Гочоогийн  Мэндсайхан: 10 жилд байхад ангийнхан маань “Доктор Мэндээ” гэж дууддаг байсан...

Боловсрол:

  • Улаанбаатар хотын 10 жилийн 3-р дунд сургууль 1968-1978
  • Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний анги 1978-1984
  • Анагаах ухааны дээд сургуулийн эмч нарийн мэргэжил дээшлүүлэх факультетэд “Эх барих эмэгтэйчүүдийн эмч” 1990-онд
  • АУДэС-ийн төгсөлтийн дараах сургалт “Хэт авиан оношлогооны эмч” 1999-онд
  • 1994-онд АУ-ны магистрын зэрэг “ Чанд авиан шинжилгээгээр жирэмснийг эрт ба хожуу хугацаанд шинжлэх ба зарим норм хэмжээг тогтоох асуудалд”
  • ЭХЭМҮТ-ийн Клиникийн профессор 2009-онд
  • АУ-ны докторын зэрэг “Эрүүл жирэмсэн эхчүүдийн ихэс-ургийн тогтолцооны хэт авиан шинжилгээний хэвийн үзүүлэлт” 2011 онд
  • ЭМШУИС-ийн дэд профессор 2013 онд

Эрхэлж буй ажил:
АШУҮИС АУС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн ахлах багш
Монголын эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгооны үндэсний нийгэмлэгийн тэргүүн

Гавьяа шагнал:

  • Монгол улсын “Хүний гавьяат эмч”
  • Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан
  • Ардын боловсролын тэргүүний ажилтан

Сурах бичиг, гарын авлага:

  • Г.Мэндсайхан “Ургийн чанд авиан онош зүйн алгоритм” Улаанбаатар 2006, ISBN 99929-65-06-1
  • Г.Мэндсайхан “Хэт авиан оношлогооны эмчийн гарын авлага” Улаанбаатар 2010, ISBN 99929-0-485-2
  • Г.Мэндсайхан “Монгол эмэгтэйн ургийн хэт авиан оношлогооны лавламж хүрд” 2010 он
  • Г.Мэндсайхан “Эмэгтэйчүүд судлалын хэт авиан оношзүй” Улаанбаатар 2015 он, ISBN 99929-0-975-7
  • Г.Мэндсайхан “Эх барих судлалын хэт авиан оношзүй”, Улаанбаатар 2015 он, ISBN 978-99973-63-51-0
  • Г.Мэндсайхан “Эх барих”, Улаанбаатар 2015 он, ISBN 978-99962-47-62-0
  • Г.Мэндсайхан “Эмэгтэй нөхөн үржихүйн эрхтний халдвар”Улаанбаатар 2015 он, ISBN 978-99973-63-93-0
  • Г.Мэндсайхан “Жирэмсний дутуу тээлт ”, Улаанбаатар 2015 он, ISBN 978-99973-63-91-6
  • Г.Мэндсайхан “Эмэгтэйн бага аарцгийн эрхтний үрэвсэлт өвчин ”, Улаанбаатар 2016 он, ISBN 978-99973-63-89-3
  • Г.Мэндсайхан “Хүйн эмгэг ”, Улаанбаатар 2016 он, ISBN 978-99973-63-92-3
  • Г.Мэндсайхан “Ургийн өсөлт саатах хамшинж ”, Улаанбаатар 2016 он, ISBN 978-99973-63-94-7
  • Г.Мэндсайхан “Умайн аденомиоз ” Улаанбаатар 2016 он, ISBN 978-99973-63-90-9
  • Г.Мэндсайхан ‘’ Эмэгтэйчүүдийн яаралтай тусламж ‘’ Улаанбаатар 2018 он, ISBN 978-99978-59-33-4

Практикт нэвтрүүлсэн технологи Монгол улсын стандарт:

  • Ураг ихсийн хэвийн үзүүлэлтийн хэт авиан шинжилгээ. МNS 5258:2003. 2003
  • Ургийн бойжилт удаашрах хам шинжийн хэт авиан шинжилгээ. МNS 5256:2003. 2003

Бүтээгдэхүүний загварын патент:

  • Г. Мэндсайхан “ Монгол эмэгтэйн ургийн хэт авиан оношлогооны лавламж хүрд” Дугаар: 2581 2010 оны 4 сарын 29
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл- 16
  • Эрдэм шинжилгээний илтгэл- 25
  • Хамгаалуулсан магистр-3

Эмч нараас асуусахад хүсэл сонирхлоороо мэргэжлээ сонгосон гэх нь олонтой, эмч болсон нь тохиолдлын хэрэг үү эсвэл...?
- Миний хувьд эмчийн мэргэжлийг өөрийн хүсэл сонирхлоор сонгосон, 10 жилд байхад ангийнхан маань “Доктор Мэндээ” гэж дууддаг байсан нь энэ мэргэжлийг сонгохийг зөгнөж байсан байх.

Оюутан ахуй үед содон содон, сэтгэлд ул мөрөө үлдээсэн сайхан дурсамжууд байдаг?
- Бидний үеийн оюутнууд өдөр бүр номын сан хаах үед “хөөгдөж” гардаг, сургуулийн соёлын төвд хамтлаг тоглож байхад заал хоосон шахуу байдаг, оюутнууд ном их уншдаг байсан. 2-р курст тэр үеийн залуу багш Ц.Лхагвасүрэн багшийн удирдлаганд дотны найз Д.Болдцэрэн агсантай хамтран төмөр замын дагуу явж ерхөг согоовор түүж, харшлын аллерген бэлдэж 1-р эмнэлгийн харшлын кабинетд туршилт хийн оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, 2-р байр эзлэн, 30 төгрөгөөр шагнуулж байсан дурсамжтай үе санагдаж байна.
Тэр үеийн оюутнууд спортын секц дугуйланд их хамрагддаг байсан, би боксын секцэнд спортын мастер Батсүрэн, Төрбат, тэр үеийн УКТЭ-т эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байсан ОХУ-н мэргэжилтэн багш нарын удирдлаган дор хичээллэж байсан.
Анагаахын Дээд Сургуулийн 4-р курст орох жилдээ Ц.Лхагвасүрэн багшийн удирдлаган дор Булган аймагт бага эмчийн дадлага хийхдээ сүрьеэгийн тасагт найз Болдцэрэн агсантай хамт цалинтай сувилагчийн ажил хийж байж билээ.
Харин 6-р курстээ Эрдэнэт хотын хүүхдийн нэгдсэн эмнэлэгт курсын охин Үдэнбортай хамтран хүүхдийн эмчийн орон тоон дээр цалинтай ажиллаж, дежур эмчийн ажил гүйцэтгэж хүүхдийн чиглэлийн ном их уншиж байсан юм.
Өөрийн тань үеийхэн тариан талбай, үтрэм, ногоо хураалтанд бишгүй дээ тусалж нэмэр болж байсан биз?
- Тэгэлгүй яахав, бид нар анагаахын дээд сургуульд 6 жил сурахдаа зуны ажил, намар тариа ногоо хураалтын үеийн дайчилгааны ажилд 7 удаа явж байсан, жинхэнэ ажил хөдөлмөрийн талбарт найз нартайгаа мөр зэрэгцэн ажиллаж, “Алтан намар”-ын баяраа хамтран тэмдэглэж байсан.
2-р курс төгсөх жилээ микробиологийн багш “улаан” Бямбаа багштайгаа хамтран ангиараа Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд малын хашаа, пүнз барьж ажиллан, тэр жилийн наадмын үеээр манай ангийн охидууд наадмын хуушуур, компот хийж нутгийн ард түмэнд зарж, хөвгүүд сумын наадамад барилдаж, манай ангийн Батжаргал сумын наадамж үзүүрлэж байсан сайхан дурсамж байна.

Хамт нэг анги, дамжаанд суралцаж байсан анд найз, эмч нараас алдар бүтээлээрээ нэртэй хүмүүс зөндөөн л байгаа даа?
- АУДэС-ийн 1984 онд бидний 250-аад эмч нар төгсөж эх орны аль хэрэгцээтэй газар хувиарлагдан ажиллаж байсан үе саяхан санагдаж байна. Манай курсын эмч нараас гавъяат эмч Т.Тамир (дурангийн), Х.Хусеян (мэдрэлийн мэс заслын), Н.Оюундэлгэр (Ардын эмч, цусны), Даваацэрэн (зүрхний мэс заслын) нар төрсөн бол төрөлх сургуульдаа багшаар ажилласан АУ-ны доктор Д.Болдцэрэн (сэтгэцийн тэнхим), АШУ-ны доктор, проф. Отгон (физиологийн тэнхим), АУ-ны доктор, проф. Ариунаа (бөөрний), АУ-ны доктор, проф. Ариунцэцэг (зүрхний), АУ-ны доктор, проф. Хандсүрэн (арьсны), кл.проф. Наранцэцэг (ХӨСҮТ) юм. Улсын төв эмнэлэгүүдэд тухайн мэргэжлийн зөвлөх эмчээр Д.Чулуунцэцэг (бөөрний), Б.Мөнхжаргал (бөөрний), Оюунгэрэл (дотоод шүүрлийн), Оюунчимэг (Лорын), Х.Ганбаатар (эмэгтэйчүүдийн), Ч.Бямбаа (ДОХ-ын), Бодьцэцэг (дотоод шүүрийн), Т.Баяраа (спортын), Амармандах (ЭХЭМҮТ-н эрчимт эмчилгээний зөвлөх), Ц.Алтантуяа (ЭХЭМҮТ-н хүүхдийн эмнэлгийн захирал), Б.Буянхишиг (АУ доктор Сүрьегийн лабораторийн зөвлөх эмч) нар үр бүтээлтэй ажиллаж байна.

Ажлын гараа, олон жилийн нөр их хөдөлмөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуультай салшгүй холбоотой санагддаг?
- 1984 онд АУДэС-ийн эмчилгээний факультетийг төгсөж, Булган аймгийн Сэлэнгэ сум, Ингэт толгойн сангийн аж ахуйн хүний их эмчийн салбарын эрхлэгч эмчээр ажлын гараагаа эхэлсээн. Улмаар 1986 онд КНАГ-н эхийн 2-р тасагт эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байгаад 1989 онд АУИС-н эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимд удамзүйн багшаар ажиллан төрөлх сургуультайгаа ажил амьдралаа холбосноос хойш 31 дэх жилээ ажиллаж байна.

Монголын анагаахын толь болосон нэрт эрдэмтэн багш нараар хичээл заалгаж тэдний түүчээний талаар?
- Анх 1986 оны 6 сард КНАГ-ийн ойролцоо эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхмийн эрхлэгч МУ-н хүний гавъяат эмч, АУ-ны доктор, проф. М.Дамбадорж багштайгаа тааралдаж би хөдөөнөөс дөнгөж ирсэн тухайгаа ярихад намайг дагуулан төрөхийн ерөнхий эмч дээр орж “энэ хүүхдийг ажилд ав” гэж ажилд оруулан эх барих эмэгтэйчүүдийн эмч болох ажлын гарааг маань эхлүүлсэн юм. Тэр үеээс эхэлэн МУ-н хөдөлмөрийн баатар, ардын эмч АУ-ны доктор, профессор Б.Жав, Д.Цэвэлмаа, С.Дунгаамаа, Г.Пүрэвсүрэн, Ч.Шагдар, МУ-н гавъат эмч Д.Сүхээ, МУ-н гавъяат эмч, АШУ-ны доктор Т.Эрхэмбаатар, МУ-н гавъяат багш И.Пүрэвдорж, АШУ-ны доктор, профессор, академич, эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Ц.Лхагвасүрэн, МУ-н гавъяат багш Зэвгээ нараар хичэээл заалгаж байлаа.

Эрдэмсудлалын ажлын сэдэв, цараа ач холбогдол багш нарын тань тухайд гэвэл?
- АУ-ны магистрын зэрэг “Чандавиан шинжилгээгээр жирэмснийг эрт ба хожуу хугацаанд шинжлэх ба зарим норм хэмжээг тогтоох асуудалд”
АУ-ны докторын зэргийн “Эрүүл жирэмсэн эхчүүдийн ихэс- ургийн тогтолцооны хэт авиан шинжилгээний хэвийн үзүүлэлт” сэдвээр АУА-ын академич, АУ-ны доктор, профессор Б.Жав, АУА-ын академич, АШУ-ны доктор, профессор Т.Эрхэмбаатар нарын удирдлаган дор хамгаалсан.

Нутаг усныхаа талаар...?
- Миний аав ээж Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул хүмүүс бөгөөд би 1960 онд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн.

Гэр бүлээ танилцуулна уу?
- Ам бүл 4. Эхнэр 2 хүүхэдтэй. Миний эхнэр Б.Оюунчимэг Бүгд Найрамдах Унгар улсын Будапешт хотод загвар зохион бүтээгчийн мэргэжил эзэмшиж оёдлын үйлдвэрт ажиллаж байгаад гавъяаны амралтанд гарсан. Хүү М.Санчир “Туушин”ХХК-д төслийн мэргэжилтэн, охин М.Цолмон ЭХЭМҮТ-д эмч хийдэг.

Ямар сонгуульт ажил эрхэлж байв даа. Одоо ч гэсэн төдий олонуу?
- Эрүүл мэндийн яамны сайдын дэргэдэх Эх барих эмэгтэйчүүд болон удамзүйн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Монголын Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгооны үндэсний нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байна.

Манайд хэдэн мянган эмч бэлтгэж байна, Ийм хэрэгцээ хэр байдаг юм бол?
-Манай улс нэг хүнд оногдох эмчийн тоогоороо дэлхийд дээгүүр байр эзэлдэг боловч сургууль төгсөж хөдөө орон нутагт ажиллах эмч нар хомсдолтой байгаа нь харамсалтай санагддаг. Иймээс эмч болох чин хүсэлтэй өргөн мэдлэг чадвартай жинхэнэ шигшмэл эмчийг бэлдэх нь улс орны ирээдүйд хэрэгтэй юм.

Орчин үеийншаардлага хэрэгцээ хангасан нэр хүндтэй эмч бэлтгэхэд юуг анхаарах ёстой юм бэ?
-Хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй, өргөн мэдлэгтэй, зөв харилцаа хандлагатай залуусыг зөв сонгож, онол практикийн нэгдлийг хангасан орчинд чанартай сургалт явуулах шаардлагатай юм. Түүнээс гадна манай залуу эмч нар маш их уншиж судлан, нөр их хичээнгүй хөдөлмөрлөх хэрэгтэй байна.

Ярилцсан: С.Бадамжав

75 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш