Залуу хүний заавал мэдэх 10 шүлэг: Б.Ринчен: Монгол хэл

Монголын утга зохиол, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сорлон монгол залуу хүн бүрийн заавал мэдэх ёстой 10 шүлгийг танд цувралаар хүргэж байна.

Монгол хэл

Чихину чимэг болсон аялгуу
сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв
их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан
баясч
Сод их билэгт түмэн юүгээн
бишрэн Магтмуу би

Урьдын бэрх цагт Монгол улсын
хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг
мину сэргээсэн
Өөдлөн дэвшихийн төгс хувьтайд
нь итгүүлсэн
Өрнөн бадрахын шинж нь бүрдсэн
өвгөдийн минь хэл

Мөрөн гол цутгалант ширгэшгүй
их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар
бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг
нэвтэрх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант
Монгол хэл минь

Өсөх наснаас өтлөх насан хүртэл
Өдөр бүр үгсийн эрдэнийг чинь
баярлан түүнэм
Түм түмэн үеийн оюун билгийн
үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн магнайн
үрчлээ тэнийнэм

Түгшүүрт бэрхийг даван туулсан
баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн
мандуулахын гэгээн улирал нээгдсэнд
Сэлбэлгүй сэцэн оюутан хэл
юүгээн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдам уу,
үсэн буурал өтгөс би

Хутаг өлзий бүрдсэн хувь их
заяат түмний минь
Хурц авъяаст хөвгүүд дүү нар
халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан Монгол хэл юүгээн
нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг
төгс юутай сайхан

Чихину чимэг болсон аялгуу
сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв
их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан
баясч
Сод их билэгт түмэн юүгээн
бишрэн магтмуу, би

Еншөөбү овогт Бямбын Ринчен нь Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, монголч эрдэмтэн байв. Тэрээр 1905 онд Хиагтад (одоогийн Алтанбулаг сум) төржээ. Монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэлбичгийн ухааны доктор цолтой байв. 1945 онд Цогт тайж түүх уран сайхны кино зохиол туурвиж Төрийн шагнал хүртжээ.

1929 онд байгуулагдсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан тэрээр орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй агуу их эрдэмтэн байв. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, 10 жилийн ял авсан боловч орос хэлийг гаргуун эзэмшсэнийхээ хүчинд шоронгоос гарч байсан түүхтэй ч үндэсний үзэлтэн гэдэг үндэслэлээр амьдралынхаа турш социалист нийгмийн дарамтан дор амьдарсан билээ.

Бямбын Ринченгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгожээ.
Он цагийн салхи хүлхэж үл арилгах энэ үгсийг уншин зогсоход тэр аугаа хүний амьдралын гүнд ганцхан хором ч атугай зочилмоор санагдан, сэтгэл шулуудахын сацуу амьд ахуйд нь учирсан бол... гэдэг хэтийдсэн бодолд автан нэгэнтээ ёсоллоо. Еншөөбүү Бямбын Ринчен 1905 онд Хиагтын нутагт Бул-сарай гэдэг газар төржээ.
Тэрбээр долоон наснаасаа Монгол цагаан толгой заалгаж, есөн наснаасаа Орос хэлийг шамдан үзсэн байна. Б.Ринчен эхлээд дунд сургуульд суралцаж, дараа нь Ленинград хотын Дорно дахин судлалын институтийг дүүргэжээ.
Эх орондоо ирээд дунд сургуулийн газарзүйн багшаас хөдөлмөрийнхөө гарааг эхлэн Судар бичгийн хүрээлэн, эрдэм шинжилгээний анги, үнэн сонин, МУИС, Улсын хэвлэлийн газар, ШУХүрээлэн улмаар БНМАУ-ын ШУАкадемид насан эцэслэтлээ ажилласан юм.
Унгарын ШУА-ийн Хүндэт гишүүн(1970), Фино-Уйгор нийгэмлэгийн хүндэт профессор(1958) тэрбээр өөрийн нөр их хөдөлмөрөө ард түмэн, эх орныхоо тусын тулд зориулж төрийн дээд шагнал Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны одон, МЗЭ-ийн болон (1965) Төрийн шагнал(1944) тус тус хүртжээ.
“Монгол хэлнүүдийг харьцуулсан түүхэн хэлний хэл зүй” бүтээлээрээ ШУ-ны доктор, “Монгол бичгийн хэлний зүй” бүтээлээрээ 1961 онд ШУА-ийн Академич, 1971 онд профессор цол хүртжээ. Тэрбээр зохиолч, орчуулагч, сэтгүүлч, судлаач, сурган хүмүүжүүлэгч аугаа их эрдэмтэн байсан юм. Залуудаа махаа идвэл өтөлсөн хойноо шөл ууна

2 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш