Товуугийн  БАТСҮХ: “ХЭЦҮҮ ХҮН” БУЮУ ЗА ГЭВЭЛ ЁОГҮЙ ЗАХИРАЛ

- 1931 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын “Ар хүрэм”-д төрсөн
- 1944 онд Асгат сумын бага сургууль
- 1950 онд Офицерийн сургууль
- 1955 онд МУИС-ийн Анагаах ухааны факультет
- 1968 онд ЗХУ-ын Москва хотод дотрын мэргэжил дээшлүүлэх 1 жилийн курст суралцсан
- 1972 онд Югослав, Англи, Данид сургуулийн удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт
- 1978 онд доцент,
- 1981 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
- 1986 онд Алтан гадас одон
- 1991 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- 1998 онд АУИС-ийн хүндэт профессор
- 2000 онд Монгол улсын гавьяат багш цол хүртсэн
- 2015 онд АШУҮИС-ийн хүндэт доктор, 40, 50, 60, 70 жилийн ойн медалиуд, Эмнэлгийн болон Боловсролын тэргүүний ажилтан

Анагаахын сургалтын төлөө сэтгэл зүрхээ шаналган зүтгэсэн 58 жилийн дөрвөн улирал бүхэн бүгд л сайхан байсан даа гэж Т.Батсүх багш бодож суугаа.
МАНДАХ НАРАН ЗҮГТ НУТАГ МИНЬ БИЙ
1931 оны хонин жилийн өвөл Дорнод /одоогийн Сүхбаатар/ аймгийн Асгат сумын нутаг Ар Хүрмээс зүүн тийш одоогийн Эрдэнэцагаан сумын нутагт отороор нүүж яваад Зотол хан уулын өвөрт малчин ард Дамдингийн Товуугийн долоо дахь хүүхэд Батсүх төржээ. Тэр цагаас хойш Батсүх 9 нас хүртэл эцэг эх, эгч ах дүү нарын хамт мал аж ахуйгаар амьдарч, аав ээжийнхээ ажилд тусалдаг байсан. Хайрт ижий, эгч хоёр нь үүрийн гэгээнээс үдшийн бүрэнхий болтол үнээ, хонь, ямаа, гүүгээ сааж, сүү цагаан идээгээ бэлтгэн дараагийн жилийн мал төллөх хүртэл идэх сүү цагаан идээ, аяганыхаа хийцийг бэлтгэдэг байжээ.
Батсүх хүү тав зургаан наснаасаа хөх даалимбан өмд, цагаан ямбуу цамцтай, хөл нүцгэн, жижиг шилбүүр бариад ихэвчлэн явган, хааяа арагаа хөмөрч тавиад номхон морин дээр мордож, хонь хургаа хариулан, заримдаа жижиг араг үүрэн аргалаа түүж, сумын наадмаар уралдааны морио унадаг байжээ.
Тэр үед Асгат сумын гол шүтэж тахиж цуглардаг газар нь хажуудаа шүд янгинам цэл хүйтэн тунгалаг устай гүний худагтай, дөрөв таван сүм дугантай, хөх тоосгон хэрэмтэй Бөөрийн хийд, дулааны улиралд бурхан шүтээнээ тахиж ардын түмний сэтгэл зүрхийг догдлуулан баярлуулсан үйл явдал болдог. Нутгийн ардууд нь өөрийн нутаг дахь Их-Уулаа тахидгаас гадна жил бүр сумын наадмыг хийж зургаан насны болон жороо морийг уралдуулж, бөх барилдуулан цэнгэдэг. Айл бүр жилдээ бурханыхаа өмнө олон зул өргөн идээ будаа, хонины шүүсээ тавин часаагаа бүтэн өдөр уншуулан, идээ будаанаасаа ойр хавийн айл, хүүхдүүдэд хувь хүртээдэг. Намрын сайн өдрийг сонгон үдэш бүрийгээр гал голомт тулганд аргал түлээгээ зэрэглэн асааж, хонины хуйхалж чанасан өвчүүгээ галдаа өргөж галаа тахидаг байж.
1940 оны зун Асгат сумыг Бөөрийн хийд дээр төвлөрч байхад Асгат сумын бага сургуулийг нээж, наймаас арван хоёр насны дөч гаруй хүүхдийг хоёр анги болгон Бөөрийн хийдийн том дуганы хоёр талд суулган багш Бадамдорж, Аюуш нар уйгаржин монгол бичиг, дөрвөн аргын тоог зааж хичээллэж эхлэхэд Батсүх хүү сурагч болжээ. Удалгүй Бөөрийн хийд ч нураагдан устгагдаж, гэрт ширдэг дэвсэн сурагчид газар сууж багш нар нь модон самбар дээр шохойгоор бичиж хичээлээ заадаг байв. Дэлхийн хоёр дугаар дайн 1941 онд эхэлсэн учир ЗХУ-аас ирдэг бүх бараа таваар ирэхээ больж, идэх гурил будаа, уух цай, өмсөх даалимба даавуу, ном дэвтэр, харандаа ч олдохоо больж боодолын бор цаасаар дэвтэр хийн өөрсдөө шугамдан марганцаар чернель, тугалгаар харандаа хийж бичдэг байжээ. 1942 оноос манай улс кирилл үсгийг хэрэглэх болж, кирилл ба уйгаржин монгол бичигийн аль алийг нь сурчээ.Тэр үед сурагчдын дотуур байр байгаагүй учир өвлийн цагт сум дээр өвөлжсөн таньдаг айлуудад амьдран, дулааны улиралд арав хорин километрт байгаа хөдөө гэрээсээ мориор хичээлдээ явдаг байсан.
Асгат сумын бага сургуулийн дөрөв дүгээр ангийг дөчөөд хүүхэд төгсч, зарим нь мал дээр гарч, зарим нь Халзан сумын дунд сургуулийн тав дугаар ангид шилжин суралцаж, цөөн хэдэн хүүхэд Улаанбаатар хотын сургуульд суралцахаар явсан. Тэдний дотор Г.Сүхбаатар, Ш.Дашцэрэн нар Хүн эмнэлгийн техникумд, З.Цэвэлмаа Багшийн сургуульд, Ш.Загдсүрэн, З.Жадамбаа нар Санхүүгийн техникумд, Т.Батсүх Офицерийн сургуульд суралцахаар хуваарилагдсан аж.

Зүүн гараас Ардын эмч Оюундэлгэр, гавьяат эмч Б.Дагвадорж, эрүүлийг хамгаалахын гавьяат эжилтан Т.Батсүх

 

АЛДАРТ ОФИЦЕРИЙН СУРГУУЛИЙН ЗУРГААН ЖИЛ
1944 онд 13 настай бяцхан хүү Батсүх Дорнод аймаг, Хэнтий аймгаас тасарч шинэхэн байгуулагдсан Жавхлант шарга аймгийн төв Баруун-Урт уруу Асгат сумын төв Бөөрийн хөндийгөөс дөрвөн өртөө газар мориор Монгол улсын их сургуулийн оюутан ах Пунцагийгаа даган ааваараа хүргүүлэн очиж, Аймгийн цэргийн хэлтсийн дарга ахмад н. Гомбоос жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургуульд суралцахаар томилолт авч шуудангийн “Зис 5” машин дээр даалимбан тэрлэг, бакалан гуталтай, толгойдоо цагаан ямбуу алчууртай хөдөөний бор хүү хоёр гурав хоног явж Улаанбаатар хотод ирж /тэр үеийн Маршал Жуковын командалж байсан 17 дугаар армийн штабын байр/ одоогийн Батлан хамгаалах яамны байр болон Офицеруудын ордонд байрлаж байсан хошууч генерал н.Дагдан захиралтай Офицерийн сургуульд тоо, монгол хэл бичигийн шалгалт өгч, бие бялдар эрүүл мэндээрээ тэнцэж, цэргийн оёдлын гар үйлдвэр дээр очиж цэрэг хувцасны хэмжээ өгч Офицерын сургуулийн гуравдугаар дивзоны 5 дугаар ангийн “Е” бүлэгт курсын дарга, ахлах дэслэгч Сүрьеэ, анги хариуцсан багш н. Дашдондог нарын удирдлаганд 12-оос 15 насны 25 хүүхэд цэрэг хувцас өмсөн цэргийн хатуу дэглэмд суралцах болсон.
Суралцах хугацаандаа өглөөний 7 цагт босохоос эхлээд оройн 11 цагт унтах хүртэл бүрээний дохиогоор явж, 10 жилийн дунд сургуулийн програмт хичээлээс гадна цэргийн мэргэжлийн хичээлийг бүрэн үзэж дадлага сургуулийг дунд мэргэжлийн офицерийн хэмжээнд хийдээ ЗХУ-ын цэргийн нэрт Жанжин Суворов, Нахинов нарын нэрэмжит Цэргийн сургуулиудын туршилгаар хүүхдийг бага наснаас нь цэрэг эрийн хатуужил, хүмүүжил олгож цэргийн эрдэмд сургах зорилт тавьж, дулааны улирал эхэлмэгц 5 дугаар сарын дундаас 7 дугаар сарын дунд хүртэл хоёр сар Яармагийн дэнж Туул голын хөвөөнд асар майханд байрлан зусланд гарахдаа хориод километр газар явган маршаар гуулин хөгжим дуугарган жагсаалаар явж очин зусч наадмын парад жагсаал, гимнастикийн үзүүлбэрийн бэлтгэлийг хийхээс гадна зарим хичээлийн сургалтаа үргэлжлүүлэн явуулж шалгалтаа өгдөг байжээ
1945 оны 7 дугаар сард 5 дугаар ангиа төгсч, улсын баяр наадамын парад жагсаалд оролцоод, зуны амралтаар байлдааны холбооны шонгуудыг ачсан Байшинтийн цэргийн ангийн машинд суугаад Онгон сум дамжин гэртээ ирэхэд ижий нь хэдэн хүүхэдтэйгээ гэртээ уйлчихсан сууж байсан үе бий. Харин аав нь н. Мижид жанжины командалсан сайн дурын морьт отрядын бүрэлдэхүүнд, ах нь Халх голын цэргийн ангид 5 жил цэргийн алба хааж халагдсан ч дахин түр цэрэгт татагдан хоёулаа байлдаанд явсан, аав ах хоёр нь 1945 оны чөлөөлөх дайнд Өвөрмонгол Хятадын Дол нуур Жакей хүртэл морин цэргийн маршаар байлдаанд явж, аав маань “Байлдааны медаль” Монголын “Бид ялав” медаль, Зөвлөлтийн “Японыг ялав” гэсэн гурван медальтай, ах Дондов нь хоёр медалиар шагнуулсан ахмад дайчид ирж байсан сайхан дурсамж үлджээ.
Офицерийн сургууль 6 жил сургахдаа ерөнхий эрдэм, цэргийн мэргэжлээс гадна бие махбодыг чийрэгжүүлэх талаар их анхаарч өвлийн цагт цана тэшүүрээр гулгах, дулааны улиралд гол мөрөн гаталж усанд сэлэх дасгал хийдэг байснаас гадна цэрэг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэн, Т.Батсүх 1949 онд 18 настайдаа Монгол ардын хувьсгалт намын гишүүнд элсчээ. Ингээд Офицерийн сургуулийг 1950 онд төгсөхдөө 10 дугаар анги төгссөн гэрчилгээ, цэргийн дунд шатны боловсрол эзэмшсэн үнэмлэх авч МУИСургуулиуд хуваарилагджээ.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИАР ОВОГЛОСОН АРВАН ЖИЛ
МУИС-ийн Анагаах ухааны факультетийн оюутан болсноос нь тооцвол 10 жил МУИС-иар овоглосон байх юм.
Батлан хамгаалах яамнаас 20 төгсөгчийг МУИС-ийн Хүн эмнэлэг, Мал эмнэлгийн факультетэд хүн, малын эмч болгохоор хуваарилан суралцуулсаны нэг нь Т.Батсүх байлаа..Тэр үед Их Сургуулийн ихэнх хичээлийг орос багш нар заадаг, зөвхөн нийгмийн ухааны хичээл заадаг цөөнхөн монгол багш байсан. Их сургуулийн захирлаар сайд нарын зөвлөлийн орлогч дарга Б. Ширэндэв ажиллаж байсан ба 1953 оноос эрдэмтэн зохиолч, Д. Цэгмэд ажилладаг болсон.
1955 онд хүний их эмч мэргэжлээр төгссөн II хэсгийн оюутнаас хожимын Ардын уран зохиолч С.Эрдэнэ, Ардын эмч Ч.Цэрэннадмид, АШУ-ны доктор, гавьяат эмч А.Өлзийхутаг, АУ-ны доктор Ц.Тажаа, Н. Багаажав, Б.Гомбо, Т.Гомбосүрэн, Л.Лувсан- Ёндон, Гаьяат эмч (зүүний) Д.Бадарчин, гавьяат багш Т.Батсүх нар алдраа мандуулсан нь онцлог юм.
Залуу эмч Т.Батсүх төрөлх нутаг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны Чоно голын уурхайн эмчээр нэг жил ажиллахдаа уурхайн дарга И.Ф.Пантлеев, Дорж, ЭХЯ-ны сайд Г.Туваан томилолт, ажил, үүрэг амлалтын яг тагийг мэдэрсэн, хөдөөгийн амьдрал, эмнэлгийн үйлчилгээ, өвчтний ар гэр, ах дүүсийн сэтгэлийг ч ойлгох болсон аж.
1950-иад оны дундуур нийслэл хотоо хөгжүүлэх талаар иргэдийн хөдөлгөөн санаачилга өрнөж хандив тусламжаар “Залуучуудын ордон”-ыг бариулж байсан ба мөн эмч, эмнэлгийн ажилчид “Эмнэлэг гэгээрлийн ордон”-ыг бариулая гэж уриалга гаргасан үед уурхайн захиргаанаас “Та хандивийн ажлыг зохион байгуулахад үг хэлж уриалах ёстой” гэсэн зөвлөгөөний дагуу Т.Батсүх бүтэн хагас сарын цалингаар хандив өргөж уурхайн ажилчдыг уриалсаны үндсэн дээр Чоно голын уурхайн ажилчдаас олон зуун төгрөгийн хандив өгч байсан ба “Эмнэлэг гэгээрлийн ордон” бол эмч, эмнэлгийн ажилчид, ард түмний хувийн хөрөнгөөр баригдсан барилга юм шүү...
Эргэж ирээд 1956 оны намраас МУИС-ийн физиологийн тэнхимд багшилж, удалгүй 1958 оноос орлогч деканаар ажиллахдаа долоон зуугаад оюутан хариуцаж, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хичээлийн хуваарь гээд бүх л юмыг гардан хийхдээ анагаахын сургалтын онцлогийг тусгахыг хичээнэ. Ийнхүү нарийн чимхлүүр ажлаас бие даасан сургууль салбарлан шинэ голомт бадраах үйлсийн эхлэл тавилцах болсон юм.

АНАГААХ УХААНЫ ДЭЭД СУРГУУЛИАР ОВОГЛОСОН 27 ЖИЛ
1961 онд АУДэС-ийг бие даалган байгуулахад захирал Д.Балдандорж, орлогч захирал Ц.Рэнцэндорж, Ц.Равжаа, деканаар Т.Батсүх, Б.Од нар томилогдон таван мэргэжлээр есөн зуугаад оюутан сургаж, Эвлэлийн хорооны дарга, багш Ц.Готовын санаачилгыг дэмжиж авсан үүрэг амлалтаа амжилттай биелүүлснээр анхны “СОЁЛЧ ДЭЭД СУРГУУЛЬ” цол мандат авч шинэхэн сургууль нэрээ дуурсгасан удаатай.
Багш нарынхаа санаачилгыг дэмжсэнээр улсдаа анх “БАГШ ШАВИЙН УУЛЗАЛТ”-ыг Дорнод аймагт Б.Рагчаа тэргүүтэй, Баруун гурван аймагт Ч.Долгор тэргүүтэй багш нар очиж онол практикийн хурал хийж, нарийн мэргэжлийн эмч багш нар үзлэг хийж, зөвлөгөө өгч эхэлснээр өнөө ч тэр ажил үргэлжилсээр байна.
1964 оноос Дотор өвчний онош зүйн тэнхимийн багш бөгөөд АУДС-ийн бааз 3-р эмнэлгийг өргөтгөх зорилгоор Үйлдвэр комбинат дахь Сэтгэл мэдрэлийн больницын хуучин байрыг засварлаж байгуулсан / дотор, мэдрэл, бөөрний 3 тасагтай/ салбар эмнэлгийн даргаар хавсран ажилласан.
1968 оноос хичээлийн эрхлэгч, 1973 оноос орлогч захирлаар ажиллахдаа анхны хичээлийн байрыг Ц.Рэнцэндорж, С.Равжаа гуай хоёр хөөцөлдөж бариулахад Батсүх багш бүхий л ажилд оюутныг хуваарилж ажиллуулдаг сан. 1970-аад оны оюутнууд тэр барилгын суурийн газар ухах, банзан шахуурга хадах боох, бетон цутгах, цэвэрлэгээ тохижилтын ажлыг хийлцээгүй хүнийг олоход бэрх биз ээ.
Дараа нь оюутны 1, 2 дугаар байр, хичээлийн байрын өргөтгөл, оюутны 3 дугаар байр гээд таван барилга бариулахад захирал Д.Балдандорж, орлогч захирал Даваахүү, Батсүх нар Улсын төлөвлөгөөний комисс, Засгийн газар хоёрын хаалгыг хичнээн татаж, үйлээ үзэж, тооцоо судалгаа гаргаж, учирлаж байж үйлсээ бүтээснийг өнөө мартахад хүрсэн байж мэднэ. Тэр бүхнийг бүтээхэд дээд газарт ажлаа танилцуулах арга ухаан, уйгагүй хөөцөлдөх, ухарч шантрахгүй, няцахгүй явахын ид шидийн хүч гэлтэй.
Хаврын элсэлт, төгсөлт, тангараг өргөлт, зуны засвар, хичээлийн бэлтгэл, намрын ургац, иргэний хамгаалалтын сургууль, оюутны урлагийн үзлэг, спортын уралдаан тэмцээн, багш нарын мэргэжил дээшлүүлэлт, ахуй амьдрал гээд ер оролцохгүй ажил гэж Т.Батсүх багшид байгаагүй болохоор ээлжийн амралтаа бүтэн эдэлсэн он жил цөөхөн байсан байх.
Алтан намрын налгар өдрүүдэд 800-гаас 1000 оюутантай хээрийн штабыг Баруунхараа, Улаан толгойн САА-д ажиллуулахад зохион байгуулалт муудвал ажил цалгардаж бүтээл гарахгүй сунжрах төдийгүй сөрөг зүйл ч гарч мэдэхээс Т.Батсүх багш байнга болгоомжлон бараг л жил бүр өөрөө явна. Өндөр ургацаас буух үест, уртад явсан нэг, хоёрдугаар курсийн оюутнаа эргэхээр Орхон, Орхонтуулын үтрэм, хадлангийн бригадаар заавал орохдоо хөгжмийн хэдэн оюутнаа суулгаад Самбуу жолоочтойгоо “аавын цээж” машинаар ч хүртэл тойрч аав, ээжийн нь захиа илгээмж, ахлах курсынхны оёсон бээлий сэлтийг тарааж өгнө. Ажлын талбарт багш оюутан бүрийн зан араншин, ажилч хичээнгүй байдал алганы хээ шиг тодордог ажээ. Залуу насны эрч хүч оргилуун хүслээр хааяа шөнийн гурав дөрвөн цаг хүртэл бүжиглээд өглөө ажилдаа гарчихаад инээж хөхрөөд, эцэж цуцахыг умартан хөвөнтэй курткээ нэвтэртэл хөлөрсөн ч шуудай төмс үүрээд ажиггүй яваа оюутнаа хараад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг хэдий ч гагцхүү дотроо хадгалан, муухан мушилздагсан.
МБАТүмний спартакиадад оюутнаа оролцуулахын хажуугаар анх байт сурыг дэлгэрүүлэх гэсэн Бярваагийн Цэрэнгийн санаачилгыг дэмжин багш нартайгаа хамт хот, улсын аваргын тэмцээнд оролцож явсан. АСТ-ын анхны тэмцээнд Г.Зуунай ахлагчтай багаа хотын орон сууцны клубт бэлтгүүлээд, бэлтгэлийг нь шалгаж энийгээ ингэ, тэрийгээ тэг гэж өнөөх л сахилга, дэг журмын талын юмнуудыг нь зааж өгөөд түрүүлэхэд нь бас л дотроо ихэд баярласан байх. Хоёр жил тутамд зохиогддог Их, Дээд Сургуулиудын урлагийн наадмаас алт, мөнгө, хүрэл медалийн аль нэгийг авахгүй үлдэж байсан удаагүй.
Захирал Д.Балдандорж докторантурт явсан хугацаанд бүхий л ажил Т.Батсүх багшийн удирдлагаар, оролцохгүй ажил гэж ер үгүй, ямартаа С.Дугарсүрэн багш: -Өгсөн үүрэг даалгавар нь биелэхгүй гэж байдаггүй, хэцүү хүн дээ Т.Батсүх багш гэж нэг удаа хэлсэн юм. Хийе гэснээ хийж байж, үр дүн болсон болоогүйг нь үзэж байж, тухайн хүний арга ухаанаас давсан даалгавар өгсөн байвал өөрөө хийлцэж орхиод санаа амардаг нь гэм биш зан нь гэлтэй. 1979 оны намар биднийг жараад хоног САА-н уртын аянд явсан хойно, тогоон чинээ гэдэстэй гэргий маань хэзээ ирэхийг асууж ороход -Удахгүй дээ гэчихээд, маргааш нь тэнхимээс лаборант явуулаад машин нүүрс буулгуулсан байж билээ.
Харцнаас нь хэн ч дальдрам дүртэй хэрнээ хамтраад, халдаад ажиллаж, ойроос мэдрэхээр бас их өрөвч уяхан сайхан сэтгэлтэй шүү Т.Батсүх багш маань. Тээр жил Орхон САА-н Гүнжийн буланд хадлангийн бригадад оройн нар жаргах цагаар биднийг очиход халамцуу нэгэн тракторчин, өндөрдүү эрэгтэй оюутныг заамдсан байхыг үзээд -Та нарын гарын шүүс болгох гэж авч ирээгүй. Чи намайг зодоод орхи... Маргааш оюутнаа ачаад явна гэхэд нь тэд шалдаа бууж билээ.
Харцаараа удирддаг, хатуу шаардлагатай хэдий ч харж үзэх, халамжилж туслах, зохион байгуулах арга барил нь офицерийн сургуулиас аваад өвч шингэсэн – “За гэвэл ёо үгүй” унаган зан чанарыг нь мэдэх ахмад багш ажилтнууд наян долоон онд захирал Д.Балдандорж, орлогч захирал Т.Батсүх хоёрыг гэнэт халагдахад гайхахдаа сургуульдаа багшаар үлдээхийг, удалгүй аж ахуйн захирлын орон гарахуйд эргүүлж авъя гэсэн олон хүний гарын үсэгтэй бичгийг намын байгууллага, холбогдох яаманд илгээсэн удаатай.
Тиймээс ч “учир битүүлэг” хамт халагдсан захирал Д.Балдандорж, Т.Батсүх хоёрт 1991 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнахад Раднаа гуай, -Юм үнэнээр явна гэж энэ байж, гурав дөрөвхөн жилийн өмнө муу ажилтай гээд халагдаж байсан гэхэв.

Зүүн гараас: Гавьяат багш Б.Дагданбазар, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Р.Бямбаа, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Т.Батсүх,
гавьяат эмч С.Бадамжав

 

СУВИЛАГЧИЙН СУРГУУЛИЙГ ОВОГЛОСОН ХОРИН НЭГЭН ЖИЛ
Дассан газрын давуу зөөлөн гэгчээр хорин долоон жил ижилдэж дассан хамт олноосоо, орлогч захирлын албанаасаа хоёр цагийн дотор халагдаад Сувилагчийн сургуулийн захирлаар томилогдоход цалин хоёр дахин буурч эдийн засгаар төдийгүй сэтгэлийн ихээхэн шаналалтай ирэхэд нь ч, ерэн долоон онд мөн халагдах “тушаал сонсох” гэж байхад нь ч тус сургуулийн хамт олон Т.Батсүх багшид хандан дэмжиж, дээд газар байгууллагад “дургүйцэл” хүсэлтээ илэрхийлэн саналаа тавьсан нь итгэлийн тэмдэг.
Хичээлийн шинэхэн байртай ч оюутны байргүй байсанд зохих газраар хөөцөлдөж байж 300 оюутны байрын барилга сургуулийнхаа дэргэд эхлүүлээд нэг давхарыг бариулаад байтал элсэлт цөөрсөн нэрээр 1992 онд хувьчлагдаад 1999 он хүртэл “балгас” хэвтсэн юм. Хэрэв Т.Батсүх багшийн мэдэлд байсан бол хэдийнэ баригдаж оюутан бужигнасан сайхан өргөө болсон доо гэж бодогдоно. Бариулах эрхгүй ч оюутнаа байртай болгох хүслээ орхисонгүй. Хичээлийнхээ байрын биеийн тамирын зааланд дэвсгэр дэвсүүлж оюутнаа байрлуулж дээд байгууллагын нөхдөд үзүүлж хөөцөлдсөөр Анагаахын оюутны 3 дугаар байрыг өгүүлсэн аж.
АНУ-ын Нью-Йорк хотод байдаг Хятад эмнэлгийн товчоотой гэрээ байгуулан мянган долларын тусламж авч сургалтын компьютерийн кабинет болон эрдэм шинжилгээ, санхүүд нийт хорь гаруй компьютер тавьсан. Номын сангаа шинэчлэн гучин мянган номтой болгож, асаргаа сувилгаа, анатоми зэрэг арав шахам кабинет тохижуулан, багш нарынхаа ная гаруй хувийг магистрын болон эмчийн зэрэгтэй болгохоор бэлтгэн хамгаалуулжээ.
1997 оноос АУИС-ийн харъяа Анагаах ухааны коллеж болсноор дунд болон дээд мэргэжилтнийг бэлтгэдэг сувилгааны арга зүйч, лаборант, сувилагч зэрэг зургаан мэргэжлээр суралцах 800-гаад оюутан, жараад багштай, сургуулийнхаа гуанзыг нэг хэсэг түрээслээд боломгүй болохоор нь одоо өөрийн орон тооны гурван ажилтантай болгож зуун мянган төгрөг зээлж өгөөд эхлүүлсэн. 1998 онос биеэ даагаад оюутандаа их завсарлагаанаар үнэгүй цай өгдөг болсон. Харин идэх юмаа өөрсдөө авч ирэх юм уу бууз хуушуур авч ч болох гэнэ.
1995 онд АУДундС-ийг татан буулгаж эдний сургуультай нэгтгэсэн тул тэндээс тэтгэвэр тогтоолгосон ахмадуудыг анхааралдаа авах хийгээд 1999 онд болох сувилахуй ухааны дунд мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 70 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлууд, түүхэн замналын баримт материал бүрдүүлэх гээд чөлөө зав багатай явсан. Зөвхөн уржнан зуны сантехникийн засварыг дөч шахам сая төгрөгөөр хийлгэсний ачаар хоёр өвөл маш дулаан, тавтай хичээллэж байлаа.
1997 оноос сургууль цахилгаан, цэвэр, бохир уснаас бусад зардлаа өөрөө бие даан санхүүжүүлж буй хэдий ч оюутны төлбөр нь нийт их, дээд, дунд сургуулиудаас хямд буюу дээд мэргэжлийн анги жилд 200000, дунд мэргэжлийн анги жилд 160000 төгрөгийн төлбөртэй, шинээр шүдний техник, эм зүй, рентгений дунд мэргэжилтэн бэлтгэх анги нээж, төгсөлтийн дараахь сургалтаа хариуцаж явуулах зорилт тавьжээ.
ДЭМБ-тай хамтран эмнэлгийн сургалтын семинарыг гурван удаа, ЭМНХЯ-тай хамтран Дэлхийн сувилагчдын өдрийг гуравдахь жилээ тэмдэглэхэд сувилагчдын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд үр дүнтэй ажил болж, 1993 оноос эмчилгээ-сувилгааны арга зүйч мэргэжил эзэмшүүлж, 1994 оноос 10-р анги төгсөгчдийг элсүүлэн суралцуулах болж, 1996 оноос эмнэлгийн лаборантын, 1998 оноос эм найруулагч, шүдний техникч, рентген техникчийн ангиудыг шинээр нээж, 2001 онд эх баригч-сувилагчийн, 2002 оноос бага эмч-сувилагчийн ангийг шинээр нээж бэлтгэж эхэлсэн нь татан буугдсан АУДундСургуулийн сургалтыг нөхөх болсон юм. Т.Батсүх багшийг 2000 онд Монгол Улсын гавьяат багш цол хүртэхэд нь баярлаагүй шавь хүн олдохгүй дээ.
Товлосон бааз эмнэлэггүй хэрнээ Улаанбаатар хотын томоохон эмнэлэг болгонд дадлагын хичээлийн өрөөтэй, хаанахын оюутан бэ гэхэд нь, Батсүх багшийн сургуулиа гэхэд л хангалттай даа гэж багш оюутнууд нь бахархан ярилцана. Тэдгээр эмнэлгийн дарга нар бараг бүгд Батсүх багшийн шавь нар байдаг ч тэднийг хүлээн авч санал хүсэлтийг нь сонсож сургалтандаа тусган хэрэгжүүлдэгт тэд ч урамтай.
Хийх юм их байна, мөнгө цаасны хувьд ч боломжтой, харин олигтой юм олдож өгөхгүй байна. Энэ жил зарим өрөө, кабинет, хаалга үүдээ шинэчлэн тохижуулж засварлах төлөвлөгөөтэй, түүнийгээ бараг хийж гүйцлээ. Энэ их ажилд нягтлан Ц.Наранцэцэг, дэд захирал, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан Н.Дэмбэрэл, Я.Володя, Н.Мягмарсүрээн, О.Ганчимэг, Л.Эрдэнэчимэг, С.Солонго, С.Оюунцэцэг, Тэнхимийн эрхлэгч С.Сэргэлэнчимэг, Ч.Ганчимэг, Ж.Ундармаа, П.Цэцэгмаа, багш Д.Баттогтох, Ц.Ганцэцэг, Д.Энх-Амгалан, Б.Шоовдор гээд бүх хамт олны маань сэтгэл зүтгэл шингэсэн гэжээ.
Сургуулийнхаа захиргаа, аж ахуйн орон тоо зардлыг багасгаж, багш нарынхаа цалин мөнгийг бололцооны хэрээр нэмэгдүүлж, урамшлын нэмэгдлийг ахиулах, сурах бичгүүд бичүүлэх, ур чадварыг нь ахиулах, мэргэжил мэдлэгий нь дээшлүүлэх ойрын болоод хэтийн бодолтой захирал дэд профессор Т.Батсүх багшийн юу санасан есөн хүсэл сэтгэлчлэн бүтэхийн өлзийт ерөөл дэвшүүлж байсан минь талаар болоогүй. 2008 он гэхэд 10 тэнхим, 70 магистр, докторын зэрэгтэй багштай, 1506 оюутантай 6 мэргэжлээр эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг болгоод доктор Д.Цэрэндагвад хүлээлгэж өгөөд, 2008 оноос 2014 он хүртэл зөвлөх профессороор ажиллахдаа, 2009 онд Монгол улсын ЭМШУИС-ийн Сувилахуйн сургууль үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан “Энэрэхүйн эрдэм дэлгэрүүлснийг багцалсан шашдир” хэмээх томоохон бүтээлийг хамтран бүтээлцсэндээ сэтгэл өеөг байдаг юм.

ЭНХ ТУНХ ЯВАХЫН ТУЛГУУР НЬ ГЭР БҮЛ
Т.Батсүх багшийн насны хань Пунцагийн Янжмаа гуай Сүхбаатар аймгийн Асгат сумын ард С. Пунцагийн 7 хүүхдийн ууган охин болж төрөөд, 1954 онд Сүхбаатар аймгийн төвийн дунд сургуулийн 7 дугаар ангийг төгсөн, Хүн эмнэлгийн техникумд орж суралцан улмаар Багшийн дээд сургуульд суралцаж 1960 онд тоо физикийн багшийн мэргэжил эзэмшсэн. Нийслэлийн 2, 23, 31 дүгээр сургуульд багш, Улсын төв музейд тайлбарлагч зэрэг ажлыг 30 гаруй жил хийж, олон мянган шавь бэлтгэн сургасан. Олон шавьтай болсны дотор Төрийн шагналт хөгжмийн зохиолч З. Хангал, ардын эмч С. Балгансүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн н. Лхамсүрэн, гавъяат багш н. Ичинхорлоо, доктор, профессор н. Баасандаш, Ц. Баясгалан, н. Эрхэмбаатар, Улсын арслан, доктор П. Дагвасүрэн зэрэг алдартнууд байна.
П. Янжмаа багшийн ажил хөдөлмөрийг өндрөөр үнэлж МХЗЭ-ийн Жуух бичиг, “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдэг, Боловсролын яамны “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Ардын хувьсгалын ойн медалиудаар, “Алдарт эхийн II зэргийн одон”-оор шагнагдсан, тулхтай хань, эдний 5 хүүхдийн ууган хүү Б. Гэрэл нь ЗХУ-ын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, удаах хүү Б. Баяр нь ЗХУ-ын Ростов хотын Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд эрчимт эмчилгээ сэхээн амьдруулагч эмчээр ажилласан, хүү Б. Бадрах нь Герман улсын Ена хотын дээд сургуулийг биотехнологи, микробиологийн мэргэжлээр төгссөн. Охин Б. Болормаа нь Москва хотын Хүнсний технологийн дээд сургуулийг микробиологич мэргэжлээр төгссөн, Хүү Б. Бадрал нь ХААДС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсч, бүгд ажил амьдрал нь тэгширсэн, өнөр өтгөн айл гэрүүд болохоор хоёр буурал багш маань сэтгэл тэнүүн суугаа нь бахархалтай.
Зан сайтай айлд хүн болгон цугладаг замаг сайтай нууранд шувуу болгон цугладаг гэгчээр бид Батсүх багшийндаа цугларахыг тэсэн ядан хүлээж суудагсан. Батсүх багштаны дуу цөөтэй ч энгийн мөртөө хоржоонтой шогч хошин яриа, Янжмаа багшийн сургамжтай яриаг сонсож суухад сэтгэл сэргэдэг. Багш маань жинхэнэ хүний сайн сайхны төлөө төрсөн, ёстой ээдээгүй сэтгэл, эвдрээгүй ааштай эгэл жирийн хүн дээ. Зуны халуунд зуслангийн хүүхдүүд наршихаас хамгаалж гэрийнхээ хажууд модон байшин барьж өгөөд тоглоом заан, оюун ухааныг хөгжүүлэх сургалт санаачлан явуулдаг байсан нь сайн өвөөгийн илэрхийлэл юм хэмээн Г.Батмөнх багш дурсан нь хүний хайлан болохыг илтгэнэ.

ШАВИЙН ЭРДЭМ БАГШААС ЗУЛЫН ГЭРЭЛ ТОСНООС
Т.Батсүх багш 1956 оноос 2014 он хүртэл МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн багш, орлогч деканаас эхлээд АУДС-ийн декан, хичээлийн эрхлэгч, орлогч захирал, Сувилахуйн сургуулийн захирал, АУИС-ийн харъяа Анагаах ухааны коллежийн захирал, зөвлөх профессороор тасралтгүй 58 жил ажиллахдаа хүнийг таних ухааны чагтага эрчтэй, алсын хараатай удирдагч байхын гайхамшгийг үзүүлсэн билээ. Тэр их ажлынхаа хажуугаар сурах бичиг гарын авлага 7 ном, голдуу сургалтыг боловсронгуй болгоход чиглэсэн хорь гаруй илтгэл өгүүлэл нийтлүүлсэн нь бас л нэгийг өгүүлмү.
Т.Батсүх багшийн анхны шавь нараас Хөдөлмөрийн баатар, ардын эмч Б.Жав, Монгол Улсын гавьяат багш, АУ-ны доктор,профессор Г.Батмөнх, Монгол Улсын гавьяат эмч, АШУ-ны доктор, профессор Ж.Раднаабазар, Ардын эмч Н.Жамбал, АУ-ны доктор, профессор Ц.Цэрмаа, Ц.Намсрай, И.Санжаадорж, Д.Балдандорж гээд олныг нэрлэж болох.
“АЛТАНГАГНУУР” 2003-2019 цуврал номонд дурсамжаа бичсэн Ардын багш, доктор, профессор Г.Цагаанхүү, Х.Гэлэгжамц, АУ-ны доктор, профессор П.Янсан, Академич, АШУ-ны доктор, профессор П.Нямдаваа, Ц.Лхагвасүрэн, Төрийн шагналт, академич, АШУ-ны доктор, профессор Л.Лхагва, Хөдөлмөрийн баатар эмч Г.Нямхүү гээд үргэлжилнэ.
“Монголын Анагаахын Мэргэд” XXVIII ботид дурсамжаа бичсэн Төрийн соёрхолт, доктор, профессор Н.Даваацэрэн, Монгол Улсын гавьяат багш, АШУ-ны доктор, академич Д.Дүнгэрдорж, Монгол Улсын Гавьяат Багш, доктор, профессор Т.Зэвгээ, Л.Галцог, Х.Дамдинжав, Д.Амгаланбаатар, Г.Сүхбат гээд цуврана. Бичигч миний бие эдний л нэг. АУДС-ийн зөвхөн 1961-1987 оны элсэлт 8492, төгсөлт 6337 гээд, өмнөх болон дараах үеийг тоолвол хэдэн арван мянга болно. АУДС, АУИС, ЭМШУИС, АШУҮИСургууль бол хүний их эмч, эмнэлгийн дээд, дунд мэргэжилтэн түг түмэн шавь нартаа эрдэм ном, хийж бүтээхийн арга ухааныг зааж сурган, хүмүүн байхын учрыг ойлгуулж, өсөж өндийх жигүүр ургуулдаг бүхний эх /Alma Mater/ билээ. Дараа жил 80 жилийн ойтойгоо золгох, Монголдоо төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн АШУҮИС-ийг өдий зэрэгт хүрэхэд Монгол Улсын Гавьяат багш, АШУҮИС-ийн хүндэт доктор, профессор Товуугийн Батсүхийн оруулсан хувь нэмэр хүчин зүтгэл маш их гэдэгтэй хэн ч маргахгүй байхаа.
Ухаан далайг ундаалж тэтгэдэг
Уул шиг түшигтэй багш та мину
Ертөнцөд мэндэлсний 90 насны ой тохиож буй
Буурал багшдаа урт нас, удаан жаргалыг ерөөе.

Жалайр Бодийн Дагданбазар
2021.02.15

62 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш