Энхжаргалын  БУДСҮРЭН: Шинэ төгссөн залуу эмчид мэдэх юм байхад мэдэхгүй зүйл ч их байдаг...

Овог нэр: Энхжаргал Будсүрэн
Боловсрол: Дорнод Чойбалсан XII-р сургууль 2008
ЭМШУИС-н Дорноговь салбар сургуульд Бага эмч сувилагч 2008-2012.
АШУҮИС-ын Дорноговь салбар сургууль Хүний их эмч 2012-2016.
АШУҮИС-ын төгсөлтийн дараах сургалт рездентур 2019
Ажил эрхлэлт: 2017-2018 оны хооронд Төв аймаг Сэргэлэн суманд хүний их эмч
2018-2020 онд Төв Сэргэлэн сумын ЭМТ-ийн эрхлэгч эмч

Эмч болсон нь тохиолдлын хэрэг үү? Эсвэл...
Би сургуулиа төгсөөд биологийн багш болно гэж боддог байсан. 10-н жилийн сургуульд байхдаа биологийн хичээлдээ их сонирхолтой сонгон хичээлд явж биологийн олимпиадад бэлдэж оролцож явлаа. Элсэлтийн шалгалтаа өгч хувиараа сонгох үед намайг өсгөсөн эгч минь чамайг багш болгохгүй чи сувилагч болно. Манай гэрт эмнэлгийн мэргэжилтэй хүн байхгүй гээд л Дорноговь анагаахад суралцуулна гээд л юу ч хэлүүлэлгүй Дорнодод элсэлт авч байсан дотрын багш Хорол-ханд багштай уулзан элсэлтийн зөвшөөрөл авч намайг вагоноор аваад явсандаа. Би гэдэг хүн эгчийнхээ хэлсэн захиас үгнүүдтэй нэг ч хүн танихгүй газар оюутны байранд үе тэнгийн охидтой уйлаад л үлдэж байлаа. Анх ч Анагаахад суурь хичээл орно. Өөрөө сонирхож ороогүй болоод ч тэр үү эхний нэг жил ёстой урсгалаараа муу гарчихгүй л явж байлаа. 2 дугаар курсээс мэргэжлийн хичээл орж эхлэх үед мэргэжилдээ дурлаж хайрлаж эхэлсэн. Бага эмч сувилагчийн ангиа төгсөөд дипломоо гардаж авах үед тухайн үеийн захирал багш Д.Нямхүү багш Их эмчийн ангид дахин суралцах эрхийн бичиг манай ангийн 2 охинд гардуулж нэг нь би байж таарч би гэдэг хүн гайхах баярлах зэрэгцэж дахин Их эмчээр 5-н жил суралцаж 2016 онд Хүний их эмчээр суралцан төгссөн. Дорноговь аймгийн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд багш нараасаа их зүйл сурч мэдэн нийт 8-н жил тэнд амьдарсан. Зуны амралтаараа зуны 2 сар сургуулийнхаа Аварга тосонгийн амралт сувилалд бага эмч хийн оюутны дотуур байрандаа тухайн жилээ үнэгүй амьдрах эрхээ авдаг байлаа. 8-н жил амьдрахдаа би 7-н жил оюутны байрандаа амьдарч төгссөн байдаг юм. Яривал маш их түүх бии. Одоо сайхан орон нутаг, сайхан сургууль, оюутны байр, багш нараа их санадаг даа.

Оюутан ахуй үеийн дурсамжийн тухайд?
Манай курс нийт 70 гаран хүүхэдтэй байлаа. Ангийн багш минь Энх-Мягмар гээд хүүхдийн өвчний багш эмч байсан. 70 хүүхэд дотроо 5-н групптэй. Манай групп 202-р групп байлаа. Дандаа олон жил сувилагч бага эмчээр суралцаж байгаад ирсэн мундгууд байдаг байлаа шүү дээ.Би групп хариуцсан дарга байсан. Бусдынхаа өмнөөс явна, номоо тараана хуваарь гаргана. Хааяа хичээлдээ ирээгүй нэгнээ аргална, хааяа нэгэндээ гомдоно, хамтдаа хонож хичээлээ хийнэ, хааяа нэгнийдээ очиж сайхан хоолоор дайлуулна, гээд л маш их дурсамж бидэнд бий. Хамтдаа 5-н жил зан зангаа мэдэн дассан учир сургуулиа төгсөөд вагондоо суугаад буцах үед хэдий гэртээ харина, хүссэн ажлаа хийнэ гээд л гоё байсан ч Дорноговьд гэртээ үлдэж буй хэд минь гаргаж өгөөд баяртай гээд тэврэлдээд гараараа даллах үед салмааргүй санагдаад явахаа больё гээд би буух гээд уйлж байснаа хэзээ ч мартдаггүй юм. Дэндүү их дотно нөхөрлөж байсаан бид.

Таны ажлын гараа?
Би 2016 онд сургуулиа төгсөөд Төв аймгийн Сэргэлэн сумын ЭМТ-д Их эмчийн орон тоо гарах үед сум орон нутагт ажиллана гэж шийдэн их эмчээр ажилд орж миний ажил амьдралын гараа эхэлж байлаа. Манай хамт олон намайг ажилд орох үед нийт 21 ажилтантай сайхан хамт олон угтаж авч байлаа. Сум орон нутгийн ард иргэд үнэхээр сэтгэл сайтай сайхан хүмүүс байдаг байсан шүү.

Суманд анх очиж ажиллахад жижиг сажиг саад бэрхшээл олон байв уу?
Шинэ төгссөн залуу эмч мэдэх юм байхад мэдэхгүй зүйл ч их байлаа. Анх очоод учраа олохгүй бэрхшээл гарах үе нэлээдгүй байсан. Үйлчлүүлэгчээ үзнэ, яаралтай дуудлагадаа явна, бичиг цаасны ажил тайлан мэдээ хийнэ, сүүлдээ цуг ажиллаж байсан эрхлэгч эмч минь резидент эмчээр суралцахаар явж эрхлэгч эмчээ давхар хийж хурал цуглаан, сургалтад явна, төсөв мөнгөө зохицуулна, цалингаа тавина, шалгалт шүүлэг ирнэ бэлдэнэ гээд л ажил нэмэгдсэн. Энэ бүх ажлыг ганцаараа зохицуулах гэж их ажилладаг ихэвчлэн оройн цагаар статистик эмч Мөнх-сайхан эмчтэйгээ оройдоо сууж бичиг цаасны ажлаа хийдэг байлаа. Азаар сайн статистик эмчтэй байсандаа. Ажил ихтэй аяга ус уух битгий хэл өдрийн цайны цагаараа тавтай суух завгүй өдөр их байдаг байсан. Хааяа инээж хааяа өрөөнийхөө хаалгыг дотроосоо түгжээд л уйлна шүү дээ. Гэхдээ шантарч ажлаа хаяна гарна гэж бодож байгаагүй ээ, учир нь би мэргэжилдээ хайртай. Ажилчдаа яаж удирдах, хэнтэй нь яаж харилцах ойлголцох, хэрхэн ажлаа зохицуулах, төсөв мөнгөний өргүй яаж гарах, ажилчдынхаа цалинг хэрхэн дутаалгүй тавих, үйлчлүүлэгчээ хэрхэн үзэж оношлох, сэтгэл ханамжтай байлгах, тайлан мэдээгээ хэрхэн явуулж амжуулах гээд л олон зүйлд би суралцаж их зүйл сурсан. Сүүлдээ учраа олж сургалт семинар, дуудлагад явахдаа бага эмч нартаа Пүүжээ, Ууганаа эмчээ араа дааж байгаарай Оюунсүрэн сувилагчаа Дуламсүрэн сувилагчаа ажлаа ингэж зохицуулаарай үйлчлэгч Мөнхтуяа Очгэрэлээ үйлчлүүлэгч ирвэл ингэж ойлгуулж хэлээрэй гээд л захиад л эмнэлгийнхээ цагаан УАЗ-469-өө унаад л жолооч Ган-Эрдэнэтэйгээ тоос татуулаад гараад өгнө шүү дээ. Бат итгэлтэй хүнээ үзэж санаа зоволгүй эмнэлгийн тусламжаа үзүүлээд байж байдаг байсаан хамт олон минь.Хааяа ажилчдынхаа голд орж суугаад дүү нь болж инээлдэж хөхрөлдөнө, Хааяа эрхлэгч эмч нь гээд хэдэн ширүүхэн үг хэлж тушаал уншина шүү дээ. Миний гол зорилго хамт олноороо хичээж байгаад магадлан итгэмжлэлийн шалгалтаа амжилттай өгч хамгаалах байсан. Олон жил ажилласан сувилагч, бага эмч нар болон нягтлан Г.Даваасүрэн эмийн санч Д.Ариунцэцэг сайн статистик эмч, сайн НЭМА Д.Оюунбаяр, Оюундарь тогооч Давааням 4 галч бүх ажилчдынхаа хүч хөдөлмөрөөр бид магадлан итгэмжлэлээ тайван амгалан давж гарч байлаа. Магадлан итгэмжлэлийн шалгалт гэхэд ямар ч айх айдасгүй тайван энгийн нэгэн ажлын өдөр шиг өнгөрч байлаа.Ингээд нэг бүтэн амьсгаа авч байсандаа. Удалгүй 3 жил болж би резидентээр сурахаар явах болсон. Хамт олноо гаргаж өгөхөд хамтдаа уйлж тэврэлдэж байлаа.Ажил амьдралын минь анхны гараа их зүйлийг сурч мэдэж авсан хамт олондоо үргэлж талархаж хүндэтгэж явдаг даа, хааяа ч хамт олноо их санадгаа нуух юун. Дашрамд хэлэхэд бүх 21 ажилтандаа талархаж буйгаа хэлмээр байна. Та бүхнийхээ эрүүл энхийн манаанд амжилт хүсье.

Нутаг усныхаа талаар?
Би Дорнод аймагт төрж өссөн. Ээжийг минь Энхжаргал гэдэг. Эхээс 2-уулаа дороо нэг эрэгтэй дүүтэй. Багаасаа дүүтэйгээ эмээ дээрээ өссөн. Эмээ минь 4-р ангид байхад бурхан болж тэр цагаас ээжийн эмэгтэй дүү нь ээжийг харж хандан дүү бид хоёрыг өсгөсөндөө. Намайг их сургуульд хөтлөн явж чамайг ямар ч байсан эмнэлгийн хүн болгоно гэж зүтгэсэн эгч минь. Их сургуульд намайг сургаж төгсгөөд дүүг минь мөн мэргэжил боловсролтой болгож өгсөн. Дүү минь лабораторийн эмчээр одоо ажилладаг. Ямар ч байсан их сургуульд оруулж боловсрол мэргэжилтэй болгоно гэж эгч минь зүтгэж зорилгодоо хүрсэн. Тэр эгчийг минь Энх-Мөрөн гэдэг. Жирийн нэг 5-н хүүхдийн ээж сайхан эмэгтэй байдаг даа.

Гэр бүлээ танилцуулаач?
Манайх ам бүл 4. Нөхөр хүү охины хамт амьдардаг.Хүү минь 3-р ангийн сурагч.Охин минь 8 сартай. Манай нөхөр миний сурч боловсрох боломж нөхцөлийг үүсгэж үргэлж ард минь баттай зогсож юу ч болсон би чиний ард байгаа юунд ч битгий санаа зов гээд урам өгдөг, хүүхдэдээ сайн аав гүндүүгүй сайхан Монгол эр хүн бий.

Манайд хэдэн мянган эмч бэлтгэж байна, ийм хэрэгцээ хэр байдаг бол залуу эмчийн хувьд санаа бодлоо хуваалцаач?
Их дээд сургуулиудад олон эмч жил бүр төгсөж байгаа ч төв суурин газраа буюу хотод ажиллах сонирхол ихтэй байдаг. Хөдөө орон нутаг, сум баг, тосгонд очиж ажиллах эмч олдодгүй. Хүний нөөц их дутмаг, ажлын ачаалал их байдаг. Иймээс шинэ төгссөн эмч нарыг аль болох анхан шатны эмнэлэгт ажиллуулах нь тухайн эмчид ч сурах зүйл ихтэй мэдлэгээ бататган, зузаатгах боломж бүрдүүлж, сум орон нутаг, баг хороонд ч эмчтэй чанартай үйлчилгээг ард иргэдэд өгөх боломж бүрдүүлэх хэрэгтэй гэж боддог. Үүнийг анхаарч сум орон нутаг руу залуу эмч нараа татах, байр орон сууц, тав тухтай орчин нөхцөлөөр хангах тал дээр анхаараасай гэж бодох юм. Бүх л тусламж үйлчилгээ анхан шатнаасаа эхэлдэг шүү дээ.

Сумын эмнэлэгт ажиллаж байх үед олон сайхан дурсамж үлдсэн байхаа. Хамгийн ойр сэтгэлд үлдсэн дурсамжаас хуваалцвал...?
- Мэдээж олон сайхан дурсамж байлгүй яахав. Үйлчлүүлэгч эгч цүнхэндээ жимсний чанамал, шилэнд сайхан хар шөл хийгээд, өрөм боов аваад эмчээ та ид гээд л хаалга үүд түгжчих гээд л сандаргадагсан. Ийм үе зөндөө байлаа. Сумын ард иргэд сайхан шүү дээ.
2017 оны 12 сарын 09-нд өвөл дуудлагаар төрөх хугацаа болоогүй, хожуу төрөлтийн эрсдэлтэй жирэмсэн эмэгтэй дуншилт өгч ирсэн юм. Би эх барих эмчтэйгээ эмэгтэйд үзлэг хийн “Аймгийн Нэгдсэн Эмнэлэг”-ийн төрөх тасгийн зөвлөх эмчээс зөвлөгөө авах гээд утсаар залгаж эхийн биеийн байдлыг танилцуултал “Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн төрөх тасаг руу яаралтай зөөвөрлө!!! эрсдэлтэй жирэмсэн, дээр нь суманд төрөлт удирдуулахгүй гээд байхад толгой мэдлээ чи хурдан жирэмсэн эхийг эсэн мэнд аваад ир” л гэж байна шүү. За явалгүй болохгүй гээд төрөх яаралтай биксээ бэлд гээд жирэмсэн эмэгтэйдээ “Аймгийн Нэгдсэн Эмнэлэг”-ий төрөх тасаг явж төрнөө, таныг зөөвөрлөнө гээд л хэллээ дээ. Хэлж дуусаагүй байтал эмчээ би сумын эмнэлэгт энд л төрнө, өөр газар төрөхгүй гээд л хэлсэн. Аймгийн төрөх тасгаас эмч нар залгаад яасан бэ? Ирж байна уу? гээд л жижүүрийн эмч, зөвлөх эмч нар утас руу зогсоо зайгүй залгаад л байсан. Би ч жирэмсэн эмэгтэйтэйгээ ярилцаж эрсдэлийг хэлж айлгаж ч үзлээ, уурлаж ширүүхэн ч дуугарч үзлээ, сүүлдээ бүр аргаа бараад эгчээ гээд гуйж ч үзлээ дээ. Үгүй би явахгүй энд л төрнө, үгүй бол би гэртээ төрнө харилаа гээд л явах шинж огт байсангүй. Тэр шөнө гадаа их хүйтэн цас шуураад л харанхуй ч болж. Аймгийн эмч нар залгаад байдаг, би ч бүр яах ч учраа олдоггүй. Жирэмсэн эмэгтэй минь би явлаа гэж байна, харилаа гээд, үгүй таныг үзье, одоо үзлэгийн цаг болчихлоо гэтэл төд удалгүй л эмчээ гээд л бахирлаа... Үзлэгийн орон дээр гаргаад үзтэл төрөх замаар эх барьж авахад бэлтгэгджээ. Ингээд л төрөх баг бүрдүүлсэн бид эрсдэлтэй, жирэмсэн эмэгтэйг төрүүлэх болсон доо.
Залуу, туршлага багатай эмчийн хувьд би мэдээж эрсдэлтэй жирэмсэн учир дотроо эмээж л байлаа. Гүнзгий амьсгал аваад л өөрийгөө зоригжуулаад орсондоо. Жирэмсэн эмэгтэй төрөх орон дээр ургийн толгой цухуйж байхад хөлөө хавчаад зөвлөсөн үг авдаггүй. Тэгэхээр нь нэг сайн ширүүхэн загнаж аваад л удалгүй хөөрхөн эрүүл саруул охин эх барьж эмнэлэгтээ хүүхдийн дуу хадаасандаа.Одоо охин маань 3 настай том охин болсон байна даа. Азаар уу баг хамт олон нэгтгэл сайн байсан уу эх хүүхэд хоёулаа эрүүл саруул эсэн мэнд амаржсандаа. “Аймгийн Нэгдсэн Эмнэлэг”-ийн их эмч нар ч баярлан бид тэр шөнөө унтаагүй эх нярайг асарч хоносондоо. Сумын эмнэлэгт сурах зүйл их, сургамж авах зүйл ч зөндөө байдаг аа.

-Талархал
Алтан чагнуур сонинд олон сайхан мундаг эрдэмтэн багш нар болон эмч нар минь ярилцлага өгч туршлагаа хуваалцан байдаг миний унших дуртай сонин юм. Залуу эмч би өөрийнхөө талаар ярилцахдаа ичсэнээ нуух юун. Ажлынхаа талаар бичихдээ эмнэлгийн үг хэллэгээр бус ойлгомжтой байдлаар бичих гэж хичээлээ. Миний ажлын хамт олон, оюутан ахуй цаг гээд өнгөрсөн сайхан дурсамжаар минь эргэн аялуулсан “Алтан. чагнуур” сонины хамт олонд болон надад итгэл өгч урам хайрласан Бадамжав багшдаа талархал илэрхийлье. Ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа.

Ярилцсан: С.Бадамжав

25 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш