Эмч, яруу найрагч А.Эрдэнэдалай

Нэгэн жилийн өнгө:
Яргуй цэцэглэн, харз урссан хаврын нэгэн өглөө
Тариа шаагиж хадлан халиурсан намрын нэгэн өдөр


Одод анивчин цас хялмаалсанөвлийн нэгэн үдэш
Сар гэрэлтсэн чийг үнэртсэн зуны налгар шөнө
Энэхүү улирлын өнгө нь нэгэн өдрийн хэмнэлтэй
Эргэцүүлж бүгдийг тунгаахад нэгэн жилийн өнгө аяс буйзаа

Хоёр хүүдээ зориулав:
Үртэй хүн үхэж чаддаггүй гэдэг
Үйлийн үргүй үнэн үг тэр юм
Үргэлжийн мөнхөд санаа сэтгэлд уяатай байдаг нь
Үйлс зоригын минь нэгэн ташуур болох юм
Харь холын нутгаас 2 хүүгээ хачин ихээр санаж байна даа
Үр хүүхдийнхээ төлөө гэсэн бодол
Үргэлжийн мөнхөд аавд нь агуулагдаж байдаг юм
Булбарай гараас нь хөтлөөд булан тохойгоор гарч байснаа
Цэцэрлэг яслид хүргэж тэвэрч тухлаж явснаа
Бантан цутанг нь балгаж халбагадаж өгч байснаа
Бас бус заримдаа алганы амт үзүүлдэгээ ч
Бантаж хоёулаа ээжийнхээ хөлд унтдагаа ч
Бараа бараагаа харалцан тэврэлдэн угтдагаа ч
Карманы чихэр горьдсон харц чинь хүртэл харагдахад
Аав нь хүүгээ санан алаг нүднээс минь нулимас бөмбөрнө
Энэлсэн шаналсан сэтгэлийн минь тайтгарал болсон үрсдээ
Эвлүүлж бичсэн мөрүүдээ үүгээр өндөрлөе
Энхрий хайртай үрсийн минь буян заяа тэгш байх болтугай гэж ерөөе

Ханьдаа:
Хүүхдээ санасан сэтгэлд хүлээстэй байгаа хэдий ч
Ханийгаа санахгүй байна гэвэл
Харин тэр худлаа
Хамаг бүхний минь цөм болсон
Ханьдаа би хамгаас хайртай
Бадаг шүлгийн мөрөнд
Багтахааргүй их орон зайтай чи
Бодрол сэтгэлийн гүнд
Салахааргүй их уяа бэхлээтэй та
Шад шүлгийн мөрөнд шахаж гаргахгүй чамайгаа
Хамаг сэтгэлийн мухартаа хадгалж явдаг чамайгаа.

Сувилагч:
Сувилагчын үйлсийг үнэлж дуусамгүй
Сувилахуйн ухааныг басаж боломгүй
Сувилагчын эрдмийг судлаж баршгүй
Суу билгийг нь зүйрлэж хэлмээргүй
Сувилагчын ажлыг хийж дуусашгүй
Сууж босохын чөлөө завгүй
Сувилагчын үүргийг орлож боломгүй
Судас тариаг хийж чадахгүй.
Хүмүүн төрөлхтөний энхийн манаанд
Сувилагч та эхний байртай
Хүн эмнэлэгийн энхийн салбарт
Сувилагч та эхийн үүрэгтэй.
Сүүн сэтгэлтний хүйн холбоонд
Сувилагч та эхийн ачтай.


Ухаарал ба сэрэхүй:
Тоост орчлонгийн амьдралын тоон хугацааны хэмжүүрт
Тоотой насны амьдрал даанч богинохоныг мэдрэхүйд
Түмэн хүслийн харгуйн төөрөгдлийн манан дундаас
Төрсөн биеэ ухаарахуйн тэрхэн нэгэн агшинд
Эргэх орчлонгын амьдрал түм бумыг мэдэрнэ
Энэ яваа насныхаа хүмүн заяанд залбирна.
Ухаарч мэдрэхүйн гайхамшигаараа сэхээрэх тэрхэн агшинд
Хүмүн таны амьдрал хөөрхийлөлтэй болохыг мэдэрнэ
Хөлгийн зогсоолд зогссон онгоц мэт санагдана
Цаг хугацаа өдөр хоног цаг минутаар хорооно
Цаана чинь таны амьдрах хугацааг ямх ямхаар богиносгоно
Иймээс та амьдралаа эгнэгт ухаарч бай
Энэ яваа насаа эхлэл төгсгөлтэйг анхаар
Хөрст эх дэлхийн хүйн мандлыг мэдэр
Хүрээлэн буй орчны эрээн барааныг ялга
Хүмүн заяаны амьдралд эзлэх байраа ол
Амьдрал даанч их хүрээтэйг сэхээр
Амьдрахдаа даанч явцуу хүрээнд буйг ухаар
Их зүйл бүгдийг ухаарвал энэ бие хөөрхийг мэд
Эцсийн эцэст чи галзуу олиотойч болж мэднэ.
Иймээс та амьдралд хязгаартай оролц
Энэ яваа насандаа амьдарсан шиг амьдар
Идэж уух өмсөх зүүхээр дутаж болно
Эх хэл оюун сэтгэхүйгээрээ хоосорвол
Эх дэлхий биднээр хоосорно.

Сэтгэлийн элч юунаас эхтэй вэ?
Эх дэлхий бүхэлдээ энерги цэнэгийн нэгдэл юм
Хүн та өөрөө хөрст дэлхийн амьтан юм
Уураг тархи нь чухамдаа ухаан бодлын цөм юм
Нарны элчээс дутхааргүй цөмийн элчтэй билээ та
Намайг чамайг ялгалгүй түгээх нь харин юу билээ
Ямар цацраг ялгаруулсанаас элч дулаан тань түгнэ
Ялгавар цэнэгийн хуримтлал яаж бүрэлдсэнээс хамаарна
Ялгагдах нэгэн онцлогыг эд бүгд бүтээнэ
Ямартай ч та нэгэн бодгаль буй за
Оюун санааны ертөнцийг олж илэрүүлэхэд бэрхээ
Ойлгож ухамсарлахгүй бол огт мэдрэхгүй өнгөрнө та
Онцолж ялгарах юмгүй мэт боловч таньд
Оюун билгийн тань нууц далдын далд буйг мэдэр
Орхилгүй түүнээ эрж хайхыг хичээ
Одоо ч та ертөнцийн нууцыг тайлж чадна
Бие сэтгэлийн нэгдлээс дулаан ялгардаг жамтай
Бидний мэдрэхгүй энергээр битүү бүрхүүлтэй та
Байгаль нийгмийн жамаар барьцалдаж амьдрах хувьтай та
Бясалгал тарнийн хүчээр биеэ сэтгэлээ ариусга
Бие биедээ та эерэг цэнэгийг түгээ
Битгий түүнээ бусдаасаа харамла
Билгийн ертөнц тань таныг ч намайг ч нээх болно
Битүүдээ эд бүгд нийлээд сэтгэлийн элч буй за

Нутгийн салхи:
Нутгийнхаа салхины үнэрийг харийн нутагт мэдэрдэг
Нууцхан оюуны мэлмий харийн газар задардаг
Таньж мэдрэхийн оршлыг тархи зүрхээрээ мэдэрдэг
Тантар тунтар алхах үрээ санан мэгширдэг
Танил олон нөхөд ханиа санан үгүйлдэг
Үгүйлж санах сэтгэлийг үгээр илэрхийлж боломгүй
Үрслэж соёолсон болгоныг үндсээр нь тасалж болохгүй
Нутгийн үнэртэй салхийг хүний нутгаас мэдрэхгүй
Нутгийн жудагтай амьдрал хүний нутагт байхгүй
Иймээс би монголоороо бахархдаг
Тиймээс бид дээлээрээ гоёдог оо
Нүүр алгадсан сэвшээг нь
Харийн нутагт мэдрээгүй
Бууц үнэртсэн хотыг
Бусдын нутагт үнэртээгүй
Буцаж очих тавилантайдаа
Буян заяандаа залбирдаг.

Бороотой өдрүүд:
Бодол сэтгэлд хоногшсон
Бороотой өдрүүдийг дурснам
Булгилах зүрхэнд мэдрэгдсэн
Бодлын мөрүүдийг тэрлэнэм
Бороотой өдөр бүхэн
Шороотой хаврыг мартагнуулж
Бодол эргэцүүлэл бүр нь
Гэрэлтэй ирээдүйд хөтлөж
Түмэн бодлын дундаас
Тунаж үлдсэн хэсэг нь
Түүхт амьдралын жамаас
Тусгаж авсан мэдрэмж
Төсөөлж бодсон мөрөөдлөөс
Тун ч их зөрөөтэй юм
Төрсөн үхсэн нь үнэн болохоос
Түүнээс өөр нь эргэлзээтэй юм

XXX

Дэлхийн түүхэнд нэр нь цуурайтсан
Дээдсийн түүхэнд алдар нь мөнхөжсөн
Тэмүжин ургын Монгол төрх
Тэнгэр хишигт Монгол түмэн ажгуу
Өргөн уудам нутагтаа
Өвөрмөц нэгэн аж төрхийг бүтээсэн
Өрлөг эх Өүлэн ээжийн
Үр сад болсон түмэн олон
Өнөөгийн иргэншлийн энэ төрхөнд ч
Өнгө зүсээ хувиргаагүй Монгол ахуй
Өрнө дорнын аль ч гүрнээс
Эрээд ч сураад ч олохгүй Монгожингоо
Эрднийн эрхийг эх хэлнээсээ л уншина
Эрдмийн түүхийг эх хэлнээсээ л судлана
Эрднэсийн нууцийг эх орноосоо л эрнэ
Энэ бүгд цөм эх оронд минь байдаг болохоор
Бодол сэтгэл минь ч Монголдоо уяатай
Бодгаль бие минь ч Монголдоо амьтай
Бусдаас дутахгүй хишигтэй төрсөндөө
Бодолдоо би Монголоороо бахархдаг.

XXX

Хоёр хүүгээ аав нь
Хонон өнжин санагалзана
Холын хол алсаас
Хормын төдийд л мартагнана
Дүр зургийг нь хараад
Дахиад бас санагалзана
Дүнгэнэтэл ярьж гарна
Дав хийтэл цочино дахиад хэсэг мартагнана
Хааяа хааяа заримдаа
Хачин их санагалзана
Харц төрх нь тодроод
Хажууд байгаа мэт санагдана
Хар дарж зүүдлэнэ
Хашгирч орилж сэрнэ
Хагас хугас нойр
Хамаг биеийг ядраана
Ухаан бодлоо цэнэж
Урам зоригоо тэтгэж
Учирал ерөөлдөө итгэж
Ухаантай байнаа аав нь

2052 удаа уншсан

1 comment

  • cialis pills for sale Даваа, 8 дугаар сарын 31 2020 17:49 бичсэн cialis pills for sale

    Buy Propecia Ireland engemecect https://cialiser.com/ - order cialis Sweeda Amoxicillin In Pigs peteIdesse cialis on line exaluallewly Kosten Viagra Krankenkasse

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш