Гочоогийн Раднаа: Эрдэм мэдлэгийн оргил өөд мацахад их нөлөөлсөн...

Боловсрол, цол зэрэг
• Завхан Улиастай 10 жилийн II сургууль. 1995
• “Оточ-Манрамба” АУДС УАУ-ны эмч. 2000
• ЭМШУИС, Уламжлалт Анагаахын Сургууль, Зүү төөнө заслын резидентур. 2002-2003
• ЭМШУИС, Нөхөн сэргээх эмчилгээний резидентур. 2006


• БНЭУ Зүрхний сэргээн засах эмчилгээний менежментийн чиглэлээр. 2013
• Хонг Конг Спортын сэргээн засах эмчилгээний чиглэлээр 2014
• Япон Сурган заах арга зүйн сургагч багшийн сургалтанд 2015
• Тайвань Зүрхний сэргээн засах эмчилгээ 2015
• БНХАУ, Бээжин УАУ-ны менежмент чиглэлээр сургалтанд хамрагдсан. (2016)
• ЭМШУИС, Уламжлалт Анагаахын Сургууль, “Тархины харвалтын дараах мөрний өвдөлтийн оношлогоо, эмчилгээний асуудалд” сэдвээр АУ-ны магистрын зэрэг хамгаалсан. (2009)
• МУ-ын тэргүүлэх зэргийн эмч (2012)

Ажил эрхлэлт
• Чингэлтэй Эрүүл Мэндийн Нэгдэлд их эмч (2001-2002)
• П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Сэргээн засах эмчилгээний эмч (2004-2011)
• Улсын гуравдугаар Төв Эмнэлэг, Сургалт судалгааны албаны менежер (2011-2015)
• Одоог хүртэл тус эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасгийн эмчээр тус тус ажиллаж байна. (2015)

- Эмч нараас асуухад хүсэл сонирхлоороо мэргэжлээ сонгосон гэх нь олонтой, эмч болсон нь тохиолдлын хэрэг үү эсвэл...
Эмч болох хүсэл мөрөөдөл минь багынх байлаа. Яагаад вэ гэвэл би сургуульд арай л ороогүй байсан үе юм. (би 5 настай байсан байх) Ээж минь бага ангийн багшаар ажилладаг байлаа гэтэл нэг өдөр хоолой нь сөөгөөд юм ярихад их хэцүү юу ч дуу авиа гарахгүй болсон. Тэр үед аймгийнхаа эмнэлэгт үзүүлээд эмчилгээ хийлгээд сайжрахгүй байсан юм шиг байгаа юм. Улаанбаатар хот руу явна гээд аав, ээж 2 минь намайг аваад л явах боллоо. Улаанбаатар хотод ирээд аавын хамаатныд хэд хоносон. Тэднийх зурагтад байдаг бид гурав эрт босоод л эмнэлгийн ажилдаа явдаг байсан. Би автобусанд суухаар л унтчихдаг, аав тэврээд л үүрээд л явдаг байсан гээд ярьдаг. Тэр үеэс эхлээд би эмч болж аав, ээжийгээ өвдүүлэхгүй байя гэдгийг мэдэрсэн юм даа. Тэр үед хөгжилтэй явдал болсон юм. Их л гоё урт урт автобуснууд явдаг байлаа. Нэг удаа аав, ээж бид 3 автобусанд суухаар явж байтал буудал дээр ирсэн байсан тул би гүйгээд очоод суусан чинь аав ээж 2 сууж амжилгүй хоцорсон юм. Сандраад дараагийн автобусанд суугаад дараагийн буудал ядаж хүрэхээс гээд явтал охин нь дараагийн буудалд буугаад хүлээгээд байсан гэсэн өөрөө ч бас айчихсан тэр 2 ч бас сандарсан байсан гээд л ярьдаг юм. Сургуулийн сурагч байх үед минь миний бодол хувираагүй эмч болох мөрөөдөлдөө хэвээр үнэнч байлаа. 1995 онд 10 жилийн сургуулиа төгсөөд эмч гэдэг мэргэжил эзэмшихээр Улаанбаатар хотод ирсэн. Анагаахын дээд сургуульд оролгүй Оточ манрамба дээд сургуульд орсон юм. Аав минь энэ их сайн сургууль гэнэ тэнд ор гээд л орсон доо. Уг нь би мэс заслын эмч болохыг л их хүсдэг байлаа гэтэл аав ээж хоёрынхоо хүслээр уламжлалт анагаахын мэргэжлийг сонгосон. Ингээд л одоог хүртэл энэ мэргэжлээрээ ажиллаж, их амжилтын оргил өөд мацаж явна. Эмч болсондоо сэтгэл хангалуун өөдрөг явдаг даа.

- Оюутан ахуй үед содонсодон, сэтгэлд ул мөрөө үлдээсэн сайхан дурсамжууд байдаг?
Оюутан болоод анхны хичээл орлоо төвд хэл. Эхлээд юугаа ч ойлгохгүй ламын сургуульд ч орчихвуу зүгээр л анагаахдаа л ордог байж гээд бодох үе ч байж билээ. Аав, ээж 2-ынхоо итгэл сэтгэлийг бодоод би заавал сурах л ёстой гээд цээжлээд л эхэлсэн дээ. Хажуугаар нь бүх доктор, профессорууд томчууд хичээл ордог байлаа. Анагаахын дээд сургуульд хүний биеийн анатоми гэдэг хичээл орох болоод их гоё сайхан санагддаг байлаа. Шууд л эмч болох гэж байгаа юм шиг л санагдаж билээ. Амгаланбаатар, Дагданбазар, Цагаанхүү, Энэбиш, Чойжамц, Галцог гээд олон багш нар хичээл заадаг, тэд маань өөрийн ажил мэргэжилдээ сэтгэлээ гаргаж, хичээл заахдаа өөрийн биеэрээ хүртэл илэрхийлж ярих урлагыг гарамгай эзэмшсэн бүх зүйлээрээ бидэнд үлгэр дуурайлал болсон хамгийн сайхан үеүүд байсан. Бид хичээлээ уншиж, мэдэх, хийхийн тулд сургуульдаа хонон өнжин сууж хийдэг байлаа. Ингээд л нэг л мэдэхэд их сургуулиа төгсөн УАУ-ны хүний их эмч гэдэг дипломыг гардан авах болсон үе ирсэн юм даа. Энэ үед нэг хөгжилтэй яриа гарсан юм. Миний хань Б.Мөнхболдын эмээ нь хөдөөнөөс ирээд манайд байж байлаа. Төгсөлтийн зургаа үзүүлээд л гоё байна, мундаг байна гээд л үзэж байтал Батболд бид 2-ын авахуулсан зураг гараад ирдэг байгаа тэрийг эмээ минь хараад миний 2 хүүхэд их сайхан гарчээ гээд хэлэхэд нь Мөнхболд бишээ манай ангийн хүү байгаа юм гэсэн чинь эмээ нь хүүгээ ийм сайхан зургаа авахуулахгүй гэж билээ.

- Өөрийн тань үеийнхэн тариан талбай, үтрэм, ногоо хураалтад бишгүй дээ тусалж нэмэр болж байсан биз?
Оюутан болсон анхны жил дөнгөж сургууль эхлээс 2 сарын өмнө ургамлын дадлагад явдаг юм байна. Юу ч мэдэхгүй юунд яваад байгаагаа ч ойлгохгүй л үе байлаа. Бороотой, нартай өдрүүд олон арван хоногийг хөгжилтэй адал явдалтай өнгөрүүлсэн дээ. Олон ч зүйлийн ургамал түүж, их зүйлийг сурч мэдсэн. Хөгжилтэй явдлаас дурдахад бид ургамлаа түүхээр явцгаалаа. Тэр үед багш Нацагдорж ирж шалгах ёстой байлаа. Тухайн үед тогооч хийхээр нэг нь үлддэг байсан юм. Тэрэндээ хэлээд л явлаа. Багшийг ирвэл улаан даавуу дэлгээрэй тэгээд бид замдаа ирэхдээ ургамлаа түүхээр тохиролцоод явлаа. Тэгтэл улаан даавуу ч байхгүй бидч сайхан амарч тоглож байгаад л бууж явтал багшийн машин ирчихсэн үлдсэн тогооч маань улаан даавуугаа аль хэдийн дэлгээд тавьсан харагддаг байгаа бид ч хамгийн хурднаараа юу ч хамаагүй л уут шуудайндаа хийгээд түүгээд очсон шүү. Бөөн инээдэм болж билээ.

- Хамт нэг анги, дамжаанд суралцаж байсан анд найз, эмч нараас алдар бүтээлээрээ нэртэй хүмүүс зөндөө л байгаа даа?
Анх оюутан болоход ангид 36 уулаа байлаа сүүлдээ ч гарах нь гарч үлдэх нь үлдээд нийт 12 уулаа төгссөн. Хамт төгсөгчид минь улсын болон хувийн байгууллагад ажиллахаас гадна гадаадын их дээд сургуульд ажиллаж амьдарч байна. Сургууль төгссөнөөс хойш одоог хүртэл найзалж байгаа Энхзаяа маань БНСУ-ын Инха их сургуулийн эрдэм шинжилгээний лабораторид, ЭМЯ, болон ЭМХТ, ЦЕГ, ЭШХ мөн аймгийн засаг дарга зэрэг олон газруудад үр бүтээлтэй ажиллаж байна. Энэ завшааныг ашиглан хамт төгссөн та бүгдэдээ ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.

- Ажлын гараа, олон жилийн нөр их хөдөлмөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуультай салшгүй холбоотой санагддаг?
Дипломоо аваад анхны ажлын гараагаа Чингэлтэй дүүргийн ЭМН-ийн харъяа Таны-Итгэл өрхийн эмнэлэгт эмчээр ажиллаж эхэлсэн үе юм. Ажлын гараа эхэлсэн анхны өдөр нярай үзэх болвоо сандраад л буруу чагнах вий гэж айдастай байж билээ. Өрхийн эмнэлэгт ажилласан минь надад их зүйлийг сургасан даа. Ажиллаж байхын хажуугаар Зүүний резидентурын сургалтанд сурахаар болоод ажлаасаа гарч сурах их үйлсд дахин суралцлаа.
Сургалтаа төгсөж дуусаад Улсын гуравдугаар төв эмнэлэг гэдэг их айлын босгыг алхах аз таарч миний бие тус эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасгийн их эмч гэдэг албан тушаалаар 2004 оноос эхлэн өдийг хүртэл ажиллаж, ихийг сурч мэдэх үйлсийн төлөө зүтгэж явна. Энэ олон жилийн минь нөр их хөдөлмөр АШУҮИС-тай салшгүй холбоотой. Анх ажиллаж байхаасаа эхлээд л Зүү төөнө заслын мэргэжил эзэмшихээр тус сургуулийг сонгон сурч дараа нь Сэргээн засах эмчилгээний эмчийн мэргэжил эзэмшиж, мөн мэргэжил дээшлүүлэх сургалтуудад тасралтгүй сурахын хажуугаар АУ-ны магистрын зэрэг хамгаалсан. Одоо ч гэсэн АШУҮИС –даа сурсан хэвээр л байна даа. Одоо АУ-ы докторын зэрэг хамгаалахаар хичээж явна.

- Монголын анагаахын толь болсон нэрт эрдэмтэн багш нараар хичээл заалгаж тэдний түүчээний талаар?
Одоогийн эрдэм мэдлэгийн оргил өөд мацахад их нөлөө болсон үе үеийн эрдэмтэн багш нар болох Амгаланбаатар, Дагданбазар, Нацагдорж, Цагаанхүү, Энэбиш, Чойжамц, Галцог, латин хэлний Сайнбилэг, зүүний Бадарчин, Төмөрбаатар гээд олон багш нар хичээл заадаг, тэд маань сэтгэл зүрхээ бидэнд зориулж, хичээл заахдаа өөрийн биеэрээ хүртэл үлгэрлэн илэрхийлж ярих урлагыг гарамгай эзэмшсэн бидэнд үлгэр дуурайлал болсон хамгийн сайхан үеүүд байлаа.

- Эрдэмсудлалын ажлын сэдэв, цараа ач холбогдол багш нарын тань тухайд гэвэл?
Г.Раднаа миний бие 2002 оноос эхлэн эмчээр тасралтгүй ажиллахын зэрэгцээ эмч мэргэжилтнүүдэд сургалт судалгаа эрдэм шинжилгээний ажлыг хийх арга аргачлал болон мэргэжил арга зүйгээр ханган ажиллах үйл ажилагааг зохион байгуулан ажиллаж ирсэн.
Мөн үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдаж буй эмч мэргэжилтнүүдийн онол практикийн бага хурлыг зохион байгуулах, Эмнэл зүйн удирдамж, стандартыг боловсруулахад мэдээлэл арга зүйгээр хангахын зэрэгцээ, гарын авлага зөвлөмжүүдийг боловсруулж гарган ажилласан байна. 2009 онд ЭМШУИС, Уламжлалт Анагаахын Сургуулийн магистрантурт элсэн суралцаж “Тархины харвалтын дараах мөрний өвдөлтийн оношлогоо, эмчилгээний асуудалд” сэдвээр АУ-ы магистрын зэргийг Академич, АУ-ы доктор, профессор Н.Төмөрбаатар, АУ-ы доктор Н.Оюунцэцэг нарын удирдлаган дор хамгаалсан.
Одоо мөн л АШУҮИС, МАУОУС-ийн суралцагч бөгөөд “Тархины цус тасалдах харвалтын эмгэг загварт хүдрийн заарын үзүүлэх нөлөө”сэдвийн хүрээнд МАУА-ийн гишүүн, АУ-ны доктор, профессор Ч.Чимэдрагчаа, АУ-ны доктор Н.Оюунцэцэг нарын удирдлаган дор АУ-ы докторын зэрэг хамгаалахаар хичээн суралцаж явна. Энэхүү судалгааны ажлыг хийхэд удирдагч багш Ч.Чимэдрагчаа, Н.Оюунцэцэг нар минь миний төлөө бүх сэтгэл зүрх, өөрийн чадаж мэдэх зүйлээ харамгүй хэлж сургаж, бэрхшээл саадыг даван туулахад сэтгэлийн дэм өгч, намайг халамжилж, хамгаалсаар, мөн хийсэн судалгаагаа хэрхэн судлаачдад хүргэх, шинжлэх ухааны хэллэгт оруулах,судлаач болох арга барил гэх мэтчилэн суралцах замыг маань тавьж өгч байгаа ачтангууд билээ. Мөн үргэлж туслаж дэмждэг УГТЭ-ийн Уламжлалт эмчилгээний тасгийн хамт олондоо бас баярлаж явдаг даа.

- Нутаг усныхаа талаар...
Би Завханы уугуул, 1978 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн.Их сургуульд орох хүртлээ Завхан аймгийн цэцэрлэг, сургуульд хүмүүжсэн. Аав минь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат жолооч мэргэжлээр ажиллаж байгаад одоо тэтгэвэрт суусан, ээж минь Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, багш мэргэжлээрээ ажиллаж байгаад тэтгэврийн амралтанд суусан.Дүү Г.Пүрэвсүрэн минь Автомеханик мэргэжлээр хувиараа ажил эрхэлдэг. Одоо бид Улаанбаатар хотын суугуул болон ажиллаж амьдарч байна даа.

- Гэр бүлээ танилцуулна уу?
Миний хань Б.Мөнхболд авто инженер мэргэжилтэй, хүний дээд их сайн хүн байдаг. Хоёр охинтой. Том охин минь МУИС-д оюутан, бага охин минь дунд сургуулийн сурагч байна. Одоогоор миний мэргэжлийг өвлөх хүн хараахан гараагүй л байна. Бага охин минь яах юм бол доо. /инээв/

- Ямар сонгуульт ажил эрхэлж байв даа. Одоо ч гэсэн төдий олонуу?
Би оюутан байхдаа Ардчилсан залуучуудын холбооны гишүүн байлаа. Тухайн үед их идэвхитэй л оюутан байсан санагдаж байна. Одоо ч нам бус байна.

- Тэдэн төрийн нүүр үзлээ гэдэг шиг, хэдэн захиралтай хамт ажиллаж байсан билээ дээ?
Анх ЧД ЭМН-д ирэхэд Цэрэннадмид даргын удирдлаганд ажилласан. Дараа нь Улсын гуравдугаар төв эмнэлэг гэдэг айлын босгыг алхахад Б.Батсэрээдэн дарга минь байсан. Түүнээс хойш Б.Батчулуун, Ц.Төмөр-Очир гээд дарга нарын удирдлаган дор амжилттай ажиллаж байна.

- Хамт нэг анги, дамжаанд суралцаж байсан анд найз,эмч нараас алдар бүтээлээрээ нэртэй хүмүүс зөндөөн л байгаа даа?
Оюутны гэх тодотголтой хамт суралцаж явсан эмч нар минь бүгд л эрдэм бүтээл ажил хөдөлмөрөөрөө манлайлан явж байгаа. Үүнээс ганц нэгийг дурдахад ангийн дарга Батсайхан Оксфордын их сургуулийн эрдэм шинжилгээний лабораторит ажилладаг, бас нэг найз Чимэглхам Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит ЭШХ-ийн Мэдрэлийн секторын эрхлэгчээр тус тус ажиллаж байна. ЭМЯ-д Оюунчимэг, ЭМХТ-д Наранбаатар, ЦЕГ-т Ичинноров, Өнөр, Нямдолгор 2 найз минь хувийн эмнэлэгтээ ажиллаж байна.

- Манайд хэдэн мянган эмч бэлтгэж байна, Ийм хэрэгцээ хэр байдаг юм бол?
2018 оны байдлаар улсын хэмжээнд нийт 11169 их эмч байдаг ба үүний дийлэнх нь буюу 76.7%-ийг эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн судалгаа байдаг юм байна. Үүнээс харахад 10000 хүн амд ноогдох мх эмч 35.4, сувилагч 39.1 байдаг юм байна. Сүүлийн үед хүн ам өсөн нэмэгдэхийн хирээр өвчлөл бас буурахгүй ихсэх хандлагатай байгаа иймээс эмч мэргэжилтнүүдийн хэрэгцээ ихсэж байгаа гэж бодож байна.

- Орчин үеийн шаардлага хэрэгцээ хангасан нэр хүндтэй эмч бэлтгэхэд юуг анхаарах ёстой юм бэ?
Сүүлийн үед эмчийн мэргэжлийг эзэмшин гарч байгаа залуу эмч нарт минь хүнлэг энэрэнгүй байх сэтгэл, бас харилцаа хандлага жаахан дутагдаж байна уу гэж харагддаг. Тэгэхээр энэ талаар бага ч гэсэн зүйлийг сургахад илүүдэхгүй байх гэж бодож байна.

Ярилцсан: С.Бадамжав

171 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш