Өвөрмонголын Өөртөө Засах Орны яруу найрагч Нохой Тармас овогт Гүндсамбуугийн Хишигмандал

Нохой Тармас овогт Гүндсамбуугийн Хишигмандал нь 1965.02.17-ны өдөр Өвөрмонголын Баяннуур аймгийн урдын дунд хошууны Улиастай Хайрханы Баян-Улаан гэдэг газар малчны гэр бүлд мэндэлжээ.

Алтан хошуу гацаанд бага сургуулиа төгсөөд, Онгон сумын Халиутындунд сургууль төгсчээ. 1990 онд Өвөрмонголын Багшийн их сургуулийг хэл бичгийн тусгай мэргэжлээр төгссөн.

Одоо тэрээр Өвөрмонголын Онц дэсийн багш, улсын дэсийн жолоодогч эрдэмтэн, 8 муж орны Монгол хэл бичгийн хянан шалгах дугуйлангийн Онц уригдсан эрдэмтэн, Өвөрмонголын шилдэг заан сургагч, жолоодогч багш, Өвөрмонголын зохиолчдын нийгэмлэгийн гишүүн.

Сургуульдаа тасралтгүй 32 жил багшилж байна.
Ам бүл 3. Эхнэр Саранчимэг, хүү Зэрэг нарын хамт амьдардаг.
Тармас - хааны ном судрыг хамгаалдаг хөх цэрэг.

Зохиолууд нь:
- Үглэлийн түүвэр
- Монголоос үнэтэй хүүхэд роман
- Шүлгийн “ Хонгор сэтгэлийн холбоо” түүвэр
- Зууны наран даваа, Ар гэр гэсэн 2 тууж туурвижээ.

Гэрийн хүмүүжлийн тухай:
- Моралын /ёс суртахууны/ мөнгөн саран
- Хүмүүжлийн хос одон
- Монголын алтан наран

Сурагчдын зохиолын 2 түүвэр бичжээ:
- Орхоодой
- Анд

Дууны ном 2-ыг нийтэлсэн:
- Ханха ардын дууны эмхэтгэл
- Одоо цагийн найрын дуу (эмхэтгэлийг гэргий Саранчимэгийн хамт бүтээжээ)
“Гүр дэвтэр”уртын дууны эмхэтгэл бичсэн.
“Монгол хэлзүйн тод түлхүүр” сурах бичгийг ах Бүрэнмандал, бэргэн Бадамцэцэг нартай хамтарч бичжээ.
Мөн сонин сэтгүүлд олон зуун нийтлэл, өгүүлэл, зөвлөмж хэвлүүлжээ.

БОГД МОНГОЛ
Бид эртний Монгол
Арван гурван оргилтой
Алтай, Атилла хааны Монгол
Бид одоогийн Монгол
Билгүүн хурц ухаантай
Бэх Сорхогтуны Монгол
Бид цээлийн уснаас мэндэлсэн
Чин үнэн зоригтон
Чингисийн хөх Монгол
Бид тансаг далай нутагтай
Таван хошуу ахуйтай
Таван тивийн Монгол
Бид Алунгоо эхтэй
Алаг зүрхэн тугтай
Алс ирээдүйн Монгол
Бид сүүн далай хайртай
Сүсэгт тэнгэрийн авралтай
Сүлд босоо Монгол
Бид Бурхан халдун уултай
Буян нүглийн хүмүүжилтэй
Богд уулын Монгол
Бид чин суут ухаантантай
Цэцэн мэргэн эрдэмтэнтэй
Цэндийн Дамдинсүрэнгийн Монгол оо
/Энэ шүлгээ Ц.Дамдинсүрэнгийн “Богд ууланд” зохиолыг сурагчиддаа зааж байхдаа санааг нь олж бичжээ./

СЭТГЭЛ АДИЛ ХАЙР
/Шавь нартаа хэлэх үг/
Бид салж болдоггүй нутагтай
Хүндэлж бардаггүй дээдэстэй
Хольж болдоггүй цустай
Сольж болдоггүй ястай
Эвдэж болдоггүй зан журамтай
Хувируулж болдоггүй үг яриатай билээ
“Хэл, хил, мал” гурав манайд маш их шүү!
Хэзээ боловч амьд явахын цэгээн бат чулуу!
Үнэн үг гал шүү, шатна
Өр зүрхний нар шүү, бүтнэ
Үр үндсийн заяа шүү, бадарна
Үүрд баримтлах сургаал шүү, итгэнэ
Сэтгэл адил хүний
Хэл нь хүртэл Монгол
Сэцлэн доргилдож суухад
Итгэл нь хүртэл хөх!
Сэвэлзэх салхи нь өөргүй
Илбэх нь хүртэл цагаан
Шинж төлөв нь төгс
Ертөнцийн сайн үрс ээ!
Нэр нэгтийн чих нэг
Нилгэр далайн эх нэг
Сэтгэл нэгтийн зүтгэл нэг
Шид дэмийн эд нэг
Эцэг эх хүний дээд
Энэрэлт багш эрдмийн дээд
Ивээлт үр ачийн дээд
Эгшиг долоо үсгийн дээд
Сурсан номын далай ээж нь
Гарсан замын гэрэлт одон
Миний Монгол мэргэн сурагч
Багшдаа их хайртай
Сүү адил Чингис эзэн биднийх
Сэтгэл адил үрс минь тануус
Надаас илүү суралцаж чадна
Нартай адил гэрэлтэж чадна.

Аав ээж хоёр
/Дуу хийх шүлэг/
Үг: Хишигмандал

Үр долоогоо өсгөх гэсэндээ
Өвчнөө умартсан ээж минь
Өргөн орчлонд урт наслаагүй ч
Үхэр жилтэй ээж минь
Агсаа ханиаданд автарсан ч
Аавыг жаргуулсан ээж Та
Хөхөж хүмүүжүүлсэн ачийг тань
Хүндэлж ер амжсангүй ээ

Хүү наддаа та
Хайрын зулай юм болохоор
Хөрсөн сэтгэлээ уяруулж
Зуун жилээр санана
Асаруу сэтгэлийг тань жаргуулж
Дуулъя дуулъя ээж ээ
Ачтай буянтай ээжээ
Хайрлаж энэрч дуулъя
Хамаг идээнийхээ дээжээр
Цацал өргөн дуулъя
Хайртай аав ээж хоёроо
Дуулан бүүвэйлж жаргуулъя

Өндөр насаа ивээсэн
Үрдээ түшигтэй аав минь
Өтөлтлөө малаа адгуулж
Ганцаар явсан аав минь
Үрийн буянд ханайсан ч
Өөртөө өнчин аав Та
Хоймроо залж баясгасан ч
Ханийг тань ер тэргэлжүүлээгүй

Хүү наддаа та
Хайрын ухаан юм болохоор
Хөрсөн сэтгэлээ уяруулж
Зуун жилээр дуулна
Асаруу сэтгэлийг тань жаргуулж
Дуулъя дуулъя аав аа
Ачтай заяатай аав шиг
Хайрлаж энэрч дуулъя
Хамаг идээнийхээ дээжээр
Цацал өргөн дуулъя
Хайртай аав ээж хоёроо
Дуулан бүүвэйлж жаргуулъя

2018.10.27 Халиут

ШОВХ ОРГИЛ
Өндөрт зогс!
Холыг хараад
Ихийг сонс!
Хичээнгүйлэн үглэ!
Өргөн сэтгэ!
Бат тогт!
Санаа хатанш
Бие хатууж
Шовх оргилын
Эрч энэ буюу!

НУТАГ
Хайртай газрын бурхад
Хэлний дөл байдаг юм
Хасарын цуурайн урд
Сэтгэлийн дэлхий явдаг юм
Халуун зүрхтэй улс
Нарны амьтай болохоор
Хаа явсан ч нутгаа
Өндрийн сүлдээр боддог юм.

91 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш