Жамсранжавын  Энхцэцэг: Охин маань “ээжийн эзэмшсэн мэргэжил бол маш олон хүний баяр, талархлыг хүлээсэн сайхан мэргэжил...

• 1972-1982 онд УБ хотын 10 жилийн 5-р дунд сургууль
• 1984-1990 онд АУДэС-ийн эмчилгээний ангийг төгссөн
• 1991 онд АУДэС-ийн “Эмч нарын мэргэжил дээшлүүлэх институтэд “Эх барих эмэгтэйчүүдийн эмч”-ийн олгох дамжааг дүүргэсэн


Хамгаалсан боловсролын зэрэг
• 1998 онд “АУ-ны магистр”- ын зэрэг “Монгол эхчүүдийн төрөлтийн биохэмнэл”сэдвээр хамгаалсан
• 2006 онд “АУ-ны доктор”-ын зэрэг “Монгол эхчүүдийн эрүүл ба эмгэг төрөлтийн биохэмнэл” сэдвээр хамгаалсан

Хамгаалсан эмчийн зэрэг
• 2002 онд эх барих эмэгтэйчүүдийн эмчийн “Ахлах” зэрэг хамгаалсан
• 2007 онд эх барих эмэгтэйчүүдийн эмчийн “Тэргүүлэх” зэрэг хамгаалсан
• 2012 онд эх барих эмэгтэйчүүдийн эмчийн “Зөвлөх” зэрэг хамгаалсан

Ажлын туршлага
• 1990-1991 онд Архангай аймгийн Хайрхан суманд хүний их эмч
• 1991 оноос одоог хүртэл АШУҮИС-ийн АУС-ийн ЭБЭС-ийн тэнхимд багш
• 2013 оноос одоог хүртэл ЧДЭМН-ийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч
• 2019 оноос Монгол Японы Сургалтын Эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч

Мэргэжил дээшлүүлсэн байдал
• 2001 онд Certificate as National Trainer on Health Systems Research Methodology Ulaanbaatar, Mongolia
• 2002 онд Certificate as National Trainer on “Obstetrics & Gynecology/ Breast Disease” Methodology Ulaanbaatar, Mongolia
• 2002 онд “Certificate as National Trainer on Adolescent Reproductive Health”, Nakorn Pathom, Thailand
• 2005 онд “Certificate as National Trainer on XIXth Oceanic Congress of Obstetrics & Gynecology”, Seoul. Korea
• 2006 онд “Certificate as National Trainer on HIV/AIDS Voluntary Counseling and Testing” Ulaanbaatar, Mongolia
• 2007 онд “Certificate as National Trainer on skill based training of Trainers on HIV/AIDS Voluntary Counseling and Testing” Ulaanbaatar, Mongolia
• 2007 онд “Certificate as National Trainer on XIXth Asian and Oceanic Congress of Obstetrics and Gynecology”, Tokyo, Japan
• 2013 онд “Международной научно – практической конференции “Байкальские семинары в перинатологии” Иркутск, Россий
• 2015 онд “Мэргэжилтнийг хөгжүүлэх тасралтгүй сургалт - Монголд” сэдэвт сургалтаар сургагч багш болсон.
• 2016 онд эх барих эмэгтэйчүүдийн “Мэргэжил дээшлүүлэх сургалт”-д 2 сарын хугацаанд хамрагдсан. Nagasaki. Japan
• 2017 онд “Здоровье современной женщины”, медицинский центр “Диамед” город Улан-Удэ, Россий
• 2017 оны 6 сард “International Advanced Midwifery Training “Making Motherhood Safer and Neonatal Care Program”сургалт. Бангкокк, Тайланд.
• 2017 оны 8 сард “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж” сургалт. Danang хот, Вьетнам

Хэвлэн нийтлүүлсэн сурах бичиг, эрдэм шинжилгээ, судалгаа
• Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлүүд дотооод -24, гадаад -8
• Хамгаалуулсан, зөвлөсөн АУ-ы доктор -4
• Хамгаалуулсан, зөвлөсөн магистр -10
• Сайбер магиструуд -6
• Эрдэм шинжилгээний бүтээлүүдэд экспертийн шинжилгээ хийсэн -8
• Эрдэм шинжилгээний бүтээлүүдэд шүүмж бичсэн -10
• Төсөлт ажилд оролцсон -6
• Боловсруулсан хөтөлбөрүүд-10
• Ном, сурах бичиг, гарын авлага – 12
• Редакторласан –5

Сонгуульт ажил
• ЭМЯ-ны “Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөл”- ийн нарийн бичгийн дарга
• Нийслэлийн ЭМГ-ын “Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөл”- ийн гишүүн
• “Монголын Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг”- ийн гишүүн
• “Монголын ДОХ-той тэмцэх нийгэмлэг”- ийн гишүүн
• “Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо”- ны гишүүн

Шагнал
• “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”– 2011 онд шагнагдсан
• “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”– 2012 онд шагнагдсан
• “Ардын боловсролын тэргүүний ажилтан” – 2014 онд шагнагдсан
• “Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан” – 2016 онд шагнагдсан
• “Хөдөлмөрийн хүндэт медаль“– 2012 онд шагнагдсан
• “Алтан гадас” одонгоор 2017 онд шагнагдсан
Эмч нараас асуусахад хүсэл сонирхлоороо мэргэжлээ сонгосон гэх нь олонтой, эмч болсон нь тохиолдлын хэрэг үү эсвэл...
- “Эмч” гэдэг сайхан мэргэжилийг сонгон суралцахдаа сонирхлоороо гэхээсээ илүү миний хувьд хүсэл эрмэлзлэлээрээ энэхүү мэргэжлийг эзэмшсэн гэж боддог. Учир нь би энгийн ажилчин айлын том охин. Би жолооч аав,оёдолчин ээжийн охин. Миний аав ээжийн аль ч талд эмч байтугай сувилагч хүн байгаагүй. Намайг бага байхад аавын маань төрсөн дүү нэгдүгээр эмнэлгийн эрүү нүүрний тасагт нярав сувилагч хийдэг байлаа. Эмнэлгийн тусламж шаардлагатай болохоор л тэр эгч дээрээ л очно. Тэр хүн бидний хүссэн болгоныг биелүүлнэ. Маш сайхан санагдана. Яасан мундаг хүн бэ гэж бодогдоно. Яаж энэ хүн шиг болох вэ гэж бодсоор бас сурсаар байгаад АУДэС-д элсэн, 6 жил суралцан төгсөж “Эмч” гэдэг сайхан мэргэжлийг сонгон мэргэшин одоо энэ мэргэжлээрээ 30 жил ажиллаж байна.

Өөрийн тань үеийхэн тариан талбай, үтрэм, ногоо хураалтанд бишгүй дээ тусалж нэмэр болж байсан биз?.
- Бидний үеийн оюутнууд намар болгон ургацын ажилд явдаг байлаа. Намрын тариан талбайд, мөн зун, намар сангийн аж ахуйд анги хамт олноороо ажиллана гэдэг нь оюутан цагийн хамгийн их дурсамжтай үе байсныг одоо эргэн санахад сайхан байна. Тэр үеийн оюутнууд намар зуны ажлыг тасална гэдэг асуудал ерөөсөө байхгүй. Одоо бид нар цугларахаараа намрын сангийн аж ахуйд яаж ажиллаж, үймүүлж шуугиж байснаа л ярьдаг юм. Бид нар хамтдаа ажиллана, иднэ, ууна, дуулна, бүжиглэнэ, амьдралынхаа ханиа ч олно. Бүх курсээрээ хамт явдаг байсан тул одоо төрөл бүрийн мэргэжлийн найз нар бие биенийхээ амь амьдрал, ажил төрөлд нэмэр болоод үүрд найзлаад л явж байна даа.

Хамт нэг анги, дамжаанд суралцаж байсан анд найз, эмч нараас алдар бүтээлээрээ нэртэй хүмүүс зөндөөн л байгаа даа?.
- Би оюутан байхдаа хэсгийн ахлагчаар ажиллаж байлаа. Дүрдээ итгэчихээд ангийнхныгаа их бүртгэнэ. Нэг хар хавтастай дэвтэр нээчихсэн, өөрөө л бүртгээд байна. Хэнд үзүүлэх гээд байгаа юм бүү мэд. Одоо бодоход их чанга ангийн дарга байжээ. Олон жил ажиллаж байгаад оюутан болсон эгч нар маань ч надтай маш хүндэтгэлтэй ханддаг байлаа. Манай ангийнхан их эвтэй найртай, тэр үеийнхээр бол коллектив сайтай анги байсан. Бичгийн хэв сайтай, бас орос хэл арай гайгүй болохоор миний лекцийг ангийн эгч нар маань дамжуулаад хуулна. Би хуулуулах үүрэгтэй юм шиг л өгчихнө. Дэвтэр маань хаана явж байна аа гэж заримдаа асуудаг байлаа. Манай ангийнхан хамт хичээлээ их давтдаг, бие биедээ ойлгосон зүйлээ дандаа ярьж өгдөг оюутнууд байсан. Тиймдээ ч нэг хэсгээс 3-н багш төрөлх сургуульдаа багшилдаг гээд л өөрсдөөрөө бахархан ярих дуртай байсан юм. Одоо Ишка маань нэгдүгээр эмнэлгийн мэс заслын тасгийн их эмч, туршлагатай, мэс засалч, Товуу маань АШУҮИС-ийн мэдрэлийн тэнхимийн багш АУ-ы доктор, дэд профессороор ажиллаж байна. Анагаахын оюутнууд болон төгсөгчид Ишка багш, Товуу багш гээд андахгүй ээ. Манай ангийнхан оюутан байхдаа байнга хамт өдөр шөнөгүй хамтдаа хичээллэж, бусдынхаа авсан дүн, хийсэн хичээлээр бахархаж, тэр үедээ түүгээр л амьсгалж байсан болохоор одоо ч манай ангийнхан бүгд сайн ажиллаж, сайхан амьдарч бие биедээ чаддаг юмаараа туслан гялалзан явж байна.

Ажлын гараа, олон жилийн нөр их хөдөлмөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуультай салшгүй холбоотой санагддаг?
- Сургуулиа онц төгсөөд төрөлх сургуульдаа багшаар үлдэх завшаан надад тохиолдсон билээ. Тэр үед онц төгсөгчдийг хөдөө аймагт эмчээр ажиллуулсаны дараа багшлуулдаг сайхан уламжлал байсан ба би энэ журмаар хуваарилагдан Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж бага ч гэсэн эмчийн дөртэй болсоныхоо дараа АУИС-ийн эх барих, эмэгтэйчүүдийн тэнхимд багшаар ажиллаж ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлж байсан нь одоо ч тод санагдаж байна. Анх эмч болох хүсэл эрмэлзлээрээ 1984 онд Анагаахын дээд сургуульд элсэн орсон, төгсөөд л эндээ л хуваарилагдсан. Одоо хүртэл тасралтгүй ажиллаж байгаа гэхээр миний амьдралын бүхий л мөчтэй энэхүү сургууль холбогдож байна. Өөрөөр хэлбэл миний өдий зэрэгтэй амьдарч, ажиллаж, олон шавь, бас үйлчлүүлэгч нараар багшаа, эмчээ гэж дуудуулж байгаа нь энэ л сургуультай амьдрал минь холбогдсоны ач тус, гэгээн цагаан мөр юмаа.

Монголын анагаахын толь болсон нэрт эрдэмтэн багш нараар хичээл заалгаж тэдний түүчээний талаар?
- Бидний оюутан байсан үе бол хэн хүнд тохиохгүй азтай үе байсан юм. Учир нь монголын анагаахын бурхад болсон түүхэн хүмүүсээр хичээл заалгаж байсан маань бидний бас нэг том бахархал юм. Миний сонгож авсан мэргэжлийн хувьд эх барихаар овоглосон Дамбадорж, Цэвэлмаа, Жав, мөн дотрын Рагчаа багш, чих хамар хоолойн Шагдар багш, мэс заслын Долгор багш, Нүдний Нямаа багш, гэмтлийн Дэмид багш, мэдрэлийн Цагаанхүү багш, бөөрний Гэлэгжамц багш, анатомын Амгаланбаатар багш, физиологийн Бадамханд, Лхагвасүрэн багш зэрэг анагаахын мэргэжлийн түүчээ болсон эрдэмтэн мэргэд багш нараар хичээл заалгаж байсан гэдэг нь хэн хүнд олдохгүй ховорхон хувь заяа байж гэж өөрийн эрхгүй бодогдож байна. Эдгээр багш нарыг хэн нэгэн мэддэг бол тэр хүн энэ тухай сонсоод ямар азтай юм бэ? гэх нь дамжиггүй. Ийм ховорхон, ахиад хэзээ ч заяахгүй эрдэмтэн, доктор хүмүүсээр хичээл заалгаж байсан шавь нар нь муу эмч, муу багш гэж хэлүүлэх эрх бидэнд байхгүй гэж миний хувьд бодож, бахархаж суух юм даа.

Эрдэмсудлалын ажлын сэдэв, цараа ач холбогдол багш нарын тань тухайд гэвэл?
- Би 2006 онд “Монгол эмэгтэйчүүдийн хэвийн ба эмгэг төрөлтийн биохэмнэл” сэдвээр АУ-ы докторын зэргийг Монгол улсын гавьяат эмч Л.Лхагва, Монгол улсын ардын эмч, хөдөлмөрийн баатар Б.Жав нарын удирдлагын дор хамгаалсан. Амьдралд тохиолддог бүхий л үйл явц жишээ нь төрлөг гэдэг нь өөрийн гэсэн биохэмнэлээр явагдана. Тухайн хэмнэл ямар нэгэн хүчин зүйл шалтгааны улмаас алдагдсан тохиолдолд жирэмслэлт төрөлтийн хүндрэл тохиолддог тухай судалсан. Судалгаагаа хийхийн тулд Монгол орны бүхий л бүс нутгаар явж судалгааны материал цуглуулан хэвийн ба эмгэг төрөлтөнд цаг агаар, уур амьсгалын хүчин зүйлүүд хэрхэн нөлөөлж буйг судалсан юм. Өөрөөр хэлбэл хүндрэл тохиолдож болзошгүй цаг хугацааг баримжаалсны үндсэн дээр тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангасанаар тэдгээрийн давтамжийг бууруулах боломж бүрдэнэ хэмээн дүгнэлт гарсан нь бидний судалгааны ажлын практик ач холбогдол гэж судлаачийн хувьд үзэж байна.

Нутаг усныхаа талаар...
- Миний хувьд Улаанбаатар хотдоо төрж, өссөн билээ. Аав маань Архангай аймгийн их тамир сумын Хан өндөр бригадын уугууль хүн байсан. Анагаахын сургуулийг төгсөөд, эмч гэдэг мэргэжлийг эзэмшээд анх хөдөлмөрийн гараагаа эхэлсэн нутаг бол Архангай аймаг байлаа. Одоо бол миний бие Их тамир сумын нутгийн зөвлөлийн гишүүн ба аавынхаа нутгийн ард түмний эрүүл мэндийн төлөө үйл хэрэгт идэвхтэй оролцож, туслах юм сан гэсэн бодолд хөтлөгдөн сүүлийн 2 жил эрүүл мэндийн үзлэг хийхэд өөрийн биеэр оролцсон билээ.Цаашдаа ч идэвхтэй оролцоно.

Гэр бүлээ танилцуулна уу?
- Би нөхөр, 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Нөхөр маань барилгын инжинер, одоо хуваариа ажил эрхэлдэг. Том охин, хүний их эмч, мэс засал, лабораторын мэргэжлээр мэргэшсэн, одоо ХӨСҮТ-д лабораторын эмчээр ажиллаж байна. Охин маань “ээжийн эзэмшсэн мэргэжил бол маш олон хүний баяр, талархлыг хүлээсэн сайхан мэргэжил, гэхдээ дэндүү хариуцлагатай, хүнд ажил, бага байхад нь ээж олон жижүүр хийдэг, гэртээ бараг байдаггүй байсан” гээд л өөр мэргэжил сонгосон тухайгаа ярьдаг юм. Тэр ч үнэний ортой шүү, хүүхдүүдээ бага байхад нь эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн хүнд хэцүү ажлыг өөрийн болгох зорилгоор 7 хоногт 2 удаа жижүүр хийх ба өөрийн хариуцсан хүнээ төрүүлэх гээд өнжин хонон хүлээгээд бас юм сурчих санаатай төрөх газар бараг амьдардаг байлаа. Тэр их хүчин чармайлтын ач буянгаар өнөөдөр хүний дайтай амьдарч байна гэж хүүхдүүддээ багш нь ярьдаг. Том хүү маань Польш улсад барилга архитектурын мэргэжлээр суралцаж төгсөх гэж байгаа ба аавынхаа мэргэжлийг өвлөж авсан. Бага хүү одоо хуучнаар Монтурк, одоогоор “Эмпати” сургуулийн 9 дүгээр ангид суралцаж байна.Товчхондоо манай гэр бүл нэг иймэрхүү.

Тэдэн төрийн нүүр үзлээ гэдэг шиг, хэдэн захиралтай хамт ажиллаж байсан билээ дээ?
- 1991 оноос хойш Ц.Лхагвасүрэн, Г.Батбаатар, Ж.Цолмон гэсэн 3 захирлын нүүр үзэж байна. Аль ч захирлын үед ямар хүн захирал байхаас үл хамааран багш хүн гэдэг бол өөрийн ажилдаа эзэн болж, тавьсан зорилгоо биелүүлж сайн эмч бэлтгэх сургалтын ажилдаа чанарыг эрхэмлэн ажиллах ёстой гэж боддог. Өөрийн мэргэжлийн чиглэлээр олон сонгуульт ажилтай. АУС-ийн эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, ЭМЯ-ы эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн гишүүн, ДОХ-той тэмцэх нийгэмлэгийн гишүүнээр ажиллаж байна.

Хамт нэг анги, дамжаанд суралцаж байсан анд найз,эмч нараас алдар бүтээлээрээ нэртэй хүмүүс зөндөөн л байгаа даа?
- Хамт сурч байсан анд найз эмч нараас 3 дугаар эмнэлэгт насаараа ажиллаж байгаа судсан доторх мэс заслын гарамгай эмч АУ-ы доктор Лхагвасүрэн, 1 дүгээр эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч бамбайн хэмээх тодотголтой Ц.Ишдорж, олон жил сүрьеэгийн мэс заслаар ажилласан ховд аймгийн уугууль С.Сүхээ, Спортын эмчээр тасралтгүй олон жил ажилласан Насанбат, Олимпийн хороон даргаар тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаа Загдсүрэн зэрэг хүн ардын эрүүл энхийн манаанд олон жил тасралтгүй, хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа курсийнхаа эмч нараар байнга бахархаж байдаг юм.

Орчин үеийншаардлага хэрэгцээ хангасан нэр хүндтэй эмч бэлтгэхэд юуг анхаарах ёстой юм бэ?
- Манайд улсын ганц, хувийн арав гаруй анагаахын мэргэжилтэн бэлтгэдэг сургууль байдаг нь энэ асуудал дээр олон жил багшилсан хүний хувьд би санал нийлдэггүй. Зарим хувийн сургуульд урилгаар очиж лекц уншин багшилж үзэхэдАШУҮИС-ийн чанараас эрс ялгаатай байдгийг би хэлж чадна. Эмч олон байхдаа сонин биш, чанартай эмч бэлтгэнэ гэдэг л бидний ажлын хамгийн том зорилго, зорилт байх ёстой. Хувийн сургууль муу гэдэг ойлголтын хувьд олон жил ажиллаж, эмч мэргэжилтэн бэлтгэж буй “Ач”,“Этүгэн” гэх мэт хувийн сургуулиудыг бүгдийг хамруулан ойлгож болохгүй. Учир нь миний бас бидний хүндэлдэг багш нарын үүсгэн байгуулсан сургуулиудын чанарын тухай бол өөр ойлголт. Мөнгөтэй л хүн анагаахын боловсон хүчин бэлтгэнэ гэвэл энүүн шиг худлаа, эндүүрэл байхгүй гэдгийг би чанга дуугаар хэлж чадна. Анагаахын сургуулиудын удирдлага мэргэжлийн биш байна гэдэг нь тэр сургуулийн цаашдын ирээдүй бүдэг байна аа л гэж би ойлгодог. Хүн ардыг анагаан эмчилнэ гэдэг нь маш хүнд хариуцлагатай мэргэжил. Энэхүү хариуцлагатай мэргэжлийг эзэмшихдээ туршлагатай сайн багш эмчээр заалгаагүй, зөвхөн танхимын сургалтаар сурч, бас дадлага хийх эмнэлгүүдээр бүгдээр нь орж үзээгүй байж “Эмч” гэсэн диплом гардан авсан чадамжгүй эмчээр эмчлүүлнэ, тэр дундаа би өөрөө ирээдүйд тэд нарт үзүүлж тусламж үйлчилгээ авна гэж бодохоор үнэхээр айдас хүрч байна. Хүн их дээд сургууль төгсчихөөд төгссөн сургуулиараа бахархаж ярьдаг байхад ихэнх хувийн сургууль төгссөн эмч нар бахархах нь битгий хэл нуудаг, мэдчихвий гэж боддог, зарим нь худлаа хэлдэг шүү дээ. Миний энэ бичиж байгаа зүйлтэй олон эмч, багш, шавь нар, бас ард түмэн санал нийлнэ гэж үзэж байна.
Ярилцсан АУ-ы доктор, дэд профессор, ЭМЯ-ы эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхцэцэг

Ярилцсан: С.Бадамжав

74 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш