Арлааны Эрдэнэ-Очир

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир

1.
Хармаар бүсгүй
Хар нүдэн гэлцэх юм
Хайрлаад хөл алдсан нь
Олон гэлцэх юм

Харанхуй шөнө гэрэл гармаар
Хар нүдтэй нэг юм
Гэрэлтэй өдөр нүдэнд нь төөрмөөр
Хар нүдтэй гэх юм

Орчлон дээр хар нүдтэй хүүхэн
Олон л биз ээ
Оньсого таавар шиг нэг бүсгүй л
Олны дунд хэлцэгдэх юм

Дэндүү хар нүднээс
Ямар нулимс гардаг юм бэ гэж
Дэргэдээ чамайг суулгаад би
Уйлуулж үзмээр санагдах юм
Хар нүдэн минь
Харж амжаагүй л яваа
Харын хар нүдэн минь!

2.
Дэндүү хар нүднээс дэндүү хол явмаар, эсвэл үнсмээр
Дэр нийлүүлж орчлон мөхтөл ханилмаар, эсвэл үхмээр
Урт намрын сүүлчийн ганц навч шиг бодол
Уймраа дуутай шувуу болж цээжин дотор дэвнэ

Уулсын өргөн бэлийг ороож урссан голоос
Уран бидэр шигшрэх нь ээмэгний чинь чимээ шиг

Чамин навчтай модыг эр салхин оролдох нь
Чамайг хүсэн санаашрах миний зүггүй ааш шиг
Инээд чинь сувдрах танхил цагаан сарны доор
Илүү жаргал гэж байдаг бол чамаас л гуймаар даа

Найман сарын хөх бороонд чамтай хамт норж
Намирсан гэзэгний чинь усыг энгэр дээрээ сэгсрэхсэн дээ
Дэндүү хар нүднээс дэндүү хол явмаар, эсвэл үнсмээр
Дэр нийлүүлж орчлон мөхтөл ханилмаар, эсвэл үхмээр.

3.
Санаан дотроос гардаггүй
Сайхан хар нүд гэж байх юм
Цэцгэн дээр суусан эрвээхий шиг түүнийг
Цээжин дотроо би үнсэж л явах юм
Зүүд хүртэл сэрвэгнүүлсэн
Зүггүй дэрэвгэрхэн сормуус гэж байх юм
Зүүдэлж дандаа жаргая гэтэл
Зүрхэн дээр гэргийн гар байх юм

Аялсан дууны үзүүр
Судгийн ногоо ганхуулах
Амраг чамд л очсон
Янзага ялгарсан орой
Арван тавны сарыг
Ханын толгойноос өлгөөд

Алганыхаа л үнэрийг
Гар гартаа шингээснээс
Гэнэн аалийг би
Хацраас чинь үргээж
Гэргий танхил одыг
Чамд зүсэлсэн ч биш дээ

Санаан дотроос гардаггүй
Сайхан хар нүд гэж байх юм
Цэцгэн дээр суусан эрвээхий шиг түүнийг
Цээжин дотроо би үнсэж л явах юм

Зүүд хүртэл сэрвэгнүүлсэн
Зүггүй дэрэвгэрхэн сормуус гэж байх юм
Зүүдэлж дандаа жаргая гэтэл
Зүрхэн дээр гэргийн гар байх юм.

42 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш