Б.Тэгшжаргал: Цэцэрлэгт байхдаа анх эмчийн халат өмсөж байлаа...

Эрдэм Шинжилгээний ажилтан
Дотрын эмгэг судлалын сектор,
Анагаах Ухааны Хүрээлэн
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль


Боловсрол
Улаанбаатар хотын лаборатори 1-р бүрэн дунд сургууль (2003)
Бизнесийн удирдлага бакалавр,
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль (2007)
БНХАУ-ын Тианжин хотын хятад эм эмнэлгийн сургууль (2007-2012)
Их Эмч, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (2015)
1987 онд цэцэрлэгт
БНТУ –д 2004-2005 онд хэлний бэлтгэлд суралцсан.
БНХАУ-д 2007-2012 онд Тяньжин хотын Уламжлалт анагаахын их сургуульд суралцсан.

Та ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
АУХ-ийн Дотрын эмгэг судлалын сектороос ЭШ-ний дадлагажигч ажилтнаар 2016 онд ажлын гараагаа эхэлсэн. Анагаах Ухааны Хүрээлэнд Үндэсний болон Олон Улсын санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдэд судалгааны ажил гүйцэтгэдэг. 2016-2017 онд ФАЙР төрийн бус байгууллагийн санхүүжилтээр “Дорнод аймгийн хүн амын дунд хепатит В, С вирүсийн талаарх мэдлэг хандлага дадал” судалгаа, Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр АУХ-нд хэрэгжсэн “Хепатитын В, Дельта вирүсийн хавсарсан халдвар ба HLA полиморфизм” төсөлд ажилласан. 2016-2018 онд БСШУСЯ-ны захиалгат суурь судалгаа “Ходоодны хожуу үеийн хорт хавдарын эрсдлийн судалгаа” БСШУСЯ-ны захиалгат шинжлэх технологийн судалгааг хийж гүйцэтгэсэн. “Улаан хоолой, ходоодны хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа”, “Монгол хүний цусны ийлдэст пепсиногенийг тодорхойлох” төсөлд ажиллаж байна. Цаашид эрдэм шинжилгээний ажлынхаа дагуу гадаад улсад анагаах ухааны докторантурт сурахаар бэлтгэж байна.

Та гэр бүлээ танилцуулаач?
Манайх ам бүл дөрвүүлээ л дээ.Эхнэр охин, хүүгийн хамт амьдардаг. Миний гэр бүлийн хүнийг О.Азжаргал гэдэг Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Олон улсын худалдаа мэргэжлээр төгссөн сайхан эмэгтэй бий. 2019 оноос БНХАУ-ын Хүзжоу Их сургууль магистраар суралцаж байгаа. Харин охин Т.Сэцэнгоо, хүү Т.Ханцэцэнжаргал цэцэрлэгт явдаг.

Та хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлуудаасаа танилцуулаач?
Бид дэлхий дахинд тархаад байгаа цар тахлын судалгааг хийлээ. Анх 2002 онд амьсгалын цочмог халтай хамшинж (SARS), 2012 онд Ойрх Дорнодын амьсгалын хурц халдварт хамшинж (MERS) тус тус дэгдэлт болон цар тахал байдлаар тохиолдож байсан. Харин 2019 оны 12 дугаар сард БНХАУ-ын Хубэй муж, Ухань хотод шинэ коронавирүсийн халдвар голомтлон гарч, үүсгэгчийг 2019-nCoV гэж түр нэрлэж байсныг 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Олон улсын вирүсийн ангилал зүйн хороо уг вирүсийг SARS-CoV2 хэмээн нэрлэх болсон. Учир нь энэхүү вирүсийн геномын дараалал нь SARS-CoV-тэй төстэй бөгөөд SARS-CoV-ийн адил ACE2 (Angiotensin-converting enzyme 2)-ийг ашиглан эсэд нэвтэрдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олж мэдээд уг шинэ коронавирүсээр үүсгэгдсэн өвчнийг КОВИД-19 (COVID-19; Coronavirus disease 2019) гэж нэрлэх болсон. Өнөөдөр дэлхийн 216 улсад нийт 6.3 сая хүн шинэ SARS-CoV2-ийн халдвар авч, 2020 оны 6 дүгээр сарын 04-ны байдлаар 383 262 хүн нас бараад байна.

Дэлхийн улс болгон энэ вирусын эсрэг арга хэмжээ авч байна. Харин манай улсын талаар?
Монгол улсын хувьд 2020 оны нэгдүгээр сараас Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хорио цээрийн дэглэм, мэдээлэл, сургалт, сурталчилгааг цаг алдалгүй, үр дүнтэй авч хэрэгжүүлсний үр дүнд дотроо өвчин тархаагүй цөөн улсын нэг болоод байна. Аливаа халдварт өвчний үед өвчний талаарх мэдлэг, хандлагыг сайжруулснаар өвчлөлөөс сэргийлэх, өөрсдийгөө хамгаалах дадал, зан үйлд сургах нь өвчлөлийг бууруулах чухал ач холбогдолтой. Иймээс бид иргэдийн дунд КОВИД-19 халдварын талаарх мэдлэгийн түвшин, хандлага, зан үйл буюу дадлыг үнэлэх зорилгоор уг судалгааг хийж гүйцэтгэлээ.
Энэ судалгааг нэг агшингийн загвараар 614 хүнийг санамсаргүй түүврийн аргаар хамруулсан ба КОВИД-19 халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын үед олон нийтийн сүлжээ ашиглан мэдээллийг цуглуулаад судаллаа. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, анагаахын чиглэлээр суралцагч оюутнуудыг судалгаанд хамруулаагүй. Судалгааны асуумж ерөнхий мэдээлэл, мэдлэг, хандлага, дадал гэсэн үндсэн 4 бүлэг, 45 асуулттай. Мэдлэгийг нийт 20 оноо, хандлагыг 14 оноо, дадлыг 9 оноогоор үнэлж, дундаж оноог тооцон сайн, дунд, муу түвшинд ангиллаа. Мэдлэг, хандлага, дадлыг судалгаанд хамрагдагсдын нас, хүйс, боловсролын түвшин, ажил эрхлэлтийн байдалтай харьцуулсан. Статистик боловсруулалтыг SPSS 21 (version 16.0, SPSS Inc., Chicago, IL, USA) программ ашиглан хийж гүйцэтгэлээ. Категори үзүүлэлт хоорондын ялгааг хи-квадрат тестээр шинжилж тархалтын хувиар илэрхийлсэн. Мөн судалгаанд оролцогчдын мэдлэгийн түвшин, хандлага, дадлын хамаарлыг шугаман регрессийн шинжилгээгээр тодорхойлж үзхэд. Бүх статистик анализийг 2 талт байдлаар хийж p утга <0.05 байх тохиолдлыг статистик нь маш их ач холбогдолтой байсан.

Судалгаанд хамрагдагсдын ерөнхий үзүүлэлт нь ямар байв?
Энэ судалгаанд хамрагдагдсан хүмүүсийн дундаж нас нь хамгийн бага 12 нас, хамгийн их нь 86 настай байсан. Тэдний 30% нь буюу 184-н эрэгтэй, 70% нь болох 430-н эмэгтэйчүүд байсан. Тэгээд энэ хүмүүсийн боловсролын түвшинг нь судалхад 2% (12) бүрэн бус дунд, 13.4% (82) бүрэн дунд, 7.2% (44) тусгай дунд, 77.4% 475 хүн нь дээд боловсрол эзэмшсэн байлаа.

Тэдгээрийн хүмүүс ер нь энэ цар тахлын талаарх мэдлэг нь ямархуу байна?
Судалгаанд хамрагдагсдын 72.5% (445) нь КОВИД-19-ийн талаарх мэдлэгийн түвшин дунд байна. Халдвар дамжих замын талаарх иргэдийн мэдлэгийг үнэлэх дараах асуултад 94.6% ханиахад халдвар тархана, 89.1% ахуйн хавьтлаар халдварлана гэж зөв хариулж байсан. Харин 40.1% бэлгийн замаар дамждаг, 25.9% цусаар дамждаг, 21.2% төрөх үед эхээс нярайд халдварлана гэсэн буруу ойлголттой хүмүүс бас байдаг юм байна лээ.
Судалгаанд хамрагдагсдын 89.4% КОВИД-19 халдварын үед ханиад томуу төстэй шинж тэмдэг илэрдэг, 82.6% халдвартай хүн өвчин зовуурьгүй байсан ч халдвар тараасаар байна гэх зөв ойлголттой нь харагдсан. 17.6% халдвар авсан бүх хүн амьдралынхаа туршид халдвар тээгч байдаг гэж буруу хариулсан бол 36.5% энэ талаар мэдэхгүй байна хэмээжээ. КОВИД-19халдвар авсан хүн халдвар аваад өөрөө аяндаа эдгэрсэн байх боломжтой болохыг судалгаанд оролцогчдын 25.9% зөв, 47.2% буруу, 26.5% мэдэхгүй гэж хариулсан байна. Мөн 92% гэрийн хөл хорионд байх нь КОВИД-19өвчнөөс сэргийлэхэд ач холбогдолтой, 93.6% олон нийтийн газар 1-2м зай барих ёстой гэж үзэж байна. Судалгаанд хамрагдагсдын мэдлэгийн түвшин нас, хүйсээр ялгаагүй ч боловсролын түвшин, ажил эрхлэлтээр статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа.

Тухайлбал ямар ялгаа гарч байна бидэнд сонирхуулбал?
Жишээ нь бүрэн бус дунд боловсролтой хүмүүсийн 33% энэ цар тахлын мэдлэг муу, 67% дунд, сайн мэдлэгтэй хүн байхгүй байсан бол дээд боловсролтой хүмүүсийн 74% дунд, 15% сайн мэдлэгтэй байлаа. Мөн малчин, групп, сурагч нарын дунд сайн мэдлэгтэй хүн байхгүй байсан бол албан хаагч, ажилчдын дунд сайн мэдлэгтэй хүмүүс 13%-19% байлаа Судалгаанд хамрагдагсдын КОВИД-19халдварт хандах хандлагын дундаж оноо 10.7±2.5 (эрэгтэйд 10.3±2.8, эмэгтэйд 11±2.4, p=0.001) байв. Дундаж оноогоор0-7 муу, 8-13 дунд, 14-15 сайн мэдлэгтэй гэж үнэлэхэд 20.5% (126) муу, 53.6% (329) дунд, 25.9% (159) сайн байлаа. Нийт судалгаанд оролцогчдын 99.3% КОВИД-19 халдварт санаа зовж, 97.5% илрүүлэх шинжилгээг чухал гэж үзсэн ба 88.1% нь өөрийгөө халдвараас хамгаалж чадна гэж үзэж байсан. Мөн 56.3% тамхи татах нь КОВИД-19 халдварын хүндрэлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж хариулжээ. УОК болон ЭМЯ-наас гаргасан халдвараас урьдчилан сэргийлэх шийдвэрийг үр дүнтэй гэж 93.8% санал нийлсэн ба 96.6% УОК болон ЭМЯ гаргасан зөвлөгөөг дагадаг гэжээ. Судалгаанд хамрагдагсдын КОВИД-19 халдварт хандах хандлагын түвшин хүйс, мэдлэгийн түвшнээр статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 26.1% муу, 21.2% сайн хандлагатай байсан бол эмэгтэйчүүдийн 18.1% муу, 27.9% сайн хандлагатай байлаа.
Шугаман регрессийн шинжилгээгээр мэдлэг, хандлага, дадлын онооны хамаарлыг тодорхойлоход мэдлэг болон хандлага, мэдлэг болон дадал, хандлага болон дадал хооронд сул эерэг хамаарал ажиглагдлаа. Өөрөөр хэлбэл судалгаанд хамрагдагсдын КОВИД-19 халдвараас өөрсдийгөө хамгаалах дадал нь тэдгээрийн уг халдварын талаарх мэдлэгийн түвшин болон хандлагатай хамааралтай байна.

Танай судалгаанд ер нь хэдээс хэдэн насны хүсүүс оролцов?
Бидний судалгаанд ид хөдөлмөрийн нас буюу 20-40 насны иргэд түлхүү хамрагдсан. Судалгаагаар иргэдийн дунд КОВИД-19халдварын мэдлэг, түүнд хандах хандлага, халдвараас хамгаалах дадал харьцангуй сайн түвшинд байна. Энэ нь өмнө бидний хийсэн Дорнод аймгийн хүн амын дунд хепатитийн В, С вирүсийн талаарх мэдлэг, хандлага, дадлын судалгаатай харьцуулахад мэдлэг бага зэрэг муу боловч хандлага, дадал харьцангуй сайн байна. Хепатитийн В, С вирүсийн талаарх мэдээлэл, сурталчилгаа харьцангуй удаан хугацаанд хийгдэж ирсэн ч уг халдварын буруу хандлага, дадал монголчуудын амьдралын хэв маягт хэвшсэн байсантай холбоотой байж болох юм. Дорнод аймгийн хүн амын дундах хепатитийн В, С вирүсийн талаарх мэдлэг, хандлага ба КОВИД-19 халдварын мэдлэг хүн амын боловсролын түвшин, ажил эрхлэлтийн байдалтай холбоотой байгаа нь бидний судалгаануудаар нотлогдлоо. Тиймээс цаашид эдгээр халдваруудын талаарх сургалт, сурталчилгаа, идэвжүүлэлтийн ажлыг зорилтот бүлгүүдэд жигд, хүртээмжтэй байдлаар түгээх шаардлага тулгарч байгааг харуулж байна.

Энэ судалгаа өөр улсад хийгдсэн үү?
КОВИД-19 халдварын өвчлөл, нас баралт өндөр байгаа хэд хэдэн улсуудад хүн амын мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх судалгаанууд хийгдсэн байна. Тухайлбал, цар тахлын анхны голомт болох Хятад улсын Хуабэй мужийн 6919 оршин суугчдын дунд явуулсан КОВИД-19 халдварын талаарх мэдлэг, хандлага, дадлын 12 асуумж бүхий судалгаагаар нийт оролцогчдын мэдлэгийн түвшин 70.2-98.6%-ын хооронд үнэлэгдэв. Энэхүү судалгаа нь КОВИД-19 халдварын талаарх мэдлэг, хандлага, дадлыг дүгнэх Хятадын хүн амд хийгдсэн анхны судалгаа юм. Дээрх судалгаанд КОВИД-19халдварын талаарх мэдлэгийн асуумжийн дундаж оноо 10.8, зөв хариултын түвшин 90% байв. Мэдлэгийн онооны түвшин хүйс, насны бүлэг, гэр бүлийн байдал, боловсролын түвшин болон оршин суугаа газраас шалтгаалан ялгаатай байна. Түүнчлэн эрэгтэй, 16-29 насны, гэрлээгүй, бакалаврын зэрэг эсвэл түүнээс доош боловсролтой, ажилгүйчүүд болон сурагчдад мэдлэгийн түвшин доогуур байна. Харин Анхуй мужид хийгдсэн судалгаагаар оршин суугчид КОВИД-19 халдвараассэргийлэх, халдварыг хянах олон арга хэмжээ авсан ба асуумж судалгаанд 97.4% “олуулаа цугларахгүй, гадуур бага гарах”, 93.6% ”гадуур гарахдаа амны хаалт зүүх”, 91.5% ”олон хүн цугларсан, битүү газраар явахгүй байх” гэж хариулжээ.Мөн Arina Anis Azlan нарын олон нийтийн сүлжээг ашиглан Малайз улсын насанд хүрэгчдийн дунд КОВИД-19 халдварын талаарх мэдлэгийг дүгнэх 13 асуумжтай судалгаанд зөв хариултын түвшин 80.5% байсан. Гэвч зарим оролцогчдын мэдлэгийн түвшний хэлбэлзэл өндөр байсан. Тухайлбал, 50-с дээш насныхан илүү өндөр мэдлэгтэй байсан нь уг бүлгийн хүн ам халдвар хүндрэх эрсдэлтэй бүлэгт багтдагтай холбоотой гэж үзжээ.Вьетнам улсын эрүүл мэндийн салбарын 327 ажилчдын дунд хийсэн судалгаагаар 74% нь эмэгтэй, 70.9% нь сувилагч, үүнээс дийлэнх нь буюу 62.9% нь 5-с доош жилийн ажлын туршлагатай байжээ. Халдварын дэгдлэлтийн талаар 98.2% мэдэж байсан бөгөөд нийт оролцогчдын 91.1% уг өвчний талаарх мэдээллийг нийгмийн сүлжээнээс, 82.6% эрүүл мэндийн яамны цахим хуудаснаас авдаг гэсэн дүн гарчээ. Мөн 98-аас дээш хувь нь вирүс ба халдвар тархахаас хэрхэн сэргийлэх болон халдварласан тохиолдолд үхэлд хүргэх аюултай гэх зэргийг мэддэг гэж хариулжээ.

Та бүгдийн хийсэн ажил хэр үр дүнтэй байна?
Бидний энэхүү судалгааны үр дүнгээс харахад иргэдийн дунд КОВИД-19 халдвараас сэргийлэх амны хаалт тогтмол зүүх, гараа тогтмол угаах зэрэг дадал нь харьцангуй шинэ боловч богино хугацаанд хэвшил болж чаджээ. Энэ нь онцгой байдлын үед УОК, ЭМЯ богино хугацаанд бүхий л мэдээллийн шугамаар шуурхай мэдээлэл, сургалт, сурталчилгаа эрчимтэй явуулсан нь үр дүнгээ өгснийг харуулж байна.
Иргэдийн дунд КОВИД-19 халдварын мэдлэг, түүнд хандах хандлага, халдвараас хамгаалах дадал харьцангуй сайн түвшинд байна. Судалгаанд хамрагдагсдын хандлага, дадал мэдлэгийн түвшинтэй хамааралтай байгаа тул цаашид энэ талын мэдлэг олгох сургалт, сурталчилгааны ажлуудыг улам эрчимжүүлэх уг халдварын дамжих зам, эрсдлийн талаарх хүн амын мэдлэгийг дээшлүүлэх нь халдвараас хамгаалах зөв хандлага, дадал төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Танай сонины хамт олон болон уншигчиддаа эрүүл энх, сайн сайханыг хүсээд гараа тогтмол угааж, амны хаалтаа зүүгээрэй, таны эрүүл мэнд хамгаас үнэтэй шүү гэх хэлэедээ.

Ярилцсан С.Зандан

100 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш