Д.Төрбат: Ижий шүлэг (Болор цомын шилдэг шүлэг)

Цугтаа амийг тусдаа болгож
Цусан хүйг тас хайчлахад
Ижий минь сүү болон
Над руу, урсаж эхэлсэн
Ижийдээ би хүү болон
Над руу , ургаж эхэлсэн Харин


Гарын минь сүүдэртэй
Гал самардан
Хөлийн минь сүүдэртэй цуг
Хөө өшигчин
Yхэл надтай
Ихэр төрсөн
Yнэрлэх үртэй болсон ижийд
Харамлах зовлон хамт ирсээн
Харуй бүрийгээс харамлахдаа
Хар халзан туулай болгон нууж
Ханиаж бүлээрэхээс харамлахдаа
Халууныг биедээ шингээж
Өлгийтэй надад амиа тавьсаар
Өлзийтэй ижий өөрийгөө мартсан
Сүүн мөрөн гэнэт ширгэж
Сүүлчийн дусал нь нулимстай урсаж
Ижий уул өвөр дээр нурахад л
Илий орчлонд үхлийг анх үзсэн
Алаг заяанаас
Ардаа нуух эхтэй явсан би
Элэг дэвтээж
Энгэрт асах үртэй болоод
Заяагүй хар нэхлийг бүүр таньсан
Замгүй хар үхэлтэй нүүр тулсан
Зүглээд ирэх элээн сүүдрээс харамлан
Зүүн хацартаа нааж,
Зүүдэнд хуурах үнэгэн гүйдлээс харамлан
Зүрхэн талдаа нууж
Хойморын нар дагуулан үрээ өсгөнө
Хийморийн сан тавиулан өсгөхдөө л өсгөнө
Yхлийг үхтэл нь хуурч чадахгүй ч
Yрээ өстөл нь
Yхлийг хуурч дөнгөнө

Д.Төрбат ЗYРХЭН ТАРНИ номноос 1983 он

193 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш