
Сонин түүхээр Польшид очсон юм аа. Би уламжлалт эмнэлэг, зүү эмчилгээний эмч болоодАУ-ны доктор Долгормаа эмч байгуулсан УБ хотын ганцхан хувийн эмнэлгийн дараа өөрийнхөө хувийн эмнэлгийг байгуулж байв. Хүмүүс маш их үзүүлнэ. Зүү хануур эмчилгээ, бариа засал хийдэг нэлээн нэр хүндтэй байлаа. Гэтэл манай том компанийн захирлын охин Чехословаки улсын Прага хотод гэмтлээс болж тархи нь доргисон, миний зардлыг даагаад авч явъя, эмчилж өгөөч гэсэн хүсэлт тавихад би ч зөвшөөрч анх удаа гадаад явсан юм. Алтан Прагад очиж нөгөө охинд бариа, зүү эмчилгээ сар орчим хийгээд охины бие ч сайжирч элчин сайдын яаманд байж байтал Европын орнуудад Монголоос сууж байсан элчин зөвлөхүүдийн уулзалт болж би ч элчин сайдын яаманд ажил багатай уйдчихсан байсан хүн тэр олон монголчуудыгаа үзэж судас барин оношлоод л, заримд нь самнуур эмчилгээ хийв. Тэр үед Польш улсаас ирсэн худалдааны төлөөлөгч О.Дэлгэрсүрэн, Б.Самбуу нар ер нь та Польш улсаар дайраад гарахгүй юу, таны энэ зүү эмчилгээг сонирхдог хүнийг бид олж уулзуулж өгье гэсэн юм. Би ч зөвшөөрч Прагаас Варшав орох вагонд сууж элчин сайдын яаманд очиход О.Дэлгэрсүрэн гуайн тусламжаар тэр үед элчин сайд байсан Нанзадын хөлөглөдөг Монгол улсын далбаатай машинаар хүргүүлсэн нь тод санагдаж байна. Тэгээд Павлак гэдэг хүнтэй танилцаж 3 сар орчим ажиллав. Польшууд манай эмчилгээг их сонирхож эмчилгээ амжилттай болж байв. Би тэр чигээрээ тэндээ ажиллавал болох байсан ч гэсэн гэр амьтай хүн үр хүүхэд хань ижлээ санаад, тэгээд ажилласан мөнгөөрөө машин худалдаж аваад буцаж ирсэн юм. Павлак маань миний хойноос УБ хотод ирж намайг очиж ажиллаач гээд мөн манай олон эмч нарт санал тавьснаас хойш Польш улсад олон эмч очиж ажиллах болж Польш руу ажиллах эмч нарын цуваа хөвөрсөн юм аа. Би нийтдээ 3 удаа Польш улсад ажиллаж амьдраад 10 гаруй жил болжээ. Хамгийн сүүлд 2000 оноос Балтын тэнгисийн эрэгт оршдог, ардчилсан хувьсгалын өлгий хот гэгддэг, Полшьийн ерөнхийлөгч асан Лех Валенсагийн нутаг Гданск хотод ажиллаж амьдарч байгаад ирсэн билээ. Тохиолдлоор Лех Валенсатай уулзаж үг солилцож явлаа. Намайг ажиллаж байхад тэр үед Эрүүл мэндийн сайд байсан С.Ганди, Польшийн Эрүүл мэндийн сайд Козловский нарт орчуулга хийх завшаан тохиож байлаа. Ер нь ажиллаж амьдрах, бизнес хийхэд тэр улсынхаа хэлийг мэдэх нь хамгийн чухал юм билээ. Би анагаахын сургууль төгсөж, эрдэмтэн багш нар маань бидэнд орос хэлээр лекц уншиж явснаар орос хэлийг гадарладаг болсон нь польш хэл сурахад дөхөм болсон. Польш хэлийг би 6 сарын дотор л гадарлаж хүмүүстэй бие дааж харилцаж чадсан нь ажиллаж амьдрахад минь маш их тус болсон.
Энэ бүхэн миний сайнд биш монголын анагаах ухааны сор болсон их багш нар, жишээлбэл академич Т.Шагдарсүрэн их эрдэмтэн В.Ичинхорлоо, Б.Рагчаа, Ш.Доржжадамбаа, П.Долгор, Д,Төмөрбаатар, Ц.Гүрдорж, Д.Цэдэв, Ч.Нээчин, Д.Равдандорж, Г.Цагаанхүү, Б.Гоош, Г.Батсүх нарын бурхдаар хичээл заалгаж байсны ач ивээл юм даа.

Та Польш улсад ажиллаж байхдаа голдуу ямар эмчилгээ хийдэг байсан бэ? Таны сайн хийдэг эмчилгээний арга юу вэ?
Монголд хувийн эмнэлэг байгуулан ажиллаж байх үедээ ч гэсэн хануур эмчилгээ гайгүй сайн хийдэг, нэлээд дадлага туршлага хуримтлуулаад байв. Миний найз дархан аварга Х.Баянмөнх нууц товчооны ойд явж барилдахын өмнө надаар элэгний судсаа хануулаад явсан юм. Тэр ойд Б.Бат-Эрдэнэ аваргатай 2 цаг барилдаад монгол бөхийн үнэнд гүйцэгдэж унаад үзүүрлээд ирлээ, тэр хануулснаас хойш элэгний талаас ямар ч зовуурьгүй бие ч их сайжирсан гэж ярьж билээ.
Намайг Гданск хотод байх үед Польшийн саятан Швед улсад амьдардаг Анджэй гэдэг хүн Гданск хотын захирагч Адамовичийг дагуулан дохиололтой машинтай их л сүртэй үзүүлсэн юм. Тэр хүн их баян, дээрэлхүү зангаар таныг цус гаргаад элэг эмчилдэг хүн гэж сонссон, ер нь болдог юм уу, баталгаа байна уу, эдгээвэл их мөнгө төлнө гэвээ. Миний ч эгдүү хөдлөн би хүн эмчилдэг хүн, баталгаа ч өгөхгүй танаас мөнгө ч авахгүй би танаар дээрэлхүүлж загнуулах ч хүн биш гээд бараг хөөгөөд явуулав. 2 хоногийн дараа хотын захирагчийн ажилтан надтай утсаар ярьж 7 хоног уух тан аваад яг 7 хоногийн дараа элэгний судас хануулаад явсан юм. Тэгээд би ч бараг тэр хүнийг мартчихсан байтал 2 сар орчмын дараа Шведээс над руу утасдаж миний элэгний шинжилгээ сайн тал руугаа гарлаа, тань дээр хэдний өдөр хэдэн цагт очих вэ гээд догшин ширүүн дуу нь их зөөлөрсөн байв. Хэд хоногийн дараа цаг тохирон үзүүлж эм тан авснаар барахгүй Гданск хотын өдөр тутмын том сонинд миний тухай нийтлэл гарснаас хойш Европын улсаас надад үзүүлж хануур эмчилгээ хийлгэх хүн ихэссэн юм. Анджэй бид хоёр анд нөхөр болон дотносож манай эхнэр бид хоёрын Швед оронд урьж амруулж байлаа.

Та Монголын Ахмад Эмч Нарын холбоог байгуулан тэргүүнээр нь сонгогдон ажиллаж байгаа тухайгаа ярих уу?
2016 оны намар миний гэр бүлийн найз, АУДС-ийг хамт төгссөн МУ-ын гавьяат багш, АУ-ны доктор, профессор Д.Энэбиш эхнэр С.Лхамхүү, манай эхнэр С.Цэрмаа бид дөрөв Багануурт амьдардаг Х.Дорж найзындаа амарч Хэрлэн голын хөвөөнд амарч явах үед Х.Дорж маань санаа гаргаж ер нь Монгол эмч нарын холбоо гэсэн олон нийтийн байгууллага алга. Цөмөөрөө санаачлаад ажиллавал яасан юм гэсэн бид ярилцаж зөвлөн зохих журмын дагуу дагуу хөөцөлдөн холбооныхоо дүрэм журмыг боловсруулан Монголын Ахмад Эмч Нарын Холбоо гэдэг төрийн бус байгууллага байгуулан тэргүүнээр нь П.Нямдорж, нарийн бичгийн даргаар С.Лхамхүү, Удирдах зөвлөлийн гишүүнээр Д.Энэбиш, Х.Дорж, Н.Лхагва нарыг сонгон бид тавуул хувиасаа нэг нэг сая төгрөг гарган байр түрээслэн ширээ сандал зэрэг ойр зуурын юмтай болж эмч нараа гишүүнээр элсүүлэн ажлаа эхлүүлсэн юм. Одоогоор 500 гаруй гишүүдтэй гавьяаныхаа амралтад гарсан гэртээ ач зээ нараа харахаас өөр ажилгүй байсан эмч нарын идэвхи сэргэж, төрөл бүрийн ажил хийж Эрүүл мэндийн яам, төр засагт саналаа хүргүүлдэг байгууллага болжээ. Төрийн ордонд болсон ахмадуудын болон эмч нарын хуралд оролцохоос гадна насаараа монголын ард түмний эрүүл мэндийн төлөө эмчлэн сэргийлэх үйлсэд гарамгай амжилт гаргасан хүмүүст олгодог “Хүний төлөө” одонг санаачилж ахмадуудаа урамшуулдаг болсон.
Саяхан манай холбооноос санаачлан энэ цагийн эгэлгүй аюулт Ковит-19 өвчний эсрэг тэмцэж байгаа эмнэлгийн ажилтнууддаа нэг удаагийн хэрэглээний 10.000 ширхэг, түмэн цагаан бээлийг ЭМЯ-д хандивласан нь ахмад эмч нарын маань сайхан сэтгэлийн илэрхийлэл байлаа.
Ер нь анагаах ухааны бол амьдрахын ухаан юм. Хүн бүр эрүүл мэндийн тодорхой боловсролтой байх ёстой. Ахмад эмч нарыг гавьяаны амралтад гарлаа гээд хаячхаж болохгүй. Тэд нарт маш их потенциал бий. Улс орны хөгжилд өөр өөрийн хувь нэмрийг оруулахад бэлэн хүний төлөө гэсэн сэтгэлтэй улсууд шүү дээ эмч нар.

Манай улсад сайн эмч бэлдэх бодлогын талаар таны сэтгэгдэл юу вэ?
Намайг төгсөх үед Монгол ганц Анагаах Ухааны Дээд Сургууль эмч бэлтгэж байв. Жилд 180-200 орчим эмч бэлдээд улсынхаа өнцөг булан бүрд нам засгийн даалгавраар хэрэгцээтэй газарт нь очиж ажилладаг байлаа. Одоо анагаахын чиглэлээр 9 их дээд сургууль жилд 3500-3800 эмч төгсгөж байна. Хүн амын тоотой харьцуулбал энэ бол маш өндөр тоо. Дэлхийн жишиг харсан ч манайх хангалттай эмчтэй мэт харагдаж байна. Гэтэл манай улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний түвшин ямар байгаа билээ, ард олны сэтгэл ханамж ямар байгааг бодолцож үзэн төр засгийн шийдвэр гарах ёстой гэж боддог. Үүнд эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэдэг хүний нөөцийн бодлогыг төр засгаас тогтоож нөлөөлөх ёстой. Хүний их эмч болоод сувилагч нарын нийгмийн асуудал цалинг шат дараалалтай нэмэгдүүлэх нь чухал. Хүний их эмчээр төгссөн оюутнууд хөдөө ажиллах сонирхолгүй, хотод гэтэл орон тоо байхгүй. Мэргэжлээрээ ажиллахгүй удахаар сурсан юмаа мартаад өөр ажил хийдэг, эмэгтэйчүүд нь хүний эхнэр болж хүүхэд гаргадаг. Ийм буруу тогтолцоо манайд байна.
Би Ач анагаах ухааны сургуульд уламжлалт эмнэлгийн ангид гэрээт багшаар хэдэн жил ажилласан. Оюутнуудын талаас илүү хувь нь яаж сайн эмч болох вэ гэж бодохоос илүү хурдан төгсөж дипломоо авах л хүсэлтэй, хичээлийн цагаар утсаа оролддог. Ийм оюутнууд сайн эмч болж чадахгүй шүү дээ. Эмчийн мэргэжил бол насан туршид суралцдаг онцлогтой мэргэжил. Ахмад эмч нарыг залуу үеэ бэлтгэхэд халамжилдаг тусалж дэмждэг, тэдний туршлагыг улс оронд хэрэгтэй үед нь ашигладаг байх хэрэгтэй. Эмч нар бол хүний сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ зориулахад хэзээд бэлэн байдаг.

Та гэр бүлээ танилцуулаач. Эмч нарын хүүхдүүд эмч болох нь элбэг байдаг.
Миний ханийг Сэдийн Цэрмаа гэдэг. Бид хоёр Ховд аймгийн 10 жилийн сургуульд 1960 онд 1 дүгээр ангид хамт орсон хүүхдүүд. Эхнэр маань Улсын Багшийн Дээд Сургуулийн физикийн ангийг төгсөөд Ховд аймгийн Хөдөө Аж Ахуйн Техникум, УБ хотын Хөнгөн Хүнсний Техникум, Хүнсний Технологийн Коллежэд багш, тэнхмийн эрхлэгч хийж байгаад гавьяаны амралтад гарсан Боловсролын тэргүүний ажилтан багш хүн. Бид хоёр хүүхэдтэй.

Том охин Н.Цэнгэлсайхан ХБНГУ-д анагаахын сургуулийг шүдний эмч мэргэжлээр төгсөөд тэндээ Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Одоо АШУҮИС-д тэнхимийн эрхлэгч хийж байгаа. Хүү Н.Батсайхан Польш улсад аялал жуулчлалын чиглэлээр сургууль төгссөн, магистрын зэрэгтэй. Одоо хувийн компанид ажилладаг. Гурван зээтэй. Том зээ охин АНУ-д анагаах, биохимийн чиглэлээр суралцаж байна. Хоёр бага зээ дунд сургуулийн сурагчид. Хүргэн маань ХБНГУ-д эдийн засгийн ухаанаар суралцсан, Германд эдийн засгийн ухааны доктор зэрэг хамгаалсан, одоо хувийн компанид ажиллаж байна. Эмчийн мэргэжлийг охин маань залгамжлаад зээ охин үргэлжлүүлэхээр болсонд өвгөн эмч баярлаж л сууна даа.

Ярилцсан: С.Бадамжав

 

335 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш