Залуу хүний заавал мэдэх 10 шүлэг: Б.Явуухулан: (Би хаана төрөө вэ?)

Бэгзийн Явуухулан (1929-1982) нь Завхан аймгийн Жавхлант суманд 1929 оны 3-р сарын 19-нд мэндэлжээ. Б.Явуухулан 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд “Бидний хүсэл”,

1952 онд “Цэнхэр мандлын тэнгэр дор” хэмээх хоёр ном хэвлүүлээд Москва хот дахь А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцахаар морджээ. Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд /1954-1959/ суралцсан жилүүд бол Б. Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм. 1959 онд «Мөнгөн хазаарын чимээ», орос хэлээр хэвлэгдсэн “Лирика - (уянгын шүлэг) нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна. Тэрээр 1964 онд Монгол Улсын төрийн шагнал, 1979 онд соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртжээ.

Намтар
Б.Явуухулан нь Завхан аймгийн Жавхлант суманд 1929 оны 3-р сарын 19-нд төрсөн. Тэрбээр 1949 онд дүү Бэгзийн Монхоогийн хамт Санхүүгийн техникум төгсөөд Архангай аймагт ажиллаж амьдрах болсон. Дүү Бэгзийн Монхоо, зохиолч Ц.Гайтав 3-лаа монгол гэрт 5 жил гаруй амьдарч байжээ. Санхүүгийн сургуулийн оюутан Б. Явуухулан 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд “Бидний хүсэл”, 1952 онд “Цэнхэр мандлын тэнгэр дор” хэмээх хоёр ном хэвлүүлээд 1954 онд Москва хот дахь А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд, дүү Б.Монхоо нь Москва хот дахь Тимерязевийн ХАА-н Академид тус тус суралцахаар явсан. Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд суралцсан жилүүд бол Б. Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм. Тэрээр 1959 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. 1959 онд орос хэлээр хэвлэгдсэн “Лирика- /уянгын шүлэг/, монгол хэлээр хэвлэгдсэн “Мөнгөн хазаарын чимээ” номууд нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна. Монголын эртний туульс, ардын урт дуу, үлгэр домог, уламжлалт яруу найргийн үр шимээр амалсан найрагч өрнө дахины утга зохиолын сонгодог өв уламжлалаас суралцах хүртэлх зам харгуй бол түүний яруу найргийн их нүүдэл байсан юм. 1967 онд Монгол Улсын төрийн шагнал, 1979 онд соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ. Тэрээр 1982 онд ертөнцийн жамаар нас баржээ.
Б. Явуухулан өөрөөсөө өмнөх бүхий л цаг үеийн монголын яруу найргийн ололт хийгээд өөрийн цаг үеийг эзлэн дагуулагч нь төдий бус өөрөөсөө хойших залгамжлах үеийн яруу найргийг бойжуулахад маш хүчтэй нөлөө үзүүлсэн яруу найрагч бөгөөд өдгөөгийн Монголын яруу найргийн гол төлөөлөгчид болох Ш.Сүрэнжав, З.Дорж, Д.Цоодол, Д.Нямсүрэн, О.Дашбалбар нар бол түүний шууд үргэлжлэл юм.
Б. Явуухулангийн 1950-аад оны сүүл үеэс наяад оны эхэн үеийг хүртэл бичсэн шүлэг, дууль нь Монголын яруу найргийн XX зууны бүхий л ололтын охь байсан гэж үзэж болно. Түүний суралцсан багш нь монголоосоо ардын яруу найраг, Инжинаши, Гулиранс, Равжаа, Нацагдорж байсан юм. Монголын уламжлалт яруу найргийн туурвил зүйн сонгодог өв уламжлал, дорнын намуун уянга, өрнө дахины яруу найраг дах сэтгэлгээний чөлөөт хэв маяг Б. Явуухулангийн яруу найрагт тун гайхалтай найрсаж түүний яруу найргийн ертөнцийг баяжуулсан байна. Тэрбээр 1930-аад оны сүүл үеэс 1950-аад оны эхэн үе хүртэлх монголын яруу найраг хийгээд уран сайхны сэтгэлгээний хоосролын дараа, шинэ цагийн яруу найргийн туурвил, сэтгэлгээний чиг хандлагыг илэрхийлэгч нь болж гарч ирснээрээ цагийг эзэлсэн их дууч нь болсон юм.
Эдүгээ XXI зууны монголын яруу найрагт хамгийн их нөлөөтэй байгаа Д.Нямсүрэн, О.Дашбалбар нараас суралцагч залуус тэдний өмнөх Б. Явуухулантай заавал ч үгүй холбогдох тавилантай ажгуу.
Б. Явуухулангийн яруу найраг нь урлан туурвихуйн томоохон дэг сургууль, яруусал төгс уянгалахуйн гайхамшигт үлгэр, дотоод сэтгэлийн гэрэл цацарсан дуулал юм. Тэрбээр монгол хэлний шүлэглэл зүйн дээд боломжийг төгс эзэмшсэн урлахуйн ухааны инжаан, шүлгээр аялгуу эгшиг бүтээхүйн их туурвигч бөлгөө.
XX зууны монголын сод яруу найрагч Б. Явуухулангийн зүрх 1982 оны өвөл гэнэт 53 насандаа зогссож монголын уран зохиолд хүнд гарз тохиолдсон юм. Алтан өлгий дэх шарилын хавтан дээр “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмээх шүлгийн мөрийг нь сийлсэн бөгөөд харин “хүлэг минь шүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээх зорилтоо хойчийнхондоо даатган үлдээсэн юм


Би хаана төрөө вэ?

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
Орсон буурийн шүд өвөл хангинах хоолойд
Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yүр шөнийн завсар шүүдэр буух навчинд
Yрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны үе дамжсан домогт
Хүчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

328 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш